Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1516                 

 

 

 

 

Б.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

хохирогч Д.Нгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

хохирогч Н.О,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

иргэний нэхэмжлэгч Х.Отгонбаяр, Б.Дэмчиг,

иргэний хариуцагч Л.Батжаргал,

иргэний хариуцагч “А м” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваадуламын өмгөөлөгч Л.Очбаяр,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/960 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, хохирогч Д.Н, Г.Н, иргэний хариуцагч “А м” ХХК-ний захирал А.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Дт холбогдох 2003002750218 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД: 6666666666/;

Б.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11 цаг 10 минутын үед  Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанцангийн гэрэл дохиотой уулзварын замд Н.Баттөрийн өмчлөлийн “Исузу” маркийн УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Сонота-5” маркийн 55-70 УНЧ, “Хонда Фит” маркийн 04-10 УНМ, “Тоёота приус-20” маркийн 32-89 УБП, “Коронда” маркийн 79-07 УНТ, “Сонота-6” маркийн 34-64 УНУ, “Ниссан Тийда” маркийн 91-71 УБГ, “Тоёота приус-30” маркийн 76-65 УБО улсны дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Д.Нгийн эрүүл мэндэд хүнд, жолооч О.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ж.Билгүүндээгийн эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Г.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Сайнтүшигийн эрүүл мэндэд хүнд, жолооч Н.Б, зорчигч А.Б, Б.Г, Н.О нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан, мөн тухайн зам тээврийн ослын улмаас “Ниссан Тийда” маркийн 91-71 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Дуламжав нь биедээ гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод эмчлэгдэж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас:

Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (таван) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Исузу-EXZ-51 маркийн тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч “А м” ХХКомпанид олгож, шүүгдэгч Б.Дын В,С ангиллын  дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “А м” ХХКомпаниас нийт 17.890.950 төгрөгийг гаргуулж: - иргэний нэхэмжлэгч Н.Мягмаржавт 7.638.950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бд 842.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Отгонбаярт 920.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Энхбаярт 4.400.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Б.Дэмчигт 4.090.000 төгрөг тус тус олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ээж 6 сая төгрөгийн үнэтэй амьтай хүн байгаагүй. Миний бие хавтас хэрэгт нотлох баримтаар 8.987.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нь миний биеийг хуурч “чиний үлдэх мөнгийн чинь иргэний хариуцагч “А м” ХХК-иас гаргуулж өгнө, чи гарын үсэг зурчих” гэж төөрөгдуулж, гомдолгүй гэж зуруулчихаад “А м” ХХК-иас мөнгийг гаргуулж өгөөгүй. Би шүүгдэгч Давхарбаяраас хэзээ ч 6.050.000 төгрөг хүлээн аваагүй. Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг байдлаар өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл хандаж байгаад туйлын гомдолтой байна. Миний ээж зуурдаар өнгөрөхдөө тэтгэвэрийн зээлтэй байсан. Давхарбаяр дайрч амь насыг нь хохироогоогүй бол өөрөө зээлээ төлөх байсан. Гэтэл өнөөдөр миний биеийг зээлийг төл гэж банкнаас өдөр бүр шаардаж байгаа.

Цаг бусаар өнгөрсөн тул төрсөн нутагт нь суврага босго гэсний дагуу би 28 сая төгрөгөөр суврага бүтээлгэж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө дээрх 28 сая төгрөгийн баримтыг гарган өгч, уг хохирлыг нэхэмжлэх болно. Уг осолд миний төрсөн эгч Д.Н мөн өртөж дахир дутуу болж 770.000 төгрөгийн цалинтай ажилтай байсан хүн өнөөдөр 330.000 төгрөгийн групп авч байна. Цалин группын зөрүүг шүүх гаргуулаагүй, мөн цаашид гарах хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиогүйд гомдолтой байна. Мөн миний ээжийн үүдэн шүд гэмтэлтэй бүгд цөм цохигдсон байсан бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, шинжилгээ дутуу хийгдсэн болно. Энэ талаар би дүгнэлт танилцуулахад хүсэлт гаргаж байсан. Иймд дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

...Намайг 6 сая төгрөг авсан гэж хэлээд байдаг. Би 6 сая төгрөг аваагүй. 3.500.000 төгрөгийг нь ч аваагүй. Түвшинцэнгэл гэх өмгөөлөгчийн нэг нутгийн хүмүүс байна, 21 настай хүүхэд шоронд орох гээд байна, мөн “А м” ХХК-аас мөнгийг чинь гаргуулж өгнө гэж хэлэхээр л би “гомдолгүй, 3.500.000 төгрөг авсан” мэтээр гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх хуралд яагаад ороогүй вэ гэхээр надад хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул оролцоогүй. Нийт хохирлын 8.778.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа. ... Нас барсан хүний дансанд мөнгө хийсэн гэж байгаа нь арай дэндэж байна. Худлаа ярина гэхэд ингэж худлаа ярьж болохгүй. Худалдаа хөгжлийн банкны миний эзэмшлийн дансанд 500.000 төгрөг хийсэн байсан. 1.7 сая төгрөгийг би авсан гэж мэдүүлсэн байгаа. “Дансанд нь хийсэн шүү” гэхээр нь би авсан гэж хэлсэн. Тэгэхээр ээжийн данс руу тухайн үед олон хүн мөнгө шилжүүлж байсан. Сүүлд нь шүүгдэгчээс 1.7 сая төгрөг орсон юм болов уу гээд харахад оруулаагүй байсан. Нас барсан эхийн минь дансыг эд нарт хэн өгөөд, хэн мөнгө шилжүүлээд байгаа юм бэ, хийсэн бол надад яагаад хийсэн гэж хэлэхгүй байгаа юм бэ. Би хохирогч гээд давуу эрх эдлээд яваад байсан зүйл байхгүй. Замаар гарч явсан үнээ, тугал дайраад алсан юм уу, Түвшинцэнгэл, Давхарбаяр нарт хэрэггүй ч гэсэн миний ээж хэнд ч дараа болж яваагүй. Надад хэрэгтэй хүн байсан. Би шүүгдэгч Давхарбаяр гэх хүнд гомдохоос илүү өмгөөлөгч Түвшинцэнгэл гэх хүнд гомдолтой байгаа. Миний эх ямар ч өвчин хуучингүй байсан. Дайраад алчаагүй байсан бол өнөөдөр 100 ч наслах байсан гэж би бодож байна. Нэг хүнийг нь дайрч алчихаад, нөгөө хүнийг нь дахир дутуу болгочихоод юу яриад байна вэ. Би маш их гомдолтой байна. “А м” ХХК-нд мөн гомдолтой байна. Энэ компани иргэний хариуцагч биш мөнгө төлбөр, хохирлын асуудлыг хариуцахгүй гээд яриад байдаг. “А м” ХХК-ийг би гомдол гаргаж байж татаж оруулсан. Өнөөдөр Давхарбаяр, түүний өмгөөлөгч Түвшинцэнгэл нар надад баярлах хэрэгтэй. Би гомдол гаргаж иргэний хариуцагчаар “А м” ХХК-ийг татуулаагүй байсан бол шүүгдэгч Б.Д дээр өчнөөн төлбөр гарах байсан. “А м” ХХК нь Баттөртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаад нотариатаар батлуулаад, гэрээгээ Авто тээврийн үндэсний төвд “А м” ХХК нь өөрөө бүртгүүлээд өөрийнхөө нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах ёстой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй МУ-ын Автотээврийн нэгдсэн сүлжээнээс харахад Баттөрийн нэр дээр л гараад байдаг болохоос биш яг жинхэнэ эзэмшигч нь “А м” ХХК байдаг. Энэ олон хүний эд хөрөнгө амь насыг хохироочихоод “А м” ХХК хохирол төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Энэ хэргээс болж асар их хохирол учирсан. Нэргүй гэх хүн давж заалдах гомдол гаргасан боловч гэмтлээсээ болоод нас барчихсан. Нэг хүний асуудал биш хоёр хүний асуудал яригдаж байна. Миний ээжийн гэмтлийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч дутуу гаргасан. Баруун чихэнд нь учирсан гэмтлийг шинжээч эмч дүгнэлтэндээ тусгаагүй байсан. Уг хэргийг анхан шатны шүүх дутуу шийдвэрлэсэн. Маш их гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч Д.Н давж заалдах гомдолдоо: “...Би төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд улсаас цалин авч зээлээ төлөөд амьдарч байсан. Гэтэл алуурчин Давхарбаяр нь миний ээжийн амь насыг олон тооны зовиур үүсгэн хөнөөж, миний биеийг ажил хийх ямар ч чадваргүй болгож одоо тахир дутуугийн групп сарын 340.000 төгрөгөөр гол зогоож, сэтгэл санаа маш хүнд, цалингийн зээлээ ч төлж чадахгүй байна. Биеийн эрүүл мэнд улам муудаж байгаа бөгөөд амьдралыг маань там болгосонд туйлын гомдолтой байна. Шүүх хүний амь хохирч, миний бие эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар их хохирсон байхад 01 жилийн хугацаагаар оногдуулсан. Шүүх шийдвэрээ шудрага гаргасан эсэхэд эргэлзэж байна. Миний бие цаашид эмчлүүлэх шаардагатай байна. Цалингийн зөрүү, цалингын зээлийг төлүүлэхийг шүүх орхигдуулсанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө. ...” гэжээ.

 

Хохирогч Г.Н давж заалдах гомдолдоо: “...Би гэмтлийн зэргийг тогтоолгоход хүндэвтэр гэж тогтоогдсон. Эмчилгээний зардалд 210.000 төгрөг авсан. Яагаад гэвэл бүх зүйл тэтгэвэрээс гарсан. Машины үнэлгээ 7.638.950 төгрөг гарсан бөгөөд шүүхээс “А м” ХХК-аас хохирол барагдуулах шийдвэр гарсан. Одоо ч миний биеийн байдал тийм ч сайн биш байгаа. 67 настай хүн чинь ямар байх нь ойлгомжтой. Иймд миний машинд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Миний бие махбодь, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.

“А м” ХХК болон Б.Дын ар гэрээс энэ хугацаанд ганц удаа ч болов утсаар ярьж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан бол хүн чанарын хувьд зүгээр байсан болов уу. машинд учирсан хохирол гаргуулаад авчихвал гомдолгүй. ...” гэжээ.

 

Иргэний хариуцагч “А м” ХХК-ний захирал А.Ганбаатар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэлт, шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д Шүүх иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэнэ гэж заасан.

Н.Баттөр нь Исузу маркийн 20-31 УНЛ улсын дугаартай машины эзэмшигч, өмчлөгч ба З.Пүрэв-Очироор дамжуулан “А м” ХХК-д худалдсан.  Ингэхдээ манай компани тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авахаар хэд хэдэн удаа хандсан боловч Н.Баттөр нь олдохгүй, завгүй гэсээр шилжүүлж авч чадаагүй нөхцөл байгаа. Мөн манай компани нь иргэн Л.Батжаргалтай хамтран ажил гүйцэтгэх гэрээтэй бөгөөд гомдлоо барагдуулахад нь 30,896,510 /гучин сая найман зуун ерэн зургаан мянга таван зуун арван/ төгрөгийн тээврийн бэлэн мөнгө, арван сая орчим төгрөгийн мөнгөн тэтгэмжийг тус тус үзүүлсэн.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаас үзэхэд хөрөнгийг хууль ёсоор хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авсан, мөн хөрөнгийн өөрийн мэдэлдээ байлгаж байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж ойлгохоор зохицуулжээ. Гэтэл Исузу маркийн 20-31 УНЛ улсын дугаартай авто машин нь:

нэгдүгээрт: “А м" ХХК-ний нэр дээр бүртгэлгүй бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх эзэмшигч нь Н.Баттөр байгаа болно.

хоёрдугаарт: Исузу маркийн 20-31 УНЛ улсын дугаартай авто машин нь “А м” ХХК-ний эрх мэдэлд байхгүй буюу бодитоор эзэмшилд нь байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан гэрч Л.Батжаргал, шүүгдэгч Б.Д, иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Даваадулам нарын мэдүүлгээр тогтоогддог тул шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг хариуцах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед Исузу маркийн 20-31 УНЛ улсын дугаартай авто машины эзэмшил “А м” ХХК-д үүсээгүй байхад шударга эзэмшигч гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

хохирогч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Нэргүй гэх хүний охин нь байна. Манай аав уг ослоос болж 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан. Миний аав машиныхаа хохирлыг л авах бодолтой байсан. Тэрийг нь гаргуулаад өгчихвөл болно...” гэв.

 

иргэний нэхэмжлэгч Х.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

иргэний нэхэмжлэгч Б.Дэмчиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохиролгүй л болгоод өгчихвөл гомдол, санал алга...” гэв.

 

иргэний хариуцагч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

иргэний хариуцагч “А м” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваадуламын өмгөөлөгч Л.Очбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“А м” ХХК-тай шүүгдэгч Б.Д, Л.Батжаргал нар хамаатан садны хамааралтай. Хамтран ажиллах гэрээний дагуу тээвэрлэлт хийдэг байсан. 2031 дугаартай автомашины тухайд 2019 оны 4 дүгээр сард “А м” ХХК-ийн эзэмшилээс гарсан байсан. Сүүлд Л.Батжаргалаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тооцоо дуусаагүй байсан гэдэг болохоос биш мөрдөн байцаалтын шатанд Л.Батжаргал мэдүүлэхдээ “автомашиныг 2019 оны 4 сард шилжүүлээд авчихсан. Тооцоо дууссан” гэсэн байдаг. Дээрээс нь шүүгдэгч Б.Дын мэдүүлэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Даваадуламын мэдүүлэг байдаг. Хэн нь автомашины шударга эзэмшигч вэ гээд хуулийг судлаад үзэхэд аль хэзээ “А м” ХХК-ийн эзэмшилээс гарсан байдаг. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт хөрөнгийг ямар тохиолдолд хүлээж авсан гэж үзэх вэ гэсэн зохицуулалт байдаг. Хөрөнгийг хүлээн авсан болохыг гэрчлэх тодорхой өгөгдөл хийгдсэнээр хөрөнгийг хүлээн авсанаар тооцно гэж байгаа. Л.Батжаргал гуай 2019 оны 4 дүгээр сард тээврийн хэрэгслийг хүлээгээд авсан гээд өөрөө мэдүүлэг өгсөн. Үүнтэй маргадаггүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт эд хөрөнгийг шилжүүлсэн шилжүүлж өгсөнөөс хойш худалдан авагчид тухайн эд хөрөнгөтэй холбоотой эрсдэл шилжинэ гээд заасан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хохирлыг хариуцана гэдэг тодорхой зохицуулалт байгаа. Хэргийн бодит нөхцөл байдлын хувьд “А м” ХХК-ийн эзэмшилээс автотээврийн хэрэгсэл гараад Л.Батжаргалын эзэмшилд шилжсэн болох нь баримтаар тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшээд, захиран зарцуулах нь Л.Батжаргалын бүрэн эрхийн асуудал болчихсон. “А м” ХХК-ийг харлуулах гэсэн зүйл анхнаасаа яригдаж байсан учраас 10.000.000 төгрөгийг өгсөн. Компанийн зүгээс туслах гэдэг боловч Л.Батжаргал өөрөө компанитайгаа эв зүйгээ олдоггүй. Энэ нөхцөл байдал нь ч өөрт нь саад болж байна. Иймд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.   

 

хохирогч Д.Нгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд нотлох баримт гаргаж өгч байна. Энэ баримт анхан шатны шүүх хуралдааны дараа гарч ирсэн баримт байдаг. 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт үйлдэгдсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт нь 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөр огноологдсон хэдий ч 9 сард анх гарч ирсэн. Энэ баримтыг хэрэгт хавсаргаж чадаагүй байсан. ... Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Нансалмаагийн 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр мэдүүлсэн болсон үйл явдлын талаар бичээд “...миний хоёр уушги устсан, баруун гараа хадуулсан, ажлаасаа чөлөөлөгдөж групп тогтоолгосон. Сэтгэл санааны хохиролтой байна. Гэмтлээс болж зарим нэг зүйлээ санахгүй байна. Миний эмчилгээний зардал 1.030.000 төгрөг гарсан” гээд бичсэн байсан. Мөн тогтоох хэсэгт Нансалмаагийн гэмтлийн талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтийг дурдсан байдаг. Энэ олон гэмтлийн улмаас Нансалмаа нийтдээ хоёр удаа хагалгаанд орсон. Анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо баримтаа яаж гаргаж өгөх, баримттайгаа холбоотой асуудлыг тайлбарлах ямар ч боломжгүй байсан. Нансалмаа нь “750.000 төгрөгийг жолоочийн зүгээс өгсөн шүү” гэж хэлсэн болохоос биш яг хэзээ, хаана, ямар байдлаар надад өгсөн, ямар дансаар шилжүүлсэн болохоо би мэдэггүй гэсэн баримт гаргаж өгсөн. Нансалмаад хүнд гэмтэл учирсан. Цаашид биеийн байдал нь яаж муудах эсэх нь мэдэгдэхгүй. Гэтэл анхан шатны шүүх ирээдүйд гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг дурдаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү...” гэв.

 

шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажилласан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батмөнх нь чатаар, мессежээр шүүгдэгчийн ар гэр болон шүүгдэгчийг маш их заналхийлж, дарамталж байсан байдаг. Шүүгчийн туслахаас “та өмгөөлөгч авсан нь дээр” гэсний үндсэн дээр шүүгдэгч үүнийгээ илэрхийлж Хуульчдийн холбоогоор дамжуулж намайг өмгөөлөгчөөрөө авсан. Над дээр ирэхдээ “хохирогч нарт нилээд хэмжээний мөнгө өгсөн учраас би өмгөөлөгчийн хөлс өгөх чадваргүй” гэж ирсэн. Би өмгөөлөгчөөр нь оролцохоор зөвшөөрсөн. Би Батмөнхийг өмгөөлөгч гэж бодсон. Хууль зүйн сургууль төгссөн, хуулийн сургуульд багшилж байсан гэж надад ярьж байсан. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батмөнхөд хандаад “шүүгдэгчийн зүгээс бүх мөнгөө өгсөн байна. Танд одоо яг хэдэн төгрөг өгвөл болох вэ” гэсэн чинь Батмөнх “3,5 сая төгрөг авчихвал ямар ч гомдолгүй гэж хэлсэн. Шүүгдэгчийн ар гэрийнхэн бүх зүйлээ барьцаанд тавиад зээл аваад 3,5 сая төгрөгийг гаргаж өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр аваад ир гэсний дагуу бэлнээр мөнгийг нь өгсөн. Би өөрийхөө өрөөнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батмөнхийг байлцуулж байгаад 3,5 сая төгрөгийг тоолж өгсөн. Ингээд “6,050,000 төгрөгийг л өгч чадсан юм байна зөв үү” гэхэд “зөв” гэсэн Батмөнх өөрөө гараар бичиж өгөөд би түүнийг нь компьютер дээр шивээд энэ бичиг гарсан. Одоо намайг харчихаад 3,5 сая төгрөг аваагүй гэж байна. Эрх зүйч, хууль хүн гэсэн атлаа намайг ингэж гүтгэж байгаа хүнтэй ярих юм алга. Анхан шатны шүүх хуралдаанд Батмөнх ирээгүй. Намайг утсаар сар гаруй хугацаанд дарамталж байсан. Талийгаач Дуламжавын дансанд хийсэн мөнгөний хуулгуудыг бүгдийг нь би 2020 оны 8 дугаар сарын 27-ний өдөр болсон шүүх хуралдаанд гаргаж өгсөн. 3,5 сая төгрөгөө авсан гэдгээ өөрөө бичээд өгсөн учраас аваагүй гэж хэлэхгүй байх гэж бодсон. Иргэний хариуцагчийн тухайд прокуророос Баттөр, Батжаргал, “А м” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Шүүх “А м” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоогоод, Баттөр, Батжаргал хоёрыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоогүй техникийн алдаа гаргасан байсан. Мөн хохирогч Нансалмаа болон бусад хохирогч нарыг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлээгүй орхигдуулсан байсан. “А м” ХХК нийгмийнхээ хариуцлагын хүрээнд 30.000.000 төгрөгийг өгсөн гэдэг нь худлаа. Учир нь уг компанитай шүүгдэгч садан төрлийн холбоотой ажилчид нь ах, дүү гэх байдлаар орон сууц захиалах гэрээ гэж 2018 онд “А м” ХХК нь Давхарбаяртай гэрээ байгуулсан байдаг. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 4933 дугаартай автомашиныг 15.000.000 төгрөгөөр тооцоод байрны урьдчилгаанд Давхарбаяраар төлүүлсэн байсан байна лээ. Сая осолд орсон 2031 дугаартай автомашины ажлын хөлсийг байрны урьдчилгаанд шилжүүлүүлээд 30.000.000 төгрөг цугларсан байсан. Осол болохоор тэр мөнгийг нь хохиролд шилжүүлэх маягаар цугларсан мөнгийг нь шилжүүлсэн байдаг. Компанийн зүгээс мөнгө өгсөн гэдэг нь худлаа гэж ойлгосон. Шүүгдэгч Б.Д нь өөрийнхөө чадлын хэмжээнд 23-24 сая төгрөгийг төлж барагдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтыг нэмж оруулах саналтай байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон давж заалдах гомдлуудыг харахад хохирол төлбөртэй холбоотой асуудлууд яригдаж байна. Иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулаад бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдлуудад  заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Дыг 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11 цаг 10 минутын үед  Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Жанцангийн гэрэл дохиотой уулзварын замд Н.Баттөрийн өмчлөлийн “Исузу” маркийн УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Сонота-5”, “Хонда Фит”, “Тоёота приус-20”, “Коронда”, “Сонота-6”, “Ниссан Тийда”, “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслүүдийг мөргөж:

зорчигч Д.Дуламжав нас барсан / Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод эмчлэгдэж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр/,

 зорчигч Д.Н, Н.Сайнтүшиг нарын эрүүл мэндэд хүнд хохирол,

жолооч О.А, зорчигч Ж.Б, жолооч Г.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,

жолооч Н.Б, зорчигч А.Б, Б.Г, Н.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дын Замын хөдлөлгөөний дүрэм зөрчсөн, ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар зөв дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгч Б.Дын үйлдсэн 1 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хэр хэмжээ буюу гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршигт тохироогүй байна. Энэ талаар гаргасан хохирогч Д.Нгийн гомдол үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан.

 

Шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг зарчим нэг бүрийн шаардлагад нийцсэн дүгнэлтийг хийж, түүнд Эрүүгийн хуулийн болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхүйц ялыг оногдуулах ёстой.

 

Түүнчлэн, учирсан хохирол болон түүнтэй шалтгаант холбоотой нотлох баримтуудаар хор уршгийг барагдуулах нь хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэнд тооцогдох, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндсэн нөхцөлийн нэг нь атал шүүгдэгч Б.Дын гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын мөнгөн төлбөрийг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолд заасан бусдад төлөх төлбөргүй гэсэн нөхцөл байдал нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар үгүйсгэгдэж байна.

 

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, хохирогч Г.Н, хохирогч Д.Н нарт учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжсэн эсэх, шүүгдэгч хохирлыг төлсөн гэх уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарахад нөлөөлжээ.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 960 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дахин хэлэлцүүлгээр хэрэг дахин хэлэлцэгдэх тул гэм хорын хохирлын төлбөртэй холбоотой гаргасан давж заалдах гомдлуудыг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/960 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дт холбогдох 2003002750218 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.   

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

                ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

                ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ