Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128ШШ2023/0855

 

 

 

 

 

 

    2023           11          17                                      128ШШ2023/0855            

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “ЭЭ” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагч А.Б, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0626/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нарын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн НА-************тоот “Нөхөн ногдуулалтын акт"-ыг хүчингүй болгуулах”

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нар нь 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн НА-************тоот “Нөхөн ногдуулалтын акт"-аар "ЭЭ" ХХК нь 20**, 20** онуудад нийт 1,000,000,000.04 төгрөгийн нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн дүнг бууруулсан гэж үзэж 100,000,000 төгрөгийн нөхөн татвар, 30,000,000 төгрөгийн торгууль, 20,000,000 төгрөгийн алданги, нийт 150,000,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.2. Тус компаниас гаргасан гомдлын дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор дээрх актыг хэвээр баталж, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тогтоолыг гардуулсан байна.

2.3. ЭЭ ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.  

3. Нэхэмжлэгч “ЭЭ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. "ЭЭ" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий Гүйцэтгэх захирал Х.Э нь Америкийн нэгдсэн улсад хувийн ажлаар зорчиж байсан хугацаанд Татварын улсын байцаагч Б.М, А.Б нар нь тус компанид ажилладаггүй, өмнө нь нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн Ц.М-тай ярилцлага хийж, тэмдэглэл үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл "ЭЭ" ХХК-г хууль ёсны дагуу төлөөлөх хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирлыг гадаадад хувийн шалтгаанаар зорчиж байхад, тухайн компанид ажилладаггүй, хуулийн этгээдийг төлөөлөх хууль ёсны итгэмжлэлгүй нягтлан бодогч Ц.М-тай ярилцлага хийж, татварын нөхөн ногдуулалтын акт тогтоосон.

3.2. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.1-д зааснаар татвар төлөгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах эрхтэй байна. Гэтэл Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нар нь "ЭЭ" ХХК-г хуульд заасан эрх, ашиг сонирхлоо хамгаалах нөхцөл бололцоогоор хангаагүй, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.1-д заасныг зөрчиж, нөхөн ногдуулалтын акт тогтоосон.

3.3. 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн НА-************тоот "Нөхөн ногдуулалтын акт" нь Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн 11.19.1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг.

3.4.Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т "Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна. Гэтэл Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, холбогдогч “ЭЭ” ХХК-г хуульд заасан эрхээ эдэлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй болно.

3.5.Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нарын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн НА-************тоот "Нөхөн ногдуулалтын акт"-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

4. Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1.Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн НӨАТ-ын хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийх ************ тоот томилолтын дагуу "ЭЭ" ХХК-ний 20**-20**оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг 20** оны * дүгээр сарын *-ны өдрөөс 20** оны * сарын *-ны өдрийн хооронд татварын улсын байцаагч Б.М, А.Б нар хийж гүйцэтгэсэн.

4.2. Татварын хяналт шалгалтад Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн хий бичилттэй “ХА” ХХК-ний 20** оны * дугаар сарын 363,636,363.65 төгрөгийн үнийн дүнтэй нийт 22 ширхэг худалдан авалтын падаан, “ЭДАО” ХХК-ний 20** оны * дугаар сарын 630,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй нийт 2 ширхэг худалдан авалтын падааны жагсаалтыг ашигласан.

4.3. Дээрх мэдээллийн дагуу татварын хяналт шалгалт хийхэд нийт 69 ширхэг 2,265,036,363.64 төгрөгийн үнийн дүн бүхий "ХА" ХХК, "ЭДАО" ХХК, "MДЕ" ХХК, "ЛА" ХХК гэсэн нэр бүхий компаниудаас хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх татварын хэмжээг бууруулснаас:

4.4. “МДЕ” ХХК-ийн нийт 16 ширхэг 635,036,363.64 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй худалдан авалтын падаануудыг 20** оны * дугаар сарын НӨАТ-ын тайланд хасалт хийж, 20** оны * дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтын буцаалтаар тайлагнан залруулсан.

4.5. “ЭДАО” ХХК-ийн 2 ширхэг 630,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй худалдан авалтын падаануудыг 20** оны * дугаар сарын НӨАТ-ын тайланд хасалт хийж, тухайн сарын тайланг засварлах хүсэлт өгч худалдан авалтын буцаалтаар тайлагнан залруулсан.

4.6. Худалдан авалтын буцаалтаар тайлагнаагүй "ХА" ХХК-ийн 20** оны *, * сарын нийт 48 ширхэг 800,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй, “ЛА" ХХК-ийн 20** оны * сарын нийт 3 ширхэг 200,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй хий бичилттэй худалдан авалтын падаануудыг худалдан авалтын буцаалтаар тайлагнаж залруулаагүй байсан тул хуулийн дагуу хариуцлага ногдуулсан.

4.7. Тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд удаа дараа тусган тайлагнаж, төлөх татварын хэмжээг бууруулсан нь ТУНС-ийн тайлангийн мэдээлэл, татварын албанаас хий бичилттэй падаан буцаах талаар 32 удаа сануулга явуулсан, сануулгын түүхээр харагдаж байна. Захирал Э гадаадад зорчиж буй асуудлаа далимдуулан татварын хяналт шалгалтад хамрагдахгүй байх сонирхлоор ажилтнууддаа итгэмжлэл хийж өгөөгүй гэж ойлгож байгаа татварын улсын байцаагчдын зүгээс боломжит бүх холбоо барих хэрэгслээр итгэмжлэл, болон баримт материалыг ирүүлэхийг шаардсан ч нягтлан бодогчоор татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд ажиллаж байсан  Ц.М-аас ярилцлага авч, татварын хяналт шалгалтад шаардлагатай баримт Материалыг гаргуулан авч, татварын хяналтад шаардлагатай баримт материалыг гаргуулан авч татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

4.8. Захирал Э нь итгэмжлэл ирүүлээгүй шалтгаан 20** оны нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил нь 20** оны * дүгээр сарын *-ны өдрөөр татварын ерөнхий хуулийн дагуу татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан тул итгэмжлэл ирүүлээгүй гэж дүгнэж байна. Хавсралтаар татварын хяналт шалгалтын акт, хавсралтын хамт, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээ, хий бичилттэй худалдан авалтын падааны мэдээлэл, татварын албанаас хүргүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хий бичилттэй худалдан авалтын падааны буцаалт хийх тухай сануулга, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд буцаалтаар тайлагнасан хий бичилттэй худалдан авалтын падааны жагсаалт зэрэг баримтыг хавсаргасан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “ЭЭ” ХХК-иас маргасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн НА-************дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтыг актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...компанийн 100 хувийн хувьцааг эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Х.Э нь АНУ-д хувийн ажлаар зорчиж байсан хугацаанд тус компанид ажилладаггүй, өмнө нь нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн, хуулийн этгээдийг төлөөлөх хууль ёсны итгэмжлэлгүй нягтлан бодогч Ц.М-тай ярилцлага хийж, тэмдэглэл үйлдсэн, ... татварын улсын байцаагч нар нь "ЭЭ" ХХК-г хуульд заасан эрх, ашиг сонирхлоо хамгаалах нөхцөл бололцоогоор хангаагүй, ...Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.1-д заасныг зөрчиж, нөхөн ногдуулалтын акт тогтоосон, ...актад Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн 11.19.1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т "Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна. ...татварын улсын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, холбогдогч “ЭЭ” ХХК-г хуульд заасан эрхээ эдэлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй...” гэж маргасан.

2. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татвар төлөгчийн эдлэх эрхийг заасны дотор 12 дугаар зүйлийн 12.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах;” гэж, 41 дүгээр зүйлийн 41.12-т “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна: 41.12.1.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах;” гэж тус тус заажээ. 

3. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын Дөрөв-ийн 4.3.1-д “хяналт шалгалт хийх талаар татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн татвар төлөгчийн бүртгэлтэй утас болон цахим хаягт мэдээлэл хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу мэдэгдсэнд тооцно.”, 4.3.2-т “хяналт шалгалтад шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг ирүүлэх талаар "Баримт бичгийн хүсэлт"-ийг татвар төлөгчид биечлэн болон шуудангаар, төрийн байгууллагын цахим шуудан болон татварын улсын байцаагч өөрийн албаны цахим хаягаар хүргүүлж, хүргүүлсэн тухай тэмдэглэлийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.”, 4.4.5-д “хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөх;”, 4.4.7-д “хяналт шалгалттай холбоотой асуудлаар биечлэн уулзах хүсэлтэй иргэн, албан тушаалтныг ажлын цагаар хүлээн авч, мэдээлэл, санал, хүсэлтийн талаар "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөх;” гэж журамласан байна. 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, татварын улсын байцаагч нар нь 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн ************ дугаартай томилолтын дагуу “ЭЭ” ХХК-ийн 20**-20**оны албан  татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхдээ 20** оны * дүгээр сарын *-ны өдөр татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй ************@gmail.com, 20** оны * дүгээр сарын *-ны өдөр ************@gmail.com болон ***************@yahoo.com зэрэг и мэйл хаягаар томилолт, баримт бичгийн хүсэлт, татварын албаны шаардах хуудас зэргийг хүргүүлж, хяналт шалгалтад орох болсон талаар тус компанид мэдэгдсэн болох нь төрийн цахим шуудангийн баримт, татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээллээр /хх **, **, ** дахь тал/ тогтоогдож байна.

5. Татварын хяналт шалгалтын үеэр тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Х.Э нь АНУ-д байсан болох нь нотлогдох хэдий ч энэ талаарх нотлох баримтыг хариуцагч нарт хяналт шалгалтын үеэр ирүүлээгүй, тус компанид 20**-20** онд ажиллаж байсан нягтлан бодогч Ц.М нь татварын албанд ирснээр түүнтэй ярилцлага хийж баримтжуулсан нь дээрх журамд заасан мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөх чиг үүргийнхээ дагуу хийсэн ажиллагаа байна.

6. Дээрх баримтуудаас дүгнэхэд татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийх талаар тус компанид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах боломжоор хангасан байх бөгөөд татвар төлөгчийг хяналт шалгалтад биечлэн оролцох эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

7. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компани нь 20**, 20** онуудад нийт 1,000,000,000.04 төгрөгийн нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаанаар худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн дүнг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэж 100,000,000 төгрөгийн нөхөн татвар, 30,000,000 төгрөгийн торгууль, 20,000,000 төгрөгийн алданги, нийт 150,000,000 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.   

8. Үүнээс үзэхэд 20**, 20** онуудад нэмэгдсэн өртгийн хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ үйлчлэлд хамаарах бөгөөд хариуцагч нараас маргаан бүхий захиргааны актад Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “20** оны * дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасан хувь хэмжээгээр буюу тухайн хуулиудыг хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж акт гаргасан гэж үзэхээр байна.

9. Тодруулбал, нэхэмжлэгч компанийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн үйлдэлд торгууль оногдуулахдаа татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчмын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл болгосон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болохгүй байна.  

10. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.1, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭЭ” ХХК-ийн “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, А.Б нарын 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн НА-************тоот “Нөхөн ногдуулалтын акт"-ыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ