| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 1920001940122 |
| Дугаар | 2019/ДШМ/86 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2019/ДШМ/86
Д.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Хяналтын прокурор: Б.Догмиддорж,
Хохирогч: Ө.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Д, Ж.Х,
Шүүгдэгч: Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Cум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.А-т холбогдох, эрүүгийн 1920001940122 дугаартай, 1 хавтас, 147 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д-ын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: О овогт Д-ийн А-т холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очироос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 30-ний өдөрт шилжих шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутагт оршин суух Ө.С-ын гэрт согтуугаар хутга буюу зэвсэг хэрэглэн Ө.С-ын гэдсэн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Д-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн А-ыг 3 /гурав/ жил, 8 /найм/ сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг өнгийн иштэй, бариул хэсгийн урт 11,5 см, ажлын хэсгийн урт 15 см бүхий 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.А-т холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байна. Д.А-ын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргасан юм. Энэ гэмт хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд Өргөн сумын нутагт үйлдэгдсэн байдаг. Гэмт хэрэг гарсан уу гэвэл гэмт хэрэг гарсан байна. Хүн хохирсон уу хохирсон байна. Энэ гэмт хэргийн хохирол учруулсан хүн нь Д.А мөн байна. Өөр хүн энэ хэрэгт холбогдсон зэрэг эргэлзээ янз бүрийн зүйл байхгүй байна. Гагцхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөгч нь эхлээд хүнд гэмтэл учирч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн байсан. Үүнийг шүүхээс буцаасан. Буцаагаад ирэхдээ 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсгээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, санаатайгаар бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзсэн. Үүнийг анхан шатны шүүх дүгнэх хэсэгтээ заахдаа нэгэнт үйлдлийн шууд хамааралтай байна гэж зааж өгсөн байгаа. Үндэслэх хэсгийнхээ гол зүйл болгосон зүйл нь хутга чичиж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл гэж тодорхойлоод байгаа юм.
Энэ нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, үйлдэгч холбогдогч хүний мэдүүлэг хохирогчийн мэдүүлгээр бид нар тоглох байдлаар хутгалагдсан юм гэж хохирогч ярьдаг. Д.А нь мөн санамсаргүй, болгоомжгүй байдлаасаа буюу арай энэ хүнд хүнд гэмтэл учрахуйц болчихно гэж бодоогүй байж байгаад үйлдсэн юм гэдэг дүгнэлтээс харахад тухайн зүйлчилсэн зүйл анги нь биш байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл анги энэ хэрэгт хамааралтай байна. Энэ зүйлийн санаа зорилгыг нь тогтоогоод өгөөч ээ, хуулийн шаардлага нь санаа зорилго нь ямар байна тогтоогоод өгөөч ээ гэж байгаа юм. Тэгэхээр санаа зорилгыг нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоосон зүйл байхгүй. Хэрвээ байна гэж үзэх юм бол гэрч хохирогч нарын мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлгээр санаа зорилгын хувьд санамсаргүй байдалтай байсан юм гэдэг нь тогтоогддог. Заавал санаатайгаар гэхээр энэ зүйлчлэл нь хүнд, ял нь хүнд болоод явна. Тэгэхээр шүүгдэгчид хувийн байдал болон үйлдлийнх нь шинж байдлыг хараад үзэхээр энэ хүн яг үйлдчихэж гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоосон зүйл байхгүй байгаа учраас зүйлчлэлийг нь өөрчилж өгнө үү гэдэг гомдол гаргасан. Мөн анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ хутга барьж чичиж байгаа нь шууд санаатай үйлдэл байна гэж дүгнэсэн. Тэгэхээр хутга барьж чичиж байгаа бүр нь санаатай үйлдэл болох уу гэдэг асуудал байгаа.
Тэгээд хохирогч болон бусад хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтуурлын зэргийг тогтоосон зүйл байхгүй. Хүндэрсэн шалтгаан нь цус алдсан. Хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэндээ ч юм уу, эсхүл гайгүй болчих байх цус гарч байгаа юм байна гэдэг ийм байдлаас болоод хохирогчийн биеийн байдал муудсан. 14 хоноод эдгэсэн. Эдгэрэлтийн хувьд хөнгөн хүнд гэмтэл зэргээсээ хамууруулаад үзэхээр харьцангуй бага байдаг. Ер нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсныг тогтоодог зэрэгт зааснаараа хүндрүүгээ орж байгаа. Үүн дээр маргах зүйл байхгүй. Гэхдээ шинэ хуулийн зарчим дээр анхан шатны шүүх анхаараагүй юм болов уу гэж үзэж байна. Хуучин Эрүүгийн хуулиар хутга барьсан л бол гэдэг ийм байдлаар шийдсэн юм болов уу гэж үзэж байна. Тэгэхээр санаа зорилгынх нь байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй. Хэргээс харахад яг санаатай зүйл байдаггүй. Ийм учраас анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 24-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчилсэн зүйл ангийг нь өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан байгаа. Энэхүү тогтоол дээрээс харахад хохирогч Ө.С Д.А нарын хооронд энэ нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон. Шийтгэх тогтоол нь дүгнэлт хэсэгтээ Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг маш нарийн хуульчилж тогтоосон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэж байгаа. Энэ санаа гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байгаа. Тогтоолд дурдсан тогтоолын үндэслэх хэсэг болсон нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг харахад Д.А нь хүнд хор хохирлыг өөрөө хүсээд энэ хүнийг гэмтээх, энэ хүний үйлдлийн эсэргүүцлийг дарах ч гэдэг юм уу муудаж сайндсан асуудал огт тогтоогдоогүй. Тэгэхээр анхан шатны шүүх гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй байна. Энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хэргийг санаатай зориуд хүсч үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Тогтоолд дурдсан, тогтоолын үндэслэх хэсэг болсон нотлох баримтуудаар болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулаад байна гэж үзэж Д.А-т оногдуулсан зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ хоёр багаасаа нэг дор өсөж, торнисон, бие биедээ гэмтэл санаатайгаар учруулаад ингээд эрүүл мэндээр нь хохирооё гэсэн ямар нэгэн зорилго байхгүй нь харагддаг. Мөн юу болсон талаар нь гэрч Б, хохирогч Ө.С нар бүгдээрээ мэдүүлсэн байдаг. Энэ хоёр хоорондоо ямар нэгэн муудалцах, сайндах, Д.А нь Ө.С-ыг санаатай гэмтээх зорилго агуулаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан санаатай гэм буруугийн хэлбэрийг Д.А-ын үйлдэл нь огт хангахгүй байна гэж үзэж байна. Иймээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг нь өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би санамсаргүй, болгоомжгүйгээс болж энэ хэргийг үйлдсэн. Бид хоёр муудаж, сайндаагүй. Хувийн байдлын хувьд би урд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн эхнэр жирэмсэн, ээж минь бие муутай, ядарсан хүн байдаг...” гэв.
Хохирогч Ө.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 2 багын найзууд. Бид 2 санамсар болгоомжгүйгээсээ болж нэг нь хутгалуулж, нэг нь хэрэгт орчихоод байж байна. Үүнийг зөв үнэнээр нь шийдэж өгнө үү. Би гомдолгүй. Миний бие бүрэн эдгэрсэн. Манай найзын ар гэр хэцүү. Ээж нь настай хүн байдаг...” гэв.
Хяналтын прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Өмгөөлөгч нар заавал 2 хүн хэрэлдэж, муудалцаж байж санаатай гэмт хэрэг болдог юм шиг зүйл яриад байх юм. Д.А гэдэг хүний үйлдэл нь өөрөө санаатай үйлдэл юм. Тэр ууцан дээр хутга байсан уу байсан. Тэр ууцны хутгыг Д.А барьсан уу барьсан. Бариад юу гэж хэлж байна вэ гэхээр би чамайг дүрчих үү гээд байдаг. Үүнийг чинь юу гэж үзэх юм бэ. Болгоомжгүй үйлдэл гэдэг нь жишээ нь Д.А-ын барьж байсан хутга нь санамсаргүй уначих юм уу тэр үйлдлийг болгоомжгүй гэж үзнэ. Д.А-ын үйлдлийг хавтаст хэргээс харах юм бол энэ бол санаатай үйлдэл. Би чамайг дүрчих үү гээд хутгалж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл юм. Магадгүй Д.А-ын хутган дээр хохирогч тээглээд уначихсан юм уу энэ үйлдлийг үнэхээр болгоомжгүй үйлдэл гэж үзнэ. Хуулийн гаргалгаа яривал ингэж үзнэ. Анхан шатны шүүхээс Д.А-ыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн байгаа. Тэгэхээр прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны 2019/ШЦТ/124 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д-аас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.А хохирогч Ө.С нар нь 2019 оны 07-р сарын 29-30-нд шилжих шөнө, архи ууж согтуурсан ба шүүгдэгч Д.А нь хутга барьж байхдаа тоглоомоор “ингээд хутгалчихвал яах бол” гэхэд Ө.Сэргэлэнбаатар нь “тэг тэг” гэж хэлсний дагуу гэдсэн тус газар нь хутгалсны улмаас хохирогчийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ө.С /хх-ийн 16/, гэрч Б.Б /хх-ийн 6-7/, М.М /хх-ийн 8-9/, Г.О /хх-ийн 10-11/ нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 02/0387 тоот дүгнэлт /хх-ийн 24/, эд мөрийн баримт зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлснээр давхар батлагдан тогтоогдсон.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.
Хэрэг шалган шийдвэрлэсэн байдлыг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба шүүгдэгч нарын зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсон нь шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болсон.
Шүүгдэгч Д.А нь энгийн ухамсартай хүний түвшинд хутгаар хүн хутгалбал гэмтэж бэртэнэ, цаашлаад амь насанд нь аюул учирна гэдгийг мэднэ, гэвч тоглоомоор зориуд хүсч хохирогчийг хутгалсан үйлдлийн улмаас хохирогч Ө.С-ын биед хэвлий хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархай тасарсан, дотуур цус алдалт бүхий гэмтэл учирсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтлийн шинжид хамаарах болох нь Гэмтлийн зэрэг тогтоох журам, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол”, “ энэ гэмт хэргийг ... зэвсэг хэрэглэсэн” гэсэн шинжүүдэд тус тус нийцсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй зөв болсон.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А архи ууж согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулж болох хэрэгсэл буюу хутгаар хохирогчийг хутгалсны улмаас түүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байх ба харин “хохирогчийг хутгалбал түүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах боломжтойг шүүгдэгч ухамсарлах чадваргүй, мэдэх боломжгүй байжээ” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч, хохирогч нарын аль алины зүгээс бидний хооронд маргаан байгаагүй, тоглож байгаад ийм байдалд хүрсэн гэх боловч гэм буруугийн хэлбэр, түүний улмаас үүсэх хохирол, хор уршиг нь заавал гэмт хэргийн сэдэлт шалтгаан нөхцлөөс хамаарах тухайлбал заавал хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байх шаардлагагүй ба тоглож байгаад хүнийг хутгалж эрүүл мэндэд амь насанд нь аюултай хүнд хохирол, хор уршиг зориуд хүргэснээрээ шүүгдэгч Д.А гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл, үндэслэл болох өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан шинжид шүүгдэгч Д.А-ын үйлдэл нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жилийн хорих ялтай боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж түүнд 3 жил 8 сарын хорих ялыг оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, “Шударга ёсны зарчим”-д нийцсэн ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, ялыг хөнгөрүүлсэн байна гэж үзлээ.
Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нарын болон шүүгдэгчээс болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж ял оногдуулахыг хүссэн давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.А-ын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС