Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00450

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00450

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, Б.С (Р*************),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00372/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.С нь 1969 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 1977 оноос 1986 оныг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Төв аймгийн Баян-Чандмань сумын Техник мэргэжлийн сургуульд 1986 онд элсэн орж 1988 онд фермерийн механикжуулагч мэргэжлээр төгссөн.

Техник мэргэжлийн сургуулиа төгсөж ирээд чөлөөтэй байсан хүний оронд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн аж ахуйн ахуй үйлчилгээний төвд 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хими цэвэрлэгээний индүүчнээр ажиллаж байсан.

Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл архиваас ажилд орсон тушаал олдохгүй байгаа. Ажлаас гарсан тушаал бол байгаа. Ийм шалтгаанаар шүүхэд хандсан байгаа.

Иймд миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн аж ахуйн ахуй үйлчилгээний төвд 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хими цэвэрлэгээний индүүчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв. 

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.С-д 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Техник мэргэжлийн дунд сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11/270 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн №26 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 1-6 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.Б, А.М нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 29-32 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/459 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хх-ийн 22-25 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/365 дугаартай албан бичиг (хх-ийн 26 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11/413 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №35 дугаар “Зарим ажилчдыг ажлаас өөрчлөх болон шинээр ажилд авах тухай” тушаалын архивын хуулбар, (хх-ийн 33-34 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газраас Тосонцэнгэл сумын “НААҮ”-ний төвд ажиллаж байсан Б.С-гийн 1988-1989 оны цалингийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд, (хх-ийн 35-44 дүгээр тал) зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн аж ахуйн ахуй үйлчилгээний төвд 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хими цэвэрлэгээний индүүчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар нэхэмжлэгч Б.С өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.С нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн аж ахуйн ахуй үйлчилгээний төвд 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хими цэвэрлэгээний индүүчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Нэхэмжлэгчийн Төв аймгийн Баянчандмань сумын Техник мэргэжлийн дунд сургуулийн захиргаанаас олгосон 197916 дугаартай 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон “01. 1985 оны 9 сарын 01. Төв аймаг Баянчандмань сумын Техник мэргэжлийн дунд сургуулийн ферм механикжуулалтын ангид сурагчаар элсүүлэн суралцуулав. Сургуулийн захирлын 1985 оны тушаалаар, 02. 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг Баянчандмань сургууль дах техник мэргэжлийн захиргааны дунд сургуулийн фермийн механикжуулалтын ангид 1988 оны 6 сарын 25-ны өдөр суралцаж төгсөв. 03. 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын НАААҮ-ний төвийн хими цэвэрлэгээний индүүчнээр НАААҮ-ний төвийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 20-ны 35 тоот тушаалаар хүний оронд түр авч ажиллуулав. 04. 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орны хүн нь ажилдаа орох болсон тул ажлаас чөлөөлж сумын хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчийн мэдэлд шилжүүлэв. НАААҮ-ний төвийн даргын 1989.06.08-ны өдрийн 26 тоот тушаалаар” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “...Б.С-г орны хүн нь ажилдаа орох болсон тул 1989 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн индүүчингийн үүрэгт ажлаас чөлөөлж сумын хөдөлмөр, нийгэм хангамжын байцаагчийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй 26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын архивын хуулбар (хх-ийн 6 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газраас 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3/193 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.Сгийн 1988 оны 9 дүгээр сараас 1989 оны 4 дүгээр саруудын цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд (хх-ийн 35-44 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/459 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...5. Овог: Б, 6. Нэр: С... 14. Ажилладаг: Тосонцэнгэл ахуй үйлчилгээ, ажилд орсон он: 1988, цех тасаг 4-р бригад, эрхэлдэг ажил: индүүчин, оршдог сум район: Тосонцэнгэл... бүртгэгчийн нэр: Түдэвпунцаг, он сар өдөр: 1988 оны 12 сарын 29...” гэх бичилттэй ХААТР-1 (А) маягтын хуулбар (хх-ийн 23 дугаар тал),

гэрч Я.Б************ “...Б.С нь 1988 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Халуун усанд индүүчнээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа цагаан хэрэглэл индүүддэг байсан. Тэгээд 1989 оны 6 дугаар сар хавьцаа ажлаас гарсан. Тэрээр жил шахуу л ажилласан....” гэх мэдүүлэг,

гэрч А.М************** “...Б.С нь 1988 оноос 1989 оны 6 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ахуйн үйлчилгээний хими цэвэрлэгээнд ажилладаг байсан. Би тэр үед гуталчин хийж байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-32 дугаар талзэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Б.С-гийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн аж ахуйн ахуй үйлчилгээний төвд 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хими цэвэрлэгээний индүүчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Б.С-г ажилд томилсон болон тэдгээртэй холбоотой тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Тус аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1988-1989 оны тушаал шүүж үзэхэд Б.С-тай холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 11/365 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 5, 26 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.С (Р*********)-гийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Нийтийн аж ахуйн ахуй үйлчилгээний төвд 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хими цэвэрлэгээний индүүчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЮУНЖАРГАЛ