Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 146/ШШ2024/00140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: """" аймгийн """ сумын 1 дүгээр багт оршин суух, """ овогт А"н А /РД:""""/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: """ аймгийн """" сумын 5 дугаар баг """" 2-220 тоотод оршин суух, Б овогт М-н О /РД:"""/,

Хариуцагч: """ аймгийн """" сумын 5 дугаар баг """" 2-220 тоотод оршин суух, Д овогт Х-н Ям /РД:""""/ нарт холбогдох 36,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А би М.О, Х.Я нарт 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч М.О, Х.Я нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээлийн 20,000,000 төгрөг, түүний хүү болох 16,800,000 төгрөгийн хамт нийт 36,800,000 төгрөгийг хариуцагч М.О, Х.Я нараас гаргуулан өгнө үү.

Би М.О, Х.Я нарт 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг зээлүүлсэн. Мөнгө зээлүүлэхдээ 6 сарын хугацаатай сарын 3%-ийн хүүтэй зээлсэн. Тэгээд одоо болтол зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа. Зээлсэн мөнгөнийхөө хүүнд дэлгүүрээсээ хүнс барааны юм өгсөн. Гэхдээ сүүлийн 6 сар өгөөгүй. Өмнөх саруудад нь бол өгөөд л байсан. Тиймээс шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж мөнгийг маань гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Ийм юм бол байхгүй. Би 20,000,000 төгрөгөө 6 сарынхаа хүүтэй хамт авмаар байна. Тэр үедээ би 3 хувийн буюу хамгийн бага хүүтэй өгсөн. Би 5 хувиар хүртэл хүмүүст мөнгө өгөөд л байсан. Би энэ 2-т итгээд өгсөн. Одоо ийм байдалд ороод өөрөө хохирчхоод байгаа. Би удаа дараа энэ мөнгөө олж өгөөч ээ гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч ерөөсөө олж өгөхгүй байгаа. Өөрсдөө дэлгүүр хоршоо машин гээд юмтай байж миний мөнгийг өгөхгүй байгаа. Тэгээд ямар учраас ингээд байдаг юм ойлгохгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гандөш би М.О, Х.Я нарыг итгэмжлэлээр төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлага 36,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нар А.Ааас мөнгө зээлснээс хойш А.Ааас түүний гэр бүлийн хүн, хүүхэд нь М.О, Х.Я нарын ажиллуулдаг дэлгүүрээс 14-15 сая орчим төгрөгийн барааг зээл, зээлийн хүүнд тооцож авсан байдаг. Энэ тооцооны асуудлын талаар нэхэмжлэлд тусгаагүй, тооцоогоо тусгаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Г.Гандөш би А.Аын нэхэмжлэлтэй хариуцагч М.О, Х.Я нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарыг итгэмжлэлээр төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Манай зүгээс урьд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбарыг өгч байсан. Үүнтэй холбогдуулан А.А түүний эхнэр хүүхдүүд нь М.О, Х.Я нарын Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ажиллуулдаг наайн нэрийн дэлгүүрээс зээлсэн мөнгөнийхөө хүүнд болон үндсэн зээлэнд тооцож авч байгаа нэрээр нийт 14,854,000 төгрөгийн хүнс барааг 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд авсан байдаг. Энэ 14,854,000 төгрөгийн хүнс барааг А.А нь авсан тухай асуудалдаа ямар нэгэн тайлбар өгвөл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэхүү тайлбарт дэлгүүрийн тооцооны А.Ат холбогдох хүнс бараа өгсөн 2 дэвтрийг хавсаргаж байгаа ба 26 ширхэг үдээгүй хуудаст тэмдэглэсэн байгаа, цаашид А.Ат танилцуулж тооцоо нийлэх хүсэлтэй байна.

Миний хувьд """ аймгийн """" сумын 3 дугаар багийн иргэн Х.Я, М.О нараас итгэмжлэл хийлгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод явж байгаа. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, гар тайлбаруудыг өгсөн байгаа. 2021 оны 12 сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг авсан асуудлыг бол хүлээн зөвшөөрч байгаа. М.О, Х.Я 2 бол гэр бүлийн хүмүүс байгаа. Энэ 2 нь авснаа бол бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ тухайн үед бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гээд ингээд заачихсан байдаг. Ийм учраас 20,000,000 төгрөг болон хүү 36,800,000 төгрөгийг нэхэмжилж байгаа асуудлыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр 2021 оны 12 сарын 08-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд зээлийн гэрээг бичгээр хийсэн зүйл огт байхгүй. Харин сүүлд нь 2021 оны 01 сараас 2024 оны 01 сарын хооронд А.А болон түүний гэр бүлийн зүгээс Мишиг, М.О нарын ажиллуулдаг 8 нарын нэрийн дэлгүүрээс 14,854,000 төгрөгийн бараа, хүнс авсан байдаг. Энэ асуудлаа бол хүлээн зөвшөөрөөд энэ бараа хүнсийг авсан нь үнэн, очиж авсан гэдэг байдлаар нэхэмжлэгч А.А бичгээр тайлбар гаргаж өгөөд зөвшөөрсөн байгаа. Ийм учраас миний хувьд нэгэнт итгэмжлэл хийлгээд орж ирж байгаа мөн тухайн үедээ зээлийн гэрээ бичгээр хийгээгүй асуудал яригдаж байгаа учраас үндсэн мөнгөнөөсөө үүнийг хасаж тооцоод үлдэгдэл дүнг зөвшөөрч байна гэсэн ийм тайлбарыг өгч байна. 20,000,000 төгрөгөөс 14,854,000 мянган төгрөгийг өөрөө бараа авсан гэх асуудлаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа учраас 5,146,000 төгрөгийг төлөхөө хүлээн хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл хэсгийг буюу 31,654,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. Нэмэлт тайлбар товчхон хэлье. А.Аын хувьд Х.Я, М.О нартай өмнө нь хэд хэдэн удаа уулзсан гэж Х.Я, М.О нар тайлбарладаг. Бид нар бол бараг хамаатан садан шахуу хүмүүс байгаа юм. Бие биедээ итгэлцлээр мөнгө зээлээд өгч авалцаад ингээд явж байсан. Тэгээд энэ ажиллуулдаг дэлгүүрээсээ 2021 оны 01 сараас эхлээд тусад нь дэвтэр нээгээд А.А болон түүний гэр бүлийн хэрэглэж байгаа хүнс барааг хөтлөөд явж байсан энэ асуудлаа өөрөө мэдэж байгаа гэсэн тайлбарыг хэлдэг. Тэгээд энэ асуудал дээрээ эвлэрээд шийдүүлэх боломж байгаа юм уу, та хэд хоорондоо ойролцоо байдаг хүмүүс гээд утсаар ярьсан. Гэтэл тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй юм байна. Өнөөдөр орж ирэхээр нь асуусан. Эвлэрэх талаар ерөөсөө уулзсан юм байхгүй ээ, би мөнгөө бүтнээр нь авмаар байна гэсэн зүйлийг нэхэмжлэгч ярьдаг. Тэгэхээр одоо 36,800,000 төгрөгийн асуудлыг бол нөгөө 2 хүн маань огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Авсан бараагаа тооцоод ч юм уу хоорондоо уулзаад ярилцвал эвлэрэх боломжтой юм болов уу, ойр дотно хүмүүс юм байна гэж бодсон. Тэгээд М.О, Х.Я 2-ын хувьд би өөрөө нэхэмжлэгчээр оролцож байгаа өөр хэргүүд дээр шийдүүлчихсэн юмнууд байгаа. Дандаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр хүмүүсээс авлагатай явж байгаа. Тэгээд энэ өр төлбөрөө аваад дууссаны дараа энэ хүний мөнгийг төлөх боломжтой. Одоо бага багаар төлье гэхээр хоорондоо эв зүйгээ олохгүй байна гэж байна лээ. Тийм учраас нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх хурал товлоод шийдүүлж байгаа учраас хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүү авах эрхгүй юм байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгээд 14,854,000 төгрөгт бараа авсан асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Хэд нугалж надад өгсөн гэсэн зүйлийг ярьж байна. Гэхдээ тухайн сум орон нутагт ямар үнээр, ямар хүнс бараа зарагддаг болохыг мэдэхгүй. Тэрийг одоо хэд нугалсан байна уу, нугалаагүй байна уу гэдэг нь өнөөдөр тийм чухал ач холбогдолтой биш гэж үзэж байна. Иймд 20,000,000 төгрөг зээлснээс 14,854,000 төгрөгийн барааг буцаан зээлийнхээ үндсэн төлбөрт авсан гэж үзээд 5,146,000 төгрөгийг бол манай талаас хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс үлдэх 31,654,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байгаа гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас болно.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч А.А хариуцагч М.О, Х.Я нарт холбогдуулан 36,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... А.А нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй М.О, Х.Я нарт зээлдүүлсэн байдаг. Гэрээний хугацаа дуусч зээлдэгч М.О, Х.Я нар  зээлийн төлбөрөө төлөөгүй, үндсэн зээл 20,000,000 төгрөг, түүний хүү 16,800,000 төгрөг, нийт 36,800,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Мөн нэхэмжлэгч А.А 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт... Дэлгүүрээс нь 14,854,000 төгрөгийн бараа авсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас дээрх үнийг хасаж 22,800,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэдэг.

  1. Хариуцагч М.О, Х.Я нар нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг зээлсэн. Гэхдээ нэхэмжлэгч нь хүү болон үндсэн нэхэмжлэлд тооцож авч байгаа нэрээр 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртлэх хугацаанд 14,854,000 төгрөгийн хүнс барааг авсан байдаг. Үүнийг зээлсэн мөнгөнөөс хасаж тооцож өгнө үү бид мөнгө авахдаа гэрээ бичгээр байгуулаагүй хүү төлөх боломжгүй гэдэг.
  2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хариуцагч М.О, Х.Я нар нь дээрх зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
  1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.
  1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэж заасан.

Уг хуулийн зохицуулалт нь байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хамаарах ба хэрэгт нэхэмжлэгч А.А байнга, ашиг олох зорилгоор бусдад зээл олгодог гэх үйл баримтыг агуулсан баримт авагдаагүй.

  1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн хуулийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А.А зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө буюу үндсэн зээл 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэхдээ хуульд заасан хүү тооцох зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй байна.
  1. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.О, Х.Я нараас зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч хариуцагч нарын дэлгүүрээс авсан барааны үнэ гэж зөвшөөрдөг 14,854,000 төрөгийг хасч, үлдэх 5,146,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ат олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,654,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 5,146,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 97,286 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М-н О /РД:"""/, Х"н Я /РД:"""/ нараас зээлийн төлбөр 5,146,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-н А /РД:""""/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,654,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О, Х.Я нараас 97,286 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ат олгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА