Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00828

 

 

“Говь Урал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШШ2016/01631 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 758 дугаар магадлалтай,

“Говь Урал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг хариуцагч зөрчсөн тул хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг                                               

Нэхэмжлэгч “Говь Урал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Буяннэмэхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунбилэг, өмгөөлөгч П.Еркебулан, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Говь Урал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн шүүх 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар бүхий “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Тээвэр хөгжлийн банкнаас “Говь-Урал” ХХК-д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 1,270.622.483 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ тэдгээр талуудын хооронд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г үндэслэл болгосон. Уг эвлэрлийн гэрээнд үндсэн үүргээ хариуцагч “Говь-Урал” ХХК нь ямар ч зөрчилгүйгээр биелүүлж,

Тухайлбал 2010.07.09-нд 16.000.000 төгрөг, 2010.07.19-нд 20.000.000 төгрөг, 2010.07.24-нд 64.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг, 2010.08.25-нд 99.690.000, 2010.08.26-нд 310.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөг, 2010.09.24-нд 100.000.000 төгрөг, 2010.10 сард 100.000.000 төгрөг, 2010.11 сард 100.000.000 төгрөг, 2010.12 сард 100.000.000 төгрөг, 2011.02.16-нд 56.000.000, 2011.02.18-нд 20.000.000 төгрөг, нийт 675.917.650 төгрөгийн төлбөрийг тус тус хийж гэрээнд заасан төлбөрийн хэмжээ, төлбөрийн хуваарийг ягштал баримтлан нэг ч удаа төлбөрийн графикийг тасалдуулалгүй ажиллаж байсан юм. Эвлэрлийн гэрээгээр тогтоосон, дараагийн сарын ээлжит төлбөрөө хийх гэж байтал нэхэмжлэгч "Тээвэр хөгжлийн банк”-ны зүгээс хүсэлт гаргаж “Говь-Урал” ХХК-ийн 2,226.345.216 төгрөгийн төлбөрт “Таван толгой” ХК-ийн 10231 ширхэг хувьцааг банк өмчлөлдөө авах, төлбөрөөс илүү гарсан мөнгөн хөрөнгийг уг хувьцааг эзэмшигчид шилжүүлэх хүсэлт гаргасныг манай компани хүлээн авснаар бидний хооронд 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ” байгуулагдсан билээ. Уг гэрээний 1.1-д талууд гэрээний гол зорилго, нөхцөлийг “Говь-Урал” ХХК болон Тээвэр хөгжлийн банкны хооронд 2007, 2008 онуудад байгуулагдсан Зээлийн болон Барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүрэг буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар “Эвлэрлийн гэрээ”-г баталсан Шүүгчийн захирамжийг биелүүлэхэд оршино” гэж тодорхойлсон юм. Түүнчлэн энэ нөхцөлөө гэрээний “А” талын эрх, үүрэг хэсэгт илүү нарийвчлан зааж, тухайлбал А тал нь В /хувьцаа эзэмшигч/ талын зөвшөөрлийн дагуу "Таван толгой” ХК-ийн10231 /тэр үеийн/ ширхэг хувьцааг 2,226.345.216 төгрөгийн төлбөрт тооцсон Тээвэр хөгжлийн банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авна, ийнхүү өмчлөлд шилжүүлэн авахдаа зээлийн төлбөрөөс илүү гарсан хөрөнгийг Тээвэр хөгжлийн банк дахь “В” талын дансанд шилжүүлэх үүрэгтэй, хувьцаа зарах хугацаа буюу 2011 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш хувьцаа зарагдаагүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 816 дугаар захирамжийг биелүүлэх асуудлаар талууд тохиролцохдоо “В” талын өмчлөлийн хувьцааг банкны өмчлөлд шилжүүлэхдээ хувьцааны ханшнаас хамааруулж үнэлэн улмаар түүнийг худалдан борлуулсан үнээс тухайн үед үлдээд байсан үлдэгдэл төлбөр болох талуудын харилцан тооцоо нийлж баталгаажуулсан үнийн дүн болох 560.172.092 төгрөгийн төлбөрийг төлөөд түүнээс илүү гарсан мөнгийг “В” талд өгөхөөр тохиролцсон. Төлбөр авагч Тээвэр хөгжлийн банк, төлбөр төлөгч “Говь-Урал” ХХК-ийн хооронд 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ” нь тэдний хооронд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээ” түүнийг баталгаажуулан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Шүүгчийн захирамж, “Говь-Урал” ХХК-ийн төлбөр төлсөн график, “Говь-Урал” ХХК, түүнтэй холбоотой гэрээнүүдийн Тээвэр хөгжлийн банкинд төлөх өр төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргийг үндэслэн үйлдсэн бодит гэрээ бөгөөд өнөөдөр ч уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа болох нь Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Ийнхүү шүүгчийн 816 дугаар захирамжийн дагуу хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан эвлэрч сайн дураараа тохиролцон үлдэгдэл төлбөрийн үнийн дүнд хувьцааг төлбөр авагч өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, ийнхүү шилжүүлж авахдаа хувьцааны ханшнаас хамааруулж илүү гарсан мөнгөн хөрөнгийг “В” талд буцаан өгөхөөр тохиролцож гэрээ байгуулснаар энэхүү 816 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийг хаах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3-д заасны Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэгэнт төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь эвлэрэн хэлэлцэж дуусгавар болсон гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар дуусгавар болгосон шийдвэр гаргалгүй үргэлжлүүлэн явуулж хууль зөрчсөөр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.2-т “Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасныг үндэслэн хамгийн сүүлд буюу 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дээд албан тушаалтан болох Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдөр албан бичгээр хариу өгөхдөө гүйцэтгэлийн хувийн хэргийг бүхэлд нь татаж хяналаа гэсэн атлаа мөн л доод шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг илэрхий хамгаалсан төдийгүй манай компанийн төлбөрийн үлдэгдлийн дүн 560.170.092 төгрөг байхад түүнийг 1,236.087.732 төгрөг гэж худлаа дүгнэн, улмаар төлбөрийг огт төлөөгүй мэтээр бичсэн үндэслэлгүй хариуг Говь-Сүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж улмаар үйл ажиллагаа явагдсаны дараа төлбөр төлөгчид албан тоотоор ирүүлснийг эс зөвшөөрч байна. “Говь-Урал” ХХК нь шүүхэд анх Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дyгаар захирамжийн дагуу үүсгэгдсэн төлбөр төлөгч “Говь-Урал” ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагч, төлбөр төлөгч нар хоорондоо эвлэрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.1.3-т зааснаар дуусгавар болсонд тооцож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга бөгөөд Улсын Ерөнхий гүйцэтгэгчийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/740 тоот албан бичиг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Говь-Урал” ХХК-д холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг баримтлан “Говь-Урал” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хаах шийдвэр гаргахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай” гэсэн тайлбараараа тодорхой болгож хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга бөгөөд Улсын Ерөнхий гүйцэтгэгч гэснийг ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газар болгон тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг хариуцагч зөрчсөн тул хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар шүүгчийн захирамжаар “Говь-Урал” ХХК-иас 1,232.952.352 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 3.135.380 төгрөгийг хамт гаргуулж Тээвэр хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэснээс 560.170.092 төгрөгийг гүйцэтгүүлэхээр төлбөр авагч хүсэлт ирүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Говь-Урал” ХХК болон Тээвэр хөгжлийн банк, Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигч К.Д.Романовский нарын хооронд барьцааны үнэт цаасыг захиран зарцуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн өмчлөлийн Таван толгой ХК-ийн 10231 ширхэг хувьцааг борлуулан “Говь-Урал” ХХК-ийн нийт төлбөр зээлийг барагдуулахаар Тээвэр хөгжлийн банк тохиролцсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж шийдвэр гүйцэтгэх газарт 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргажээ. Гүйцэтгэлийн хувийн хэргийг хянаад гүйцэтгэх баримт бичгийн агуулга болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хуулийн үндэслэлгүй талаар 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/740 дугаар албан бичгээр “Говь-Урал” ХХК-д хариу хүргүүлсэн байна. Өргөдөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар бичсэн ба түүнд нийцүүлэн хариу хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй тул үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжаар “Говь-Урал” ХХК-иас 1,232.952.352 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 3.135.380 төгрөгийн хамт гаргуулж, Тээвэр хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Тээвэр хөгжлийн банк үлдэгдэл 560.170.092 төгрөгийн төлбөрийг барагдуулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус албанд ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 06 тоот тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Говь-Урал” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах барьцааны хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу битүүмжлэх ажиллагаа явуулсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 захирамжаар 1,236.087.742 төгрөгийг гаргуулж Тээвэр хөгжлийн банкинд олгох, зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан.Тус захирамжийн төлбөр төлөгч “Говь-Урал” ХХК нь 675.917.650 төгрөгийг төлсөн бөгөөд одоо тус банкинд Зээл, зээлийн хүүний үлдэгдэл 557.034.712 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3.135.380 төгрөг, нийт 560.170.092 төгрөг төлөх өрийн үлдэгдэлтэй байна. Энэхүү Чингэлтэй дүүргийн 816 тоот захирамжийн дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэлээ талууд 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тооцоо нийлэн акт үйлдсэн байгаа бөгөөд энэхүү захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. “Тээвэр хөгжлийн банк”, “Говь-Урал” ХХК болон Таван Толгой ХК-ийн хувьцааны эзэн Романовский нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх захиран зарцуулах гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээгээр талууд шүүгчийн 816 дугаар захирамжийг биелүүлж эвлэрсэн” гэх нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх захиран зарцуулах гэрээ” хэрэгжих боломжгүй буюу хэрэгжээгүй болно. Учир нь энэхүү дээр дурдсан талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх захиран зарцуулах гэрээ хэрэгжих боломжгүй буюу хэрэгжээгүй болно. Учир нь энэхүү гэрээний зүйл болох хувьцааны эзэн ОХУ-ын иргэн К.Д.Романовский өөрийн өмчлөлийн Таван толгой ХК-ийн 10231 ширхэг хувьцааг Таван Толгой Транс ХХК-д 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу энэ гэрээ байгуулахаас өмнө Хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдсан байсан. Улмаар К.Д.Романовский нь өөрийн байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсан. Нэхэмжлэгч К.Д.Романовский нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Монгол Улсын Дээд Шүүхэд К.Д.Романовский нэхэмжлэлтэй хэрэг хянагдаж байхад нэхэмжлэгч дээр дурдсан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж, энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон. Банк гэрээ байгуулсны дараа энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр Монголын Үнэт Цаас Төлбөр Тооцоо Төвлөрсөн хадгаламжийн Төвд хандсан албан бичиг байсан боловч дээрх шалтгаанаас болж шилжигдэж ирээгүй. Банк барьцааны гурван талт гэрээг хэрэгжих боломжгүй болсон талаар Говь-Урал ХХК-д мэдэгдсэн боловч албан ёсны хариу ирэхгүй байсан ба гэрээнээс татгалзсанаа хүлээн зөвшөөрч, 2013 оны 11 сарын 5-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Энэ бүхнийг үндэслэн банк шийдвэрээ гарган Хувьцаа худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаантай асуудалд эвлэрч 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 тоот захирамжаар эцэслэн шийдвэрлэгдэж одоо хүчин төгөлдөр байгаа болно. Талуудын хооронд үүссэн хувьцааны маргаан нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн тул Барьцааны гурван талт гэрээ үйлчлэх боломжгүй болсноор банк “Говь-Урал” ХХК-ийг шийдвэр гүйцэтгэлийн албанд хандан ажиллагаа эхлүүлсэн. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 тоот захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Тээвэр хөгжлийн банк болон төлбөр төлөгч “Говь Урал” ХХК-ийн хооронд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар эвлэрсэн, хуульд заасны дагуу энэ тухай манай банкны эрх бүхий этгээдийн гарын үсэгтэй, тамга, тэмдэгтэй албан ёсны бүрдэл хангагдсан баримт болох “тодорхойлолт” гаргасан асуудал огт байхгүй байгаа.

“Тээвэр хөгжлийн банк”, “Говь-Урал ХХК” болон Таван Толгой хувьцааны эзэн Рамановский нарын хооронд 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх захиран зарцуулах гэрээ” нь дээр дурдсан шалтгаануудын улмаас хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй болсон. Тийм учраас 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх захиран зарцуулах гэрээ”-г үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 тоот захирамжийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 16.1.3-т заасны дагуу дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. үүрэгтэй бөгөөд “Говь-Урал” ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж 2010 оноос хойш 5 жил гаруй хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөхгүй, элдэв арга саам хийж хугацаа хожин барьцааны хөрөнгүүдийг барьцаалагчийн зөвшөөрөлгүй захиран зарцуулж /хувьцаанаас гадна автомашин/ харилцагч хадгаламж эзэмшигч, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож байгаа. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзэж “Говь-Урал” ХХК-ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01631 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Говь-Урал” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж, “Говь-Урал” ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Говь-Урал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөгийг гаргуулж “Говь-Урал” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 758 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01631 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус холбогдуулан гаргасан хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаахыг даалгах тухай нэхэмжлэгч “Говь-Урал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээд Тээвэр хөгжлийн банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Говь Урал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Буяннэмэх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 758 тоот магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан “Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлтэй хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцэх явцад талууд харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарь гаргаж эвлэрснийг шүүхээс баталж 2010 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 816 дугаар захирамж гарсан байдаг. Говь Урал ХХК нь захирамжийн дагуу банкинд төлөх төлбөрийг огт хугацаа хэтрүүлэлгүй төлж байсан. Ийнхүү шүүгчийн захирамжийг Говь Урал ХХК нь ямар нэгэн зөрчилгүйгээр сайн дураар биелүүлж байх үед Тээвэр хөгжлийн банкнаас шинэ нөхцөл байдлаар тохиролцоо хийх саналыг ирүүлж талууд хэлэлцэн банкнаас ирүүлсэн саналыг хууль, шударга ёсны дагуу хүлээн авч 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-г эрх бүхий этгээдүүд оролцон 3 талаас байгуулсан болно. Энэхүү Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд бусад этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, өнөөдөр хүртэл хүчинтэй хэвээр байгаа, оролцогчдын хэн аль нь гэрээг дуусгавар болгох, цуцлах санал гаргаагүй байгаар нотлогдоно.

Магадлалд “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна” гэж дүгнэн дараах үйл баримтыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

1. 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өр төлбөрийн талаар тооцоо нийлсэн акт үйлдэж үлдэгдлийг 666 436 677,32 төгрөг гэж тооцсон бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 560 170 092 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг зөв хэмээн дүгнэсэн байна. Дээр дурьдсан маргааны агуулгад дотор яагаад 2013 оны I 1 дүгээр сарын 5-ны өдөр дахин тооцоо нийлсэн дурьдсан бөгөөд энэ нь дараах байдлаар төлбөр төлсөнөөр нотлогдоно.

2010.7.9 өдөр 16.000.000 төгрөг

2010.7.19 өдөр 20.000.000 төгрөг

2010.7.24 өдөр 64.000.000 төгрөг

2010.8.25 өдөр 99.690.000 төгрөг

2010.8.26 өдөр 310.000 төгрөг

2010.9.24 өдөр 100.000.000 төгрөг

2010.10 сард 100.000.000 төгрөг

2010.11 сард 100.000.000 төгрөг

2010.12 сард 100.000.000 төгрөг

2011.2.16 өдөр 56.000.000 төгрөг

2011.2.18 өдөр 20.000.000 төгрөг нийт 676.000.000 төгрөгийн төлбөрийг төлсөн бөгөөд үүнийг хүлээн авсан банк хүлээн зөвшөөрдөг.

2010 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 816 дугаар захирамжаар нийт 1,232.952.362 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон бөгөөд дээрх 676.000.000 төгрөгийг хасвал 556.952.362 төгрөг үлдэх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн хамт 560.170.092 төгрөг болж байгаа юм. Үүнийг 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гурван талт гэрээг байгуулахдаа буруу тооцсоныг 2013 оны засаж акт үйлдсэн болно. Үүнээс харвал Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс хойш Говь Урал ХХК 816 дугаар захирамжийн дагуу нэмж төлбөр төлсөн мэтээр харагдуулж Гуравдагч этгээдэд ашигтай байдлаар үнэлсэн тодорхой харагдана. Хэрэв давж заалдах шатны шүүхийн шүүгчид нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалсан бол цаг хугацааны хувь болоод үйлдэгдсэн актын хувьд 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 676 000 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдох байсан.

2. 2014 оны 12 дугаар сарын 4-ны өдөр олгогдсон 2527 тоот гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар талууд маргаагүй хэмээн өрөөсгөл дүгнэлтийг Давж заалдах шатны шүүх хийсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн Говь Урал ХХК-ийн удирдлагыг шийдвэр гүйцэтгэгч дуудсан цагаас эхлэн уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёсгүй талаар шийдвэр гүйцэтгэгчид тайлбарлан холбогдох гэрээ, бичиг баримтыг гаргаж өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагааг үргэлжлүүлэн хийсээр байсан тул гомдол гаргаж байсан талаар хавтаст хэрэгт тодорхой баримтаар авагдсан байгаа болно.

3. “Говь Урал” ХХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргаж байсан хүсэлт гомдлын талаар Давж заалдах шатны шүүх дурдсан байх бөгөөд эдгээр нь агуулгын хувьд ажиллагааг түдгэлзүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох агуулгатай болохыг дүгнэсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтээсээ зөвхөн Түдгэлзүүлэх тухай гомдол, хүсэлт гаргасан мэтээр хэт нэг талыг барьж эцсийн дүгнэлтээ гаргажээ. Говь Урал ХХК-ийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан удаа дараа хүсэлт, гомдол гаргаж холбогдох баримтыг хүргүүлсэн боловч огт хүлээн авч шийдвэрлээгүй. Иймд шүүхэд хандан хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаахыг даалгаж өгнө үү гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно. Давж заалдах шатны шүүх нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагч болон гуравдагч этгээд нарт хэт ашигтайгаар тайлбарлан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн болно.

4. Тээвэр хөгжлийн банк, ОХУ-ын иргэн К.Д. Романовский, Говь Урал ХХК-ийн хооронд байгуулсан “Барьцааны үнэт цаас шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт зааснаар талуудын гаргасан эвлэрлийн талаарх тодорхойлолт гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.2-д магадлалын үндэслэлийг тусгана гэж зохицуулсан. Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг ямар үндэслэлээр хийсэн тайлбарлах ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Уг дүгнэлтэндээ үндэслэлээ тайлбарлаагүй нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл юм. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Энэхүү хуулийн зохицуулалтыг шүүх дараах нөхцөл байдал, үйл баримтыг тодорхой үнэлсэний дараа хэрэглэх ёстой байсан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үндэслэл болсон 816 дугаар захирамж нь цаг хугацааны хувьд 2010 оны 5 дугаар сарын 19-ны өдөр гарсан

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх, гүйцэтгэх хуудас бичүүлсэн огноо нь 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр. Уг 2 он сарын хувь дунд нь нийтдээ 4 жил хагасын хугацаа байх бөгөөд 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр талууд “Барьцааны үнэт цаас шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ” байгуулсныг шүүх анхаарч үзэх ёстой байсан. Мөн 2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр талууд харилцан тохиролцож 3 талт гэрээг байгуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байсан бөгөөд энэ харилцаанд ямар нэг байдлаар ШШГЕГ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь огт хамааралгүй байсныг шүүх огт дүгнэж үзээгүй.

Мөн Улсын дээд шүүхээс 2007 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 43 дугаар тогтоол гарсныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх огг анхаарч үзэлгүй магадлалаа гаргасан. Уг тогтоолын 4.1.-д энэ зүйлийн 16.1.3-т заасан “тодорхойлолт” гэдэгт төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний хүсэл зоригоо бичгийн хэлбэрээр илэрхийлж, гарын үсгээр баталгаажуулсан баримт, төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий албан баримтыг тус тус ойлгоно. Үүнээс харвал талуудын хооронд байгуулсан 3 талт “Барьцааны үнэт цаас шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ” нь Улсын дээд шүүхийн тайлбар энэхүү хэсэгт хамаарч байгаа нь маш тодорхой нотлогдож байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагч болон гуравдагч этгээд нарт ашигтай тайлбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх тухай зохицуулалтыг ноцтой зөрчсөн бөгөөд Магадлалаа гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 758 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01631 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

“Говь-Урал” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг зөрчсөн тул хууль бус үйл ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хаахыг даалгаж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжаар “Говь Урал” ХХК нь Тээвэр хөгжлийн банкинд 1.232.952.362 төгрөг төлөх үүрэгтэй ба 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 560.170.092 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон 2527 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, улмаар 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулжээ /хавтаст хэргийн 11, 14-16, 56-57, 64-65 дугаар тал/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Тээвэр хөгжлийн банк, “Говь-Урал” ХХК болон К.Д.Романовский нарын хооронд 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаас шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”г дурдаж, уг гэрээний дагуу “Таван толгой” ХК-ийн 10231 ш хувьцааг банк өмчлөлдөө авах, төлбөрөөс илүү гарсан мөнгөн хөрөнгийг Тээвэр хөгжлийн банк дах В талын дансанд шилжүүлэхээр тохирч эвлэрсэн гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж заасан ба гүйцэтгэх баримт бичигт иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүний дотор эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас хамаарах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглохоор хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2-т зохицуулжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуульд заасан баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн гэх байдал тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх, “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөрөөс барагдуулаагүй хэсэгт ажиллагаа явуулах үүрэгтэй” гэж үзсэн атлаа “Барьцааны үнэт цаас шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-гээр төлбөр төлөгч, төлбөр авагч нар  шүүхийн шийдвэрт тусгагдсан өр төлбөрийг барагдуулах талаар тохиролцож гэрээ байгуулсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй гэсэн нь өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, ойлгомжгүй болсноос гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан дээрх гэрээний 1.1-д гэрээний зорилго нь “Тээвэр хөгжлийн банк” болон “Говь-Урал” ХХК-ийн хооронд 2007, 2008 онуудад байгуулагдсан Зээлийн болон Барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүрэг буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар “Эвлэрлийн гэрээ”-г баталсан Шүүгчийн захирамжийг биелүүлэх, тооцоо нийлсэн актын дагуу өр төлбөрийг барагдуулах зорилгоор К.Д.Романовскийн өмчлөлийн Таван толгой ХК-ийн 10231 ш хувьцааг борлуулан “Говь-Урал” ХХК-ийн нийт зээл өр төлбөр болох 2.226.345.216 төгрөгийг барагдуулахад оршино гэжээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Таван толгой транс” ХХК болон хариуцагч “Тээвэр хөгжлийн банк” нь “Таван толгой транс” ХХК болон ОХУ-ын иргэн Романовский К.Д нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээг Тээвэр хөгжлийн банк дэмжин зөвшөөрч, гэрээний зүйл 10.231 ш хувьцааг барьцаанаас чөлөөлөх, уг хувьцааны өмчлөх эрх “Таван толгой транс” ХХК-д үүсэх, “Таван толгой транс” ХХК хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ 800.000 ам долларыг Тээвэр хөгжлийн банкинд төлж эвлэрснийг баталж шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 19-20, 87-88 дугаар тал/.

Дээр дурдсанаас үзэхэд 10.231 ш хувьцаа хэний өмчлөлд байгаа, 800.000 ам.долларыг “Говь Урал” ХХК-ийн төлөх төлбөрт тооцсон эсэх, дээрх төлбөртэй холбоотой өөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа эсэх нь тодорхой бус энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах, ийнхүү тодорхой болсноор зохигчид мэтгэлцэх, шүүх холбогдох хуулийг зөв хэрэглэх нөхцөл бүрдэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд нэхэмжлэлийн талаар мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх болон хэрэгт байгаа баримтын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01631 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 758 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ