| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0133/э/ |
| Дугаар | 135 |
| Огноо | 2017-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 135
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Одгариг
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ
Хохирогч: Ч.Э
Өмгөөлөгч: Э.Наранцацрал
Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн Н.Бд холбогдох 1728000000053 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох 22 настай эхнэр Ч.Э-ийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюутын 1-47 тоотод байрлах гэртээ, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Даланзадгад сумын Баруун сайхны 3 дугаар гудамжинд тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б-г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний буруу, дахин ийм алдаа гаргахгүй.
Хохирогч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хөдөөнөөс ирээд айлын хашаанд гэрээ хураасан. Тэгээд би Н.Бг яагаад архи уусан юм бэ? гэхэд миний толгой эрүүрүү цохиж зодсон. Надад гомдол санал байхгүй.
Хохирогч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Н.Б нь манай нөхөр. Бид хоёр гэр бүл болоод 3 жил болж байна. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёрын дундаас охин төрсөн. Манай охин одоо 1 ой 8 сартай. 2017.09.18-ны өдрийн 20 цагийн үед Баруун сайхны гудамжинд манай нөхөр Н.Б намайг үсдээд гараараа миний толгой руу цохиж, баруун талын хувирга руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би цүнхтэй хувцасаа аваад гудамжнаас нь гараад зугтаасан. Би эгч Энхжингийнд очоод цагдаад дуудлага өгсөн. Тэр өдөр манай нөхөр бид хоёр Оюутад гэр буулгаж байгаад мөнгөнөөс болоод маргалдсан. Н.Б архи уусан согтуу байсан ба би тэрнээс мөнгө нэхэхэд тэр уурласан. Н.Б хүний машин хүргэж өгөх гэж байсан. Би намайг бас хүргээд өг гэж хэлэх гээд машины хаалга нээхэд цохигдсон. Тэгсэн Н.Б намайг хүний машины хаалга зурчихлаа гээд уурласан. Би шөнө тэр машиныг очиж харахад машин нь зурагдаагүй байсан. Тэгээд тэндээс гарч явж байгаад гудамжинд намайг зодсон. Гараараа миний толгой руу цохиод хавирга руу өшиглөсөн. Тухайн үед хажууд манай охин байсан. Өөр хүн байгаагүй. Н.Б өмнө нь 2017 оны 02 дугаар сард нэг удаа согтуу ирээд миний хүзүү рүү гараараа цохьсон. Тухайн үед би ухаан алдаад дараа нь цагдаад дуудлага өгч байсан. Өөрөөр тэр намайг цохиж зодож байгаагүй. Н.Б архи уухаараа хачин зантай болчихдог. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.
...2015 он билүү 2016 оны зун болсон асуудал тэр үед Н.Б найз нартайгаа нийлээд архидаад байсан. Би явж байгаад гаднаас ороод ирсэн. Тэгсэн баахан согтуу найз нартайгаа байхаар нь уур хүрээд архичид гэрээр цуглуулаад байхдаа яадаг юм бэ гээд ганжингаар гар дээр нь цохьсон. Тэгсэн тэр миний гарнаас ганжинг булааж аваад намайг цохиж байсан. 2017.02.01-ний өдөр тэр намайг гараараа цохиод ухаан алдуулсан. Бид хоёрын дэргэд хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 14-р хуудас/,
Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017.09.18-ны өдөр намайг гэртээ байхад орой 22 цагийн үед манай Ч.Э утсаар залгаад нөхөртөө зодуулсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт очоод Н.Бгаас хүүхдийг нь авах гэтэл надад өгөөгүй. Тэгж байхад цагдаа нар ирээд Н.Бг аваад явсан. Ч.Этэй уулзахад хавирга хөндүүрлээд өвдөөд байна гэсэн. Өөр зүйл яриагүй. Би Ч.Эт яахаараа хоорондоо хэрэлдэж маргалдаж байдаг юм бэ Н.Бг архи уухаар нь манайд хүрээд ирж байхгүй юу гэж хэлсэн. Ч.Э эрүүл. Н.Б согтуу байсан. Н.Б Ч.Э хоёр нэг гэрт ороод 3 жил болж байна. Уг нь энэ хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаггүй. Хааяа Н.Б архи уухаараа л муухай зантай болдог бусдаар хачин сайхан байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 18-ны орой харанхуй болсон байхад манай төрсөн дүү Ч.Э хүүхдийнхээ цүнхтэй хувцсыг аваад уйлаад ороод ирэхээр нь яасан гэхэд Н.Б явган хүний гудамжинд намайг зодсон хүүхэд аваад үлдсэн толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд би өвчин намдаах эм өгсөн. Тэгээд болсон асуудлын талаар цагдаад хэлсэн. Ч.Э манайд ирэхэд баруун билүү зүүн талын шанаа нь хавдсан байсан. Түүний өмсөж явсан хувцас нь шороо тоос болсон байсан. Мөн хавирга хөндүүрлээд гэж хэлж байсан. Н.Б намайг дээрээс дэвссэн толгой руу гараараа цохьсон ам дарсан гэж хэлсэн. Ч.Э архи уугаагүй эрүүл байсан. Н.Б Ч.Э хоёр нэг гэрт ороод 3 жил болж байна. Ч.Эийнх манай хашаанд байдаг байсан, тэр хоёр хоорондоо сонин харилцаатай байдаг юм шиг надад санагдсан. 2017 оны 02 дугаар сард нэг удаа Н.Б эхнэр Ч.Эийг цохиж ухаан алдуулсан байсан. Гэхдээ би тухайн үед нь байгаагүй. Ч.Э надад энэ талаар хэлж байсан. Н.Б архи уухаараа л муухай ааштай болчихдог” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн үед би эхнэр Ариунтунгалагийн хамт Н.Бгийн гэрч очиход Машбат, Өлзийбаяр, Болор-Эрдэнэ, Ганхөлөг, Отгонжаргал нар байсан. Тэд нар нэг шил архи уугаад сууж байсан. Тэр үед Н.Бгийн эхнэр Ч.Э байгаагүй тэгсэн удаагүй Ч.Э орж ирээд ганжин бариад Н.Бгийн гар мөр рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн Н.Б ганжинг нь булааж аваад гуя руу нь цохиод хацар руу нь алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Ш.Ммөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн үед Н.Б, Хүлэг эхнэрийн хамт Янжин, Өлзийбаяр эхнэрийн хамт, Б.Мбид нар нэг шил архи Н.Бгийнд задлаад сууж байсан. Тэгсэн Ч.Э гаднаас орж ирээд Н.Бтай хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад явсан. Дараа сонсоход Н.Б Ч.Эийгээ цохьсон гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Оюутын 1-47 тоотоос гэрээ нүүлгээд Баруун сайхны 9-4 тоотод буулгаад дараа нь эгчийнхээ гэрийг Дунд сайхнаас Оюутын 10-24 тоот руу нүүлгэсэн. Тэгэх замдаа архи уусан байсан. Гэрээ буулгачихаад гэр зөөсөн машиныг эзэнд нь хүргэж өгөх гээд хөдлөх гэхэд манай эхнэр Ч.Э хүрч ирээд зөв талын хаалгыг нээхдээ хашаанд савуулчихсан. Тэгсэн манай дүү Буяндэлгэр хүрч ирээд манай эхнэрийг бариад авсан. Тэгээд би явсан машиныг хүнд нь хүргэж өгчихөөд гарахад араас Ч.Э хүүхдээ тэврээд хүрээд ирсэн. Тэгснээ хүүхдээ ав гээд надад хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь би зугтаагаад нарийн гудамж руу орсон чинь араас хүрч ирээд хүүхдээ ав гээд хэл амаар доромжлоод байхаар нь би уур хүрээд түүний баруун мөр, шанаа руу нь алгадсан. Тэгээд хүүхдээ тэврээд эгчийндээ очсон очих замдаа дэлгүүрээс архи аваад эгчийндээ очоод уусан удаагүй цагдаа нар ирээд намайг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.29-ний №428 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ч.Э-ийн биед тархины доргилт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 31-32-р хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас
Шүүгдэгч Н.Бгийн дансны тодорхойлолтууд /хх-ийн 36-43-р хуудас/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 48-52-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бгийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Учир нь:
Хавтаст хэрэгт авагдсан Аюулын зэргийн үнэлгээний маягтад Н.Б-г “согтохоороо хутга барьж ална гэдэг, хүүхдээ ална чамайг ална гэж амьсгал боож ам дардаг” зэрэг байдлаар хүчирхийлэл үйлддэг талаар бичсэн байх боловч хохирогч Ч.Э нь бичиг үсэг мэдэхгүй дээрх бичигдсэн зүйлийн талаар мэдэхгүй байгаа талаараа мэдүүлсэн төдийгүй, эгч Ч.Эгэрт хүрээд ир гээд дуудсан, тэгээд тэр цаасан дээр бичиж өгсөн гэж мэдүүлж байгаагаас үзэхэд Аюулын зэргийн үнэлгээ тогтоох ажиллагааг эрх бүхий албан тушаалтан хууль болон журамд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй хууль зөрчиж авсан нотлох баримт гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Түүнчлэн аюулын зэргийн үнэлгээнд дурдагдсан хүчирхийллийг шүүгдэгч Н.Б нь хэзээ, хаана, хэрхэн, ямар байдлаар үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй орхигдуулсны улмаас шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт баримт бичиг, бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй байхаар заажээ. Иймд хэрэгт авагдсан хохирогч Б.Ч.Эийн эмчилгээний карт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б, хохирогч Ч.Э нар нь хамтран амьдраад 3 жил болж байгаа, тэдний дундаас төрсөн охин 1 нас 3 сартай гэх бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч Н.Б хохирогч хохирогч Б.Ч.Эийн эрүүл мэндэд 2 удаа буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюутын 1-47 тоотод байрлах гэртээ, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Даланзадгад сумын Баруун сайхны 3 дугаар гудамжинд мөн түүний эрүүл мэндэд халдаж байсан талаархи баримт мэдээлэл хэрэгт авагдсан байх бөгөөд 2017 оны 9-р сарын 18-ны өдрийн үйлдэлтэй нь холбогдуулан хохирогч Ч.Эийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны № 428 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Бгийн үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг “байнга” зодох шинж байгаа эсэхийг хангалттай сайн тогтоогоогүй байх тул тогтоогдсон нотлох баримтын хэмжээнд буюу Шүүхийн шинжилгээний албаны № 428 тоот дүгнэлтийг үндэслэн түүнд холбогдох хэргийг зүйлчилэх нь зүйтэй гэж үзсэн боно.
Хохирогч нь “Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн байх тул Н.Бг бусдад төлөх хохиролгүй, хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Миний буруу, дахин ийм алдаа гаргахгүй” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА