Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 125

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ж.Очирбат,

Хохирогч Б.Ц ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа

Шүүгдэгч Д.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самбуу тайж овгийн Д.Ц эд холбогдох 1726000380011  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Самбуу тайж овгийн Д.Ц,

Шүүгдэгч Д.Ц  нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутагт иргэн Б.Ц тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газар дурангаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаан хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би хонио эргүүлээд явж байтал хохирогч хонин дээр ирсэн. Тэгээд бид хоёр маргалдаад би түүний толгой руу дурангаар цохьчихсон юм. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу…” гэв.

Хохирогч Б.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр отрын урд гэр рүүгээ явж байгаад Д.Ц тэй таараад “хонио ийш нь болгочихоорой” гэж хэлсэн чинь Д.Ц  намайг барьж аваад “хонио хаагуур явуулахаа чамаар заалгахгүй” гэж хэлээд дурангаараа цохьсон. Миний эрүүл мэнд сйажраагүй байгаа. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээгээ хийлгэж ирчихээд баримтаа бүрдүүлж гарсан зардлаа нэхэмжилмээр байна…” гэв.

Хохирогч Б.Ц ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хайрхандулаан сумын 3 дугаар  багийн нутаг “Сэртэнгийн ар” гэх газар хонио эргүүлчихээд явж байтал саахалт айлын хүн болох Д.Ц  мотоцикльтойгоо хонин дээрээ явж байхад нь мэнд мэдээд манай хонь энүүхэн энд байгаа, хонио нийлүүлчих байх шүү гэж хэлсэн чинь Д.Ц  уурлаад “хаагуур хонио хариулахаа чамаар заалгахгүй” гэсэн. Тэгээд бид хоёр заамдалцаж аваад болиод байж байтал Д.Ц  өөрийнхөө бор өнгийн дурангаар миний толгой руу цохьсон. Тэгэхээр нь би чулуу аваад цохих гэж байснаа больчихсон. Тэгсэн Д.Ц  дахиад том дурангаараа цохих гээд байхаар нь би хойшоогоо ухарсан чинь Д.Ц  намайг тэнд орхиж явах гээд байсан. Чи намайг гэрт хүргэж өг гэсэн. Би мотоциклио унаад Д.Ц ийн араас яваад гэртээ очсон. Гэрт очиход манай эхнэр Ц.Ц байсан. Би цусаа цэвэрлчихээд  байж байтал Д.Ц  манай эхнэрт миний дуранг мөргөчихлөө гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,    

Гэрч Ц.Ц-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “…Би 2017 оны 07 дугаар сарын 23-нд хөдөө гэртээ байтал 11 цагийн үед мотоцильтой хүн ирэхээр нь гэрээс гарахад Д.Ц  ирсэн. Удалгүй манай нөхөр Б.Ц  мотоцикльтойгоо ирэхэд толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд гэртээ оруулж цусыг нь цэвэрлэж өгсөн. Би нөхрөөсөө “яав юу болсон юм бэ?” гэж асуухад Д.Ц  том дурангаар толгой руу цохьчихлоо гэж хэлсэн. Би Д.Ц эд та нар айл саахалтын хүмүүс байж нэгнийгээ ингэж төмрөөр цохиод байхдаа яадаг юм бэ гэхэд Б.Ц  өөрөө миний дуранг мөргөсөн гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч С.Д-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Би тэр өдөр хонио хариулаад явж байсан. Тухайн үед манай хониноос барагцаагаар 1 км орчим зайд Д.Ц  хонио хариулж байгаа харагдаж байсан. Д.Ц ийг хонио хариулаад явж байхад нэг мотоцикльтой хүн Д.Ц  дээр ирж байх шиг байсан. Би зодолдсон гэдгийг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч П.О хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Намайг очиход биеийн байдал хэвийн, духны төв хэсэгт цохиулж урагдаж, цус гарч хатсан байсан. Тэгээд цусыг цэвэрлэж боолт хийгээд, өвчин намдаах тариа хийж сумын төвд авч ирсэн. Сумын эмнэлэг дээр ирээд духанд нь 3 оёдол тавьсан. Б.Ц  өөрөө аймаг орж нарийн мэрэгжлийн эмчид үзүүлнэ гэж байсан. Тухайн үед Б.Ц  хонин дээр явж байгаад Д.Ц эд дурангаар цохиулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаартай: “... Б.Ц ийн биед тархины доргилт, хамрын ясны цууралт, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөр чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай Мөрдөгчийн санал /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай “...Эд мөрийн баримтыг хураан авах тухай...” тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Ц ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46, 50-51 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Ц ийн ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай...” тогтоол /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Ц ийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ц  нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутагт иргэн Б.Ц тай хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газар дурангаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Б.Ц ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “… 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр отрын урд гэр рүүгээ явж байгаад Д.Ц тэй таараад “хонио ийш нь болгочихоорой” гэж хэлсэн чинь Д.Ц  намайг барьж аваад “хонио хаагуур явуулахаа чамаар заалгахгүй” гэж хэлээд дурангаараа цохьсон…” гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ц ын “…Бид хоёр заамдалцаж аваад болиод байж байтал Д.Ц  өөрийнхөө бор өнгийн дурангаар миний толгой руу цохьсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-14/, гэрч Ц.Ц-н “…Би 2017 оны 07 дугаар сарын 23-нд хөдөө гэртээ байтал 11 цагийн үед мотоцильтой хүн ирэхээр нь гэрээс гарахад Д.Ц  ирсэн. Удалгүй манай нөхөр Б.Ц  мотоцикльтойгоо ирэхэд толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд гэртээ оруулж цусыг нь цэвэрлэж өгсөн. Би нөхрөөсөө “яав юу болсон юм бэ?” гэж асуухад Д.Ц  том дурангаар толгой руу цохьчихлоо гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч С.Д-н “...Д.Ц ийг хонио хариулаад явж байхад нэг мотоцикльтой хүн Д.Ц  дээр ирж байх шиг байсан. Би зодолдсон гэдгийг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч П.О-н “... Намайг очиход биеийн байдал хэвийн, духны төв хэсэгт цохиулж урагдаж, цус гарч хатсан байсан. Тэгээд цусыг цэвэрлэж боолт хийгээд, өвчин намдаах тариа хийж сумын төвд авч ирсэн. ... Тухайн үед Б.Ц  хонин дээр явж байгаад Д.Ц эд дурангаар цохиулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай Мөрдөгчийн санал /хх-ийн 4/, Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай “...Эд мөрийн баримтыг хураан авах тухай...” тогтоол /хх-ийн 7/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 55-56/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай...” тогтоол /хх-ийн 41/, шүүгдэгч Д.Ц ийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд  зэрэг болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “...Шүүгдэгч Д.Ц  нь энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, хохирогч Б.Ц-д нь өөрөө дуранг нь мөргөсөн, мөн хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, хохирогчийн мэдүүлгийг 100 хувь эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Ц ийг гэм буруугүйд тооцуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ц ын “...Тэгээд бид хоёр заамдалцаж аваад болиод байж байтал Д.Ц  өөрийнхөө бор өнгийн дурангаар миний толгой руу цохьсон. Тэгэхээр нь би чулуу аваад цохих гэж байснаа больчихсон. Тэгсэн Д.Ц  дахиад том дурангаараа цохих гээд байхаар нь би хойшоогоо ухарсан” гэсэн мэдүүлэг, энэ мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогчийн мэдүүлэг тогтвортой, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заасан, мөн шүүгдэгч Д.Ц ийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгээд бид хоёр маргалдаад би түүний толгой руу дурангаар цохьчихсон юм” гэж мэдүүлсэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогддог. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Ц ийг гэм буруугүйд тооцуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй, дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна. 

Шүүгдэгч Д.Ц эд холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Самбуу тайж овогт Д.Ц эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Д.Ц эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан болно. Хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц ад 800.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Ц  нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 27.5 см урттай, 10 см өргөнтэй дуран 1 ширхэгийг шүүгдэгч Д.Ц-д буцаан олгож,

Шүүгдэгч Д.Ц эд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Самбуу тайж овогт Д.Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Самбуу тайж овогт Д.Ц ийг 500 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Ц эд оногдуулсан 500 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Д.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц ад 800.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.  

 6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн 27.5 см урттай, 10 см өргөнтэй дуран 1 ширхэгийг шүүгдэгч Д.Ц-эд буцаан олгосугай. 

7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-эд  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР