Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2017/00055/И |
Дугаар | 138/ШШ2017/00198 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2017/00198
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би *******ийн ******* /РД:*******/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6754928 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга ******* /РД:*******/-ын нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын Засаг дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* сумын Сум хөгжүүлэх сан-аас тус сумын 5 дугаар багийн иргэн Ө.******* нь 2013.04.05-ны өдөр гэрээ байгуулан 6000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 04 сарын 05-ны өдөр дууссан боловч Ө.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг 5 удаа албан бичгээр шаардсан боловч зээлээ төлөөгүй байна. Иргэн Ө.******* нь зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас учирч буй хор уршиг нь дараагийн иргэн ажлын байраар хангагдахгүй, Сум хөгжүүлэх сан-гийн зээлийн эргэн төлөлт удааширч байна.
Иймд Ө.*******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 5629107 төгрөг, алданги 1125821 төгрөг, нийт 6754928 төгрөгийг гаргуулж ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай ******* ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Сум хөгжүүлэх сан-гаас 6000000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэхүү зээлийн үлдэгдэл болох 5629107 төгрөг, алданги 1125821 төгрөг, нийт 6754928 төгрөгийг 2017 оны 08 сарын 20-нд 3000000, 2017 оны 12 сарын 20-нд 3754928 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын засаг дарга ******* нь хариуцагч Ө.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6754928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг хариуцагч Ө.******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ө.******* нь зээлийн гэрээний үүрэгт 6754928 /зургаан сая долоон зуун тавин дөрвөн мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын Тамгын газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 61515 /6754928 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 123029 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН