Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 139

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Хохирогч: Ж.Д,

Шүүгдэгч: Б.Ннарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

  Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох 1728000000062 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

        Шүүгдэгч Б.Ннь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг ******* хашаанд Ж.Дбие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

          Шүүгдэгч Б.Б.Нийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:  

        Шүүгдэгч Б.Ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хамтран амьдрагч Ж.Дбиед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Утастай гарлуу нь өшиглөж нүүрийг нь шалбалсан. Өөр бусадтай хардаад, буруу үйлдэл хийдэг.

         Хохирогч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хардаад загнаад байдаг. 5 жилийн хугацаанд би өөрөө ажил хийгээд хоол ундаа болгоод явдаг байсан. Хамгийн сүүлд хардаад байхаар нь 8 дугаар сараас тусдаа амьдаръя гээд тусдаа амьдарч эхэлсэн. Сүүлд 9 дүгээр сарын эхээр өглөө үүрээр угаадсаа асгах гээд гартал байшингийн буланд зогсож байгаад цамц, фудволкоор боогоод чи муу янхан, гичий хэнтэй унтаж байгаа юм гээд намайг түлхсэн. Энэ үед хувинтай угаадас цалгиад бид хоёрын дунд асгасан. Бид хоёрын өмдрүү асгасан. Би угаадас асгасан зүйл байхгүй.

       Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн үед бие засах гээд гэрээсээ гарсан чинь хамтран амьдрагч Б.Нбайшингийн гадаа зогсож байсан. Тэгсэн гэнэт хүрч ирээд чи намайг ингээд явчихна гэж бодсон уу гээд цамцны 1 захаар хоолой боож аваад байхаар нь ноцолдож байж гарыг нь тавиулсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод хий хоосон хардаад байсан. Тэгээд намайг хардаад наад гэрт чинь ямар хүн байгаад байгаа юм бэ гээд гэрлүү орсон. Тэгээд би араас нь дагаад орсон чинь том өрөөгөөр нэг харчихаад буцаж гарч ирээд гал тогооны өрөөнд намайг цохиж зодсон. Еp нь хий хоосон хардаж байдаг хүн байгаа юм. Миний нүд хөхөрсөн, тархи хөдөлсөн, зүүн хацар хөхөрч хавдсан. Би гомдолтой байна. ...Хэл амаар доромжилж хий хоосон харддаг. Эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Эмчилгээний төлбөр 50.000 төгрөг болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-16-р хуудас/,

       Гэрч Ч.******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ:”...Би Б.Нийг танина. Би Б.Нтэй 10 жил хамт амьдраад хоёр тийшээ болж салсан. Тайван зантай хүн байгаа юм. Бусадтай боловсон харьцдаг их даруу төлөв түвшин нуруутай хүндээ. Эмчилгээний талаар сайн бусдыг асран сувилах чадвартай” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

       Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед би Дагиймаагийн гэрт газан плитка авах гэж очсон. Хашааны хаалгаар ороод ирэхэд Дагиймаа өөдөөс гарч ирхээр нь би түүнтэй мэндэлсэн. Тэгсэн тэр надад мэндийн хариу өгөлгүй өөдөөс угаадас цацсан. Тэгэхээр нь би түүнийг түлхээд гэрт нь орж том өрөөрүү нь нэг шагайчихаад гал тогооны өрөөнөөс плиткаг аваад гарсан. Би түүний өөдөөс чи яахаараа миний өөдөөс угаадас цацаж байгаа юм бэ гээд түүний гар утас барьсан гар луу хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн нөгөө гар утас нь түүний гарнаас нь ойгоод нүүрийг нь цохьсон. Тэгээд би гэрээс гараад явсан. Би Дагиймаатай 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Ер нь бид хоёрын хардалт хэн хэнд нь байсан гэж боддог

Тухайн өдөр би түүнийг хардсан зүйл байхгүй хөдөө явах гээд тэднийд очиж плитка авах гэж очоод ийм зүйл болчихлоо. Би түүнийг гар утас барьсан гар луу өшиглөсөн өөрөөр зодож цохиогүй. Би буруугаа маш ойлгож гэмшиж байна. Хэрэв Дагиймаа миний өөдөөс угаадас цацаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Дахиж ийм зүйл гаргахгүй, надад аль болох хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.13-ны өдрийн №441 дүгээр шинжээч эмчийн дүгнэлт: Ж.Дбиед тархины доргилт, зүүн хацар, нурууны цус хуралт, хамрын угалз хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 22-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 04-05-р хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, рентген зураг /хх-ийн 06-12-р хуудас/,

Б.Б.Н-ийн дансны мэдээлэл /хх-ийн 32-39-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Б.Н-ийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний албаны № 441 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Миний нүд хөхөрсөн, тархи хөдөлсөн, зүүн хацар хөхөрч хавдсан. Би гомдолтой байна. ...Хэл амаар доромжилж хий хоосон харддаг. Эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Эмчилгээний төлбөр 50.000 төгрөг болсон” гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байх тул шүүгдэгч Б.Б.Нээс хохиролд 50.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Д-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.  

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Б.Н-ийг хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Н-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Ннь хохирогч Өмнөговь аймгийн ******* сумын 6-р баг *******од оршин суух, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 50.000 /тавин мянга/ төгрөгийн хохирол төлөхийг даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Навсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

                                                                                          

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА