Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/02598

 

 

 

 

 

 

 

 

2024 06 06 182/ШШ2024/02598

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .....-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн

Хариуцагч Д.Мя

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч Д.Мяд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

.... ХХК барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Манай компани нь урьдчилгаагүй, хүүгүй 5 жилийн хугацаанд орон сууцыг түрээслэх болзлыг биелүүлбэл, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан. Манай компани Б.Антай 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 69/18 дугаартай орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан.

Уг гэрээгээр .... ХХК нь Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо Галданбошигт гудамж, Шар уул, 807 дугаар байрны 3 тоот хаягт байрлах, 62,7 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг орон сууц түрээслэх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдахаар харилцан тохиролцсон.

Б.Ан нь 2020 оноос хойш орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй, гадаад улсад байгаа гэсэн тайлбарыг ар гэрээс нь өгдөг. Б.Анд хүлээлгэн өгсөн дээрх орон сууцад Д.Мя амьдарч байгаа. 2021 оноос хойш төлөлт хийгээд явбал, гэрээг шилжүүлэх боломжтой гэх саналыг Д.Мяд тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгээгүй.

Гэрээний хугацаа нэгэнт дууссан тул манай компани Б.Антай байгуулсан гэрээг цуцалсан.

.... ХХК нь Хөгжлийн банкны зээлтэй, хөгжлийн банкны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж их хэмжээний мөнгө төлсөн. Энэ бүх хохирол төлбөрийг нэхэмжлэх боломжтой боловч компанийн зүгээс хохирол төлбөрийг нэхэмжлэхгүйгээр, гэрээний ерөнхий хугацаа дууссан үндэслэлээр орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Мя шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Ан нь миний бэр байгаа юм. Би ач хүү О.Цогтбилгийг 6 сартайгаас нь авхуулаад, өдий хүртэл өсгөсөн. Одоо хамт амьдарч байгаа. 2019 оноос .... ХХК-ийн байранд бид амьдрахаар шийдсэн. Тухайн үед манай бэр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ганц хүн байсан тул түүний нэр дээр гэрээ хийж, энэ байранд амьдарсан. Бид хөдөө орон нутгаас ирсэн тул энэ байрны төлөлт хийх дээр асуудалтай байсан. Тиймээс хүүгээ Япон улс руу гэрээгээр гаргуулж төлөлтийг Япон улсаас Б.Ангаар дамжуулж, 2019 оноос авхуулаад төлж байсан.

2020 оноос Б.Ан өөр амьдрал сонгоод, бид нартай харилцаагүй болж, Турк улс руу явсан. Тухайн үед Б.Ан салахдаа би орон сууцыг өөрөө авна, миний эзэмшлийн байр гэдэг байр суурьтай байсан. Би энэ хоёрыг төлбөрөө төлөөд явж байгаа гэж бодсон. Би энэ орон сууцанд орсон цагаас эхлээд ашиглалтын зардлыг төлөөд явж байсан.

Миний хувьд тухайн орон сууцны төлөлтийг хийж, цааш нь үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байна гэв.

Гэрээ байгуулаагүй, хууль бус эзэмшигч гэхээс илүүтэйгээр тухайн байранд өдий хүртэл амьдарсан хүн хэн бэ гэдэг нь Б.Ангийн гаргасан өргөдөл, уулзалтын тэмдэглэлээс харагддаг. Б.Ан тухайн байранд огт амьдраагүй, Д.Мя амьдарсан гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/

3.2 Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ /хх-5-10/

3.3 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-14-16/

3.4 Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл, уулзалтын тэмдэглэл /хх-17, 25-26/

3.5 Орон сууц чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх тухай /хх-18/ зэрэг баримт авагдсан байна.

4. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа /хх32

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч Д.Мяд холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Манай компани Б.Антай уг маргаан бүхий орон сууцыг хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Б.Ан нь 2020 оноос хойш орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөөгүй, түүнд хүлээлгэн өгсөн орон сууцанд Д.Мя амьдарч байгаа. 2021 оноос хойш төлөлт хийгээд явбал, гэрээг шилжүүлэх боломжтой гэх саналыг Д.Мяд тавьсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгээгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, манай компани Б.Антай байгуулсан гэрээг цуцалсан учир шаардах эрх үүссэн гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ Гэрээ байгуулаагүй, хууль бус эзэмшигч гэхээс илүүтэйгээр тухайн байранд өдий хүртэл амьдарсан хүн хэн бэ гэдэг нь Б.Ангийн гаргасан өргөдөл, уулзалтын тэмдэглэлээс харагддаг. Б.Ан тухайн байранд огт амьдраагүй, Д.Мя амьдарсан.

Тухайн орон сууцны төлөлтийг хийж, цааш нь үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байна гэж татгалзсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр .... ХХК, Б.Ан нар нь Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах худалдан авах тухай гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр .... ХХК нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 60 сарын хугацаанд Б.Анд хөлслүүлэх, Б.Ан нь энэхүү гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, болзлыг хангасан тохиолдолд орон сууц хөлслөх хугацаанд төлсөн бүх төлбөрийг орон сууцны үнийн дүнд оруулж тооцон ирээдүйд орон сууцыг худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

 

5. Талууд дээрх гэрээ байгуулагдсан болон маргаан бүхий орон сууц болох Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Э.Галданбошигтын гудамж, 807 байр, 3 тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбай бүхий орон сууцанд Д.Мя амьдарч, эзэмшиж байгаа үйл баримтад маргаагүй, хариуцагч Д.Мягийн эзэмшил хууль ёсны эсэх талаар маргажээ.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч .... ХХК нь тухайн хөрөнгийн өмчлөгч байх тохиолдолд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрх үүснэ.

 

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт .... тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна гэжээ. /хх32/

 

Нэхэмжлэгч талаас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ, мэдэгдэл, уулзалтын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Тухайн барилгыг барьж ашиглалтад оруулсан, Улсын бүртгэлийн байгууллагаас барилга бүхэлдээ бүртгэгдсэн талаарх баримтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн гэж тайлбарлаж байна.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрх гэж заажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ. Уг хуульд заасан шаардлагыг хангаснаар өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа эрх баталгаажна.

 

Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрх нэхэмжлэгч .... ХХК-д үүсээгүй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч .... ХХК-ийн хариуцагч Д.Мяд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Хөрөнгийг өмчлөгч этгээд нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах тухай нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч .... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Мяд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч .... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч .... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ