Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 134

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг

Улсын яллагч: С.Мөнхтулга

Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А холбогдох 1728000000059 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Ногоочдын 01-28 тоотод иргэн М.Тийн бие эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Аг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө танил болох М.Ттэй нэг шил архи хувааж уугаад жоохон асуудлаас болж маргалдаж 2 цохьсон үйлдэлдээ гэмшиж байна.

Хохирогч М.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчимд Ажнай талбай дээр танил Адьяатай тааралдсан. Тэр өдөр тэнд шоу болж байсан. Бид хоёр уулзаж ярилцаж байгаад Адьяа надад нэг шил архи байгаа очиж уух уу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт гэрлүү нь очсон. Гэрт нь хүн байгаагүй. Адъяа 1 шил 0,75 граммын Ерөөл нэртэй архи гаргасан. Түүнийг нь бид хоёр хувааж уусан. Архиа хувааж ууж дуусгахад би нэлээн согтсон учраас Адьяатай маргалдсан. Гэтэл гэнэт Адьяа нүүрлүү 1-2 удаа цохиод авсан. Тэгээд миний хамарнаас цус гарсан. Тэгээд усаар хамраа угаачихаад бие заслаа гэж хэлж гараад шууд Цагдаагийн газарт ирсэн. Цагдаагийн газар ирэхэд 03 цаг болж байсан. Ингээд гомдол гаргасан. Яг юунаас болж маргалдсанаа согтуу байсан учраас санахгүй байна. Нүүрлүү цохих үед л сэргэсэн. Хоёр нүд хавдаж хөхөрсөн. Миний таньдаг найзын найз нь энэ Адьяа байгаа юм. Тэр утгаараа ганц нэг удаа тааралдаж танилцаж байсан. Надад гомдол санал байхгүй. Танилууд учраас ганц цохиулчихаад гомдоод байх зүйл байхгүй байна. Гомдолгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/,

         Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны орой 22 цагийн үед Ажнай талбай дээр танил М.Ттэй тааралдсан. Тэгээд бид хоёр уулзаж шоу үзэж байгаад шоу дуусахын үед М.Төөс манайд очиж 1 юм уух уу гэж би асуусан. Тэгсэн чинь М.Т тэгье гэж зөвшөөрөөд манай гэрт очсон. Манайх Даланзадгад сумын 5-р баг Ногоочдын 1-28 тоотод байдаг. Би гэртээ ганцаараа амьдардаг. Тэгээд би гэртээ байсан 0,75 граммын Ерөөл нэртэй архи гаргаад М.Ттэй ойр зуурын юм ярьж сууж байгаад уусан. Архиа хувааж ууж дуусгасан. Тэр үед бид хоёр багынхаа тухай ярьж байсан. Би чөлөөт бөх барилддаг байсан талаар ярьсан. Тэгээд хамт барилддаг найзаа М.Төд ярьсан чинь тэр найзын маань бацаан байсан гэх мэтээр хэлсэн. Тэрнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би уурлаад нүүрлүү нь хоёр удаа цохьсон. Тэгэхэд М.Тийн хамарнаас цус гарсан. Тэгээд М.Т хамрынхаа цусыг угаачихаад бие засна гэж хэлээд гараад эргэж ирээгүй. М.Т бие засна гэж гарчихаад цагдаад зодуулсан гэж мэдэгдсэн байсан. Өөр зүйл болоогүй. М.Тийг цохьсон нь миний буруу, би буруугаа ойлгож байна. Уг нь тэр найз нь тухайн үедээ аймгийн аварга хэд хэдэн удаа болж байсан хүн байдаг юм. Гэтэл тэгж бага жижиг гэх мэтээр яриад байхаар нь уур хүрээд хоёр удаа нүүрлүү нь цохиод авчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.09-ний өдрийн №474 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: М.Тийн биед тархины доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, дух, хамар, дээд болон доод уруул, баруун хацрын зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 12-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч  Г.Агийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна. 

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “М.Тийг цохьсон нь миний буруу, би буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.  

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Т-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны № 474 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нь “Надад гомдол санал байхгүй. Танилууд учраас ганц цохиулчихаад гомдоод байх зүйл байхгүй байна. Гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул Г.Аг бусдад төлөх хохиролгүй, хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Г.А хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.А-д  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА