Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128ШШ2023/0867  

 

 

 

    2023           11          20                                   128ШШ2023/0867            

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “СХ” ХХК,

Хариуцагч: Б*******, ******* нарын хоорондын газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0401/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Б******* *******ын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн А/*** дугаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, “СХ” ХХК-ийн ашиглах зориулалтаар олгогдсон газрын хугацааг дахин 5 жилээр сунгахыг даалгах”

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч “СХ” ХХК нь Б*******, *******ын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 4 га газрыг 5 жилийн хугацаагаар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй болсон.

2.2. Б******* *******ын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн А/*** дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Б*******, аялал жуулчлалын яамны 20** оны * дугаар сарын *-ны өдрийн **/****тоот албан бичгээр нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй талаар хариу өгч, нэхэмжлэгч нь шүүхэд 20** оны * дүгээр сарын *-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч “СХ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. “СХ” ХХК-н эзэмшлийн *****дүүрэг Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 20**/***дугаар бүхий 4 га газрын гэрчилгээг хүчингүй болгох тухай Б******* *******ын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн №А/*** тоот тушаал, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20** оны * дүгээр сарын *-ний өдөр ирүүлсэн №** тоот албан тоотуудад манай компанийн зүгээс удаа дараа албан тоотоор хариу тайлбаруудыг гаргаж байсан. Сүүлийн байдлаар Б******* аялал жуулчлалын яамны 20** оны * дугаар сарын *-ны өдөр албан тоотоор гомдол хүргүүлсэн боловч захиргааны байгууллагаас ямар нэгэн бичгээр хариу өгөөгүй тул шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3.2. Газар ашиглахтай холбоотой үүсэн зөрчлүүдийн тухайд танай байгууллагад 20** оны * дүгээр сарын *-ны өдөр Газрын тухай хуулийн 40.1.6, 40.1.5 дахь заалтуудыг зөрчсөн гэх асуудлаар сонсох ажиллагаа хийж, тайлбар болон саналыг тухайн бүрд нь өгсөн.

3.3. Газрын тухай хуулийн 40.1.6-г зөрчсөн тухай: “СХ” ХХК нь газар ашиглах гурвалсан гэрээг 3 удаа Богдхан Уулын дархан цаазат газартай байгуулсан боловч *******дүүргийн Засаг дарга гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй. Шалтгаан тодорхойгүй, аливаа зөрчил гараагүй байхад тодорхойгүй шалтгаанаар гэрээг баталгаажуулаагүй үйлдэл гаргасан ба бичгээр хариу тайлбар өгөөгүй болно.

3.4. Э.О миний бие 20**-20** онуудад өвчний улмаас гадаадад эмчлүүлэх шаардлага үүсэж компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрэх шалтгаануудын нэг болсон. Эмчилгээний талаар холбогдох нотлох баримт, гадаад паспортын хуулбар, хилээр орсон гарсан тухай тэмдэглэл, эрүүл мэндийн бичгийг хавсарган Б******* аялал жуулчлалын яаманд 20** оны * дүгээр сард хүргүүлсэн байдаг.

3.5. Мөн үед Авлигатай тэмцэх газар, Б******* аялал жуулчлалын яам хамтарсан шалгалтын хүрээнд аливаа хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхийг зогсоож шалгалтын ажлыг явуулсан байдаг. Тус шалгалтын хүрээнд манай компани аливаа зөрчилгүй болох нь тогтоогдсон боловч шалгалтын үргэлжлэх хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болохыг Богдхан Уулын дархан цаазат газар болон Б******* аялал жуулчлалын яам өөрсдөө мэдэж байх шалтгааны нэг юм.

3.6. Түүний дараа бүх нийтийн цар тахал гарсантай холбоотой улс даяар төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоож ковидын хамгаалалтын горимд шилжсэнтэй холбоотой үйл ажиллагааг зогсоосон шалтгаанаар манай компанийг нэг ч үйл ажиллагаа явуулаагүй гэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргах нь шударга бус гэж үзэж байна.

3.7. Газрын тухай хуулийн 40.1.5 болон 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд: 20** онд 4,894,000 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн боловч *******дүүргийн газрын албан дээр гурвалсан гэрээ байхгүйгээс шалтгаалан төлбөр бүртгэгдэхгүй гэсэн тайлбар өгч байсан. /Манай компани тухайн төлбөрийг буцаан аваагүй болно/ “СХ” ХХК нь *******дүүргийн Газар зохион байгуулалтын албатай графикийн дагуу газрын төлбөрийг төлөхөөр зөвшилцсөний үндсэн дээр 20** оноос газрын төлбөрийн үнэ шинэчлэгдэж 1 дүгээр улиралд 21,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн ба түүний дагуу Богдхан Уулын дархан цаазат газарт гурвалсан гэрээ байгуулах тухай хүсэлтийг тэр даруй гаргасан боловч манай газрын эрхийн талаар Б******* аялал жуулчлалын яамнаас нэгдсэн байдлаар мэдэгдэл ирэх тул хүлээгдэж байна гэсэн тодорхойгүй хариу өгч гэрээг баталгаажуулаагүй. Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар заалтын хувьд Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах гэж буй аж ахуй нэгж байгууллага нь төсөл хөтөлбөрийг холбогдох төрийн эрх бүхий байгууллагад танилцуулж батлуулснаар төслийн ажлыг эхлүүлэх, гүйцэтгэх боломж бүрддэг. Гэтэл манай газрын гурвалсан гэрээг шалтгаангүйгээр батлахгүй, *******дүүргийн Засаг дарга гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй үйлдэл нь өөрөө манайхыг үйл ажиллагаа явуулах боломжийг шууд хаасан үйлдэл болсон байдаг. Жишээ нь манай компани Хот байгуулалт хөгжлийн газарт төслийн танилцуулга хүргүүлж Архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэхэд түүний бүрдүүлэх материалд "Тусгай хамгаалалттай газар нутагт, газар ашиглах гурвалсан гэрээ"-г заавал бүрдүүлж өгөх ёстой байдаг. Үүнээс болж өөрийн газар дээр нэг ч хөдөлгөөн хийх боломжгүй болгосон төрийн байгууллагын буруутай үйлдлийг манай компани хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. “СХ” ХХК нь гурвалсан гэрээг баталгаажуулсны дараа хуримтлагдсан газрын төлбөрийг тооцоо нийлсэн акт үйлдэн бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байгааг удаа дараа илгээж буй албан тоотод тусгаж ирсэн болно.

3.8. Усны тухай хуулийн 22 зүйл 22.2, 22.3 дахь заалтыг зөрчсөн гэх Манай компани анх газар олгогдсон хугацаанаас хойш Усны тухай хуулийн 22.2 болон 22.3 дахь заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй ба Богдхан уулын дархан цаазат газраас 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн №** тоот "Сонсох ажиллагааны мэдэгдэл" хүргүүлсэн албан тоотод "Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам" зөрсөн гэж тайлбарласан ба яг яаж зөрсөн тухай нотлох баримт байхгүйгээр тулгасан, газар дээр үзлэг хийгдээгүй, өмнө нь ийм асуудлаар ямар нэгэн мэдэгдэл, албан тоот өгч байгаагүй атал гэнэт ийм үндэслэл оруулсныг ойлгохгүй байна.

3.9. Мөн үндэслэл бүхий гомдлыг Б******* аялал жуулчлалын яаманд 20** оны * дугаар сарын *-ны өдөр өгсөн боловч одоог хүртэл хугацаанд хариу өгөөгүй болох байгууллагын эс үйлдэхүй болж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж нь захиргааны үзэж болохоор байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

3.10. Хөөн хэлэлцэх хугацаа болон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хугацаа дууссан эсэх талаар нэмэлт тайлбар: Б******* *******ын тушаал 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн А/*** тоот тушаал гарсан. Тус тушаалыг гарсан даруй манай компанид танилцуулж мэдэгдээгүй. 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн №** тоот Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдлийг 20** оны * дүгээр сарын *-ны өдөр танилцсан. Мэдэгдлийн дагуу Б******* аялал жуулчлалын яаманд 20** оны * дугаар сарын *-ны өдөр гомдол гарган бичиг хэрэгт 20** оны * дугаар сарын *-ны өдөр хүлээлгэн өгсөн. Яамнаас хариугаа “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх тухай” хуулийн 16.1-д заасны дагуу 30 хоногт багтаан хариу өгөх үүрэгтэй, шаардлагатай гэж үзвэл 30 хоногоор сунгаж болно" гэсэн хуулийн заалтын дагуу 30 хоногийн дотор хариу ирээгүй тул манай гомдлын хариу өгөх хугацаа сунгагдсан гэж ойлгосон. Иймд манай компани 20** оны * дүгээр сарын *-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэх ойлголт үүсэхгүй ба төрийн байгууллага гомдлын хариу өгөхгүй байх эс үйлдэхүйгээс шалтгаалж хуулийн этгээд өөрийн эрхээ хамгаалуулах эрх зөрчигдөх ёсгүй гэж үзэж байна.

3.11. Иймд төрийн байгууллага болох Богд-Хан Уулын дархан цаазат газар, *******дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйгээс шалтгаалж тодорхой шалтгаангүй гурвалсан гэрээ байгуулаагүй үйлдэлд үндэслэн манай газар ашиглах эрхийг цуцалсан үйлдэл нь хууль бус тул Б******* аялал жуулчлалын яамны сайдын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн №A/***тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

4. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

4.1. Б******* аялал жуулчлалын яаманд Богдхан уулын Түргэний ам нэртэй “СХ” ХХК-д ашиглах зориулалтаар олгогдсон газрын хугацааг дахин 5 жилээр сунгахыг даалгах.

4.2. Б******* аялал жуулчлалын яамны 20** оны * дугаар сарын *-ны өдрийн А/*** тушаалын дагуу олгогдсон тусгай хамгаалалттай газарт нутагт газар ашиглах гэрчилгээ олгогдсон. Түүний дагуу аялал жуулчлалын төслийн ажил явагдах суурь нөхцөл хангагдсан. Үүнийг дагаад газар ашиглахтай холбоотой анхан шатны баримт бичиг болох газрын гурвалсан гэрээ байгуулах ажил нь газар ашиглагч “СХ” ХХК-с хамааралгүй шалтгаанаар байгуулагдахгүй байсаар цар тахлын нөхцөл болон Авлигатай тэмцэх газар, цагдаагийн газрын шалгалт үзлэг, тайлбар мэдүүлэг гэсээр газрын эрх сунгах хүртэл газрын гурвалсан гэрээ байгуулагдаагүй. Үүнээс шалтгаалан тухайн олгогдсон газартаа нэг ч хөдөлгөөн хийх эрхгүй, төрийн байгууллагын уялдаагүй үйлдлээс шалтгаалан газраа ашиглаж чадаагүй байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчим хэрэгжээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргах шалтгаан нөхцөл үүссэн байна.

4.3. Хэргийн гол учир нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглана гэдэг нь тусгай зохицуулалттай ба газар дээр барилгын ажил эхлэх, хашаа хайс татах, газрыг хөндөх, инженер геологийн судалгаа хийх, хөрсний шинжилгээ хийлгэх зэрэг анхан шатны бүх ажлууд нь харьяа төрийн эрх бүхий байгууллагад шаардлага хангах баримт бичгийг бүрдүүлж бичгээр зөвшөөрөл авсан тохиолдолд хийгддэг зохицуулалттай.

4.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1.1. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт. хугацаа, болзолтойгоор б*******д сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно.

4.5. Барилгын тухай хуулийн 21.2-т заасны дагуу Засгийн газраас баталсан бүрдүүлэх баримт бичгийн шаардлагыг хангасан байх

4.6. Хавсралт материалаар Хот байгуулалт, Хөгжлийн газрын баримт бичгийн анхан шатны бүрдлийн хэсгийг хүргүүлж байна. Үүнд хүсэлт гаргахдаа хавсаргаж өгөх жагсаалт багтана.

4.7. Зөвхөн нэхэмжлэгч тал буюу газар ашиглагч тал үүргээ гүйцэтгээгүй мэтээр харагдуулж шахан боогдуулсан, төрийн уялдаагүй, үр дүнгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас аж ахуй нэгжүүд манайх шиг хохирч байгаа тул Монгол Улсын Шүүх түүний зөв гаргалгааг гарган төрийн байгууллагын алдаатай үйлдлийг таслан зогсоож аль аль талын эрх үүргээ хэрэгжүүлсэн байдлыг харж шийдвэрлэж өгнө үү хэмээн энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгч нь Б*******, *******ын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 4 га газрыг 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхтэй болсон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй." бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан..."... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй болсноос хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байх хэдий ч газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн.

5.2. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах..." гэж заасан байхад нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байхад сунгуулах хүсэлтээ гаргаагүй байна. Энэ нь тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т "Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;" гэсэнд хамаарч байна.

5.3. Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан гэх газар нь усны онцгой хамгаалалтын бүстэй бүтэн давхцалтай байгаа нь харагддаг. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно." гэж заасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно." гэж 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн байдаг. Үүнээс үзвэл Б*******, ******* нь хууль тогтоомжид нийцүүлэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд тус эрхийг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид сэргээн олгох ямар ч эрх зүйн боломжгүй юм.

5.4. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг байгуулах гэхэд *******дүүргийн Засаг дарга батлаагүй гэх нөхцөлийг илэрхийлсэн байна. Б*******, *******ын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.4-т "... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна." гэж заасан байдаг. Үүнээс үзвэл газар ашиглах эрх авсан аж ахуйн нэгж нь гурвалсан гэрээг байгуулж батлуулах үүрэг хүлээдэг бөгөөд захиргааны байгууллагаас гэрээ баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох зэргээр маргаагүй нь маргаан бүхий акт гарах үндэслэл болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “СХ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “СХ” ХХК нь Б*******, ногоон хөгжил, *******ын 20** оны * дугаар сарын *-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутаг *******дүүргийн Түргэний аманд 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхтэй болж, 20** оны * дугаар сарын *-ний өдрийн огноотой 20**/***дугаартай газар ашиглах гэрчилгээг авчээ. /хх-**-**, **/

2. Маргаан бүхий акт болох Б*******, *******ын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн А/*** дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “СХ” ХХК-д олгосон  4 га газрын ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ***, ** дүгээр сарын **-ний өдрийн ****дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Газрын тухай хууль зөрчсөн, газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай үндэслэлээр дуусгавар болгосон байна.

3. Уг актад үндэслэл болгосон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20** оны * дугаар сарын *-ны өдрийн *** тоот албан бичгээр /хх-** тал/ “СХ” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 37 дугаар зүйлийн 37.1, 39.1.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг дуусгавар болгож гэрчилгээг хүчингүй болгох саналыг, мөн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ****тоот албан бичгээр Тусгай хамгаалалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Газрын тухай хуулийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчсөн буюу газар ашиглах эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг тус тус хариуцагчид хүргүүлсэн. /хх-** тал/

4. Маргаан бүхий актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн хувьд,

4.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.

4.2. Хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

4.3. Шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газарт ямар нэгэн барилга, байгууламж бариагүй, аялал жуулчлалын зориулалтаар ашигласан байдал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс уг газрыг ашигласан гэж маргаагүй, харин өөрөөс хамаарахгүй шалтгаанаар ашиглах боломжгүй байсан, газар ашиглах гэрээг *******дүүргийн Засаг даргаас батлаагүйн улмаас ашиглах ямар ч боломжгүй байсан гэж маргасан.

4.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, 20** оны * дугаар сарын *-ны өдрийн огноотой Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ /хх-**-** тал/ хэрэгт авагдсан бөгөөд уг гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон “СХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулсан, харин *******дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй байна.

4.5. Нэхэмжлэгч нь *******дүүргийн Засаг даргад газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлт гаргаж байсан гэх боловч энэ талаар нотлох баримт гарган маргаагүй, захиргааны албан тушаалтны гэрээ батлаагүй үйлдэлд ямар нэгэн байдлаар шүүхэд маргаж байгаагүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, мөн *******дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус компанийн хүсэлт бүртгэгдээгүй талаар шүүхэд албан бичиг ирүүлсэн. /хх-** тал/

4.6. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд газар ашиглах эрхийн гэрээ байгуулагдаагүй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жилийн хугацаа”-г эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй бөгөөд ашиглах эрх олгосон 20** оноос эрхийг дуусгавар болгосон 20** оныг хүртэл хугацаанд газрыг ашиглаагүй нь тогтоогдсон, энэ хугацаанд нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд дүүргийн Засаг даргын гэрээг батлаагүй үндэслэл орохгүй байна.

4.7. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд дүүргийн Засаг даргаас газар ашиглах гэрээнд гарын үсэг зураагүй тохиолдолд түүний хууль бус эс үйлдэхүйд холбогдуулан эрхээ хамгаалж маргах боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй 6 жилийг өнгөрүүлсэн байна.

4.8. Иймд хариуцагчаас газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.

5. Харин маргаан бүхий актад усан сан бүхий газрын онцгой хамгаалалттай бүстэй давхцалтай гэх үндэслэлийг заасан нь буруу байна.

5.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гээд 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж, 22.3-т Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.” гэж тус тус заасан.  

5.2. Хэрэгт авагдсан, хариуцагчаас дахин тодруулж ирүүлсэн болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн мэдээллийн сангийн зургаас үзэхэд /хх-***, *** тал/ маргаан бүхий газар нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцаагүй, зарим хэсгээр давхцалтай, харин энгийн хамгаалалтын бүстэй ихэнх хэсэг нь давхцалтай байна.

5.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 20** оны * дүгээр сарын *-ний өдрийн ** дугаар /хх-*** тал/ албан бичгийн дагуу нэхэмжлэгч компани нь 4 га газраас усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцсан хэсгийг багасган 32465,2 м.кв талбайтайгаар кадастрын зураг /хх-** ар тал/ хийлгэж, хариуцагчид 20** оны * дугаар сарын *-ны өдрийн *** тоот албан бичгийн хамт /хх-** хуудас/ хүргүүлж байжээ.  

5.4. Хариуцагчаас анх газар ашиглах эрх олгохдоо усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд давхцуулж олгосонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд ийнхүү багасгасан талбайн хэмжээгээр усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хориглоогүй үйл ажиллагаа явуулах боломжтой байхад хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн гүйцэт биелүүлж, бодит нөхцөл байдлыг бүрэн судалж тогтоолгүйгээр усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэж үзсэн нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байна.

5.5. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан үндэслэлийг маргаан бүхий актад үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна.

6. Маргаан бүхий актын газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлийн тухайд,

6.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;” гэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:...”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж тус тус заасан.

6.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 20** оны * дугаар сарын *-ны өдрийн *** тоот албан бичгээр гаргаж байсан /хх-***/ болох нь хүсэлт болон хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэл-хяналтын карт /хх-*** тал/-аар тогтоогдож байна.

6.3. Хамгаалалтын захиргаанаас уг хүсэлтийг шийдвэрлэсэн, татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин 20** оны * дугаар сарын **-ны өдрийн ***, 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн ****дугаар саналд тус тус сунгуулах тухай хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлийг дурдаж гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг хариуцагчид хүргүүлжээ.

6.4. Уг үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч нь хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо сунгуулах тухай хүсэлт гаргасан эсэхтэй холбоотой бодит нөхцөл байдлыг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлэхгүйгээр маргаан бүхий актад газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.  

7. Маргаан бүхий актад Газрын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлийг мөн дурдсан.

7.1. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгчээс газар ашиглах эрх олгогдсоноос хойш газрыг зориулалтын дагуу ямар нэгэн байдлаар ашиглаагүй, түүнчлэн газар ашиглах гэрээ байгуулаагүй учраас ашиглах боломжгүй байгаа тухайгаа удаа дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон яаманд албан бичгээр тайлбар гарган хүргүүлж байсан, тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх дэглэм, усан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалттай бүсэд мөрдөх дэглэмийг зөрчсөн, хориглох үйл ажиллагаа явуулсан талаар аливаа тогтоогдсон зөрчилгүй байхад Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй, хуульд үндэслээгүй шийдвэр болжээ.

8. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий тушаалын бусад үндэслэл нь хуулийг буруу хэрэглэсэн, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх тусгай зарчимд нийцээгүй хэдий ч хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль нэг үндэслэл бүрдсэн тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй бөгөөд, энэ маргааны тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул Б******* *******ын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй. 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “СХ” ХХК-ийн ашиглах зориулалтаар олгогдсон газрын хугацааг дахин 5 жилээр сунгахыг даалгах гэж ихэсгэсэн.

9.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.” гэж заажээ.   

9.2. Дээр дүгнэсэнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон, шүүхээс ийнхүү хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Иймд нэгэнт нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд хугацаа сунгуулах харилцаа нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түүний хугацааг сунгуулах эрх нь газар ашиглагчид байна.

10. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “СХ” ХХК-иас Б*******, *******ад холбогдуулан гаргасан “Б******* *******ын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн А/*** тоот хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, Б******* аялал жуулчлалын яаманд Богдхан уулын Түргэний ам нэртэй “СХ” ХХК-д ашиглах зориулалтаар олгогдсон газрын хугацааг дахин 5 жилээр сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ