| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0353/З |
| Дугаар | 128/ШШ2024/0042 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0042
2024 01 10 128/ШШ2024/0042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.О*******
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.П******* нарын хоорондын Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 8,322,149 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах” гэж тодорхойлж байгаад “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
2. Нэхэмжлэгч Б.О******* Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд дахин 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр гомдлын хариу авч, шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
3. Маргааны үйл баримтын талаар:
3.1 Нэхэмжлэгч Б.О*******ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны ******* дугаартай тушаалаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснийг эрх зүйн байдал дордсон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгуулахаар маргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1 Намайг сэлгэн ажиллуулахаар гаргасан тушаал хууль бус байсан гэдгийг Төрийн албаны зөвлөл тогтоосон,
4.2 Энэ тушаалыг гаргаснаар миний эрх зүйн байдал дордож 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл ажилгүй, цалин хөлсгүй байж хохирсон гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга намайг Нийслэлийн аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан. Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмыг баримтлаагүй, нөгөө талдаа зөвшилцөөгүй байсан. Нийслэлийн аялал жуулчлалын газартай очиж уулзахад орон тоо байхгүй, цалин байхгүй, жирэмсэн хүний оронд байсан учраас эрх зүйн чадамж дордож байна гэж үзээд хуулийн хугацаандаа багтаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* тушаалаа хүчингүй болгосон байсан. Би одоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын хяналт зохицуулалтын газрын маркетинг хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Төрийн нарийн бичгийн дарга тушаалаа гаргасан. Иймд эхний нэхэмжлэлээсээ татгалзаад ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
6. Хариуцагч нарын төлөөлөгч Э.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.О*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр Нийслэлийн аялал жуулчлалын газарт шилжүүлсэн. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож байна гэх үндэслэлээр Төрийн албаны зөвлөлд хандаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг буцаагаад яамны Аялал жуулчлал, бодлого зохицуулалтын газрын аялал жуулчлалын олон улсын хамтын ажиллагааны маркетинг хариуцсан мэргэжилтнээр томилсон. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийг томилсон тушаал гарсан учраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаа нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд олгох боломжтой гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.О******* нь 20132016 оны хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтэст нярав,
2016-2019 онуудад тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтэн,
2019-2022 оны 11 дүгээр сар хүртэл Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын олон улсын хамтын ажиллагаа, маркетинг хариуцсан мэргэжилтнээр тус тус ажилласан байна.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Б.О*******ыг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдэлд шилжүүлсэн боловч тухайн газар орон тоо байхгүй гэсэн хариуг өгсөн тул уг асуудлаар Төрийн албаны зөвлөлд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан байна.
4. Үүний дагуу Төрийн албаны зөвлөл шалгалт явуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан дээрх тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож,
5. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “...хууль зөрчиж гаргасан Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны ******* дугаар тушаалыг хүчингүй болгох, хууль ёсны эрх нь зөрчигдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг тус яамны эрхлэх чиг үүргийн холбогдох албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж ирүүлэх” тухай 01/2564 дугаартай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлжээ.
6. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Б.О*******ыг ажилд томилох тухай” ******* дүгээр тушаалаар Б.О*******ыг тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын олон улсын хамтын ажиллагаа, маркетинг хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилсон байна.
7. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн ******* дүгээр тушаалыг буюу Б.О*******ыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
8. Нэхэмжлэгч Б.О******* Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд дахин 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр гомдлын хариуг хүргүүлсэн байна.
9. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.О*******ыг Нийслэлийн Байгаль орчны газар шилжүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай тушаалаа хүчингүй болгож, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” Б/37 тушаалаар сайдын 2023 оны ******* дугаар тушаалыг цуцалсан болох нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
10. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны “******* дугаартай тушаалаар 2022 оны ******* дугаартай тушаалаа, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны Б/37 тушаалаар өмнө гаргасан 2023 оны ******* тушаалаа тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.О******* нь Нийслэлийн Байгаль орчны газар шилжин ажиллахгүйгээр өмнөх ажил албан тушаалаа эрхлэх эрх зүйн боломжтой болсон байна.
11. Энэ нөхцөл байдлын хүрээнд нэхэмжлэгч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасныг зөрчөөгүй байх тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана”, 109 дүгээр зүйлийн 109.1-т “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 8,322,149 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:
12.1 Нэхэмжлэгч Б.О*******ын албан тушаалын зэрэглэл болон цалин нь:
Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолоор албан тушаалын зэрэглэл ТЗ-7-2, цалингийн хэмжээ 1,097,814,
Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоолоор албан тушаалын зэрэглэл ТЗ-7, цалингийн хэмжээ1,392,567 төгрөг болох хавтаст хэрэгт авагдсан цалингийн картаар тогтоогдож байна.
12.2 Нэхэмжлэгч Б.О*******ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Нийслэлийн Байгаль орчны газрын мэдэлд шилжүүлснийг 2023 оны ******* дугаартай тушаалын холбогдох хэсгээр хүчингүй болгож,
12.3 Нэхэмжлэгчийг өмнөх ажил албан тушаалд нь томилсон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны ******* дүгээр тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны ******* дугаар тушаалаар хүчингүй болгосныг, сайдын 2023 оны Б/37 тушаалаар хүчингүйд тооцсон болох нь тогтоогдсон энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
13. Дээрх тушаалуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/37 дугаартай тушаал гарснаар эрх нь сэргээгдэх үр дагавар үүссэн гэж үзэхээр байна.
14. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.О*******ын ажилгүй байсан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 8,322,149 төгрөгийг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4, 106.3.12, 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгч Б.О*******ын нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О*******ын ажилгүй байсан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны урьд эрхэлж байсан ажил албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 8,322,149 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ