Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 121

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Ч.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чогсомын Г од холбогдох эрүүгийн 201715000148 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , Боржигон овогт Ч.Г

      Шүүгдэгч Ч.Г  нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 9-09 тоотод Т.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Т.Дын цээж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Ч.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед намайг гэртээ унтаж байхад Т.Д манай  гэрт согтуу орж ирж намайг сэрээгээд архины мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би босч Т.Д-ыг гудамжны үзүүрт хүргэж өгөөд гэртээ ирсэн. Гэтэл удалгүй араас Т.Д гэрт орж ирж намайг түлхэж, 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Т.Д-ыг модоор цохисон нь үнэн...” гэв.

            Хохирогч Т.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зүс таньдаг мотоциклийн таксинд талбайн баруун талд зогсдог залуутай захын хойно таараад 2 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” пивыг хоёулаа хувааж уучихаад салцгаасан. Тэр залуу айлд очно гээд яваад өгсөн. ...Би Ч.Г ын гэрээс гарч явахад Ч.Г  араас модоор миний толгойны дагз хэсэг рүү модоор цохьсон. Би эргээд хартал Ч.Г  миний цээж рүү барьж байсан модоороо цохисноос хойш юу болсноо мэдэхгүй байна. Би нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон. ...Толгойдоо гэмтэл авсан, цээж хөндүүр байгаа. Өөр гэмтэл шарх байхгүй. ...Эмнэлгийн ор хоногийн мөнгийг Ч.Г  төлсөн. Томографикийг 75.000 төгрөгийг эмнэлэгт өгсөн. Нийт 380.000 төгрөгийн зардал төлсөн. Цаашид эрүүл мэндтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ. Холбогдох баримт одоогоор байхгүй ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 хуудас/,

                Гэрч А.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг хүнс бараан захын хойно би Т.Д-тай таарсан. Тэгээд бид хоёр зах дотор байх “Очир хурд” дэлгүүрээс гар утасны цэнэглэгч аваад захаас хойшоо гарсан. Тэгсэн Т.Д ганц юм аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь Арвайхээр сумын 8 дугаар баг “Сод” дэлгүүрээс 2.5 литрийн “Сэрүүн” пиво нэгийг, нэг ширхэг “Алтан навчис” гэсэн тамхитай авч өгсөн. ...Т.Д нь хөл дээрээ тогтож чадахгүй гуйваад байсан. “...Талбай дээр таксинд зогсдог найзтайгаа уулзана гэж байсан. Яг хэн гэдгийг нь хэлээгүй. ...Т.Д  ер нь бол согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ер нь хүнээс хэрүүл гуйгаад, хэрэлдэх гээд л байдаг юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28 хуудас/,

                Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би айлын мал үзчихээд гэртээ ирэхэд Т.Д их согтчихсон Ч.Г  ахтай хашаан дотор барилцаж аваад, Ч.Г  ахын хэвлий хэсэг гараараа 4-5 удаа цохиод гөлөг минь гээд хараагаад байсан. Тэр хоёрыг салгаад Ч.Г  ахыг аваад гэртээ орсон. Т.Д хашааны гадаа орилоод үлдэхээр нь хашааны хаалгаа түгжчихсэн. Д хашааг онгойлгоод Ч.Г  ахын гэр лүү орсон. ...Т.Д гэрт орилоод байхаар Ч.Г  ах гэртээ ороод 5 минут орчим болоод гарч ирэхгүй байхаар нь гэр лүү нь араас нь орох гэтэл урдаас Ч.Г , Т.Д хоёр гэрээс барилцаад авчихсан хэрэлдээд гарч ирсэн. Т.Дын найз хүүхэн хашааны гаднаас орж ирэхээр нь Т.Д-ыг аваад яв согтуурхаад байна гэхэд миний үгэнд ордоггүй юм надад дийлдэхгүй, Т.Дын ээжид нь хэл гэхээр Т.Дын найз хүүхэнийг   Ч.Г  ахынд дагуулж ороод Ганбаатарын утсаар Т.Дын найз хүүхнээр эхэлж яриулаад, сүүлд нь Ц.О эгч утсаар бас яриад байсан. ...Т.Д нь Ч.Г ыг нүүр, толгой цээж рүү нь гараараа цохиод байхаар нь би аав шигээ хүнийг яаж байгаа юм гээд учирлаж хэлэхэд үгэнд орохгүй Ч.Г  ах руу дайраад байсан. Би тэр хоёрыг салгаад л гэртээ ороод байж байтал Т.Дын найз хүүхэн орилоод уйлаад байхаар гэрээс гүйгээд гартал Т.Д нь газар ухаан алдаад уначихсан, найз хүүхэн толгойг тэвэрчихсэн уйлж орилоод байж байсан. Ч.Г  ах гартаа мод барьчихсан зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Ч.Г  ах Т.Д-ыг модоор цохичлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 хуудас/,

                Гэрч Б.Минждолгорын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Ч.Г  ах бага зэргийн архи хэрэглэчихсэн Т.Д нилээн согтуу орж ирээд Ч.Г  ахтай хашаан дотор чанга, чанга дуугараад маргалдаад Т.Д нь Ч.Г  ахаас хэрүүл гуйгаад байгаа бололтой байсан. ...Би тэгээд дэлгүүр орох гээд явж байхад гудамжны зүүн үзүүр дээр Т.Д*ын эхнэр М.Б-той таараад танай нөхөр Т.Д, Ч.Г  ахтай маргалдаад хашаанд байна нөхрөө очиж ав гэж хэлчихээд дэлгүүр лүү орсон. Дэлгүүр орчихоод гараад иртэл М.Буянтогтох байхгүй байсан. ...Т.Дын эхнэр М.Буянтогтох хашаан дотор орилохоор нь нөхөртэйгээ хамт гарсан чинь Т.Д нь газар уначихсан М.Буянтогтох нь толгойг нь түшчихсэн сууж байсан. Ч.Г  ах тэр хоёрын ойролцоо ганцаараа зогсож байсан. ...Т.Д нь Ч.Г  ахад агсам тавиад хэрүүл гуйгаад байсан. ... Хашаанд Т.Дын найз хүүхэн /Буянтогтох/, Ч.Г , Т.Д, гурав байсан. Өөр хүн хашаанд байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30 хуудас/,

                Гэрч Ц.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний орой 21 цагийн орчим нөхөр Ч.Г , охин Д нартай гэртээ байж байтал Т.Д согтуу ганцаараа гэрт орж ирээд архины мөнгө байна уу гэж нэхэхээр нь байхгүй гэсэн. Орон дээр унтаж байсан Ч.Г ыг сэрээгээд Т.Д архины мөнгө нэхээд байхаар нь Ч.Г , Т.Д-ыг гэрээс авч гараад гудамжны үзүүр хүртэл дөхүүлж өгсөн. ...Ч.Г  орж ирэхгүй нилээн удсан нилээн удсан чинь Б.М орж ирж хэлэхдээ Ч.Г  нь Т.Д-ыг модоор цохичихсон чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Би гэрээс гараад хартал Т.Д хашаан дотор хэвтэж байсан. Эмнэлэгт дуудлага өгсөн боловч ирэхгүй байхаар нь Д.Батнасан, Ч.Г  нар машинтай Т.Д-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

                Гэрч М.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Т.Д-ыг явъя гэсэн чинь, эд нар намайг доромжлоод байна, би хариугаа авч байж явна гээд явахгүй байсан. Тэгээд би явъя гэсэн дийлэхгүй байхаар нь би Т.Д-ын ээж рүү нь залгаад Т.Д, Ч.Г  ахтай хэрэлдээд байна гэсэн чинь би эмнэлэг дээр охиноо сахиж байна, чи аргалаад аваад ир гэсэн. Тэгээд би аргалж авч явах гээд болдоггүй, тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгсэн Ч.Г  ах гэрийнхээ хойноос нэг мод авч ирснээ шууд Т.Д-ын цээж болон нүүр лүү 2 удаа цохиод авсан. Тэгсэн Т.Д ухаан алдаад ойчсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

                Шүүгдэгч Ч.Г ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Т.Д гэрийн гадаа гараад миний араас гараараа түлхээд би унахдаа хоёр гараараа газар тулаад унасан. Намайг газар уначихсан байхад Д миний цээж рүү З-4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Т.Д хөлөөрөө өшиглөөд болихгүй байсан тул хураалттай түлээний ойролцоо байсан модыг аваад Т.Д-ын цээж рүү 1 удаа цохисон чинь Т.Д хойшоо бөгсөөрөө унаад ухаан алдаад уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114, 116 дүгээр хуудас/,

                Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн №191 дугаартай: “...Т.Д-ын биед зүүн чамархай ясны хугарал, зүүн гайморын хөндийн гадна ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, зүүн хацар, цээжний хэсгийн зулгаралт, зүүн чамархай, цээжний зүүн урд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

                Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 368 дугаартай: “... Т.Д-ын биед учирсан зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн ар ханын цөмөрсөн хугарал нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэмтэл байна. Т.Дын биед учирсан зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн ар ханын цөмөрсөн хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байсан байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 172 дугаар хуудас/          

                Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ий 01 дүгээр хуудас/,

                Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

                Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

                Түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

                Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

                Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолууд /хх-ийн 16, 18 дугаар хуудас/,

                Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолууд /хх-ийн 17, 19 дүгээр хуудас/,

                Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 124-125 дугаар хуудас/,

                2017 оны 06 сарын 02-ны өдрийн №4170 дугаартай өвчний түүх /хх-ийн 99-107 дугаар хуудас/,

                Шүүгдэгч Ч.Г ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 117, 119-120, 122 дугаар хуудас/,

                Шүүгдэгч Ч.Г ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 дугаар хуудас/,

                Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах...” тухай тогтоол /хх-ийн 115 дугаар хуудас/,

                Шүүгдэгч Ч.Г ын сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 113-114, 116 дугаар хуудас/

                Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарын хохирол хүлээн авсан тухай тэмдэглэл: “…Ч.Г оос хохирогч Т.Д-т эмчилгээний болон бусад зардалд зориулж 2.473.000 төгрөг өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй…” гэх хүсэлт /хх-ийн 144 дүгээр хуудас/ зэрэг болно.

     Шүүгдэгч Ч.Г  нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 9-09 тоотод Т.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Т.Д-ын цээж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан нотлох баримтуудыг шалгахад Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж дахин шинжээч томилох тухай”  Шүүгчийн захирамжаар 1. Т.Д-ын биед учирсан гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн эсэх, 2. Т.Д-ын биед учирсан гэмтэл гэмт хэрэг үйлдэгдэх үед гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх,3. Шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, гэсэн 3 асуултын хүрээнд дүгнэлт гаргахаар дахин шинжээч томилсон байна.

Томилогдсон шинжээч 2017-09-14-ны 368 дугаартай дүгнэлтээр 1. Т.Дын биед учирсан гэмтэл “зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн ар ханын цөмөрсөн хугарал”  нь 2017.06.01-ны өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 2. Т.Дын биед учирсан “гэмтэл зүүн хацар яс, зүүн гайморын хөндийн ар ханын цөмөрсөн хугарал” нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 3. Шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан  байна. 2017-09-14-ны өдрийн 368 дугаартай дүгнэлтэнд Шинжээч эмч Ц.Халтархүүгийн гаргасан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бүхэлдээ үндэслэлтэй байсан уу эсвэл дүгнэлт хэсгийн аль нэг заалт нь тухайн үедээ үндэслэлтэй байсан уу гэдгийг тодорхой нарийн заагаагүй, эргэлзээтэй байна. Гэхдээ  шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 368 дугаартай дүгнэлт нь 1, 2 дугаар заалт нь тухайн гэмтэл хэргийн цаг хугацаанд үүссэн болохыг мөн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон.   

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар  шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Ч.Г од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилөх нь зүйтэй байна.

                Шүүгдэгч Ч.Г  нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 9-09 тоотод Т.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Т.Дын цээж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

                Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Д-ын “... Би Ч.Г ын гэрээс гарч явахад Ч.Г  араас модоор миний толгойны дагз хэсэг рүү модоор цохьсон. Би эргээд хартал Ч.Г  миний цээж рүү барьж байсан модоороо цохисноос хойш юу болсноо мэдэхгүй байна. Би нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон. ...Толгойдоо гэмтэл авсан, цээж хөндүүр байгаа. Өөр гэмтэл шарх байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22/, гэрч А.Д-н “...Т.Д  ер нь бол согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ер нь хүнээс хэрүүл гуйгаад, хэрэлдэх гээд л байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч Д.Б-н “...Т.Д нь Ч.Г ыг нүүр, толгой цээж рүү нь гараараа цохиод байхаар нь би аав шигээ хүнийг яаж байгаа юм гээд учирлаж хэлэхэд үгэнд орохгүй Ч.Г  ах руу дайраад байсан. Би тэр хоёр салгаад л гэртээ ороод байж байтал Т.Д-ын найз хүүхэн орилоод уйлаад байхаар гэрээс гүйгээд гартал Т.Д нь газар ухаан алдаад уначихсан, найз хүүхэн толгойг тэвэрчихсэн уйлж орилоод байж байсан. Ч.Г  ах гартаа мод барьчихсан зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Ч.Г  ах Т.Д-ыг модоор цохичлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26/, гэрч Б.Минждолгорын “... Т.Дын эхнэр М.Б хашаан дотор орилохоор нь нөхөртэйгээ хамт гарсан чинь Т.Д нь газар уначихсан М.Б нь толгойг нь түшчихсэн сууж байсан. Ч.Г  ах тэр хоёрын ойролцоо ганцаараа зогсож байсан. ...Т.Д нь Ч.Г  ахад агсам тавиад хэрүүл гуйгаад байсан. ... Хашаанд Т.Дын найз хүүхэн /Буянтогтох/, Ч.Г , Т.Д, гурав байсан. Өөр хүн хашаанд байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30/, гэрч Ц.О “... Ч.Г  орж ирэхгүй нилээн удсан нилээн удсан чинь Б.М орж ирж хэлэхдээ Ч.Г  нь Т.Д-ыг модоор цохичихсон чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Би гэрээс гараад хартал Т.Д хашаан дотор хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32/, гэрч М.Буянтогтохын “... Би аргалж авч явах гээд болдоггүй, тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгсэн Ч.Г  ах гэрийнхээ хойноос нэг мод авч ирснээ шууд Т.Д-ын цээж болон нүүр лүү 2 удаа цохиод авсан. Тэгсэн Т.Д ухаан алдаад ойчсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34/, хохирогч Т.Дын биед хүндэвтэр гэмтэл учирсаныг, энэ хүндэвтэр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл болохыг тогтоосон Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 368 дугаартай дүгнэлт. /хх-ийн 172/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ий 01/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/, Түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолууд /хх-ийн 16, 18/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолууд /хх-ийн 17, 19/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 124-125/, 2017 оны 06 сарын 02-ны өдрийн №4170 дугаартай өвчний түүх /хх-ийн 99-107/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах...” тухай тогтоол /хх-ийн 115/, Шүүгдэгч Ч.Г ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 113-114, 116/ зэрэг болно.

                Шүүгдэгч Боржигон овогт Ч.Г ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                Шүүгдэгч Ч.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

                Шүүгдэгч Ч.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.473.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 79 см урттай хар модыг устгаж, хохирогч Т.Дын томографикийн зураг, цээжний зурагийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч Ч.Г оос АИ176021 серийн дугаартай 5000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож,

                Шүүгдэгч Ч.Г од авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Ч.Г од холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.  Шүүгдэгч Боржигон овогт Ч.Г одыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ч.Г од 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Г од оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд тус бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Ч.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.473.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,   болохыг тус тус дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 79 см урттай хар модыг устгаж, хохирогч Т.Д-ын томографикийн зураг, цээжний зурагийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч Ч.Г оос АИ176021 серийн дугаартай 5000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г од   авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Г од  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР