Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00135

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00135

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******************* тоотод оршин суух, * Б.Б-(******************)-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2023/01131 дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, нэхэмжлэгч Б.Б- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б- нь 1964 оны 9  дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн. 1972 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1979 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум руу шилжин очиж тус сумын 8 жилийн дунд сургуулийг 1980 онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд ажилд орж Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1984 оны 6 дугаар хүртэл хугацаанд ажиллаж байсан. 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс ирээд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 10 дугаар сараас 1989 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд галчаар ажиллаж байсан. Тэгээд 1992 онд гэр бүл зохиож тусдаа гарсан. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан үеийн зарим тушаал болон холбогдох материалууд олдохгүй байсан учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл галчаар тус  тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Манай аав, ээж хоёр 1967 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум руу шилжин очсон. Тэгээд ээж маань 1974 онд нас барсны дараа аавтайгаа хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдарч байгаад би 1979 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум руу шилжсэн. Намайн цэргийн албанд татагдахад манай ах Б.Баяндалай нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Төллөх хонин суурь малладаг байсан. Авга ах Р.Т, туслах малчин Н.Б, Р.Х, авга ах Р.Т том охин Т.Д, аавын ээж Ц.Д, Д.Р, Р.Д нар хамт мал маллаж байсан....гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, хавсралт, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай Түлш бэлтгэлийн ажилд идвэх зүтгэлтэй оролцсон багш, ажилчид, сурагчид, жолооч нарыг шагнаж урамшуулахад мөнгө зарцуулах тухай тушаалын хуулбар, хавсралт, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 78 дугаартай 1988-89 оны хичээлийн жилд тус 10 жилийн сургуульд ажиллагсдын ажил албан тушаалыг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, хавсралт, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаартай Ажилчин ажлаас халах тухай тушаалын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1246 дугаартай Архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №761 бүртгэлийн дугаартай лавлагаа, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/223 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн 1982, 1983 онуудын цалин тооцооны хүснэгт, мөн онуудын 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1233 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч хошууч Ж.Н-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.М-гийн мэдүүлэг авсан, мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1300 дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр №23670101008491 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын хуулбар, №7 хаягийн хуудасны маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/807 дугаартай албан бичгээр ирүүлсэн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 78 дугаартай 1988-89 оны хичээлийн жилд тус 10 жилийн сургуульд ажиллагсдын ажил албан тушаалыг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, хавсралт, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаартай Ажилчин ажлаас халах тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11/856 дугаартай албан бичиг, Батлан хамгаалахын төв архивын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 688 дугаартай албан бичгээр ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10709 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/246 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн 1981-1984 онуудын цалин тооцооны хүснэгт, мөн онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/164 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/442 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/264 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн 1987 оны цалин тооцооны хүснэгт, мөн онуудын 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай “Түлш бэлтгэлийн ажилд идвэх зүтгэлтэй оролцсон багш, ажилчид, сурагчид, жолооч нарыг шагнаж урамшуулахад мөнгө зарцуулах тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/807 дугаартай албан бичгээр ирүүлсэн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 78 дугаартай “1988-89 оны хичээлийн жилд тус 10 жилийн сургуульд ажиллагсдын ажил албан тушаалыг шинэчлэн батлах тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 97 дугаартай “Ажилчин ажлаас халах тухай” тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн 1981 оны 11 сараас 1984 онуудын цалин тооцооны хүснэгт, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгчийн 1988, 1989 онуудын цалин тооцооны хүснэгт, мөн онуудын цалингийн тооцооны хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1300 дугаартай албан бичгээр ирүүлсэн №7 хаягийн хуудасны маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбарууд, Б.Б-гийн “Ажилладаг гэх хэсэгт Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургууль, ажилд орсон он гэх хэсэгт 1983, эрхэлдэг ажил гэх хэсэгт Галч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум, район гэх хэсэгт Рэнчинлхүмбэ, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.20” гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын хуулбар,  Батлан хамгаалахын төв архивын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 688 дугаартай албан бичгээр ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10709 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, “овог нэр гэх хэсэгт Б.Б-, төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1964-09-30, нас 20, яс үндэс гэх хэсэгт дархад, Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6-р бригад, Намын гишүүн гэх хэсэгт Гишүүн бус, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт 1981 оноос Алтан тал нэгдлийн 1-р бригадад хоньчин, Ямар мэргэжилтэй, үнэмлэхийн дугаар гэх хэсэгт 1980 онд сумын дунд сургуулийн 8-р анги төгссөн, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт Үгүй, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 4, эцэг Б 46 настай, сумын ХБ ангид ня-бо, ах Б 21 настай, 6-р бригадад ачигч, дүү М 13 настай сургуульд сурдаг... гэх бичилттэй Хөвсгөл аймгаас 1984 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар, 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. (хх-ийн 4-7, 34-37, 40-42, 64-74, 99-101, 102-113 дугаар тал)

Харин нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Б-гийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Б.Б- нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №761 бүртгэлийн дугаартай лавлагаа, БХЯ-ны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 240 /072/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10709 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг тус тус хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 22, 61 дүгээр тал)

Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/223 дугаартай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/246 дугаартай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/264 дугаартай албан бичгүүдэд зурагдсан гарын үсэг хоорондоо зөрүүтэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/223 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Б-д хамаарах гэх 1982, 1983 онуудын цалин хөлс олголт, 70 дугаар данснаас түүвэрлэсэн жагсаалт, мөн даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/246 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Б-д хамаарах гэх 1982, 1983 онуудын цалин хөлс олголтын 70 дугаар данснаас түүвэрлэсэн жагсаалт зөрүүтэй байсан.

Иймд дээрх зөрүүтэй байдлыг тодруулах зорилгоор тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШЗ2024/00089 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1980-1984 онуудын цалин хөлсний баримтад Б.Б нэрээр үзлэг хийх, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Э-г гэрчээр асуух ажиллагааг хийхээр тус иргэний хэргийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс уг шүүгчийн захирамжид заасан ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/223 дугаартай албан бичигт О.Э гэх нэрийн өмнө зурагдсан гарын үсэг нь гэрч О.Э-ийн гарын үсэг мөн, харин 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/246 дугаартай албан бичигт О.Э гэх нэрийн өмнө бичигдсэн бичвэр нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Д.О-ын бичвэр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/264 дугаартай албан бичигт О.Э гэх нэрийн өмнө бичигдсэн бичвэр нь хууль зүйн мэргэжилтэн Н.Ө-гийн бичвэр болох нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрч О.Э-гийн мэдүүлгээр тогтоогдсон. (хх-ийн 116-117 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын хэвлэмэл хуудсанд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга Д.О, хууль зүйн мэргэжилтэн Н.Ө нар нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Э-гийн нэрийн өмнө түүний нэрийг бичсэн албан бичгүүдийг тус шүүхэд ирүүлснээр шүүх албан бичигт бичигдсэн гарын үсгийн зөрүүтэй байдлыг тодруулахаар үзлэг хийх, гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг бий болгосонд дээрх албан тушаалтнуудын буруутай үйлдэл байх тул түлшний зардлыг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийх, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Э-гээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд 200,000 төгрөгийн түлшний зардал гарсан болох нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1/94 дугаартай албан бичиг, нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 123, 124 дүгээр тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас гэрч асуух, үзлэг хийх ажиллагаанд гарсан түлшний зардал болох 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын холбогдох дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- (************)-гийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл малчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас гэрч асуух, үзлэг хийх ажиллагаанд гарсан түлшний зардал болох 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын холбогдох дансанд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЮУНЖАРГАЛ