Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 429

 

 

М.Э  нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны12 дугаар сарын 20-ны өдрийн 181\ШШ2019\02692 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Э  нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.У  холбогдох

 

44 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 303 378 660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Бат-Орших,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Давааням,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Цэрэнжээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Э  нь У.У ай харилцан тохирч 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 7 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг амаар гэрээ байгуулж, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 12 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 2016 оны 08 дугаар сарын 05-ны зээлийн гэрээний 12 000 000 төгрөг дээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг нэмж, нийт 22 000 000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 5 удаагийн үйлдлээр 44 000 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг удаа дараа зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч зээлийн гэрээг сунгаж гэрээний хүүг төлж байсан боловч үндсэн төлбөрийг төлж барагдуулалгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл 44 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 44 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Э  болон хариуцагч У.У  нар нь хамаатан садангийн холбоотой бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь өмнө нь бие биедээ харилцан мөнгө өгөлцөж авалцдаг байсан. Хариуцагч У.У  нь нэхэмжлэгч М.Э гаас авсан мөнгөө цаг тухай бүрд нь төлдөг байжээ. Тодруулбал, нэхэмжлэгч М.Э  нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийх хэрэгтэй байна гээд нэхэмжлэлдээ хавсарган өгсөн зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зуруулжээ. Уг зээлийн гэрээгээр мөнгө өгөлцөж авалцаагүй нь мөнгөний гүйлгээ хийж байсан баримтуудаас харагдаж байна. Харин 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр У.У  мөнгийг шилжүүлээгүй, уг гэрээнд заасан зээлийг М.Э гаас аваагүй болно. Мөн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд дурдагдаж буй мөнгийг М.Э гаас У.У  шилжүүлээгүй байна. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ. Энэ гэрээнүүдийн дагуу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байна. Иргэн М.Э , У.У  нар харилцан мөнгө төгрөг өгч, авч байсан нь баримтуудаар нотлогдож байна. Иргэн У.У аас М.Э д хандаж харилцан тооцоо нийлэх тухай ярьж, бичиж байсан боловч М.Э  нь өнөөдрийг хүртэл тооцоо нийлээгүй. Иргэн У.У  болон М.Э  нарын мөнгө авч, өгч байсан баримтуудаас үзэхэд У.У  нь М.Э д маш их хэмжээний мөнгийг дансаар төлсөн байна. Иймд М.Э  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.У  болон М.Э  нар нь 2014 оноос хэн хэндээ мөнгө өгөлцөж авалцдаг байжээ. У.У  нь энэ хугацаанд М.Э гаас 98 000 000 төгрөгийг авсан байна. Энэ мөнгийг 100 хувь төлжээ. Харин У.У  нь М.Э д анхан шатны нотлох баримтаар 403 827 580 төгрөгийг өгснөөс үзэхэд У.У  нь М.Э д мөнгө төлөх биш харин авлагатай байна. Энэ байдлыг ярилцахаар У.У  нь М.Э д хандан тооцоо нийлэхийг мэдэгдсэн боловч тэрээр хариу өгөөгүй байна. Талуудын хооронд мөнгө өгч, авч байсан баримтуудаас үзэхэд хэн хэндээ хүү, алданги тооцох үүрэг хүлээх хуулийн үндэс бүрдээгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү, алдангийг зөвхөн бичгээр байгуулсан гэрээг үндэслэн харилцан төлөх үүрэг үүсдэг. Гэрээг бичгээр байгуулаагүй бол талууд авсан мөнгөө харилцан буцааж төлөх үүрэг хүлээнэ. М.Э гаас У.У , У.У аас М.Э д өгч, авч байсан мөнгө банкны гүйлгээний баримтуудаас үзэхэд М.Э  нь У.У аас 403 378 660 төгрөгийг авчээ. М.Э  нь У.У  нарын харилцан мөнгө өгч, авч байсан мөнгөний зөрүү 303 378 660 төгрөг болж байна. М.Э  нь У.У  энэ мөнгийг эргүүлэн төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Э гаас 303 378 660 төгрөгийг гаргуулан У.У  олгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 2014 оноос эхлэн зээлийн харилцаа үүсч зээлийн төлбөрт 403 827 580 төгрөг төлсөн гэх бөгөөд энэ нь зээлийн үүргийг бүхэлд нь төлсөн гэж маргаж, үүнийгээ нотлох баримт болгон төлбөрийн баримт хавсаргажээ. Бодит байдал дээр У.У  нь зээлийн гэрээнд өөрийн хүслээр хүү тохирсон байдаг бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хүү төлөхөө өөрийн үйлдлээр, хангалттай тодорхой илэрхийлж сар бүр хүү төлсөөр ирсэн байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлдээ гэрээ бичгээр байгуулж байж хүү төлөх үүрэг үүснэ, гэрээг бичгээр байгуулаагүй тул талууд авсан мөнгөө харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ гэж бичсэн байх бөгөөд үүгээр бичгээр байгуулаагүй гэрээнд хүү төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэнт өөрийн үйлдлээр, хүү төлөх үүрэг хүлээж хүү төлсөн байгаа тул төлөгдсөн хүүг буцааж нэхэх нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагч У.У ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч У.У аас 34 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 10 000 000 төгрөгийн шаардлага, хариуцагч У.У ын нэхэмжлэгч М.Э д холбогдуулан гаргасан 303 378 660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 000 төгрөгийн 377 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч У.У аас 327 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Э д олгож, хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 675 843 төгрөгийн 1 674 843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч У.У  олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “талуудын хооронд дансаар удаан хугацаанд их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн, улмаар талууд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ нэртэй гэрээг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ нэртэй гэрээг тус тус нөхөж байгуулж, дээрх гэрээнуүдээр У. Уламбаяр нь М.Э д нийт 34 000 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн байх тул хариуцагч У.У аас 34 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э д олгож шийдвэрлэх нъ зүйтэй байна” гэжээ. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч талаас М.Э гаас авсан мөнгөө тодорхой цаг хугацаа, мөнгөн дүнтэйгээр нь эргүүлэн өгсөн, М.Э  нь У.У аас авсан мөнгөө бүрэн төлөөгүй нь санхүүгийн анхан шатны баримтаар баталж, нотолсоор байхад У.У аас 34 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан 2 удаагийн зээлийн гэрээний дагуу М.Э гаас У.У  мөнгө шилжүүлээгүй. Энэ тухай шүүх дүгнэлтэндээ тодорхой бичсэн. М.Э  нь У.У ай зээлийн гэрээг нөхөн хийж байсан нь их хэмжээний өглөгтэй гэдгээ мэдсээр байж, мөнгө төлөхгүй байх гэсэн арга юм. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй” гэж заажээ. У.У аас М.Э  руу шилжүүлсэн 378 347 530 төгрөгийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ зохигч талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн боловч хэдэн төгрөг нь хүүнд, хэдэн төгрөг нь алдангид тооцож байгаа талаар ямар ч тооцоолол хийлгүйгээр шийдвэр гаргажээ. У.У аас М.Э  руу шилжүүлсэн мөнгө нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 1 дүгээр хавстаст хэргийн 35-105 дугаар хуудсанд бэлэн мөнгөний гүйлгээний баримт, 110- 280 дугаар хуудсанд бэлэн бусаар буюу интернет банкаар хийсэн гүйлгээний баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 1-68 дугаар хуудсанд бэлэн бусаар хийсэн гүйлгээний баримтууд байдаг. У.У ын зүгээс М.Э  руу шилжүүлсэн мөнгөө санхүүгийн анхан шатны баримтаар нотолж байхад шүүхээс баримтаар нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...их хэмжээний мөнгөн дүн бүхий гүйлгээ талуудын хооронд зээлийн гэрээний өөр ямар харилцааны улмаас хийгдсэн болох талаар шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцээгүй тул хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 303 378 660 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна’’ гэжээ. Энэхүү дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Талуудын хооронд харилцан мөнгө өгч авч байсан зээлийн харилцаанаас өөр харилцаа байхгүй. Тэр нь өгсөн авсан мөнгөнийхөө хэмжээн дээр маргахгүй байгаагаар нотлогдоно. Хариуцагч У.У  нь М.Э д өгсөн мөнгөө санхүүгийн анхан шатны баримт буюу бэлэн мөнгөний гүйлгээний баримт болон харилцагчийн дансны гүйлгээний хуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон. 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 378 347 530 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсоор байхад шүүхээс тодорхой хуулийн үндэслэлгүйгээр, бодит нөхцөл байдалд үл нийцсэн шийдвэр гаргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байгаа төдийгүй зөрүүтэй дүгнэлт хийж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй. Зээлийн харилцаанаас өөр харилцаа байхгүй. Шүүхийн “... өөр ямар харилцааны улмаас хийгдсэн болох талаар шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцээгүй ” гэсэн дүгнэлт нь утгагүй бөгөөд У.У ын М.Э д өгсөн мөнгөө буцааж авахгүй байх үндэслэл болохгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “зээлийг У.У ын Худалдаа хөгжлийн банкны 499153715 тоот дансаар олгосон гэх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгуудад тухайн хугацаанд хамаарах, тухайн дурдсан дүн бүхий, зээл гэсэн гүйлгээний утгатай гүйлгээ тэмдэглэгдээгүй байна” гэсэн хоёр өөр дүгнэлт нь гаргасан шийдвэртэй нь зөрчилдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж шийдвэрлэжээ. У.У  нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн атлаа У.У аас М.Э д олгосон мөнгийг төлүүлэх талаар дурдаагүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч У.У  нь М.Э гаас авсан мөнгөө хэзээ, хэрхэн буцааж өгсөн талаар тодорхой баримтын үндсэн дээр нотолсон. Гэтэл М.Э  нь У.У аас авсан мөнгөө бүрэн төлсөн тухай нотолж чадаагүй, баримт байхгүй. У.У аас М.Э д илүү өгсөн 303 378 660 төгрөгийн хууль ёсны баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. У.У  нь М.Э д дээрх мөнгийг бэлэглээгүй, хариу төлбөргүй шилжүүлээгүй учраас М.Э  нь У.У  төлөх үүрэгтэй. Бичгээр зээлийн гэрээ хийгээгүй нь М.Э г У.У аас авсан мөнгөө төлөхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүчингүй болгон, У.У ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 303 378 660 төгрөгийг М.Э гаас У.У  олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хууль хэрэглээний хувьд буруу шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Э , хариуцагч У.У  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа багасгаж, 43 792 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 303 378 660 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 122 000 000 төгрөг зээлдүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж 403 378 660 төгрөг төлсөн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин 43 792 000 төгрөгний зээл төлөгдсөн эсэх, энэхүү зээл нь хариуцагчийн буцаан төлсөн 403 378 660 төгрөгт багтсан эсэх, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаанаас гадна хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар талууд маргасан байна.

 

Талуудын тайлбар болон хэргийн 3 дугаар хавтасны 47, 82-87 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3 500 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 6 720 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 12 000 000 төгрөг нийт 43 792 000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн болох нь, хэргийн 1 дүгээр хавтасны 35-250, хэргийн 2 дугаар хавтасны 1-68, хэргийн 3 дугаар хавтасны 14-49, 82-87, 158-251, хэргийн 4 дүгээр хавтасны 1-77 дугаар тал дахь баримтаар хариуцагчаас нэхэмжлэгчид 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 403 378 660 төгрөг төлсөн болох нь тус тус тогтоогдсон.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 244-245 дугаар талд хариуцагч У.У  нэхэмжлэгч М.Э гаас 2016 онд 5 000 000 төгрөг, 6 000 000 төгрөг, 7 000 000 төгрөгийг зээлсэн талаар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн баримт, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 6 000 000 төгрөгний хүүг төлж үндсэн төлбөрүүдийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн баримтууд авагджээ.

 

Энэхүү баримтад хариуцагч У.У  нь зээлийг хүү, алдангийн хамт төлнө гэсэн агуулгаар нэхэмжлэгч М.Э д бичиж өгч байсан гэж үзвэл уг баримтуудаар зээлийн гэрээний хугацааг тодорхойлох боломжтой. Мөн 2016, 2017 онд үйлдэгдсэн баримтын дагуу энэ үеэс эхлэн нэхэмжлэгч, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах боломжтой байсан ба зээлийн гэрээний үүрэг байсан гэж үзнэ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 62-105, 110-218, 224-251, хэргийн 2 дугаар хавтасны 1-68 дугаар талд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан Голомт болон Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээллүүд гэх баримтаас үзвэл “2016, 2017 оны” дээрх зээлийн гэрээ гэж үзэх баримтуудтай холбоотой түүнээс хойшхи өр төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл төлсөн баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хэргийн 2 дугаар хавтасны 246 дугаар талд “2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлдэгдсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 19-ний өдөр 5 000 000 төгрөг, 24-ний өдөр 7 000 000 төгрөг, 27-ны өдөр 12 000 000 төгрөг, 30-ны өдөр 5 000 000 төгрөгүүдийг 18 хувийн хүүтэй авч байсан хүү болон алдангид төлбөрүүдийг төлж байсан. Энэ асуудлыг шүүхээр шийдүүлнэ” гэх агуулга бүхий баримт авагдсан байна. Уг баримтын агуулгаас үзвэл зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийх хүсэл зоригийн илэрхийлэл нь тухайн хэлцлийг хийх гол үндсэн нөхцөл болдог тул хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн хүрээнд тодорхой ойлгомжтой илэрхийлэгдсэн гэрээний гол агуулгыг заасан байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримт дээр тодорхой тоонууд буюу 4-ний, 19-ний, 24-ний, 27-ны, 30-ны гэж бичсэнийг огноо гэж үзвэл,  5 000 000 төгрөг, 5 000 0000 төгрөг, 7 000 000 төгрөг, 12 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг гэж бичсэн хүсэл зоригийн илэрхийлэл ойлгомжгүй, тодорхой бус байдлаар бичигдсэн байна. Иймд эдгээр баримтад үндэслэж 34 000 000 төгрөгийн зээлийн өр төлбөрийн үүрэг байгааг хүлээн зөвшөөрсөн баримт үйлдэж гэрээ хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болсон. Энэхүү баримт нь маргааны үйл баримтад хамааралтай эргэлзээгүйгээр нотлох баримт болж үнэлэгдэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт 43 792 000 төгрөг төлөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчид хариуцагч нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл мөнгө төлж байсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 35-250, хэргийн 2 дугаар хавтасны 1-68, хэргийн 3 дугаар хавтасны 14-49, 82-87, 158-251, хэргийн 4 дүгээр хавтасны 1-77 дугаар тал дахь баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг бүрэн төлсөн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй тул нэхэмжлэгч М.Э  хариуцагч У.У аас 43 792 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь “нэхэмжлэгчид 2014-2018 оны хооронд нийт 403 378 660 төгрөгийг төлснөөс зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, хамтран ажиллах гэрээний харилцаа байгаагүй тул илүү шилжүүлсэн 303 378 660 төгрөгийг буцаан авна” гэх агуулга бүхий тайлбарыг, нэхэмжлэгч нь “хариуцагчийн илүү төлсөн 303 378 660 төгрөг нь зээлийн хүү, алданги, хамтран ажиллах гэрээний дагуу авсан ногдол ашиг байсан тул буцаан өгөхгүй” гэх агуулга бүхий зөрүүтэй тайлбаруудыг гаргасан байна.

 

Талуудын хэн аль нь зээлийн гэрээний харилцаа байсан, харилцан бие биедээ мөнгөн хөрөнгө болох 403 378 660 төгрөгийг шилжүүлж байсан талаар маргаагүй, харин нэхэмжлэгчид хариуцагчаас илүү төлсөн гэх 303 678 660 төгрөгийг зээлийн хүү, алданги, хамтран ажиллах гэрээний ашиг гэж тооцож өгсөн эсэх үйл баримтын талаар талууд маргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр талуудаас илүү төлсөн гэх 303 678 660 төгрөгөөс хэдэн төгрөгийг зээлийн хүүд, хэдэн төгрөгийг зээлийн гэрээний дагуу алдангид төлсөн талаар тодруулахад хэн аль нь “тооцож хэлэх боломжгүй” гэсэн ба энэ талаарх тооцооллоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “хариуцагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж ногдол ашиг авч байсан” гэх, хариуцагч нь “нэхэмжлэгчид мөнгө зээлдүүлж байсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар тус тус нотолж чадаагүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчид хариуцагчаас 303 678 660 төгрөгийг хууль буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр бусад иргэний эрх зүйн харилцааны дагуу үүрэг үүсээгүй байхад шилжүүлсэн мөнгө гэж үзэх боломжгүй байна. 

 

Хөрөнгө үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэн шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй шилжүүлж, нөгөө тал хөрөнгөжихөөс үүсэх үүрэгт хамаарах боломжгүй.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д хэсэгт зааснаар гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг гүйцэтгэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Иймээс өмнө хүлээн зөвшөөрч төлсөн буюу гүйцэтгэсэн үүргээ харилцан буцаан шаардах боломжгүй. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч У.У  холбогдох 44 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, М.Э д холбогдох 303 378 660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 675 843 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                          

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ