Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 00125

 

                

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга О.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Д.Од холбогдох эрүүгийн 201706000149 дугаартай, 132/2017/0118/Э индекстэй хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газарт төсөв төрийн сангийн мэргэжилтэн ажилтай, ам 3, нөхөр хүүгийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын Дархан баг 5 дугаар хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их Монгол овогт Д.О

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь /яллах дүгнэлтээр/ 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн данснаас 10 сая төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас 10 сая төгрөгийн хөрөнгө завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,  

201706000149 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Б.Энхцэцэгийн өгсөн: Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Манай Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын тамгын газрын төсөв төрийн сангийн мэргэжилтэн Д.О нь Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас 10 сая төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн данс руу шилжүүлсэн гэж би мэдсэн юм. Хохирол төлбөр төлөгдсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-20-21 хуудас/,  

Гэрч Д.Сарангэрэлийн өгсөн: О эгчийн бага хүү Батсайхан 2014 онд БНХАУ-руу суралцахаар явах болоод хүүтэй мөнгө зээлэх хэрэгтэй байна гээд мөнгө зээлсэн. Нийтдээ 7500000 төгрөг зээлсэн. Уг мөнгөний хүү нь нэмэгдээд зарим сард хүүгээ өгч чадахгүй үндсэн мөнгө нь нэмэгдээд 8450000 төгрөг болсон. Ерөнхийдөө надаас 7500000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлж авсан гэх мэдүүлэг /хх-22 хуудас/,

Гэрч Д.Сарангэрэлийн өгсөн: Булган аймгийн Засаг даргын баталсан 2017 оны 04 дүгээр сарын 10-ны дотор 01/07 дугаарт удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Булган айгийн Бүрэгхангай суманд хяналт шалгалт явуулсан. Шалгалтаар сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны баримтгүйгээр залруулгын гүйлгээ нэртэй 10000000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Энэ мөнгө нь сум хөгжүүлэх сангийн данс руу орсон байсан. Энэ гүйлгээний талаар тодруулахад төсвийн мэргэжилтэн Д.О мэднэ тухайн үед ажил хариуцаж байсан талаар хэлсэн ба Д.О дуудаж асуухад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 10000000 төгрөгийн зээл аваад тэрийгээ Санхүүгийн албаны даргын ажлыг хийж байхдаа албан тушаалаа ашиглан хувиараа авсан зээлээ төлсөн гэсэн тайлбарыг хийсэн. Тэр зээлээ ямар нэгэн баримтгүйгээр бас авсан байсан гэх мэдүүлэг /хх-23 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, мөрдөгчийн санал /хх-2 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, Булган аймгийн Бүрэгхангай сумын Төв төрийн сангийн зарлагын гүйлгээний жагсаалт /хх-49-50 тал/, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-52 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-33-35 тал/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.О нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн данснаас 10 сая төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас 10 сая төгрөгийн хөрөнгө завшсан гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.О  холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.  

Сэжигтнээр Д.Он өгсөн...Би өөрийн төрсөн эгчийн охин болох Сарангэрэлээс 8 сая төгрөгийг хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд 2013, 2014 онуудад зээлж авсан. Сарын 15 хувийн хүүтэй тэгээд сарын хүү болон үндсэн зээлсэн хүү мөнгөө төлж чадалгүй байсаар байгаад өр нилээд их нэмэгдчихсэн юм. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн мөнгөнөөс 10 сая төгрөгийг зээл хэлбэрээс нөхрийнхөө Хаан банкны 5274023097 тоот данс руу шилжүүлж авсан. Уг мөнгөөр өрөө төлсөн боловч дахиад 6 сая төгрөгний өр үлдсэн. 2015 оны жилийн эцсийн тайланд уг 10 сая төгрөгийг Лувсандоржийн Ганбат зээлсэн нэрээр сум хөгжүүлэх сангийн тайланг гаргасан. Уг мөнгийг буцааж сум хөгжүүлэх сангийн хийж чадалгүй явсаар 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн мөнгөнөөс 10 сая төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн данс руу шилжүүлсэн. Энэ хоёр үйлдлийн талаар ЗДТГ-ын ажилтнуудаас хэн нь ч мэдээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр санхүүгийн албаны дарга Ундармаа ажилдаа ороод би ажил хавсран гүйцэтгэхээ больсон. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүүгийн хяналт аудитын албанаас шалгалт ирээд миний хувьдаа авсан 10 сая төгрөгийг илрүүлээд намайг яаралтай уг мөнгийг төлж барагдуул гэсэн. Би уг мөнгийг Орхон аймгийн ЦДТӨХК-д ажилдаг хүүгээрээ цалингийн зээл авахуулж төлж барагдуулсан. Одоо ямар нэг хохирол төлбөрийн асуудал байхгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг /хх 28-29 хуудас/,

Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.О нь хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Он гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Энхцэцэг санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.   

Шүүгдэгч Д.Од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Их Монгол овогт Дамбын Ог хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.  

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 5. Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН