Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2017/00191

 

 

                                             Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдлийн 2-р бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1982 оны 7 сард  Дорнод аймгийн суманд айлын эхнэр болж ирсэн. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас ажилласан жилээ тогтоолгох боломжгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн архиваас гаргуулсан лавлагаа, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч С.******* нь 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Өвөрхангай аймгийн архивын тасгаас ирүүлсэн С.*******ын 1980 оны 1 сараас 1981 оны 6 сар хүртэлх хугацааны цалингийн түүвэр, гэрч , нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Чойбалсанч” нэгдэлд  1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

2. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 3426 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.*******ыг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.    

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ