Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 367

 

П.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02164 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н-тхолбогдох

Үнэлгээ хийсэн тайлан, шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Э гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр П.Э, Б.Б нараас 368 476 940 төгрөгийг гаргуулж, С ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэгт байрлах Б.Б өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тус шүүхэд гомдол гаргасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хурал болж, П.Э нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл энэ хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад П.Э өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны, 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар, мөн түүн дээр баригдсан 265 м.кв талбайтай хувийн сууцанд шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсноор үнэлгээ хийсэн талаар бид мэдсэн. Ингээд энэ шүүх хуралдаанаас хойш 2019 оны 05 дугаар сарын 09-нд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдлоо гаргаад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Х ХХК -ийн гаргасан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Энэ тайланд зах зээлийн хандлагаар үнэлгээг хийхдээ 264 м.кв талбайтай хувийн сууцыг Өлзийт хороололд байрлах 240 м.кв талбайтай, Нисэх хороололд байрлах 144 м.кв талбайтай, Шинэ нисэх хороололд байрлах, 150 м.кв талбай бүхий хувийн сууцнуудтай харьцуулахад талбайн зөрүү гарч, 240 м.кв талбайтай хувийн сууцыг 290 000 000 төгрөгөөр зарагдсан гэх боловч түүнээс илүү хэмжээтэй газрыг 264 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Эдгээр хувийн сууцнуудыг П.Э 390 000 000 төгрөгийн материалаар барьж, дотор талын интерьер дизайныг бүтэн модон буюу сүүлийн үеийн загвараар доторлоод савхалж хийсэн 200 000 000 төгрөгийн зардал гаргасан сууцтай харьцуулан П.Э хувийн сууцыг маш бага үнэлгээгээр үнэлсэн. Мөн газрыг 9 232 000 төгрөгөөр үнэлсэн боловч нийт хөрөнгийн үнэ нь 329 478 200 төгрөг гэж гарсан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр энэ үнэлгээ нь хувийн сууцны үнэлгээ ба газрын үнэлгээг оруулаагүй. Газрын үнэлгээг тусад нь 9 232 400 төгрөг гэж дүгнэсэн боловч Н-тирүүлсэн үнэлгээний тайланд оруулахгүйгээр үнэлсэн нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг үнэгүйдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зөвхөн хувийн сууцны үнэлгээгээр буюу 329 478 200 төгрөгийн үнэлгээгээр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд орох боломжтой үр дагавар үүсэх болно. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу ажиллагааг хийгээгүй. Үүнд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчтэй харилцан тохиролцоно, хэрэв тохиролцохгүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн ханшаар тогтооно гэж заасан байдаг. Гэтэл өмчлөгч П.Энхцэцэгээс үнийн санал аваагүй байгаа нь хэргийн баримт болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материалд байхгүй байгаа нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас П.Э өмчлөлийн эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр Х ХХК -ийг шинжээчээр томилсон тогтоол, Х ХХК -ийн үнэлгээний тайлан зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжил гаргаж байна. Мөн төлбөр төлөгч Б.Б өөрөө өмчлөгч биш ч гэсэн хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч, шүүхийн шийдвэрээр төлбөр хариуцах этгээд юм. Шийдвэр гүйцэтгэх албанаас зөвхөн П.Э мэдэгдэх бус мөн төлбөр төлөгч Б.Баягаланд үнэлгээний санал авахаар мэдэгдэх, шинжээчээр үнэлгээ тогтоолгосон талаар мэдэгдэж ажиллагаа огт хийгээгүй. Иймд нэхэмжлэгч Б.Б эрх ашиг мөн хөндөгдсөн тул хамт нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Х ХХК -ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь бодит байдалд нийцээгүй, үнэлгээ нь эргэлзээтэй учраас хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Б.Б , П.Э нараас нийт 368 476 940 төгрөг гаргуулж, С ХХК -д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж зэргийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18292090 дугаар  тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбэ 8/8 дугаар байрны 45 тоот 104,75 м.кв талбай бүхий орон сууцыг авто зогсоолын хамт, мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнж 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах, 264 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус даалган шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч П.Э өмчлөлийн хувийн сууц, газрыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/18292090, 03/18262090 дугаар тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ талаар шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр авагчид танилцуулахад тэрээр дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн. Ингээд тухайн хөрөнгийг үнэлүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Х ХХК -ийг шинжээчээр томилж, үнэлүүлэхэд хувийн сууцыг 329 478 200 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4/6345 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгч П.Э явуулж, түүний 89109611 дугаар утсанд холбогдон мэдэгдэж, энэ талаараа тэмдэглэл үйлдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний талаарх гомдлоо төлбөр төлөгч нь шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой бөгөөд үүний дагуу шүүхэд гомдол гаргах хугацаа нь дуусгавар болсон. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч П.Э өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө тул бид төлбөр төлөгч Б.Б д үнэлгээг мэдэгдэх шаардлагагүй. Энэ талаар баримт байхгүй. П.Э нь өөрөө шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрээр заасан төлбөрийг бүгдийг нь барагдуулна, үүнд Б.Б хамаарахгүй гэдэг хүсэлтээ өгсөн байдаг. Ийм учраас Б.Б д П.Э өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхтэй холбоотой ажиллагааг мэдэгдэх шаардлагагүй, түүний эрх зөрчигдөөгүй. Шинжээчийн тогтоосон үнэлгээг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн  тоот шинжээч томилох тухай тогтоол, нэхэмжлэгч П.Э өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнж, 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010876 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18628297828013 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, П.Э нэр дээр эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн Х ХХК -ийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот үнэлгээг тус тус хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2019/06637 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байх тул давж заалдах шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр П.Э, Б.Б нараас 368 476 940 төгрөг гаргуулж, С ХХК -д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох П.Э өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар, мөн түүн дээр баригдсан 265 м.кв талбайтай хувийн сууцанд шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон байна. Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Х ХХКиас барьцааны зүйл болох П.Э миний өмчлөлийн хувийн сууцыг 329.478.200 төгрөгөөр, эзэмших эрх бүхий газрын үнэлгээг 9.232.400 төгрөгөөр нийт эд хөрөнгийн зах зээлийн үнийг 329.478.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан болно. Хэдийгээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 43 тоот шинжээч томилох тухай тогтоол, П.Э миний өмчлөл, эзэмшлийн хувийн сууц, газар зэргийг үнэлсэн Х ХХКийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/18 тоот үнэлгээний тайланг хуулийн шаардлагыг хангаагүй, зах зээлийн үнэлгээг бодит байдалд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөгч Б.Б , П.Э нараас үнийн санал аваагүй, хөрөнгийн үнэлгээний тайланг бусад төлбөр төлөгчид танилцуулаагүй зэрэг шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож, энэ тухай шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Э, Б.Б нар нь хариуцагч Н-тхолбогдуулан үнэлгээ хийсэн тайлан, шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр П.Э, Б.Б нараас 368 476 940 төгрөг гаргуулж, С ХХК -д олгох, барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-6-10 дахь тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 182/ГХ2018/00861 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/18262090 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор П.Э өмчлөлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнж, 18 дугаар гудамж, 153 тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010876 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18628297828013 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, П.Э нэр дээр эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/18262090 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх-49-50, 51-52 дахь тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч П.Э нь 18628297828013 дугаар, Ү-2206010876 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нийт 1 тэрбум төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд төлбөр авагч С ХХК үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй байна. /хх-54-55 дахь тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Х ХХК -ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт дэнж, 18 дугаар гудамж,  тоотод байрлах, 264 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010876 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг 329 478 200 төгрөг мөн хаягт байрлах нэгж талбарын 18628297828013 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 9 232 400 төгрөг нийт эд хөрөнгийн зах зээлийн үнийг 329 478 200 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, зах зээлийн үнэлгээг бодит байдал нийцсэн гэж үзэх боломжгүй талаар шүүх зөв дүгнэжээ. /хх-61-74 дэх тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгийн үнэлгээ хийсэн талаарх мэдэгдлийг П.Э 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бичгээр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. П.Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-нд барьцааны зүйлийн нэг хэсэг болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, баруун сэлбэ гудамж, 8/8 дугаар байр /19 тоот зогсоолын хамт/,  тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011488 дугаарт бүртгэлттэй, 401,75 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч М ХХК -ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хариуцагч Н-тхолбогдуулан гомдол гаргасны дагуу шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 797 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхээс шинжээчээр томилогдсон Х ХХК  нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргаар тодорхойлсон талаарх үндэслэл тодорхойгүй, харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдэн онд ашиглалтад орсон, ямар барилгын материалаар баригдсан, барилгын чанар, хийцийн шинж нь харьцуулж болох эсэх зэрэг нөхцөл байдал шинжээчийн үнэлгээнд тусгагдаагүй тул үнэлгээний тайлан эргэлзээтэй болсон гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Б.Б гаас барьцааны зүйлийн нэг хэсэг болох дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээний санал өгөх тухай мэдэгдсэн баримтгүй, үнийн санал аваагүй, хөрөнгийн үнэлгээний тайланг бусад төлбөр төлөгчид танилцуулаагүй зэрэг шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож, энэ тухай шийдвэрт тусгах гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар хийсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсоныг дүгнэж шийдвэрлэсэн атал нэхэмжлэлд дурьдаагүй хуульд заагаагүй асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ