Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00546

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00546

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********************** байрлах, Б.О ХХК,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***********************оршин суух, Б.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнэ 12,219,270 (арван хоёр сая хоёр зуун арван есэн мянга хоёр зуун дал) төгрөг гаргуулах тухай 155/2024/00398/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О ХХК нь Б.Б -эд холбогдуулан барааны үнэ 12,219,270 (арван хоёр сая хоёр зуун арван есэн мянга хоёр зуун дал) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.О ХХК нь Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд сарын хугацаатай зээлээр хүнсний бараа өгдөг. Манай худалдааны төлөөлөгч нар дэлгүүрт барааг хүргэж өгөхдөө “Барааны худалдан авах зээлийн баримт”-д бараагаа хүлээлгэж өгөөд тухайн дэлгүүрт бараа хүлээн авсан хүний гарын үсгийг зуруулаад нэг хувийг тухайн худалдагчид нь үлдээгээд, үлдсэн хувийг нь компанид авч ирж өгөх байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

Б.О ХХК-аас хариуцагч Б.Б нь 2021 оноос 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Х, У гэсэн нэртэй хоёр хүнсний дэлгүүртээ хүнсний бараа зээлээр авч байсан. Уг хоёр дэлгүүртээ тус тусад нь хэдэн төгрөгийн хүнсний бараа авсныг мэдэхгүй байна. Мөн хэдэн нэр төрлийн хүнсний барааг олгосон талаар мэдэхгүй. Баримт нь манай ажил дээр байгаа.

Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллага дээр ирж тооцоо нийлсэн. Ингэхдээ тооцооны үлдэгдлийн баталгааг өөрийн гараар бичиж өгсөн. Энэ баримтад Х, У гэсэн хоёр дэлгүүртээ авсан хүнсний барааны нийт төлбөр 16,196,040 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар гарын үсэг зурсан. Үүнээс 3,976,770 төгрөгийг төлсөн. Хэзээ төлсөн гэдгийг байгууллагын баримтаас харж хэлнэ. Одоо бол хэлж мэдэхгүй байна. Хариуцагчаас барааны үнэ 12,219,270 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Х дэлгүүрийг түрээслэж эхлээд нэхэмжлэгч байгууллагаас бараа зээлээр авч байсан. Харин У дэлгүүрийг 2021 оны 5 дугаар сард худалдаж авсан цагаасаа хойш нэхэмжлэгч байгууллагаас бараа авч байсан. Б.О ХХК-иас сарын эхэнд хүнсний бараа аваад сарын сүүлээр авсан хүнсний барааны үнийг төлдөг байсан. Б.О ХХК нь тухайн сарын барааны төлбөрөө төлөхгүй бол дараа сард нь хүнсний бараа өгдөггүй байсан.

2021 оны 10 дугаар сард миний эхнэр Ковидын халдварын улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Би эхнэрээ аваад явах шаардлага болсон тул У дэлгүүрийг хадам ээж, дүү нар ажиллуулаад, Х дэлгүүрийг хааж, ажиллуулаагүй юм.

Нэхэмжлэгч байгууллагатай сар бүр тооцоо нийлж байсан. Би өөрөө Х дэлгүүрийг хариуцаж ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард худалдааны төлөөлөгчтэй утсаар ярьж тооцоо нийлэхэд Х дэлгүүрт авсан хүнсний барааны үнэ 5,531,970 төгрөгийг нэхэмжлэгчид байгууллагад төлөхөөр байсан. Түүнээс хойш Х дэлгүүрт нэхэмжлэгч байгууллагаас бараа аваагүй.

У дэлгүүрийн нэрээр ямар нэгэн тооцоогүй байсан. Үүнээс хойш хадам ээж, дүү хоёр У дэлгүүрийг ажиллуулсан. Ингэхдээ хэзээ, ямар бараа хүлээлгэн өгсөн талаарх баримт байдаггүй. Харин хадам ээжийн хөтөлж байсан дэвтрийг шүүж үзэхэд Б.О ХХК-д 6,675,970 төгрөгийг өгөх ёстой төлбөр гэж гарч ирсэн.

Би Х дэлгүүрийн нэрээр төлөх ёстой өрийг мэдэж байсан. Харин 2022 оны 5 дугаар сард нэхэмжлэгч байгууллагын яриад байгаа өрийг мэдсэн. Тэгээд худалдааны төлөөлөгчтэй нь утсаар яриад надад нотлох баримтуудаа гаргаж өгөөч гэж хэлсэн.

2022 оны 10 дугаар сард худалдааны төлөөлөгч нь компани дээр очих шаардлагатай байна гэсэн учир очсон. Б.О ХХК-ийн оффис дээр очиход олон нягтлан бодогч, менежер нар нь нэг өрөөнд байсан.

Б.О ХХК-ийн оффисын өрөөнд цаг гаруй хугацаанд суухдаа өргөдөл бичиж өгсөн. Би тухайн үед нотлох баримтаа гаргаж өгнө үү гэж зөндөө хэлсэн. Гэтэл тал талаас шахаад, нягтлан бодогч нь “Чи тухайн өрийг барагдуулах ёстой” гэж хэлээд намайг тулгамдуулж өргөдөл бичүүлж авсан. Би яг хэдэн төгрөгийн өртэй болохыг нотолж өгнө үү, ямар баримт байна гэж Б.О ХХК-ийн нягтлан бодогчид зөндөө хэлсэн. Би тухайн өдөр Улаанбаатар хот явах гэж байсан учир намайг алга болчихно, гарын үсгээ зур гээд байсан учир би яараад өргөдөл бичиж, гарын үсэг зурсан.

Би нэхэмжлэгч байгууллагад У дэлгүүрийн нэрээр 6,675,970 төгрөг, Х дэлгүүрийн нэрээр 5,531,970 төгрөг, нийт 12,207,940 төгрөгийн өртэй. Үүнээс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 4 дүгээр сард 1,500,000 төгрөг, 5 дугаар сард 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Б.О ХХК-д дансаар төлсөн. Бутархай мөнгөөр төлбөр хийгээгүй. Үүнийг дансны хуулгаараа нотлох боломжтой. Би барааны үлдэгдэл төлбөр 8,207,940 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө.

4,011,330 төгрөгийн барааг хэн, хэзээ, ямар бараа өгсөн талаарх баримтыг гаргаад ирвэл төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ талаарх баримт байхгүй тул зөвшөөрөхгүй....гэв.

 

Нэхэмжлэгчээс №1***************** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.О ХХК-аас Б.Ц-ид олгосон итгэмжлэл, Тооцооны үлдэгдлийн бараа гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар, Б.О ХХК-ийн компанийн дүрмийн хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 2-9 дүгээр тал)

Хариуцагч Б.Б-ээс хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 25 дугаар тал)

  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.О ХХК нь Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд сарын хугацаатай зээлээр хүнсний бараа өгдөг. Манай худалдааны төлөөлөгч нар дэлгүүрт барааг хүргэж өгөхдөө “Барааны худалдан авах зээлийн баримт”-ад бараагаа хүлээлгэж өгөөд тухайн дэлгүүрт бараа хүлээн авсан хүний гарын үсгийг зуруулаад нэг хувийг тухайн худалдагчид нь үлдээгээд, үлдсэн хувийг нь компанид авч ирж өгөх байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

Б.О ХХК-иас хариуцагч Б.Б нь 2021 оноос 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Х, У гэсэн нэртэй хоёр хүнсний дэлгүүртээ хүнсний бараа зээлээр авч байсан. Уг хоёр дэлгүүртээ тус тусад нь хэдэн төгрөгийн хүнсний бараа авсныг мэдэхгүй байна. Мөн хэдэн нэр төрлийн хүнсний барааг олгосон талаар мэдэхгүй. Баримт нь манай ажил дээр байгаа.

Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллага дээр ирж тооцоо нийлсэн. Ингэхдээ тооцооны үлдэгдлийн баталгааг өөрийн гараар бичиж өгсөн. Энэ баримтад Х, У гэсэн хоёр дэлгүүртээ авсан хүнсний барааны нийт төлбөр 16,196,040 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар гарын үсэг зурсан. Үүнээс 3,976,770 төгрөгийг төлсөн. Хэзээ төлсөн гэдгийг байгууллагын баримтаас харж хэлнэ. Одоо бол хэлж мэдэхгүй байна. Хариуцагчаас барааны үнэ 12,219,270 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Х дэлгүүрийг түрээслэж эхлээд нэхэмжлэгч байгууллагаас бараа зээлээр авч байсан. Харин У дэлгүүрийг 2021 оны 5 дугаар сард худалдаж авсан цагаасаа хойш нэхэмжлэгч байгууллагаас бараа авч байсан. Б.О ХХК-аас сарын эхэнд хүнсний бараа аваад сарын сүүлээр авсан хүнсний барааны үнийг төлдөг байсан. Б.О ХХК нь тухайн сарын барааны төлбөрөө төлөхгүй бол дараа сард нь хүнсний бараа өгдөггүй байсан.

2021 оны 10 дугаар сард миний эхнэр Ковидын халдварын улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Би эхнэрээ аваад явах шаардлагатай болсон тул У дэлгүүрийг хадам ээж, дүү нар ажиллуулаад, Х дэлгүүрийг хааж, ажиллуулаагүй юм.

Нэхэмжлэгч байгууллагатай сар бүр тооцоо нийлж байсан. Би өөрөө Х дэлгүүрийг хариуцаж ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард худалдааны төлөөлөгчтэй утсаар ярьж тооцоо нийлэхэд Х дэлгүүрт авсан хүнсний барааны үнэ 5,531,970 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхөөр байсан. Түүнээс хойш Х дэлгүүрт нэхэмжлэгч байгууллагаас бараа аваагүй.

У дэлгүүрийн нэрээр ямар нэгэн тооцоогүй байсан. Үүнээс хойш хадам ээж, дүү хоёр У дэлгүүрийг ажиллуулсан. Ингэхдээ хэзээ, ямар бараа хүлээлгэн өгсөн талаарх баримт байдаггүй. Харин хадам ээжийн хөтөлж байсан дэвтрийг шүүж үзэхэд Б.О ХХК-д 6,675,970 төгрөгийг өгөх ёстой төлбөр гэж гарч ирсэн.

Би Х дэлгүүрийн нэрээр төлөх ёстой өрийг мэдэж байсан. Харин 2022 оны 5 дугаар сард нэхэмжлэгч байгууллагын яриад байгаа өрийг мэдсэн. Тэгээд худалдааны төлөөлөгчтэй нь утсаар яриад надад нотлох баримтуудаа гаргаж өгөөч гэж хэлсэн.

2022 оны 10 дугаар сард худалдааны төлөөлөгч нь компани дээр очих шаардлагатай байна гээд учир очсон. Б.О ХХК-ийн оффис дээр очиход олон нягтлан бодогч, менежер нар нь нэг өрөөнд байсан.

Б.О ХХК-ийн оффисын өрөөнд цаг гаруйн хугацаанд суухдаа өргөдөл бичиж өгсөн. Би тухайн үед нотлох баримтаа гаргаж өгнө үү гэж зөндөө хэлсэн. Гэтэл тал талаас шахаад, нягтлан бодогч нь “Чи тухайн өрийг барагдуулах ёстой” гэж хэлээд намайг тулгамдуулж өргөдөл бичүүлж авсан. Би яг хэдэн төгрөгийн өртэй болохыг нотолж өгнө үү, ямар баримт байна гэж Б.О ХХК-ийн нягтлан бодогчид зөндөө хэлсэн. Би тухайн өдөр Улаанбаатар хот явах гэж байсан учир намайг алга болчихно, гарын үсгээ зур гээд байсан учир би яараад өргөдөл бичиж, гарын үсэг зурсан.

Би нэхэмжлэгч байгууллагад У дэлгүүрийн нэрээр 6,675,970 төгрөг, Х дэлгүүрийн нэрээр 5,531,970 төгрөг, нийт 12,207,940 төгрөгийн өртэй. Үүнээс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 4 дүгээр сард 1,500,000 төгрөг, 5 дугаар сард 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Б.О ХХК-д дансаар төлсөн. Бутархай мөнгөөр төлбөр хийгээгүй. Үүнийг дансны хуулгаараа нотлох боломжтой. Би барааны үлдэгдэл төлбөр 8,207,940 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө.

4,011,330 төгрөгийн барааг хэн, хэзээ, ямар бараа өгсөн талаарх баримтыг гаргаад ирвэл төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ талаарх баримт байхгүй тул зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Б.О ХХК нь Б.Б-ээд холбогдуулан 12,219,270 (арван хоёр сая хоёр зуун арван есэн мянга хоёр зуун дал) төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь Б.Б-эд холбогдуулан Б.О ХХК-иас 2021 оноос 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Х, У дэлгүүрдэд авсан хүнсний барааны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр 12,219,270 (арван хоёр сая хоёр зуун арван есэн мянга хоёр зуун дал) төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.О ХХК нь Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд сарын хугацаатай зээлээр хүнсний бараа өгдөг. Б.О ХХК-аас хариуцагч Б.Б нь 2021 оноос 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Х, У гэсэн нэртэй хоёр хүнсний дэлгүүртээ хүнсний бараа зээлээр авч байсан. Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллага дээр ирж тооцоо нийлсэн. Ингэхдээ тооцооны үлдэгдлийн баталгааг өөрийн гараар бичиж өгсөн. Энэ баримтад Х, У гэсэн хоёр дэлгүүртээ авсан хүнсний барааны нийт төлбөр 16,196,040 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгахаар гарын үсэг зурсан. Үүнээс 3,976,770 төгрөгийг төлсөн. Хариуцагчаас барааны үнэ 12,219,270 төгрөгийг гаргуулна...” гэж тайлбарлав.

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд “...Би нэхэмжлэгч байгууллагад У дэлгүүрийн нэрээр 6,675,970 төгрөг, Х дэлгүүрийн нэрээр 5,531,970 төгрөг, нийт 12,207,940 төгрөгийн өртэй. Үүнээс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 4 дүгээр сард 1,500,000 төгрөг, 5 дугаар сард 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Б.О ХХК-д дансаар төлсөн. Би барааны үлдэгдэл төлбөр 8,207,940 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. 4,011,330 төгрөгийн барааг хэн, хэзээ, ямар бараа өгсөн талаарх баримт байхгүй тул зөвшөөрөхгүй....” гэж маргасан болно.

Б.О ХХК нь бөөний худалдааны бусад, хүнс, ундаа, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй болох нь 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б.О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдов. (хх-ийн 2 дугаар тал)

Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл болох www.opendata.burtgel.gov.mn сайтад Б.О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл тусгагдсан байх ба энэхүү баримт нь нийтэд илэрхий баримт байна.

Хариуцагч Б.Б нь 2020 оны 5 дугаар сараас У дэлгүүрийг түрээслээд 2021 оны 5 дугаар сараас У дэлгүүрийг худалдан авч үйл ажиллагаа явуулсан, 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Х дэлгүүийг түрээслэн тус тус үйл ажиллагаа явуулж байсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч Б.О ХХК нь барааны үнэ 12,219,270 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нь төлөөгүй үлдсэн барааны үнийг Б.О ХХК-д буцаан төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.О ХХК нь 2021 оноос 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцагчийн хариуцан ажиллуулж байсан Х, У нэртэй дэлгүүрүүдэд сарын эхэнд тодорхой нэр төрлийн хүнсний барааг өгч байсан, хариуцагч нь дээрх хугацаанд Х, У нэртэй дэлгүүрүүдийг хариуцан ажиллуулж байсан, мөн сарын сүүлд нэхэмжлэгч байгууллагаас тухайн сард авсан хүнсний барааны үнийг төлдөг байсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь “2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б.Б нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар хүнсний барааны нийт төлбөр 16,196,040 төгрөгийн төлбөртэй. Үүнээс 3,976,770 төгрөгийг төлсөн” гэж, хариуцагч Б.Б нь “У дэлгүүрийн нэрээр 6,675,970 төгрөг, Х дэлгүүрийн нэрээр 5,531,970 төгрөг, нийт 12,207,940 төгрөгийн төлбөртэй. Үүнээс дансаар 3 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг Б.О ХХК-д төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,207,940 төгрөгийг төлнө. Харин 4,011,330 төгрөгийн барааг хэн, хэзээ, ямар бараа өгсөн талаарх баримт байхгүй тул зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан.

Хариуцагч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.О ХХК-д 16,196,040 төгрөгийн төлбөртэй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх толгой бүхий бичвэртэй баримтын хуулбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба дээрх баримт нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй.

Мөн хариуцагч нь уг баримтад бичигдсэн бичвэр, гарын үсгийн талаар маргаагүй боловч уг баримтаар нийлсэн гэх төлбөрийн үнийн дүнг зөвшөөрөөгүй, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

Харин хариуцагч Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 4 дүгээр сард 1,500,000 төгрөг, 5 дугаар сард 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О ХХК-д төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тус тус шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ талууд биелүүлээгүй байна.

Иймээс шүүх хуралдаанд хариуцагчийн зөвшөөрсөн нэхэмжлэгч байгууллагад төлөх ёстой төлбөр болох 12,207,940 төгрөгөөс нэхэмжлэгч Б.О ХХК-ийн хариуцагчийн төлсөн гэх төлбөр болох 3,976,770 төгрөгийг хасч 8,231,170 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтов.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Бээс хүнсний барааны үлдэгдэл төлбөр 8,231,170 (найман сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун дал) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,988,100 (гурван сая есэн зуун наян найман мянга нэг зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,458 (хоёр зуун арван мянга дөрвөн зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 8,231,170 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 146,649 (нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О ХХК-д олгохоор тогтов.

Хавтаст хэргийн 5, 6-9 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Бээс хүнсний барааны үлдэгдэл төлбөр 8,231,170 (найман сая хоёр зуун гучин нэгэн мянга нэг зуун дал) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,988,100 (гурван сая есөн зуун наян найман мянга нэг зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,458 (хоёр зуун арван мянга дөрвөн зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 146,649 (нэг зуун дөчин зургаан мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ