Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/02997

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 08 182/ШШ2024/02997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ...ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ... ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай ... ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар ... ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар ...ны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас ...ны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж ...ны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч ...д олгосон чанаргүй зээл хамаарч байна.

Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

1. Зээлдэгчид олгосон зээлийн тухайд

Зээлдэгч ... нь ...тай 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЦЗ-60 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зээлэн авч ашигласан.

Гэвч зээлдэгч ... нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкийг хохироож байна.

Зээлдэгч ...аас зээлийн төлбөрийг нэхэмжилж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн зээлдэгчийн хаягийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлд дурдсан ...т оршин суудаггүй болох нь тогтоогдсоноор Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 00326 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан "хариуцагчийн хаяг тодорхойгүй" үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан байна.

2. Зээлийн нийт төлбөрийн тухайд: Зээлдэгч ... нь үндсэн зээлд 5,469,542.72 төгрөг, зээлийн хүүнд 12,894,495.93 төгрөг; нэмэгдүүлсэн хүүнд 2,560,285.47 төгрөг, нийт 20,924,324.12 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч ...ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалууд /хх-5-18/

2.2 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх-19/

2.3 Зээлийн дансны хуулга /хх-21/

2.4. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 147/ШЗ2024/00326 дугаар захирамж /хх-22-24/

3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/09784 дугаар захирамжаар ...ы иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ... ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

... нь ... ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тэрээр энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ... ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

... ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь ...ы оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ... нь ... оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 147/ШЗ2024/00326 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ... ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ... ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. ... ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

4. ...ы хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нарт мэдэгдэхийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ