| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0840/З |
| Дугаар | 128ШШ2023/0866 |
| Огноо | 2023-11-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128ШШ2023/0866
2023 11 20 128ШШ2023/0866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г,
Хариуцагч: **********дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, А.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
Хэргийн индекс: 128/2023/0840/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “20** оны * дугаар сарын *-ны өдрийн *** албан тоот буюу Б.Г миний нэг жилийн хугацаат цэргийн албыг бүрэн хааж, бэлтгэлээр халагдсан нэг жилийн хугацааг 11 сар 25 хоног буюу нэг жил гэж тооцохгүй гэснийг хүчингүй болгуулж, нэг жилээр тооцохыг даалгах”
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. Нэхэмжлэгч Б.Г нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 19** оны * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тушаалаар 19** оны * дугаар сарын *-ны өдрөөс ********* дүүргээс Дотоодын цэргийн ***дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, мөн даргын 19** оны * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тушаалаар 19** оны * дугаар сарын *-ны өдрөөр тасалбар болгон хугацаат цэргийн албыг бүрэн хааж, бэлтгэлээр халагджээ.
2.2. **********дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ***тоот албан бичгээр “иргэн Б.Г-ын цэргийн алба хаасан 11 сар 25 өдрийг 1 жил 6 сараар тооцох боломжгүй” гэж хариу өгсөн.
2.3. Нийгмийн даатгалын ерөнхий газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан бөгөөд тус газрын 20** оны * дүгээр сарын *-ны өдөр **/*** тоот албан бичгээр “хугацаат цэргийн албыг хаасан 11 сар 25 өдөр хаасан байх тул уг хугацааг 1 жил 6 сараар тооцох боломжгүй” гэдэг хариуг нэхэмжлэгчид өгсөн тул 20** оны * дүгээр сарын *-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч Б.Г-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. Б.Г миний бие нь хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор **********дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандсан юм. Цагдаагийн ерөнхий газрын даргын 19** оны * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тушаалаар * дугаар сарын *-ны өдрөөс Дотоодын цэргийн ***-р ангид хугацаат цэргийн албанд татагдаж, ***-р тушаалаар 19** оны * дугаар сарын *-нд бэлтгэлээр халагдсан.
3.2. Миний энэ нэг жилийн хугацаат цэргийн албыг бүрэн хааж, бэлтгэлээр халагдсан 1 жилийн хугацааг маань **********дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс ямар ч хууль тогтоомж, дүрэм журамд заагаагүй зөвхөн өөрсдийн ажилласан хугацаа тооцдог буюу ажилд авсан болон ажлаас гарсан он сарыг оруулж ажилласан хугацаа тодорхойлдог программаар тооцон 1 жил хүрэхгүй буюу 11 сар 25 хоног байна гэж үзэн хуульд заасан цэргийн алба хаасан 1 жилийг 1,6 жилээр бодно гэсэн заалтыг зөрчин миний эрх зүйн байдлыг дордуулж байна.
3.3. Цэргийн албаны тухай хуулийн 3.1.8 д "хугацаат цэргийн албан хаагч "гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд цэргийн албыг биеэр хааж байгаа иргэнийг хэлнэ гэж заасан байдаг. Тус хуулийн 12.1-т Цэргийн жинхэнэ албанд тухайн жилд татах тоо, татлага явуулах ээлж ,хугацааг Засгийн газар батална гэж заасан. Мөн 15.1-т Энэ хуулийн 7.1-д заасан /12 сар/хугацаагаар цэргийн алба хаасан иргэнийг бэлтгэлээр халж дайчилгааны бэлтгэл нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ гэж заасан байдаг. Миний бие нь иргэний үүргээ биелүүлж нэг жилийн хугацаат цэргийн албанд Монгол улсын цэргийн албаны тухай хуульд заасан журмын дагуу цэрэгт татагдаж, Засгийн газраас баталсан хугацаанд нь буюу 19** оны * дугаар сараас 19** оны * дугаар сар хүртэл цэргийн албыг биеэр хааж ,халагдах тушаалаар цэргийн албанаас бэлтгэлээр халагдан нийтдээ 12 сарын хугацаанд цэргийн албыг бүрэн хааж дуусгасан.
3.4. Монгол улсын аль ч хуульд нэг жилийн хугацаат цэргийн алба гэж зааж, цэрэгт татаж, бэлтгэлээр халж байгаа болохоос 11 сарын хугацаат 2 цэргийн алба гэсэн нэр томьёо байхгүй бөгөөд гавьяа шагнал аваагүй тохиолдолд нэг ч цэргийг хугацаанаас нь өмнө бэлтгэлээр халдаггүй болно. 20** оны * дугаар сарын *-ний өдрийн А/***буюу Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хамтарсан төрийн нарийн цэргийн албыг 19** оноос өмнө байлдагч, түрүүчээр хаасан бол 1 жилийг нь 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно гэж зааж өгсөн байгаа болно. Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.4-т Цэргийн албанд татагдагч цэрэг татлагын байрнаас цэргийн ангийн байгууллагад хүрэх, хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан иргэн цэргийн анги, байгууллагаас орон нутагт хүрэх хугацааг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно гэж заажээ.
3.5. Миний бие нь тухайн үеийн ********* хотоос 19** оны * дугаар сарын *-нд ***-р тушаалаар цэрэг татлагын байранд ирж, эмнэлгийн үзлэгт орж, хотод хуваарилагдсан цэргүүдээ хүлээж, бөөнөөрөө вагоноор хотод ирж * дугаар сарын *-нд Дотоодын цэргийн ***-р ангид ирсэн байдаг. Мөн * дугаар сарын *-ны өдөр ***-р тушаалаар цэргээс бэлтгэлээр халагдахдаа ********* хот руу буцах цэргүүдээ бусад цэргийн ангиудаас цуглахыг хүлээж дахин 3 хоногийн дараа ********* хотод гэртээ ирсэн байдаг.
3.6. Тухайн үед ********, ******** хот хоёрыг холбосон зам одоохных шиг ийм засмал зам байгаагүй, уг хоёр хотын хооронд такси,суудлын машинууд явж байгаагүй вагоноор зорчдог байсан болно. Иймд дээрх цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.4-т заасан хугацааг нэмэхээр Б.Г миний цэргийн алба хаасан хугацаа 12 сар хангалттай байх тул 11 сар 25 хоног гэж тооцсон **********дүүргийн Нийгмийн Даатгалын Хэлтэсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 1 жилээр тооцохыг **********дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү.” гэв.
4. Хариуцагч **********дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1. **********дүүргийн 42 дугаар хорооны иргэн Б.Г (РД:УЕ********) нь "Цагдаагийн ерөнхий газрын даргын 19** оны * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тушаалаар 0* дугаар сарын *-ны өдрөөс Дотоодын цэргийн ***дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, мөн даргын *** дугаар тушаалаар 19** оны * дугаар сарын *-нд бэлтгэлээр халагдсан" лавлагааг үндэслэн цэргийн алба хаасан хугацааг тооцоход 11 сар 25 хоног байгаа нь "Цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг нэг жил зургаан сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаа"-нд оруулан тооцох боломжгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 19** оны * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тушаалаар * дугаар сарын *-ны өдрөөс Дотоодын цэргийн ***-р ангид хугацаат цэргийн албанд татагдаж,***-р тушаалаар 19** оны * дугаар сарын *-нд бэлтгэлээр халагдсан. Миний нэг жилийн хугацаат цэргийн албыг бүрэн хааж, бэлтгэлээр халагдсан 1 жилийн хугацааг маань **********дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс зөвхөн өөрсдийн ажилласан хугацаа тооцдог буюу ажилд авсан болон ажлаас гарсан он сарыг оруулж ажилласан хугацаа тодорхойлдог программаар тооцон 1 жил хүрэхгүй буюу 11 сар 25 хоног байна гэж үзэн хуульд заасан цэргийн алба хаасан 1 жилийг 1,6 жилээр бодно гэсэн заалтыг зөрчин миний эрх зүйн байдлыг дордуулж байна...” гэж, хариуцагчаас “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 19** оны * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тушаалаар 0* дугаар сарын *-ны өдрөөс Дотоодын цэргийн ***дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, мөн даргын *** дугаар тушаалаар 19** оны * дугаар сарын *-нд бэлтгэлээр халагдсан" лавлагааг үндэслэн цэргийн алба хаасан хугацааг тооцоход 11 сар 25 хоног байгаа нь "Цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг нэг жил зургаан сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаа"-нд оруулан тооцох боломжгүй байна...” гэж тус тус тайлбарлан маргасан.
3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно. 2 дугаар зүйлд “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно.”, 3 дугаар зүйлд “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: ...2/ цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа;” гэж тус тус зааснаар хугацаат цэргийн алба хаасан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулахаар хуульчилсан байна.
4. Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 20** оны * дугаар сарын *-ний өдрийн **-**/**** тоот лавлагаа, мөн газрын 20** оны * дугаар сарын *-ний өдрийн **/**** тоот албан бичиг зэргээс үзэхэд, нэхэмжлэгч Б.Г нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 19** оны * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тушаалаар 19** оны * дугаар сарын *-ны өдрөөс ********* дүүргээс Дотоодын цэргийн ***дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж, мөн даргын 19** оны * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тушаалаар 19** оны * дугаар сарын *-ны өдрөөр тасалбар болгон хугацаат цэргийн албыг бүрэн хааж, бэлтгэлээр халагджээ.
5. Хариуцагчаас дээрх лавлагааг үндэслэж, Цэргийн албаны тухай хуулийн 7.3-т “Хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацааг бэлтгэлээр халах тухай цэргийн ангийн захирагчийн тушаалд заасан өдрөөс тус тус тооцно.” гэж зааснаар хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацаа, дуусгасан хугацааг тооцож, 11 сар 25 хоног цэргийн алба хаасан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
6. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 он/-ийн 14 дүгээр зүйлийн 1-д “Байлдагч, түрүүчийн цэргийн албаны хугацаа 12 сар байна.”, 15 дугаар зүйлд “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаагаар цэргийн алба хаасан байлдагч, түрүүчийг бэлтгэлээр хална.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийг цэргийн алба хаасан тухайн үед хуульд зааснаар цэргийн алба хаах хугацаа нь 12 сар байх бөгөөд ийнхүү 12 сарын хугацаагаар цэргийн алба хаасан иргэнийг байлдагч, түрүүч цолтойгоор халахаар хуульчилсан байна.
7. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн үүргээ ёсчлон биелүүлж, хуульд заасан цэргийн албыг бүрэн хааж, бэлтгэлээр халагдсан болох нь дээрх лавлагаагаар тогтоогдож байх тул түүний цэргийн алба хаасан хугацааг 12 сараар буюу 1 жилээр тооцох бөгөөд 5 өдрийн дутуу байгаад нэхэмжлэгчийг буруутгах, түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
8. Нийгмийн даатгалын байгууллага нь хуулийг тайлбарлан хэрэглэхдээ иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглэх нь эрх зүйт төрийн захиргааны эрх зүй дэх зарчимд нийцэх болохыг анхаарах нь зүйтэй.
9. Иймд нэхэмжлэгчийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно.” гэж зааснаар шимтгэл төлсөн хугацаагаа нэмэгдүүлэн тооцуулах эрх нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Г-ын хугацаат цэргийн албыг бүрэн хааж, бэлтгэлээр халагдсан нэг жилийн хугацааг 11 сар 25 хоног буюу нэг жил гэж тооцохгүй гэж татгалзсан **********дүүргийн Нийгмийн даатгалын газрын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ***тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, түүний хугацаат цэргийн алба хаасан хугацааг нэг жилээр тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 он/-ийн 14 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Г-ын хугацаат цэргийн албыг бүрэн хааж, бэлтгэлээр халагдсан нэг жилийн хугацааг 11 сар 25 хоног буюу нэг жилээр тооцохгүй гэж татгалзсан **********дүүргийн Нийгмийн даатгалын газрын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ***тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, түүний хугацаат цэргийн алба хаасан хугацааг нэг жилээр тооцохыг **********дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ