Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 54

 

 

Б.Б, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1289 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1032 дугаар магадлалтай, Б.Б, Т.Б нарт холбогдох 1806000000395 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, хохирогч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Т-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 12 жил хорих ял, шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-гээс 12,785,976 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-т олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч Б.Б гаргасан гомдолдоо “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний болчимгүй байдлаас болж эрдэнэт хүний амь эрсдсэнд харамсаад барахгүй, ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн бөгөөд надад оногдуулсан ял шийтгэлийг үгүйсгэж гомдол гаргаагүй болно. Би эхнэр, хүүхэд, аав, ээж, дөрвөн дүүгийн хамт амьдардаг. Эхнэр маань 2018 оны 03 дугаар сард төрсөн. Аав, ээж хоёр минь ажил хийх боломжгүй, дүү Шинэсаран саяхан авто осолд орж биеийн байдал нь хүндхэн, ээж маань хагалгаанд орж миний хувьд болон ар гэрийн минь байдал маш хүнд байна. Энэ гэр бүлийг надаас өөр авч явах хүн байхгүй. Мөн хохирогчийн ар гэрт туслахыг маш их хүсэж байна. Шоронд цалинтай ажил байдаг бөгөөд тэр нь нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байгаа хүнд хамааралтай, цалин нь хохирол руу ордог тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэл болон дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн асуудал гараагүй. Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор заасан хохирлын мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч зүй бус үйлдэл гаргаагүй. Хохирогчийн үйлдэл нь аавыгаа зодож, бусдын биед гэмтэл учруулах зөрчлийг таслан зогсоох зорилгоор хийгдсэн байдаг. Ийм учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн боломжгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа боловч анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гэм буруугаа үгүйсгэж оролцож байсан.

Иймд шүүхээс оногдуулсан ял, уг ялыг эдлэх дэглэм нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Т.Б нарт холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байгаа.

Давж заалдах шатны шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-т 11 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс ял оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирлоо барагдуулаагүй, талийгаач нь удам залгах ганц хүү байсан, 20 насандаа хүний гарт амиа алдсан, эхнэр нь бага насны хүүхэдтэй, жирэмсэн хоцорсон гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг харгалзан үзэж гэж хуульд байхгүй зүйлийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, 12 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн атлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үндэслэж, улсын яллагчийн саналаас дээгүүр 12 жил хорих ял оногдуулсан. Хорих ялын хэмжээ нь хуульд заасан хугацаанд байгаа боловч үндэслэлээ тайлбарлахдаа дээрх зүйлийг дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч Б.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Т.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн Х дүгээр гудамжны Х тоотод “аавтайгаа хэрүүл, зодоон хийлээ” гэх шалтгаанаар Т.Б-тэй маргалдаж, Т.Б нь гэрийн гадаа байсан найз Г.Г, П.Ч нарыг дуудаж, тэд гэрт орж ирснээр хэрүүл, маргаан үргэлжилж Т.Б, П.Ч нар нь Б.Б-ын толгой руу зуухны төмөр тагаар цохиж, бие биенийгээ тоосгоор шидэлцэн, харилцан зодолдох явцад шүүгдэгч Б.Б нь гэрээсээ хутга авч гарч ирэн П.Ч-гийн хэвлийн тус газар хутгалж алсан,

шүүгдэгч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-тэй маргалдан, түүний толгойн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Т.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Б-гийн хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, Т.Б-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах хууль зүйн үндэслэл болох бөгөөд түүний үйлдэлд хорих ялыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 12 жил хорих ялыг 9 жил болгон хөнгөрүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч, хохирогч Б.Б-гийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1289 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1032 дугаар магадлалд

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 9 /ес/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН