Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 96

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Т.*******,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                              Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Очирхуягийн *******од холбогдох эрүүгийн 2017 0108 0225 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамтаар *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн *******1 дугаартай, овогт Очирхуягийн *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

О.******* нь 2017 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо 37 дугаар байр 36 тоотод хамтран амьдарч байсан Т.*******ийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

мөн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 8 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дотор Б.Алтантулгыг зодож, хутгийг зэвсгийн чанартай хэрэглэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* нь 2017 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо 37 дугаар байр 36 тоотод хамтран амьдарч байсан Т.*******ийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд хацар, шанаа, дал, бугалга, шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 8 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс дотор Б.Алтантулгыг зодож, хутгийг зэвсгийн чанартай хэрэглэж эрүүл мэндэд зулайд зулгаралт, дух, сарвуу, шуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын өгсөн: “Би эхнэртэйгээ хардсанаас болж зодсон. Би хохирогч Алтантулгыг айлгах гэж хутга барьж ажил дээр нь очсон. Би хохирогчийг айлгах санаатай хутга далайхад гарын алгыг хоёр зүссэн. Алтантулгыг машинаа унаад зугтаачих байх гэж бодоод машины шилнийг хагалсан. Би хохирол төлбөрт 200.000, эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Нийт 400.000 төгрөгийг өгөхөд хохирогч Б.Алтантулга надад гомдол саналгүй гэсэн бичгийг хавтас хэрэгт авагдсан. Манай эхнэрийн гар утсанд ирсэн мэссэжээс юунаас болж энэ зодоон үүссэн нь тодорхой бичсэн байсан. Би өмнө нь эхнэрээ цохиж, зодож байгаагүй. Тэр үед би хадмуудтайгаа муудалдсан учир би эхнэртэйгээ хоёр талд амьдарч байсан. ******* надад гомдол саналгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  ******* бид хоёр хамт амьдрахгүй байгаа. Би *******тэй цаашид хамт амьдрахгүй. Хүмүүсийн сэтгэл, бие махбодид хохирол учруулсандаа харамсаж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Миний үйлдэл буруу. Тухайн үед би уураа барьж чадаагүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.*******ийн өгсөн: “Б.Алтантулга нь 2017 оны 02 сард манай ажилд шинээр орсон. Би Б.Алтантулгатай дотно харилцаатай байгаагүй. Б.Алтантулга цагаан сарын баярын үеэр ажил дээр хариуцлагатай жижүүрээр хонох байсан боловч хоноогүй байсан. Тухайн үед надтай хамт хоноё гэсэн мэссэж бичээгүй. Ажлын хүний үүднээс тоглож мэссэж бичсэн. О.******* бид хоёр хамт 6 жил байр хөлсөлж амьдарсан. Намайг 3 сартай жирэмсэн байхад хэрэлдэж тусдаа амьдарч байсан. О.******* манай гэрийнхэнтэй маргалдаж байгаа. Манай эцэг, эхтэй харьцдаггүй, нэг л удаа очиж уулзаж байсан. О.******* намайг хардах асуудал байнга гаргадаг байсан. Би цаашид О.*******той хамт амьдрахгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алтантулгын өгсөн “ 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө 8 цаг 30 минутын үед ажил дээрээ очоод өрөөндөө ороод компьютероо асаах гээд сууж байхад гаднаас үл таних залуу орж ирээд “Аагийн мөн үү” гэхээр нь ажлаар явж байгаа хүн юм байх гэж бодоод “тийм байна” гэсэн чинь тэр залуу шууд миний зүүн шанаа руу гараараа цохиод авсан. Тэгээд би гайхаад юу болов яав гэхэд чамайг ална хядна гээд хутга гаргаж ирээд бариулаар нь толгойны зүүн хэсэгт болон духны зүүн хэсэгт  тус тус цохисон. Тэгээд ална гээд үзүүр хэсгээр нь миний бие рүү хатгах гэхээр нь гараараа хаах үед зүүн гарын шууны дотор хэсэг, баруун гарын чигчий хурууны салааны хэсэгт тус тус зүсэгдэж гэмтэл авсан. Тэгээд аяга аваад над руу шидэнгүүт би оногдоогүй. Гэтэл сандал аваад над руу дайрахаар нь би сандлаас нь зайлаад гадагшаа гарч зугтсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №319 дүгээр:

  1. “Т.*******ийн биед хацар, шанаа, дал, бугалга, шуунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна." гэх дүгнэлт,

/хх-ийн 61 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №319 дүгээр:

1.  “Б.Алтантулгын биед зулайд зулгаралт, дух, сарвуу, шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.  Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна." гэх дүгнэлт,

/хх-ийн 64 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 86 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 87 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт Очирхуягийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.*******од мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ