Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00315

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00315

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *********************** оршин суух, Б.Д(********************)

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00149/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Д нь 1969 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Сумынхаа 10 жилийн дунд сургуульд 1977 онд элсэн орж 1987 онд 10 дугаар анги төгсөөд тухайн үеийн нэршилээр Дархан хотын Хөтөлд хүүхдийн цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа 3 сарын багшийн курст суралцсан.

Тэгээд 1988 оны 02 дугаар сараас 1991 оны 4 дүгээр сарыг хүртэл Дархан хотын Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад амаржсаны амралтаа аваад ажилдаа дахин очоогүй. Миний нөхөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат хүн байсан учраас хүүхдээ төрүүлэхээр Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу ирснээсээ хойш мал маллаж байгаад 2000 онд групп орсноос хойш огт ажил хөдөлмөр эрхлээгүй. 1991 оны 4 дүгээр сараас 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулсан.

Миний ажиллаж байсан Дархан хотын Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг нь одоогийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар цэцэрлэг нэртэй болсон байгаа. Дархан хотын Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэг нь Хөтөлд байдаг юм. Хөтөл нь Дархан хотод харьяалагдаж байгаад 1995 онд Засаг захиргааны нэгж өөрчлөгдөөд Сэлэнгэ аймгийн Сайхан сум болсон юм билээ.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон учраас тэтгэмжтэй чөлөө /лист/ аваад дахин ажилдаа очоогүй учраас ажлаас чөлөөлөгдсөн тушаал байдаггүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулахаар шүүхэд хандсан.

Иймд Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

1995 онд засаг захиргааны нэгж өөрчлөгдөхөд Сэлэнгэ аймаг Сайхан сум руу шилжүүлэхэд 1, 2, 3 дугаар цэцэрлэг гэж байсан. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1, 2, 3 дугаар цэцэрлэг нь дундаа 1 нягтлан, 1 санхүүтэй байсан. Нягтлан нь 1 дүгээр цэцэрлэгтээ байдаг байсан учраас санхүүгийн баримтууд 1 дүгээр цэцэрлэгтээ хадгалагддаг байсан учраас 2000 оноос өмнөх бүх баримтууд нь 1 дүгээр цэцэрлэгт хадгалагдаж үлдсэн. Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь Сум дундын шүүхтэй учраас Сэлэнгэ аймгийн Архивын газар руу баримтаа явуулах гэхэд баримтууд нь холдчих гээд байсан учраас баримтуудаа аймгийн архив руугаа явуулдаггүй юм байна лээ…гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, “...Б овогтой Д нь цэцэрлэгийн хүмүүжүүлэгч бэлтгэх 3 сарын курст суралцаж төгссөн тул... эрхийн үнэмлэх олгов” гэх бичилттэй үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1990-2000 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан тухай №1706000497 дугаар баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “...Д танд. Монголын багш нарын баярыг тохиолдуулан Диплом дурсгалын зүйлээр шагнав. Дархан хотын ХЗЭ-ийн хороо 1990-02-03” гэх бичилттэй Дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Хүндэт Б.Д танд. 1988 оныхоо ажилд өндөр амжилт гаргасан явдалд баяр хүргэж... баярын бичиг үнэ бүхий зүйлээр дурсгав. Хөтөл АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх ХЗЭ-ийн хороо 1988.12-27” гэх бичилттэй Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Түр ажилд томилох, шинээр ажилд авах тухай” 02/88г дугаар тушаалын хуулбар үнэн, Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Ээлжийн амралт олгох ба шагнах тухай” №57 дугаар тушаалын хуулбар үнэн, Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” №68 дугаар тушаалын хуулбар үнэн, Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан Б.Д 1988 оны 7-9, 11-12 сар, 1989 оны 1-3, 6-9 сар, 1990 оны 1-6, 8-9 сар, 1991 оны 1 сарын цалингийн 70 дугаар дансны хуулбарууд зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 2, 3, 4, 5, 6, 7-9, 26-50 дугаар тал),  

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 13, 14-17 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон боловч ажиллаж байсан үеийн зарим ажилд орсон, гарсан тушаалууд архиваас гарч ирээгүй учраас улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуулах шаардлагатай болсон тул шүүхэд хандсан.

Иймд Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Д нь Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Тус цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Оюунчимэг, Эрдэнэчимэг нарын өвчтэй хугацаанд түр хүмүүүжүүлэгчээр А, Д нарыг II/1-ээс түр хүмүүжүүлэгчээр...ажиллуулсугай...” гэх бичилттэй “Түр ажилд томилох, шинээр ажилд авах тухай” 02/88г дугаар тушаалын хуулбар (хх-ийн 7 дугаар тал),

Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “...2. Хүмүүжүүлэгч багш Даваадуламд 2-р сарын 22-ноос эхлэн ээлжийн амралтыг олгосугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох ба шагнах тухай” №57 дугаар тушаалын хуулбар (хх-ийн 8 дугаар тал),

Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэг. Тус цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Д нь хүү төрүүлж төрсний дараах 56, ээлжийн амралтаа эдэлж дууссан тул 4-р сарын 5-ны өдрөөс эхлэн 01 нас хүртэл 8 сарын тэтгэмжтэй чөлөө олгохыг зөвшөөрсүгэй...” гэх бичилттэй “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” №68 дугаар тушаалын хуулбар (хх-ийн 9 дүгээр тал),

Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн “...Ичинхорлоогийн VI/16-аас амарсан хугацааны илүү цагийн мөнгийг асрагч Д-д олгох...” гэх бичилттэй “Илүү цагийн мөнгө олгох, ажлаас чөлөөлөх тухай” №13 дугаар тушаалын хуулбар, (хх-ийн 27 дугаар тал)

Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн “...асрагч Д-ыг X/1-ээс ээлжийн амралт олгосугай (21 хоног) ...” гэх бичилттэй “Тэтгэмжтэй чөлөө олгох, ээлжийн амралт олгох, ажилд түр томилох тухай” №18 дугаар тушаалын хуулбар, (хх-ийн 29 дүгээр тал),

Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “1. 1989 оны 7 дугаар сарын 15-наас тус цэцэрлэгчийн... асрагч Даваадулам нарын ээлжийн амралтыг олгосугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар үнэн (хх-ийн 38 дугаар тал),

Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан Б.Д 1988 оны 7-9, 11-12 сар, 1989 оны 1-3, 6-9 сар, 1990 оны 1-6, 8-9 сар, 1991 оны 1 сарын цалингийн 70 дугаар дансны хуулбарууд, (хх-ийн 26-50 дугаар тал),

“...Б овогтой Д нь цэцэрлэгийн хүмүүжүүлэгч бэлтгэх 3 сарын курст суралцаж төгссөн тул... эрхийн үнэмлэх олгов” гэх бичилттэй үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  (хх-ийн 3 дугаар тал),

“...Д танд. Монголын багш нарын баярыг тохиолдуулан Диплом дурсгалын зүйлээр шагнав. Дархан хотын ХЗЭ-ийн хороо 1990-02-03” гэх бичилттэй Дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар  (хх-ийн 5 дугаар тал),

“Хүндэт Б.Д танд. 1988 оныхоо ажилд өндөр амжилт гаргасан явдалд баяр хүргэж... баярын бичиг үнэ бүхий зүйлээр дурсгав. Хөтөл АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх ХЗЭ-ийн хороо 1988.12-27” гэх бичилттэй Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  (хх-ийн 6 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иймд Б.Д Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Д нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1991 оны 4 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил 9 сарын хугацааг нөхөн тооцуулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 4 дүгээр тал)  

Хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлийн архивын хуулбар хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байна. (хх-ийн 13, 14-17 дугаар тал),

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Д (******************)-ын Дархан хотын Ардын боловсролын хэлтсийн харьяа Хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ