Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 63

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                        Хэргийн индекс.114/2016/0054/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарйин бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Капитал Хаузын 3 давхарт байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч:  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/76 дугаар захирамжийн 1, 3 дахь хэсгийн “Шунхлай Петролиум” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд:

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                Я.Жамц                                                        

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                   Г.Энхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Жамц шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа:- “*******” ХХК  нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 349 дүгээр захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол  Дархан Номин худалдааны төвийн ар талд 5995 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшиж ирсэн. Манай компанийн зүгээс дээрх газрыг эзэмших хугацаандаа Газрын тухай  хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ цаг тухайд нь биелүүлж байсан. Гэтэл одоогийн Засаг дарга А.******* нь  2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр А/76 тоот захирамж гаргаж, тус захирамжийн 1 дэх заалтаар “Шунхлай” ХХК-ийн 4200 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 3 дахь заалтаар “*******” ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 349 дүгээр захирамжаар эзэмшсэн газрын 4200 м.кв хэсгийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож, манай компанийн хууль ёсоор газар эзэмших эрхийг ноцтой зөрчлөө. Дээрх захирамж гарсныг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 230 тоот албан бичгээр мэдэгдсэнийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан.

Манай компанийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр дуусгавар болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь уг захиргааны актад тодорхой бус, ойлгомжгүй байна. Манай компани анх 2003 онд энэ газрыг “*******” нэртэй байхаасаа эзэмшиж байгаад  2013 онд нэрээ сольж Аймгийн Засаг даргын 2013 оны 349 дүгээр захирамжаар  “*******”ХХК-аас  “*******” ХХК-д газрыг шилжүүлсэн юм.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/76 дугаар захирамжийн 1, 3 дахь хэсгийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.******* шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаар захирамжаар “Шунхлай” ХХК-нь Глобаллайн ХХК-аас Дархан сумын 8 дугаар баг “*******” ХХК-ийн ШТС-ын зүүн талд байрлах 2100 м.кв газрыг шутахуун түгээх станцын зориулалтаар шилжүүлэн авчээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 239 дүгээр захирамжаар 6000 м.кв газрыг Дархан сумын 15 дугаар баг, Да Сэ худалдааны төвийн зүүн талд Шатахуун түгээх станцын зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 389 дүгээр захирамжаар газар эзэмших хугацааг 20 жилээр сунгасан байна. Компанийн нэр өөрчлөгдсөн тул  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 349 дүгээр захирамжаар *******” ХХК-иас ******* ХХК-д:

1.Дархан сумын 8 дугаар баг Дэвшил ШТС-4 байрлалд 1547 м.кв газрыг ШТС-ын зориулалтаар 20 жилийн хугацаагаар,

2.Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хороолол, Дархан номин худалдааны төвийн ард ШТС-2 байрлалд 5995 м.кв газрыг ШТС-ын зориулалтаар 20 жилийн хугацаагаар,

3.Дархан сум Өргөө багийн Дархан сумын ЗДТГ-ын зүүн хойно ШТС-3 байрлалд 1387 м.кв газрыг ШТС-ын зориулалтаар 20 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлжээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/76 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн  21.3.2, 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн “*******” ХХК-ний газар эзэмших гэрчилгээг цуцалсан болно.

“Шунхлай петролиум” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/76 дугаартай захирамжийн 1,3 дугаар хэсгийн  “Шунхлай петролиум” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 349 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-д зааснаар  “*******” ХХК-аас “*******” ХХК-ний нэр дээр Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хороолол, Дархан-Номин худалдааны төвийн ард Шатахуун түгээх станцын зориулалтаар 5995 м2 газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан болох нь 2013 оны 349 дүгээр захирамж, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газар эзэмших эрхийн 000301097 дугаартай гэрчилгээ, газрын төлбөр төлсөн төлбөрийн даалгаварын хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын эзэмшдэг дээрх 5995 м2 газраас хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/76 дугаар захирамжийн 1 дэх заалтаар  Дархан-Номингийн хойд талд “Шунхлай” ХХК-ийн 4200 м2 газар эзэмших эрх, 3 дахь заалтаар 2013 оны 349 дүгээр захирамжийн хавсралтын 52 дахь хэсэгт хамаарах “*******” ХХК-ийн 5995 м2 газар эзэмших эрхийн 4200 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа  Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасан аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг,  21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан аймгийн Засаг даргаас газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ сумын Засаг даргаас санал авсан байх үүргийг, 40 дүгээр зүйлийн 40.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна” гэж заасан Засаг даргаас гаргасан шийдвэрээ  мэдэгдэх үүргийг, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно ”гэж заасан нь нэхэмжлэгчид газар анх эзэмшүүлсэн шийдвэр нь хууль зөрчсөн, эзэмшүүлсэн газар нь бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчсөн байх нөхцөлд хүчингүй болгох хуулийн зүйл, заалтыг тус тус  үндэслэсэн нь Засаг дарга Газрын тухай хуульд заасан бүрэн эрх болон хуулийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэж захирамжийн тэргүү хэсэгт тодорхойлсон боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан  гол үндэслэх хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, ямар үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь тодорхойгүй, захирамж нь зорилгодоо нийцээгүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчимтай нийцэхгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.*******оос гаргасан маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/76 дугаартай захирамжийн 1,3 дахь хэсгийн  “Шунхлай петролиум” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/76 дугаар захирамжийн 1, 3 дахь хэсгийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       З.ЭНХТУЯА