Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/59

 

 

Т.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: С.Энхням,

            Хохирогч: Б.У,

            Шүүгдэгч: Т.М,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.М-т холбогдох эрүүгийн 1919000460037 дугаартай, 1 хавтас, 169 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ө овогт Т-ын М-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Т.М нь хохирогч Б.У-тэй 2014-2018 оны хооронд хамтран амьдрах хугацаандаа хохирогч Б.У-тэй муудалцан хардаж, 2015 онд зодсон, 2018 оны 05 дугаар сард хардалтын улмаас хөдөө хээр машинтай гаргаж хоолойг нь зүсэж, ална гэж айлгах байдлаар харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б.У-гээс тусдаа амьдарч байхдаа Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун станц дээр хохирогч Б.У-гийг мөн хардаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө- овогт Т-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, 50 хоногийн хорих ялыг, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 20 хоногоор тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнхбаярт оногдуулсан 11 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 3 үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүгдэгч Т.М-ыг гэм буруутайд тооцохдоо уг зүйлд заасан хамгийн хүнд, хүндрүүлэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн хохирогчийг байнга зодож харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэдгээр зүйлчилсэн. Гэтэл М-ын хувьд хохирогчийг байнга зодсон үйлдэл харагддаггүй. Аль хэсгийг нь байнга зодсон гэж үзээд байгаа юм бэ, харгис хэрцгий хандаад байгаа юм уу, хутга бариад явсаныг хэлээд байгаа юм уу, догшин авирлаад байгаа юм уу, эдгээрийг ялгамжтай тогтоох ёстой байсан.

Зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсгүүд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэсэн нэг зүйл анги юм. Нэг зүйл анги байхад яагаад хоёр зүйл ангиар зүйлчлээд байгаа юм бэ. Шүүх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэл болгоод шүүгдэгч, хохирогч нарыг хамаарал бүхий этгээдүүд гэж үзсэн. Энэ хоёр хүн нэг жилийн хугацаанд хамтран амьдарсан байна. Дундаасаа хүүхэдтэй гэж байгаа боловч гэр бүлийн баталгаагүй байна. М-ын ар гэрийн байдлын хувьд 2 хөгшинтэй амьдардаг. Аав нь уушгины хорт хавдартай, өнөөдөр эмнэлэгт сахиуртай хэвтэж байна. Улаанбаатар хот болон аймгийн эмнэлэгт байнга хэвтэж эмчлүүлж байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийн хувьд ялгамжтай оногдуулах нөхцөл байдал байгаа юм байна. Тийм учраас хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Миний тооцоолж байгаагаар 53 хоног хоригдож байна. Энэ хугацаанд М-тай 3 удаа уулзаж байсан, энэ талаараа өөрөө ярих байх. М нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. У-тэй дахин янз бүрийн байдлаар харьцахгүй, хүүхдээ асарч байна. У-тэй өөр гэр бүлтэй болсон, салсан гэдэг утгаар нь харьцахгүй. Хүүхэддээ байнга эцгийн ёсоор хандаж байна гэдэг зүйлийг ярьдаг. Тиймээс хувийн байдлыг нь харгалзан мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг анхаарч үзнэ үү гэж гомдол гаргасан гэв.

 

Шүүгдэгч Т.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэд хоног хоригдохдоо сайн бодлоо. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өөрийнх нь хийсэн хэрэг шүү дээ. Өөрт нь оногдуулсан ялыг биеэр нь эдлүүлмээр байна, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс 2019.06.06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолоор шийдвэрлэж түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдээр зүйлчилж ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд 2014-2018 онуудын хооронд хамтран амьдрах хугацаандаа Ууганчимэгийг байнга зодож байсан, мөн 2015 онд шүдийг нь хугалж зөөлөн эдийн гэмтэл учруулж байсан, 2018 оны 05 дугаар сард зодож байсан талаарх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ нотлох баримтууд нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож түүнийг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримтууд цугларсан байна гэж дүгнэсэн. Хохирогч, шүүгдэгч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд. Хамтран амьдарч байгаад салсан. Салаад амьдарч байх явцад мөн дараагийн зодсон үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд нийт 3 удаа зодсон. Энэ нь байнга зодсон шинжийг агуулж байгаа. Хамгийн гол нь догшин авирласан, харгис хэрцгий харьцсан шинж бол Ууганчимэг цаашид М-тай гэр бүл болох боломжгүй гэж үзэн хамтран амьдрах бодолгүйгээр салж тусдаа амьдарсан хэдий ч Мөнхбаяр байнга хардаж эрх чөлөөнд нь халдаж байгаа нь хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдсан CD-ний бичлэгээс харахад харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж зодож байгаа үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна. Хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх дүгнэлтийг гаргасан. Гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, хэргийн бодит байдал зэрэгт нийцэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/109 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичсэн асуудлаар хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл прокурор зарим хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж нотолж тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан,  шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл шүүгдэгч Т.М нь хохирогч Б.У-тэй 2014-2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, тэд хүүхэдтэй болсон боловч амьдралын хугацаанд таарамжгүй харилцаатай байсан, үүний улмаас 2015 онд Т.М нь Ууганчимэгийг зодож шүдийг нь хугалсан, 2018 оны 5 дугаар сард машинтай хөдөө аваачиж хоолойг нь хутгаар зүсэж, ална гэж айлган сүрдүүлж байсан, хамт амьдрахаа больсноос хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.У-ийг Шунхлай ШТС дээр ажлаа хийж байхад нь очиж бусадтай хардан зодсоны улмаас хохирогчид тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул прокуророос шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, ингэхдээ харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар,   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хэргийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн дүгнэлт нь зарим хэргийн бодит байдалтай нийцээгүй ба шүүхээс гаргасан  шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж үзлээ.

 

Учир нь:  шүүгдэгчийг 2015 онд Б.У-ийг зодож шүдийг нь хугалсан, 2018 оны 5 дугаар сард хөдөө машинтай аваачиж хутгаар хоолойг нь зүсэж, ална гэж айлгаж сүрдүүлсэн үйлдлийг тус тус  хангалттай шалгаж тогтоогоогүй, эдгээр үйлдлүүдээс хохирогчид учирсан шүдний хугарал, хоолойг хутгаар зүссэний улмаас хохирогчид хохирол учирсан байсан гэдгийг шинжээч томилж дүгнэлт гаргуулж тогтоолгох байсан боловч энэ ажиллагааг хийлгүйлгээр шүүх шүүгдэгч Т.М-ыг хохирогч Б.У-т дээрх гэмтлүүдийг учруулсан, эдгээр үйлдлийг хийхдээ хохирогчтой харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь хууль ёсны  байх зарчмыг алдагдуулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-д заасан зарчимд мөн нийцээгүй байна.

 

Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хохирол шаардахгүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй ба гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаа болон бусад байдлаар хохирол учирсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд хэрэгт ийнхүү шалгаж тогтоосон зүйлгүй, мөн тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл энэхүү нөхцөл байдлыг шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах замаар тогтоох боломжтой байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох ба шүүгдэгчийн хохирогч Б.Ууганчимэгийг 2015 онд зодож шүдийг хугалсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг,  мөн хуулийн 1201дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн аль тохирохоор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байсан боловч эдгээр 2 гэмт хэрэг нь хоёулаа мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч,  мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсныг прокурор, шүүх аль аль нь анхаараагүй шүүгдэгчийн энэхүү үйлдэлд хөөн хэлэлцэх хугацааг тооцоогүй  байна.

 

Прокурор шүүгдэгчийн 2015 оны үйлдэл, 2018 оны 05-р сарын үйлдэл, 2019 оны 01-р сарын 13-ны үйлдлүүдийг энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-р зүйлийн 3-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7-р зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж маргаж байгаа боловч үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үйлдэл тус бүрт хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байх нөхцөл хуульд заагдаагүйн гадна тухайн үйлдэл тус бүр нь гэмт хэргийн шинжийг агуулдаг тул уг үйлдэлд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэнэ гэж үзнэ.

 

Эндээс үзвэл шүүгдэгч Т.М-ын үйлдсэн гэх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс 2015 онд хохирогч Б.Ууганчимэгийн шүдийг хугалсан тухай үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүний үйлдсэн 2018 оны 05 дугаар сард хохирогчийн хоолойг зүсэж айлган сүрдүүлсэн,  2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогч Б.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэх гэмт хэргийн шинжид нийцээгүй буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэг болж чадаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Т.М-ыг анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 10 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул энэ гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн  1.2-т зааснаар  “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч Т.М нь хохирогч Б.У-ийг Шунхлай ШТС дээр ажлаа хийж байхад нь очиж бусадтай хардан зодсоны улмаас хохирогчид тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон шүүх эмнэлэгийн 02/059 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байгаа ба шүүгдэгч нь уг үйлдлийг хийсэн болохоо хүлээн мэдүүлдэг болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүхэд шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр давхар батлагдан тогтоогдож байна.

 

Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан ба тэдгээрээс хэрэгт нэмж шалгуулах талаар гомдол санал гаргаагүй байна.

 

Иймээс шүүгдэгч Т.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Шүүгдэгч Т.М-ын хохирогч Б.У-ийн эрх чөлөөнд халдаж биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5-15%-иар тогтонги алдагдуулсан гэмтэл учирсан, хохирогч Б.У нь шүүгдэгч Т.М-тай хамтран амьдарч байсан, тэдний дундаас хүүхэд төрсөн тул хохирогчийг шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид тус тус нийцсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болсон боловч түүнд энэ хуульд зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохироогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь “Номин тав трейд” ХХК-ийн харъяа Номин агуулах худалдаа Сайншанд салбарт поны жолоочоор ажилладаг тул түүнд энэ ял нь тохиромжгүй болсон байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс мөн хуульд заасан дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийтгэх нь “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзэж, ялыг өөрчиллөө.

 

Шүүгдэгч Т.М нь энэ хэргийн улмаас 53 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  2-т тус тус зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг шүүхээс оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцоход 795.000 төгрөг болж байх тул 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаас хасч, үлдэх 205.000 төгрөгийг улсын орлогод төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид энэ хуульд зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг зааж бичих байтал түүнийг журамлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл бий болсон байх тул түүнийг засах шаардлага гарсан байна.

 

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилаас гаргасан шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхийг хүссэн давж заалдсан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус зааснаар шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэх гэх тус тус үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч Ө овогт Т-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.” гэснийг,

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар прокуророос шүүгдэгч Т.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг,

 

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Т-ын М-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож,

 

3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж нэмж,

 

5, 6, 7, 8, 9 дүгээр заалтыг 4, 5, 6, 7, 8 гэж дугаарлан тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Т.М нь 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ын цагдан хоригдсон 53 хоногийн 1 хоногийг арван таван нэгжээр тооцож, 795 000 төгрөгийн торгох ялыг биелэгдсэнд тооцож, үлдэх 205 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС