Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 137

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: Н.Одгариг

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч: Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

  Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох 1728000000058 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Ц.С нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Гурван сайхны 7-26 тоот хашаанд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүгдэгч Ц.*******г гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

          Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн дүү Энхцэцэгийнх шинэ байшин барьж найр хийсэн. Тухайн найранд би уригдаж очсон. Тэгээд хоол унд идээд бас архи уусан. Тэгээд хамгийн сүүлд гэрийн хишиг уугаад нэлээд согтсон. Тэгээд дүүгийн гэрээс гараад *******тэй хамт тамхи татаад зогсож байгаад маргалдсан. Тухайн үед хажууд хүн байгаагүй, би нэлээд согтсон байсан. Тэгсэн чинь Ц.С намайг цохьсон би зугтаагаад дүү Энхцэцэгийн гэрлүү орсон. Тэгээд *******г манай дүүгийн нөхөр ******* барьж авсан. Би гэртээ харьсан. Маргааш нь би *******г гэртээ дуудаад яагаад цохих болсон талаар асуухад согтуу байсан мэдэхгүй байна гээд байхаар нь тэгвэл цагдаад өгнө гэж хэлсэн чинь намайг нэг удаа алгадаж авсан. Тэгээд би тухайн үед уурандаа цагдаад мэдэгдсэн. Одоо надад ямар нэгэн өвчин зовлон байхгүй, мөн гомдол санал байхгүй хурдан түргэн шийдэж өгнө үү гэж хүсэх байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-р хуудас/,

    Гэрч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манайх шинэ байшингийн найр хийсэн юм. Тухайн найранд манай төрсөн ах *******, манай эхнэрийн төрсөн ах Б.Н нар ирсэн байж байгаад архи дарс уугаад хамтдаа тамхи татна гээд гэрээс гараад явсан. Тэгээд буцаад ороод ирэхдээ *******ийн хамарнаас цус гарчихсан араас нь Ц.С ах орж ирсэн. Тэр хоёр гэрт орж ирэхдээ хоорондоо зодолдоод хэрэлдээд ороод ирсэн. Тэгээд би босож очоод Ц.С ахыг барьж аваад гэрээс гаргаад дээр нь дараад суучихсан. Тэгээд уур нь жаахан гайгүй болоод тайвшраад ирэхээр нь босгосон. Тухайн үед Б.Н яваад өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.10-ны өдрийн 488 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ийн биед баруун дээд, доод зовхины цус хуралт, баруун чихний дэлбээ, уруул, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 10-р хуудас/,

         Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дүү *******гийн шинэ байшингийн найранд эхнэр хүүхдийн хамт уригдан очсон. Тэнд очоод хоол унд архи дарс уугаад нэлээд согтсон. Тэгээд гэрийн хишиг уугаад бүр их согтсон. Гэрээс нь гараад гадаа *******той хамт тамхи татаад зогсож байснаа санаад байгаа бас *******ийг цохиж авснаа санаад байгаа юм. Тэгээд юу болсон талаар санахгүй байгаа юм. Маргааш нь манай дүү ******* надад хэлэхдээ та өчигдөр *******ийг цохиод хөөгөөд гэрт нь орж ирсэн гэж хэлсэн юу болсон юм гэж асуухаар нь мэдэхгүй байна согтчихсон байна гэдгээ хэлсэн. Тэгээд Б.Ннамайг гэртээ дуудаад байхаар нь очиж уулзаад толгой тархи чинь хөдөлсөн бол бариачид очьё гэж хэлсэн чинь өөдөөс согтуураад байхаар нь чих рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд гэртээ очиж амарсан. Тэгсэн чинь цагдаад өгсөн байсан. Би *******ийг цохиж зодсон гэдгээ хүлээж байгаа. Миний буруу одоо бид хоёр эвлэрсэн. *******оос би уучлалт гуйсан. Манай төрсөн дүү *******гийн эхнэр Энхцэцэг нь *******ийн төрсөн дүү байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

        Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийн хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.*******гийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би *******ийг цохиж зодсон гэдгээ хүлээж байгаа. Миний буруу одоо бид хоёр эвлэрсэн. *******оос би уучлалт гуйсан” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны № 488 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нь “би тухайн үед уурандаа цагдаад мэдэгдсэн. Одоо надад ямар нэгэн өвчин зовлон байхгүй, мөн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгч Ц.Снь бусдад төлөх хохиролгүй, хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ц.С хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА