Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00666

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00666

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********************* оршин суух, Б.П-(Р*****************),

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00589/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1969 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал хотод төрсөн. 55 настай. Одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны 49 дүгээр гудамжны 34А тоотод амьдарч байгаа. Шүүхэд хүсэлт гаргах шалтгаан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандсан.

Би 1987 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Тус оныхоо 11 дүгээр сарын 19-ний өдрөөс Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт сав угаагчаар ажилд орж байсан. Тэгээд 1988 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан. Мөн 1988 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 1988 оны  7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэг асрагчаар түр ажилласан. 1988 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр ажилласан. 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд цэвэрлэгчээр ажилласан. 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх тохиролцооны худалдааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж шүүхэд хандсан.

Би тэтгэвэр тогтоолгох гээд нягтлан дээрээ ороход та нийгмийн даатгалын байцаагч руу очоод бичиг баримтаа бүрдүүлээд шалгуулаад ир гэж хэлсэн. 36 жил ажилласан тэтгэмжээ тогтоолгох гэхэд таны дээр дурдсан жилүүд тооцогдохгүй байна. Та шүүхэд хандаад ажилласан жилээ тогтоолго гэж хэлсэн. Тэгээд шүүхэд хандах болсон. Би 11 жилийг нөхөн тооцуулсан.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сав угаагч, асрагчаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1988 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Би уг нь бодит байдал дээр 1994 оны 11 сар хүртэл ажилласан. Гэтэл 1990 оноос 2000 оныг дуустал нөхөн даатгалд хамрагдсан байгаа учир үүнийг тодруулж байгаад дахин шүүхэд хандана....гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль журмын дагуу шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж байна. Шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаагаа нийгмийн даатгалын улсын байцаагч болон нийгмийн даатгалаас тодруулж хасалт хийлгэсний дараа тус шүүхэд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 59 минутад №0300 бүртгэлийн дугаартай иргэн Б.А олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/282 дугаартай албан бичиг, №021737 дугаартай Б.Пд Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгээс 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай захирамжийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай захирамжийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай захирамжийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 72 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай захирамжийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай захирамжийн архивын хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 3-12, 36, 51-52 дугаар тал)

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Э.Ц, Б.Ц нарын мэдүүлэг (хх-ийн 37-40 дүгээр тал), мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №753371 бүртгэлийн дугаартай лавлагаа,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/643 дугаартай албан бичээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын хуулбар, №7 хаягийн хуудас маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 11/534 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/317 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. (хх-ийн 26-31, 34-35 дугаар тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.П-нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тэтгэвэрт орох нас болж байгаа учир ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сав угаагч, асрагчаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Б.П-өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.П-нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сав угаагч, асрагчаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгээс 021737 дугаартай 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон “01. 1987 оны 11 дүгээр сарын 19. Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт сав угаагчаар авч ажиллуулав. Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05 тоот тушаалаар, 02. 1988 оны 6 дугаар сарын 06. Сав угаагчийн ажилд өөр хүн орж ажилласан тул сав угаагчийн ажлаас чөлөөлж асрагчаар түр ажиллуулав. Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09 тоот тушаалаар, 03. 1988 оны 7 дугаар сарын 31. Асрагч Дуламжав нь ажилдаа орсон тул 1 дүгээр цэцэрлэгийн асрагчийн ажлаас чөлөөлж хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв. Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17 тоот тушаалаар, 04. 1988 оны 8 дугаар сарын 01. Хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр авч ажиллуулав. Хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 55 тоот захирамжаар, 05. 1989 оны 4 дүгээр сарын 12. Тахир дутуугийн 2 дугаар грүппт орсон тул бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Хатгал хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тоот захирамжаар, 06.1990 оны 11 дүгээр сарын 01. Хатгал хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр авч ажиллуулав. Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 72 дугаар захирамж” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6, 12 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “...ОСТ-ны I хорооны иргэн Б овогтой П хотын гүйцэтгэх захиргааны бичээчээр 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус 3 сарын хугацаатай түр томилсугай...” гэх бичилттэй №55 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай” захирамжийн архивын хуулбар (хх-ийн 7 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “...Комиссын дарга Ц.Л- Биеийн тамирын арга зүйч, гишүүд гэх жагсаалтад Б.П- Бичээч” гэх бичилттэй №65 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” захирамжийн архивын хуулбар (хх-ийн 9 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “...1.Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны бичээч Б овогтой П нь эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 0059057 тоот актаар тахир дутуугийн 2 дугаар грүппэд орсон тул 1989 оны 4 дүгээр сарын 12-ноос бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлж үйлчлэгчээр түр ажиллаж байсан Б.У-ыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай бичээчээр авч ажиллуулсугай...” гэх бичилттэй №26 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай” захирамжийн архивын хуулбар (хх-ийн 8 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/643 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын хуулбар, №7 хаягийн хуудас маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбарууд, Б.П“Ажиллдаг гэх хэсэгт Хотын захиргаа, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт бичээч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Хатгал, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.9.21” гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын хуулбар (хх-ийн 27-31 дүгээр тал),

Гэрч Э.Ц************* “...Би Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цэвэрлэгч, үйлчлэгчээр ажилд орсон. Намайг ажилд орох үед Б.П-нь тус захиргаанд бичээчээр ажиллаж байсан. Б.П-нь 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд түр ажилаасаа чөлөөлөгдөн тахир дутуугийн 2 дугаар грүппт байсан....” гэх мэдүүлэг,

гэрч Б.Ц*************** “...Намайг 1988 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт асрагч, туслагч, угаагчаар ажилд орох үед Б.П-нь тус цэцэрлэгт сав угаагч, асрагчаар ажиллаж байсан юм. Би Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт 1988 оноос 1992 он хүртэл ажилласан. Харин Б.П-нь тус цэцэрлэгт 8 сар ажиллаад Хөвсгөл аймгийн Хатгал хотын Захиргаанд ажилд орсон....” гэх мэдүүлэг (хх-ийн 37-40 дүгээр тал),

гэрч Э.Ц************ ажиллаж байсан байдлаа нотолсон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01118 дугаартай шийдвэр (хх-ийн 41-46 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Б.П- Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сав угаагч, асрагчаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Б.П-д холбогдох Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивйн тасгийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 11/534 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул Б.Пд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх бичилттэй албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 34 дүгээр тал)

Нэхэмжлэгч Б.П-нь 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь №1722000167 дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 26 дугаар тал)

Нэхэмжлэгч Б.П улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайтан Б.П (Р*************)-гийн Хөвсгөл аймгийн Хатгал хотын 1 дүгээр цэцэрлэгт 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сав угаагч, асрагчаар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.П улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийд вэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЮУНЖАРГАЛ