Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 104

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч П.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 1707001580027 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, нөхөр, охин, зээгийн хамтаар ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Б.******* нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 15 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан үедээ өөрийн нөхөр болох Д.*******тэй маргалдаж улмаар түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “2017 оны 8

дугаар сарын 25-ны өдөр *******, ******* бид гурав айлд ажил хийсэн. Ажлаа хийж дуусчихаад дэлгүүрээс нэг шил архи аваад манайд ирж ууцгаасан. Дахиад хоёр шил архи нэмж уусан. Доод талын айлаас тогны мөнгө авдаг юм. Би тогныхоо мөнгийг авсан байсан чинь нөхөр уурлаад бид хоёр маргалдаж муудалцсан. Нэлээн маргалдаж байгаад би “нөхрөө дуугүй бай” гэсэн чинь дуугүй болохгүй байхаар нь ногоо арилгадаг хутгаа аваад хатгасан чинь цус гарсан. Тэгээд сандраад доод талын айлын хүүхдээр түргэн дуудуулсан. Түргэн ирээд *******ийг авч яваад, цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр айлд ажил хийж дуусаад харих замдаа дэлгүүрээ архи ааваад гэртээ ирж уусан. Эхнэр дахиад 2 шил архи нэмж авч ирээд уусан. Манайх доод талын айлаас тогны мөнгө авдаг юм. Эхнэр тогны мөнгөө авчихсан байхаар нь би уурласан. Тэгээд бид хоёр хэрүүл, маргаан хийж ийм асуудал болсон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Н.*******ын өгсөн “2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр арын хашаанд байдаг *******, ******* нартай 1 дүгээр хороонд айлын буйр янзалж өгөөд 20,000 төгрөг авсан юм. Ингээд ажлаа дуусгаад 16 цагийн үед болов уу мөнгөө аваад буцаад явж байхдаа гуравуулаа нэг шил архи авч уухаар болоод замаараа “Дооны-Овоо” хүнсний дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Сайхан” нэртэй архи аваад П.*******ийн гэрт очоод бид 3 хувааж ууж дуусгаад дахиад 2 шил 0,75 литрийн “Сайхан” нэртэй архи ******* дэлгүүр орж аваад тэрийгээ ууж дуусгаад би гэртээ ороод унтаад өгсөн. Архиндаа ч нэлээн согтсон байсан учир шууд л гэртээ ороод унтсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн “2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 00 минутын үед гэртээ байж байхад манай хажуу айл буюу Өвөршандын 15 дугаар гудамж 02 тоотод оршин суух айлын эгч манай гэрийн зүүнээс хашааны завсраар “хэнээ хэнээ” гээд намайг дуудаад байхаар нь зогсоод уулзтал “эгчдээ түргэн дуудаад өгөөч эгч нь нөхөрөө хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би 103-т дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2007 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн №08шэ/432 дугаар:

  1. “*******ийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 26 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 39 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 40 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг баримтуудыг цуглуулжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг доорхи үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Үүнд: Улсын яллагч шүүгдэгч Б.*******г 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 15 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан үедээ өөрийн нөхөр болох П.*******тэй маргалдаж улмаар түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2007 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн №08шэ/432 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж яллаж байх боловч энэхүү шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлага, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэж тус тус заасныг хангаагүй байна.  

Учир нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2007 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн №08шэ/432 дугаар шинжээчийн дүгнэлтийг хувийн болон байгууллагын тэмдэгээр баталгаажуулаагүй байгаа нь тухайн нотлох баримтыг хүчингүйд тооцох үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдож байгаа хэдий ч хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирлын альныг учруулсан нь тогтоогдоогүй байхад шүүгдэгч Б.Долгосүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн 1707001580027 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.*******г цагаатгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25 см-ын урт модон иштэй хутга 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******г цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см-ын урт модон иштэй хутга 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.*******д буцаан олгосугай.

4. Шүүгдэгч Б.Долгосүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ