Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/1040

 

 

 

Г.Лт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Р.Чинбаа,   

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/1048 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Р.Чинбаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Лт холбогдох 2008031390776 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Г.Л нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины мөнгөө өгсөнгүй гэх шалтгааны улмаас иргэн Д.Бгийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь зүүн уушгины няцрал, гялтангийн хөндийд 8,9,10,11 дүгээр хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, сээрний 9 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хөмсөг, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Лын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лын 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Лын биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялаар тогтоож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Лын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Бд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Бгийн нэхэмжлэлээс 2.903.964 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Лт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын:

Гэм буруугийн талаарх хэсэгт “...“таксины хөлсөө төлсөнгүй” гэх шалтгаанаар толгойд нь болон цээж, хавирга орчимд нь гараараа удаа дараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:...,” гэж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг түүвэрлэн бичсэн байдаг. Бичгийн нотлох баримтуудад гараараа удаа дараа цохисныг нотлох баримт байхгүй, анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлийг тогтоогдсон мэтээр дүрслэн бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 “Хэргийн нотлох баримтаар хохирогч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Бөмбөгөр” худалдааны төвд ажлаа хийж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн тэрээр харихаар автобусанд сууж Баянхошууны эцэс гэх газар очсон, улмаар такси зогсоолоос шүүгдэгч Г.Лын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд сууж гэртээ хүргүүлсэн үйл баримт болсон байна.” гэжээ. Шүүх болж өнгөрсөн үйл баримтыг өнгөцхөн дүгнэж байгаа нь ихээхэн учир дутагдалтай бөгөөд архи хэтрүүлэн уусан хохирогч, тэнцвэр алдан автобусны шатнаас унах, ойчих, автобусанд огцом тоормослосноос болж суудлын бариул мөргөх, ойчих, автобусанаас бууснаас хойш таксинд суух хүртлээ хаана хэнтэй уулзсан, хүнтэй маргалдсан эсэх, шууд яагаад таксинд суухгүй, замын боржур дээр суугаад байсан нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй дүгнэлт хийж байгаад харамсаж байна. Хохирогчийн биед нь ямар нэгэн зовиур үгүй байсан бол такси зогсоолоос шууд машинд суух байсан, гэтэл тэр машинд суухгүй, замын боржур дээр суугаад байсан. Эрүүл хүн, настай хүн шороо тоос болсон замын боржур дээр суугаад байхгүй, бие нь зовиуртай байсан учраас, зогсож чадахгүй, явж чадахгүй, сууж байсан гэсэн дүгнэлтэд хүрнэ.

 “...шүүгдэгч Г.Л нь “мөнгөгүй юм бол яах гэж суусан юм” гэж хэлээд түүний биед халдаж зодсон талаар хохирогч мэдүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь насанд хүрээгүй гэрч М.Мөнгөнхүүгийн “эмээг машинаас буулгаад түшээд явсан. 2-3 алхтал эмээгийн хавирга өвдөөд байна гэж хэлсэн” гэж хэлсэн мэдүүлэг, гэрч З.Отгонбаярын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон...” гэсэн нь үндэслэлгүй болно. Гэрч М.Мөнгөнхүүгийн мэдүүлэг нь харин ч шүүгдэгч Г.Лын “би зодоогүй” гэх мэдүүлгийн эх сурвалж болно. Учир нь, хохирогч Г.Лт зодуулж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хүнд гэмтэл автлаа зодуулчихаад юу ч болоогүй юм шиг ач хүүгээрээ /17 настай/ түшүүлээд түүний машинаас буугаад гэртээ орно гэдэг бодит байдалтай нийцэхгүй юм.

Насанд хүрээгүй гэрч М.Мөнгөнхүүгийн мэдүүлэг нь шүүгдэгч Г.Лодошарав хохирогчийг зодоогүй болохыг гэрчилдэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шүүх хуралдаанд гэрч М.Мөнгөнхүүгээс дахин асуухад “эмээ хүнд зодуулсан гэж хэлээгүй, хавирга өвдөөд байна гэж хэлсэн, миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж хэлсэн болно.

Шүүгдэгч нь хохирогч Д.Бгийн голын судсыг тасартал, 4 хавиргыг нь хугартал, сээрний ясыг нь цууртал зодож, цохисон байхад яагаад хохирогч “би ач хүүдээ зодуулчихлаа, энэ хүн намайг зодчихлоо, намайг цохьчихлоо” гэж хэлээгүй байгаа нь шүүгдэгчийг гэм буруугүй болохыг илтгэнэ.

Гэрч З.Отгонбаярын мэдүүлгээр болсон үйл явцыг нотлох боломжгүй байхад түүний мэдүүлгийг хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болгосон нь үндэслэлгүй.

Хэргийн бодит байдал хохирогчийн үйл хөдлөл, биеэ авч явсан байдлаар нотлогдох байтал мөрдөгч, прокурор нь хохирогчийн ярьсан хэлсэн /санахгүй байснаа нөхөж ярьсан/ мэдүүлгийн дагуу нотлох баримтыг дүгнэн бүрдүүлж, цагаатгах таамаг сэжигийг шалгаагүй, цагаатгах нотлох баримтыг бүрдүүлээгүй байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоож, болсон үйл явцыг мэдэхгүй, хараагүй хүмүүсийн мэдүүлгээр хохирогчийн мэдүүлгийг нотолж, шүүгдэгчийг буруутгаж байгаа нь ихээхэн учир дутагдалтай болно.

Насанд хүрээгүй гэрч М.Мөнгөнхүү эмээгээ таксинаас авах үед эмээг нь зодчихлоо гэж хэлсэн бол хохирогчийн мэдүүлэг нотлогдсон гэж үзнэ, ингэж хэлээгүй байхад гэрчийн мэдүүлэг шүүгдэгчийн би зодоогүй гэх мэдүүлгийг нотлох эх сурвалж гарцаагүй мөн болно.

Шийтгэх тогтоолд “...Харин шүүгдэгч Г.Лын “миний машины зүүн талаар нэг эмэгтэй хүн суугаад ээжийгээ хүлээж байхад хохирогч Д.Б суусан, давхар явахгүй гэж хэлээд урд сууж байсан эмэгтэйгээс та хаашаа явах уу гэж асуусан, давхар явахгүй гэж тэр эмэгтэйг буулгасан, хохирогч би гэмтэл авсан, намайг хурдан хүргээд өгөөч гэж гуйсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь камерын бичлэгээр үгүйсгэгдэж байна.” гэжээ. Энэ талаар шүүгдэгч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад шат шатны прокрорт гомдол гаргасан боловч тодруулж шалгаагүй, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан минут гарангийн камерын бичлэгт хийсэн дүгнэлт болохоос камерт бичигдээгүй зүйлийг нотлох боломжгүй болно. Машин хөдлөөд камерын бичлэгээс гарсаны дараа болсон үйл явцыг шүүгдэгч ярьсан байхад анхан шатны шүүх 1 минут 33 секундын бичлэгт үндэслэн шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй болно.

Шийтгэх тогтоолд “...хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад хохирогч Д.Б бие нь өвдсөн байдалтай байсан гэх нөхцөл байдал харагдахгүй байх ба тортой зүйл бариад замын боржур дээр суух бөгөөд ...хохирогч Д.Б босож хойд хаалгыг нь онгойлгон сууж байгаа дүрс бичлэг xарагдана...” гэжээ. Камерын бичлэгийг шинжлэн судалдахад хохирогч Д.Б замын боржур дээр сууж эхлэх бөгөөд боржур дээр хэр удаан суусныг тодорхойлох боломжгүй, шүүгдэгч Г.Лондоншаравын машины өмнө хоёр ч машин ирэхэд хохирогч нь хөдлөхгүй суусаар байсан нь түүний бие муу байгааг илтгэх ба тэрээр хүчлэн босож шүүгдэгчийн машинд сууж байгаа нь бичигдсэн байдаг.

Хохирогч нь автобусны буудлаас 2 метрийн зайтай байрлах такси зогсоолын боржур дээр ямар шалтгааны улмаас удаан хугацаанд суусныг, яагаад шууд такси бариад гэр лүүгээ яваагүйг анхан шатны шүүх тодруулахыг хүсээгүй, зөвхөн камерын бичлэгээр шүүгдэгч Г.Лын мэдүүлгийг яллах талыг барьж үгүйсгэсэн.

Камерын бичлэгээр хохирогч Д.Б нь замын боржур дээр /удаан/ сууж байгаад шүүгдэгч Г.Лондоншаравын машинд бие зовиуртай, гуйваж дайваж суусан нь харагдах ба гэрч М.Мөнгөнхүүгийн хэлсэн таксинаас буухдаа эмээгийнх нь хавирга өвдөөд байна гэх мэдүүлгээр хохирогч Д.Б нь таксинд суухаасаа өмнө гэмтэл авсан байдаг. Үйл явцыг эдгээр нотлох баримтаар дүгнэвэл шүүгдэгч Г.Лыг хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Хохирогчийн эргэлзэж тээнгэлзсэн, анх өгсөн мэдүүлгээс буцаж ярьсан мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй гэж үзнэ.

Хохирогч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлэхдээ /хх-29/ “Улаанаа гэх 30 гаран насны эмэгтэй, Буяа эгч та харих юм чинь 2 татчихаад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 удаагийн аягаар дүүрэн шахуу 2 удаа уусан. ...би явах замдаа гэртээ очоод мөнгийг нь өгъе гэхэд жолооч юм яриагүй..., Гэрийн гадаа ирэхэд миний биеийн зүүн талын хэсэг өвчин болчихсон байсан..., архи уугаад согтсон байсан болохоор намайг цохиж байсныг санахгүй байна.” гэж мэдүүлсэн. Анхны мэдүүлэг бодит байдалд хамгийн ойр мэдүүлэг байдаг.

Таксигаар хүргүүлсэн хүмүүсийн зарим нь үйлчлүүлсэний хөлсөө гэрээсээ авчирч өгөх явдал өдөр тутамд тохиолддог хэвийн үзэгдэл юм. Үүнд уурлаж үйлчлүүлэгчээ зодох, тэр тусмаа өмнө нь байнга үйлчлүүлж байсан, зүс мэдэх, гэрийг нь мэдэх хүнээ хүнд гэмтэл учиртал нь зодно гэдэгт бодит байдалтай нийцэхгүй, хөлсөө огт төлөхгүй гэж маргасан бол хүний уур хүрч болох ч, хохирогч өмнө нь шүүгдэгчээр хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан хүн байдаг.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад насанд хүрээгүй гэрч М.Мөнгөнхүүгээс “шүүгдэгч Г.Лондоншарав нь эмээг нь урьд нь хүргэж өгч байсан уу?” гэж асуухад “тийм урд нь хашааны гадна хүргэж өгч байсан” гэж хариулсан бол хохирогч “Б.Батбуян нь ижил асуултад “үгүй, хүргүүлж байгаагүй” гэж хариулдаг болно. Эндээс хохирогч нь худлаа хэлдэг болохыг нотлох ба хохирогч Д.Б нь байнга такси зогсоолоос таксигаар үйлчлүүлдэг хүн учраас такси зогсоолын хэдхэн машин /5-7 орчим/-аар, жолоочоор өдөр тутам хүргүүлдэг, иймээс урьд нь шүүгдэгчээр үйлчлүүлсэн байх нь эргэлзээгүй үнэн юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хувийн байдал, өмнө нь гүтгэх хэрэгт холбогдож байсан эсэх, худлаа ярьдаг эсэх, архи байнга хэрэглэдэг хүмүүсийн жагсаалтад байдаг эсэх, захиргааны зөрчил гаргаж байсан эсэх зэрэг шалгавал зохих асуудлыг шалгаагүй болно.

Шинжээч эмч Г.Сэлэнгийн мэдүүлснээс “Уг гэмтлийг авсан хүн цус алдаагүй үедээ идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой” гэснээс үзвэл хохирогч нь идэвхитэй хөдөлгөөн хийх бүрэн боломжтой байх ба гэмтэл авснаас хойш хэдий хугацааны дараа хөдөлгөөн хязгаарлагдах, гэмтсэн даруйдаа юу эсхүл тодорхой хугацааны дараа юу зэрэг тусгай мэдлэг шаардсан дүгнэлтийг шинжээчээс асуугаагүй байдаг.

Хэрэв шүүгдэгчийн машинд суусан, гэртээ харих замдаа идэвхитэй хөдөлгөөн хийж байсан, гэртээ ороод орон дээрээ хэвтээд хөдөлж, амьсгалж чадахгүй эмнэлгийн тусламж дуудсан зэрэг нөхцөл байдлаас цаг хугацааны хувьд хэдийд гэмтсэн байж болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох  боломжтой байсан болно.

Хохирогчийн мэдүүлэг нь эхнээсээ тогтворгүй, болсон явдалд эргэлзсэн, санахгүй, мэдэхгүй байдлаар мэдүүлж байсан ба 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлгээр бүх зүйлийг гэнэт санаж мэдүүлж байгаа нь хүнийг гүтгэсэн шинжтэй ихээхэн эргэлзээтэй байхад анхан шатны шүүх дан ганц түүний мэдүүлгээр /бусад баримтаар нотлогдохгүй/ миний үйлчлүүлэгчийг гэм буруутай тооцсонд гүнээ харамсаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх хэсэгт “Учир нь шүүгдэгч Г.Лын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон гэх баримтгүй.” гэжээ. Шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулж шинээр нотлох баримтууд гаргаж өгөхөд шүүгч Т.Алтантуяа нотлох баримтуудын эх хувь эсвэл нотариатаар батлуулсан хувийг өгөхийг шаардаж хуулбарыг авахгүй гэж татгалзсан. Шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тодорхойлсон баримт нь түүний эрүүл мэндийн дэвтрээс нь канондож авсан хуулбар баримт байсан ба эх хувь нь шүүхийн танхимын гадна ар гэрийхэнд нь байсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтын шалгуурыг тодорхой дурдсан байдаг ба шүүхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн эх хувь, нотариатаар батлуулсан хувийг нотлох баримтаар гаргаж өгнө гэсэн заалт байхгүй болно. Шүүгч Т.Алтантуяа нь өмгөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтыг авахгүй, судлуулахгүй байгаа нь хэрэгт өөр /хувийн/ ашиг сонирхолтой байгааг илтгэх бөгөөд хуулиар олгогдсон шүүгдэгчийн эрх, өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан, хууль зөрчсөн үйлдэл болно.

Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгч дүгнэлтээ хэлж байх үед шүүгч Т.Алтантуяа “чамаар хичээл заалгамааргүй байна” гэж уцаарлан өмгөөлөгчийн хэлэх үгийг тасалж, яриулаагүй болно. Энэ нь мөн шүүгчийн ёс зүй, холбогдох хуулиудыг зөрчсөн үйлдэл гэж үзнэ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.4 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, ...нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Лт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хохирогчийн “төлбөрөө барагдуулж авсан, гомдолгүй, хөнгөн ял оноож өгөөч” гэсэн хүсэлтийг харгалзан, шүүгдэгчийн өндөр нас, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн группт /хөлийн урд сарвуу, гарын хуруу дутуу/ байдлыг харгалзан, мөн шүүгдэгч нь зүрх судасны өвчтэй, цусны даралт ихсэх, үе мөчний өвчтэй байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар дүйцүүлэн хасаж, шүүгдэгч ГЛодоншаравт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 67 настай, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группт байдаг, өдөр болгон даралт ихсэж, зүрхний хэм алдагддаг. Одоогоор чийгтэй, бүгчим өрөөнд нэг сар гаран болоход нуруу, бөөрөөр хатгуулж өвдөж байна. Иймд эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял шийтгэж өгнө үү. Хохирогчид хохирол бүрэн төлж барагдуулсан. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, нас, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэг бүхий л нөхцөлийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан. Хохирол төлсөн үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Лт холбогдох 2008031390776 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Л нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух Д.Бг төлбөртэйгээр тээврийн хэрэгслээр үйлчлэн гэрт нь хүргэсэн, ингэхдээ “...таксины мөнгөө өгсөнгүй...” гэх шалтгааны улмаас иргэн Д.Бг хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд нь “...зүүн уушгины няцрал, гялтангийн хөндийд 8,9,10,11 дүгээр хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, сээрний 9 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хөмсөг, цээжинд цус хуралт...” гэсэн хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Бгийн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...би Баянхошууны эцэс дээр ирээд таксины зогсоол дээр такси хүлээгээд нэлээн удаан зогссон. Тэр үед цагаан өнгийн жижигхэн машинтай /улсын дугаарыг хараагүй/ явах юм уу гэж урд талын хэсэг нь бага зэргийн саравчтай малгай өмссөн эрэгтэй хүн асуухаар нь явна гэж хэлээд суусан. Би Чонотой дэлгүүрийн ар талаар нь тойроод оёдлын арын байшин шүү гэж хэлсэн. Би явж байх замдаа гэртээ очоод мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэр үед жолооч надтай юм яриагүй. Манай хашааны гадаа эргэж зогсоод сигналдахаар нь би гэртээ ороод мөнгийг чинь өгчихье гэж хэлтэл миний хажуудаа үүрч байсан цүнхнээс эргэж хараад татахаар нь би эсэргүүцсэнээ санаж байна. Нэг мэдсэн манай ач хүү намайг сугадчихсан суганы доогуур өвдөөд байсан. Би автобуснаас буухдаа хоёр тортой юмаа бариад зүгээр байсан. Харин гэрийн гадаа ирэхэд миний биеийн зүүн талын хэсэг нь өвчин болчихсон байсан. Тухайн таскин дотор жолооч бид хоёроос өөр хүн байгаагүй. Би архи уугаад согтсон байсан болохоор намайг цохиж байсныг санахгүй байна. Миний зүүн уушгинд няцрал, 8, 9, 10,11 дүгээр хавирга хугарсан. ...” /хх 29-30/, “...Баянхошууны эцсийн автобусны буудал дээр буусан. Тортой юмаа бариад таксины зогсоол руу явсан. Зогсоол дээр машин байгаагүй. Би замын боржур дээр сууж такси хүлээсэн. Сууж байхад ар араасаа хоёр машин ирсэн. Таксины үүдний зогсоолын хэсэгт гар өргөсөн хүнийг аваад явсан. Гуравдахь машин миний дэргэд ирээд зогссон. Цагаан өнгийн жижиг машин байсан. Би машин руу харахад жолоочийн талын цонх онгорхой байсан. Хар өнгийн кепкин малгай өмссөн, 60 гаран насны болов уу гэмээр миний үеийн хүн харагдсан. Би машины баруун талын хойд хаалгыг онгойлгож тортой хүнсээ машины арын зүүн талын суудал дээр тавиад баруун талын арын суудалд суусан. Чонтой дэлгүүр орно гэж хэлээд хөдөлсөн. ...Би хашаагаа зааж өгөөд хашааны үүдэнд зогссон. Би гэртээ ороод хүүхдээр мөнгө гаргуулаад өгье гэж хэлээд тортой зүйлээ аваад буух гэтэл жолооч эргэж хараад мөнгөө өг, мөнгөгүй юм бол яах гэж суусан юм гэж хэлээд миний хажуудаа үүрсэн байсан жижиг бор цүнхнээс татаад зулгаасан. Би дахин хүүхдээрээ мөнгө гаргуулаад өгье гэж хэлээд буух санаатай машины хаалга дотроос онгойлгоод тортой зүйлсээ атгаад буух гэж байтал жолооч бууж ирээд миний духны баруун хэсэг рүү гараараа их хүчтэй нэг удаа цохисон. Би гэнэт толгой манараад зүүн гараараа цохиулсан духаа дараад машинаас буух гэж байсан чиглэл буюу баруун харсан доошоо тонгойсон. Гэтэл тэрхэн зуур миний зүүн талын суганы доод хэсэг хавирга орчимд маш хүчтэй цохисон. Би амьсгалж чадахгүй гэнэт амьсгал түгжигдсэн. Энүүхэн хооронд яг тэр газраа 1-2 удаа цохисон. Нийтдээ 3 юм уу 4 удаа цохисон. Шоконд ороод бас толгой манараад доош бөхийсөн чигээрээ өвдөөд эвхэрсэн байх үед гэнэт машин хөдлөх шиг болсон. Жолооч машиныхаа сигналыг дуугаргаад байсан. Би өндийгөөд дээшлээд хартал манай хашаа руу орж зогссон байсан. Энэ үед манай ач хүү Мөнгөнхүү гэрээс гарч ирээд намайг буулгаад миний тортой юмыг авсан. Би Мөнгөнхүүд намайг цохисон талаар хэлээгүй. Айх гайхах зэрэгцээд шоконд орсон байсан. Жолооч надаас мөнгө аваагүй буцаад хашаанаас гараад явсан. Би гэртээ ороод шууд орон дээрээ хэвтсэн. Мөнгөнхүү жаахан хүүхэд болохоор би эхэндээ юу ч хэлээгүй. 30 орчим минут орон дээр хэвтсэн. Гэтэл хөдлөхөөр зүүн тал маш их өвдөөд байсан. Ингээд хүү рүүгээ утсаар ярьж хэлээд дуудсан. ...” /хх 32-33/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ишгомбын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед манай бага хүргэн Отгонбаяр над руу яриад ээж Батбуян гэмтлийн эмнэлэг дээр байна хүрээд ир гэсэн. Тухайн үед эмнэлэг дээр очиход томографикийн зураг авахуулж байсан. 23 цаг 30 минутын үед хариу гарна гээд

хүлээсэн. Тэр хооронд цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Тухайн үед намайг очиход манай ээж юм ярих тэнхэлгүй, биеийн байдал нь тааруухан байсан. Тэгээд бага хүргэн Отгонбаяр руу манай том ахын хүү Мөнгөнхүү эмээ амьсгалж чадахгүй байна гэж ярьсан байсан. Отгонбаяр очиход ээж нь таксины жолоочид зодуулсан, намайг хойд хаалга онгойлгоод өшиглөөд байсан гэж хэлсэн. Таксины мөнгөгүй юм бол яах гэж такси барьсан юм бэ гээд өшиглөөд байсан гэж хэлсэн. Манай ээжийн зүүн хавирга, хойд талаасаа алга дарам том хөхөрсөн, зүүн хөмсөг нь хөхөрсөн, биеийн байдал тааруу байна. Манай ээж 8 дугаар үеийн хавирга хоёр хугарсан байхад нь хадсан, хавирга нь хугарахдаа уушгийг нь хатгасан байх гэж ерөнхий үзлэг хийсэн. Түүний дараа дотуур цус алдаад дахин хагалгаанд ороод гарч ирэхдээ уушги зүгээр байна, нуруу дагасан артерийн судас тасарсан байна гээд хагарсан судсыг тогтоох зорилгоор дахин хагалгаанд орсон. Дараа нь цус нь тогтохгүй болохоор 8, 9 дүгээр хавиргыг тайрч аваад нурууны гол артерийн судсыг түлж тогтоосон. Түүний дараа дахин дотуур цус алдаад нийт 4 литр гаруй цус алдсан байсан. Буруутай этгээдийг олж тогтоож хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн өгнө үү. ...” /хх 24/,

насанд хүрээгүй гэрч М.Мөнгөнхүүгийн: “...Жолоочийн хойд хаалгыг онгойлгоод эмээгийн хоёр тортой юмыг нь авсан. Эмээг өргөөд буулгасан. 2-3 алхтал эмээгийн хавирга өвдөөд байна гэж надад хэлсэн. Би жолоочийг нь хартал барайгаад сонин царайлаад сууж байсан. Тэгэхээр нь би эмээг түшээд гэрт нь оруулсан. Эмээг оруулчихаад би шууд өөрийнхөө гэрт орсон. ...Эмээг таксинаас буулгахад нүүр нь барайчихсан, ууртай уйлах гээд байсан. Эмээ хавирга өвдөөд байна гэж хэлэхээр нь яасан юм гэж асуутал надад юм хэлэхгүй байсан. ...” /хх 39-40/, “...Намайг тухайн машинаас очиж тосож авахад манай эмээгийн царай нь цонхийсон, юм ярихгүй, эмээгээ түшээрэй гэж хэлэхээр нь би түшээд буулгасан. Тэр үед тухайн цагаан машины жолоочийн хойд талд буюу баруун хойд талд нь сууж байсан. Гэр рүү түшээд алхаж байхад их удаан, зовиуртай бололтой алхаж байсан. Замдаа явж байхдаа яасан юм бэ, юу болсон юм эмээ гэж асуухад огт дуугарахгүй байсан. Тэр үед таксины жолооч над руу хараад байсан. Би гэрт нь оруулж орон дээр нь суулгаж өгсөн, эмээ гэнэт ёо ёо эмээгийн нь сая таксины жолооч өшиглөөд зодчихлоо гэж хэлсэн. ...” /хх 41-42/,

            гэрч Б.Шинэболдын: “...Орой явах болгондоо ач зээ нартаа идэх уух юм авдаг болохоор хүнсний юмаа цуглуулаад 15 цаг өнгөрч байсан санагдаж байна, автобусанд суулгаж өгсөн. ...Тэгтэл орой ахын охин Мөнгөнсондор залгаад хүнд зодуулсан байна, эмнэлэг рүү авч явах гэж байна гэж хэлсэн. ...” /хх 44/,

гэрч З.Отгонбаярын: “...гэрээс мөнгө аваад гараад ирье гэж хэлээд буух гэтэл архичин авгай минь худлаа ярьлаа гэж хэлээд цээж хэсэг рүү нь өшиглөөд машиндаа суулгаад гэдэс болон цээж хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд за эгч нь хүүхэд дуудчихья гэж хэлээд гэрт байсан 15 настай хүүхдийг дуудаж мөнгийг гаргаж өгөөд гэр рүүгээ ороод хэвтсэн гэсэн. Орой бие нь өвдөөд байна гэж хэлээд босож чадахгүй байсан. Над руу манай дүү Мөнгөн-Сондор “эмээ босож чадахгүй уйлаад байна” гэхээр нь би гэртээ яваад ирэхэд манай ээж босож чадахгүй орондоо хэвтэж байсан. Би гэмтэл дээр авч очоод рентген зурагт харуулахад зүүн талын 4 хавирга хугарсан, уушги нь гэмтсэн байна, томографит харуул гэсэн. ...” /хх 48/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр
сарын 4-ний өдрийн 12372 дугаартай: “Д.Бгийн биед зүүн уушгины няцрал, гялтангийн хөндийд шингэн хуралдалт /1000 мл/ зүүн талын 8, 9,10,11 дүгээр хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, сээрний 9 дүгээр нугаламны зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хөмсөг, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 55-57/,

шинжээч Т.Сэлэнгийн: “...Уг учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтлийг авсан хүн идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Эхэндээ цус алдаагүй үедээ идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой гэсэн үг юм. Уг гэмтэл нь цохилтын улмаас үүснэ. ...” гэх мэдүүлэг /хх 52/,

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “...хохирогч Д.Бг оруулж ирээд ширээн дээр байгаа  хэмжээтэй цаасан дээр наасан 6 хүний гэрэл зургийг үзүүлж ...таныг зодсон хүнийф зураг эдгээр хүмүүс дотор байна уу, хэрэв байвал та зурагны дээд талд байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр нь таньж байгаагаа хэлнэ үү? Гэж асуухад хохирогч Д.Б нь 6 хүний гэрэл зургийг харж байгаад 3 дугаарт байгаа соногдсон Г.Лын гэрэл зургийг зааж, таксины жолооч хүн мөн байна. Би хараад таньж байна гэж заасныг тэмдэглэлд тусгав. ...” гэсэн гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургууд /хх 12-14/,

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн: “...бичлэгний доод хэсэгт 15 цаг 52 минут 20 секунд гэж ...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн таксины зогсоолын ертөнцийн зүгээр зүүн талын боржур дээр улаан өнгийн цамцтай, хар өнгийн үстэй, үсээ боосон, хар өнгийн өмдтэй, доогуураа түрийтэй хар өнгийн гуталтай хажуу талдаа цагаан өнгийн тортой эд зүйл барьсан эмэгтэй хүн сууж байх ба түүний хажууд саарал өнгийн Ниссан тида маркийн машин өнгөрч байгааг харуулав. Уг тээврийн хэрэгслийн хойноос ...саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зөрж буй, дараа нь цагаан өнгийн “Королла” маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод тухайн эмэгтэй хүн хоёр гартаа цагаан өнгийн тортой эд зүйл барьж машины хойд хаалгаар орж сууж байгааг гэрэл зургаар харуулав. Хөдөлсөний дараа Лодоншаравт суулаа гэж яриа өгүүлсний дараа машин хөдлөөд зогсоолоос гарч...” гэсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 15-17/,

 

          Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Д.Бгийн хэвтэн эмчлүүлсэн талаарх 30868 дугаартай өвчний түүхийн хуулбарын “...Өвчний түүх: 2020.10.24 16-00 цагийн үед бусдад зодуулсан. Гэмтлийн эмчийн үзлэг: Сэтгэцийн байдал: Асуусан асуултад удаан зөв хариулна. ...” гэх тэмдэглэл /хх 91-92/,

          Гэмтэл согог судлалын үндэсний төвиин 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хохирогч Д.Бгийн хэвтэн эмчлүүлсэн талаарх 30868 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх 91-133/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Г.Лын хүч хэрэглэн хохирогч Д.Бг зодож, түүний биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжийг агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Г.Лын үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаа нь “...шүүгдэгч Г.Лыг уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүх хэрэгт байгаа баримтуудыг буруу үнэлсэн гэж Г.Лыг гэмт хэрэг үйлдээгүй талаар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг нь хөнгөрүүлнэ үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Лын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

          Хохирогч Д.Бгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед бусдад зодуулсан гэсэн мэдүүлэг нь:

          “...Өвчний түүх: 2020.10.24 16-00 цагийн үед бусдад зодуулсан. Гэмтлийн эмчийн үзлэг: Сэтгэцийн байдал: Асуусан асуултад удаан зөв хариулна. ...” гэсэн өвчний түүхийн тэмдэглэл /хх 91-92/,

          Г.Лын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд Д.Бгийн суусан байдлыг бэхжүүлсэн камерийн бичлэг дээрх  бичлэгийн “...15 цаг 52 минут...” зааж байгаа хугацаатай,

          гэрч Ц.Баярхүүгийн: “...14 цаг өнгөрч байхад Батбуян эгч явлаа гэж хэлэхээр нь та одоо харих юм чинь гээд 50 төгрөгийн цаасан аяганы талаасаа доогуур архинаас хоёр удаа хийж өгсөн. Батбуян эгч уучихаад хоёр тортой юмаа бариад түүний хүргэн автобусанд суулгаж өгөхөөр явсан. ...” /хх 35/, гэрч Б.Шинэболдын: “...Орой явах болгондоо ач зээ нартаа идэх уух юм авдаг болохоор хүнсний юмаа цуглуулаад 15 цаг өнгөрч байсан санагдаж байна, автобусанд суулгаж өгсөн. ...” /хх 44/ гэсэн мэдүүлэгтэй тохирч байна.

Түүнчлэн, камерийн бичлэгт “...хохирогч Д.Бгийн өнгөрч буй машинд гар өргөж байгаа, хоёр гарын болон биеийн чөлөөтэй хөдөлгөөн, гартаа 2 тортой зүйлийг өргөөд машинд сууж байгаа биеийн байдал...” нь бичигдсэн байх ба Г.Лын машинд суухдаа хохирогч Д.Б нь биедээ ямар нэгэн эмзэглэлгүй, тортой зүйлээ өөрөө өргөж тавиад, чөлөөтэй хөдөлж орж сууж байна. Гэтэл Г.Лын жолоодож явсан машинаас Д.Б нь гэрийнхээ гадаа буухдаа биеийн байдлын хувьд зовиуртай, эмзэглэлтэй, бусдын тусламжтайгаар буусан талаар насанд хүрээгүй гэрч М.Мөнгөнхүү хэрэгт анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Жолоочийн хойд хаалгыг онгойлгоод эмээгийн хоёр тортой юмыг нь авсан. Эмээг өргөөд буулгасан. 2-3 алхтал эмээгийн хавирга өвдөөд байна гэж надад хэлсэн. ...би эмээг түшээд гэрт нь оруулсан. ...”/хх 39-40/ гэж, хохирогч Д.Б нь хэрэгт анх мэдүүлэг өгөхдөө “...би гэртээ ороод мөнгийг чинь өгчихье гэж хэлтэл миний хажуудаа үүрч явсан цүнхнээс эргэж хараад татахаар нь би эсэргүүцсэнээ санаж байна. Нэг мэдсэн манай ач хүү намайг сугадсан, суганы доогуур нил өвчин оргиод байсан. ...” /хх 29-30/ гэж мэдүүлжээ.

          Иймд Г.Лыг хохирогч Д.Бгийн биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Г.Лын гэмт хэрэг үйлдээгүй талаархи түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

          Шүүх шүүгдэгч Г.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, хорих гэсэн ялуудаас хорих ялыг сонгож, “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”-ээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоожээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Г.Лын хувийн байдалтай холбоотой “...хорих 409 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, артерийн даралт ихсэх өвчин 2-р зэрэг, нэг хөлийн тавхайн 1/3 хэсэг тайрагдсан протезтой /Хөдөлмөрийн чадвар 60%-ийн алдалттай/ оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгаа...” талаар баримтуудыг гаргаж өгсөн ба давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн “...Г.Лыг цаашид хорих ял эдлэхэд саад болохуйц байнгын хүнд өвчтэй биш, хорих байгууллагаас эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой...” гэж үзээд, Г.Лын такси үйлчилгээний хөлс 1500 төгрөгөөс шалтгаантайгаар 60 настай эмэгтэй хүнийг биед нь олон тооны “...зүүн уушгины няцрал, гялтангийн хөндийд шингэн хуралдалт /1000 мл/ зүүн талын 8, 9,10,11 дүгээр хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, сээрний 9 дүгээр нугаламны зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн хөмсөг, цээжинд цус хуралт...” гэсэн гэмтэл учруулан зодсон гэм буруутай үйлдлийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Г.Лын учруулсан гэмтлээс шалтгаантайгаар хохирогчийн удаа дараа хагалгаа хийлгэсэн хор уршиг зэрэгт түүнийг биечлэн эдлэх хорих ялаар шийтгэсэн нь бүрэн тохирсон байна, түүний биечлэн эдлэх хорих ялын 6 сарын хугацаа нь их биш байна гэж дүгнэв.

          Мөн шүүх Г.Лт хорих ялыг сонгон оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.    

          Иймд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

Шүүгдэгч Г.Л нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/1048 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатын шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 53 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/1048 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Р.Чинбаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоног /тавин гурван хоног/-ийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ