Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/00104

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 09 181/ШШ2024/00104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Хас банкны төв байранд байрлах, Х б ХХК /РД:2578697/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ж /РД:ГЮ97022103/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х б ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ж эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч С овогтой Ж нь Х б ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 1840005753 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 17.52 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Банк нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зээлдэгчийн Х Б ХХК дахь 5003991748 тоот дансанд 18,000,000 төгрөгийг шилжүүлж, Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн.

Зээлдэгч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд үндсэн зээлийн төлбөр 7,200,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,664,547.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,725.64 төгрөг, нийт 9,880,272.78 төгрөг төлсөн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1840005753 дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш огт төлөлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 624 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Зээлдэгч зээл авах үедээ Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Сүүлд Гачуурт ХХК-д хуулийн мэргэжилтэн хийж байгаад ажлаасаа гарсан.

Банкны зүгээс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Ж нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 20 гудамж хаягт оршин суудаггүй нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны одөр 102/Ш32022/11049 тоот шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Банк дахин 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хаяг болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 45 дугаар байр, 24 тоотод оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 181/Ш32023/12454 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан.

Зээлдэгч С.Ж нь Банкнаас зээл авах үедээ 95966776, 80946776 гэсэн дугаар бүртгүүлсэн ба 95966776 дугаараар залгахад тийм хүн байхгүй, дугаар андуурсан байна гэсэн хариу өгсөн бол 80946776 дугаараар залгахад эмэгтэй хүн аваад тийм хүн байхгүй гэж хэлэв. Яаралтай үед холбоо барих дугаараар найз н.Хишигжаргалын 88786648 утас бүртгүүлсэн. Энэ дугаар орох ярианы эрх хаагдсан байна.

Банкнаас зээлийн төлбөр төлүүлэхээр ажиллагаа хийх явцдаа ээж н.Урантөгстэй холбогдож, 99360572 дугаарыг мэдэж авсан байсан. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ээж н.Урантөгсрүү Банкнаас залгахад дуудаад аваагүй. мессеж бичихэд хариу ирээгүй.

Зээлдэгч 2022 оны 12 дугаар сард Х Б ХХК-ийн Оргил салбар дээр өөрийн биеэр ирж уулзсан. Уулзахдаа сар бүр төлөлт хийж, хугацаа хэтэрсэн төлөлтийг бүрэн төлж, цаашид хэвийн төлөхөөр өргөдөл бичиж өгсөн. Зээлдэгчээс одоогийн оршин суугаа хаягийг хэлж өгөхийг хүсэхэд хэлээгүй. Тухайн өргөдөл дээрээ 99007248 гэсэн дугаар тэмдэглэсэн бөгөөд энэ дугаараар залгахад өмнө нь ажиллаж байсан ажлын газрын утас, Жх ажлаасаа гарсан гэж хэлсэн.

Дээрх байдлаас үзэхэд зээлдэгчийг эрэн сурвалжилж хаяг тогтоох шаардлагатай байна. Банкны зүгээс зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, утсаар холбоо тогтоох боломжгүй байгаа нь зээлдэгчтэй биечлэн уулзаж, зээлийн төлбөр төлүүлэх ажиллагаа хийх боломжгүй болгож байгаа тул зээлдэгч С.Ж эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х б ХХК-ийн Гүйцэтгэх захирлын шүүхэд төлөөлөх тухай 2021 оны А/314 тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х б ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2019 оны Б/1527 тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 184/409 дугаар Ш.Н олгосон итгэмжлэл, Зээлийн өргөдөл нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1840005753 дугаар Барьцаат зээлийн гэрээ хавсралтын хамт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл авах үеийн судалгааны тэмдэглэлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгчийн зээл авах үеийн цалингийн тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 5003991748 дугаартай дансны хуулга, 1840005753 дугаартай дансны хуулга, зээлдэгчийн гараар бичсэн өргөдөл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/11049 дугаар шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/12454 дугаар шүүгчийн захирамжийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х б ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ж эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Х б ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ С.Ж зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. С.Ж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор С.Ж оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ж нь зээлийн гэрээнд тусгасан хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/12454 дугаартай захирамжаар, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 20 гудамж хаягт оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022/11049 дүгээр захирамжаар, Улсын бүртгэлд бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр 20-р баг, Даваат, зураа 6 гудамж 21 тоотод оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Ж эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Х б ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч С.Ж эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Х б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 45 дугаар хороо, 24 тоот хаягт бүртгэлтэй, С Ж /РД:ГЮ97022103/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. С.Ж эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. С.Ж оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н /утас:96790706/-т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ