Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/56

 

 

 

Ш.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: С.Энхням,

            Шүүгдэгч: Ш.У,

            Хохирогч: С.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.Уртнасанд холбогдох, эрүүгийн 1919000510055 дугаартай, 1 хавтас, 180 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Ш.У-ийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогт Ш-ийн У-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ш.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт иргэн С.Б-ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Ш-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-д 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ш.У-аас 854217 төгрөг гаргуулан хохирогч С.Б-т олгож,

Шүүгдэгч Ш.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Уртнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.У давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг хэргийг огт үйлдээгүй, гэтэл намайг гэм буруутайд тооцож шийтгэсэнд туйлын их гомдолтой байна. Энэ хэргийг үнэн шударгаар шийдэж өгөхийг хүсч байна. Тухайн хэрэг болдог өдөр энэ хэргийн хохирогч Б намайг элдвээр хэлээд байхаар нь би малгайг нь авчихсан,  бид хоёр муудалцсан нь үнэн боловч түүнийг ямар нэгэн байдлаар огт түлхэж унагаагүй бөгөөд харин тухайн үед би түүний өмсөж явсан үнэгэн малгайг булааж авах үед тэрээр малгайныхаа үзүүрээс татаж хагас суунга тусахдаа гараараа газар тулж унаснаас болж уг гэмтлийг авсан. Энэхүү уналт нь миний түлхэлт, цохилт ямар нэгэн надаас хамаарах шууд хүчин зүйлийн нөхцөл байдалтай ямар ч холбоогүй бөгөөд гагцхүү тэрээр өөрийнхөө биеийн хүч, хөлнийхөө тэнцвэргүй байдалд хөл алдан унахдаа гараа тулснаас болж уг гэмтлийг авсан. Энэ асуудал болох үед ердөө Б бид хоёр хоёулахнаа байсан бөгөөд энэ талаар Б ч өөрийнхөө мэдүүлэгт үнэн зөвөөр мэдүүлсэн ба гэтэл хөндлөнгөөс гэрч Энхсүрэн, М нар уг хэрэг асуудлыг хажуугаас өөрсдөө харсан мэтээр худал мэдүүлээд байгаад маш их гомдолтой байна. Б-ийн гэрч гээд байгаа хүмүүс нь бодит хүмүүс биш. Хэрэг болсон газар байгаагүй. Гэрт байсан хүмүүс байгаа. Б тэр хүмүүсийг нэр дуудан гэрчээр оролцуулсан. Би энэ хүмүүсийн нэгийг ч танихгүй. Гэрчүүд нь хэсгийн ахлагч хийдэг байсан. Б эдгээр хүмүүсийг даргалдаг байсан. Энхсүрэн нь бүр сүүлд нь орж ирсэн. Өмнө нь Э, Б нар нийлээд намайг зодож байсан. Би тэр үедээ Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Эдгээр нэр бүхий гэрчүүд илтэд худал мэдүүлэг өгснийг анхаарна уу. Б эмчилгээний зардал гэх нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй, энэ нь нэгдүгээрт надаас хамааран уг гэмтлийг аваагүй нөхцөл, хоёрдугаарт тэрээр өөрийнхөө сүлжээний эм тариаг эмчилгээндээ хэрэглэсэн мэтээр баримт бүрдүүлэн нэхэмжлээд байгаатай холбогдуулан энэ бүгдийг төлөх үндэслэлгүй. Миний бие энэ жил 61 настай, өөрийн нас намба төрхөөрөө ч тэр ийм хэрэгт холбогдоод байгаадаа маш их ичиж, зовж гомдож байгаа бөгөөд уг хэргийн эхлэл нь Б гэгч нь намайг Луузангийн авгай гэх мэтээр элдэв дээдээр доромжилсноос үүдэлтэй ба ер нь тэрээр надтай байнгын зөрчилдөж, дарамталж доромжилж явдаг болохыг би тухайн үедээ хэлээгүйдээ харамсаж, эцэст нь намайг хэрэг хийсэн мэтээр гүжирдэж байгаад гомдолтой байна гэв.

Хохирогч С.Б давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оноос 2018 он хүртэл багийн дарга байсан, багийн дарга байсан хүн багийнхаа иргэдийг танихгүй байна гэж байхгүй. Уртнасан бид нар хэтэрхий найз нөхдийн холбоо байхгүй, багийн даргын хувьд гэр орноор нь орж гардаг зүйл байсан. 2019-05-29-ний өдөр хурлаар орж надад эмчилгээний зардал гаргуулахаар тогтоогдсон. У-аар гараа хугалуулахдаа санаатайгаар хугалсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр баян авгайгаар архи авахуулж ууна гэж хэлээд дагаад байсан. Тийм учраас би санаатай гэж бодож байна. Мөн би энэ хүнийг миний гарыг хугалсанаас хойш уучлалт гуйгаад ирэх болов уу гэж их харсан ирээгүй. Өнөөдрийг хүртэл огт холбоо бариагүй. Би энэ хүнээс айж зугатаана уу гэхээс биш нийлэх хүн биш. Мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө гарыг хугалсан мэтээр мэдүүлсэн байсан. Би өөрөө гараа хугалчихсан бол ингээд явах байсан уу. У нь хугацаа хожиж, байнга худал мэдүүлэг өгч эмчилгээний зардлыг удаах, рашаан сувилалд явж шаварт орж гараа эмчлүүлэх цаг хугацааг алдуулж өнөөдөр хүрлээ. У анхны мэдүүлэгтээ малгайг нь аваад хаячихсан, малгайгаа аваад надаас  зуурч сөхөрч суусан. Уг үйл явдлыг автобусанд суусан 10 гаруй хүн бүгд харж байсан гэж байсан боловч 2 дахь мэдүүлэгтээ Б малгайгаа авах гээд бүчнээс нь татсан чинь  тасарсан, тэгэнгүүт миний энгэрээс зуураад хагас суусан. Гараараа тулаад өндийсөн, босоо байсан, 3 дахь нь болохоор гараараа газар тулж унаж уг гэмтлийг авсан гэх мэт 3 өөр мэдүүлэг өгсөн. Мөн хэн ч хараагүй, бид хоёр хоёулахнаа байсан гээд байснаа автобусны цонхоор 10 гаруй хүн харж байсан гэж мэдүүлсэн. Гэрч нар бодит биш гэсэн, тэр нь юу гэсэн үг юм бэ, би ойлгохгүй байна. Миний дор ажиллаж байсан хүн нь Э байгаа. Энхсүрэн бид хоёрыг нийлчихээд хөл хугалж байсан гэж байна. Сонгуулийн байранд агсам тавиад, машинд орчихоод гарч өгөхгүй болохоор нь түлхэж гаргаж байсан асуудал байгаа. Уртнасан нь малгай булааж, аяга булааж цохиж толгой гэмтээсэн, гар хугалсан нь шүүх эмнэлэг, гарыг норкозтой эвлүүлсэн эмчийн үзлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тодорхойлогдож байгаа. Би У-д ямар ч өргүй, мөн хүн доромжилж хараал хэлдэггүй, архи уудаггүй, хаана хэнд юу гэж хэлэхээ мэднэ. Намайг зодож гэмтээхийн өмнө Э гэдэг эмэгтэйн хамрыг хугалсан гэж сонсож байсан. Архи уухаараа агсан гэдгийг мэдэх учир би зугтааж байж малгайгаа булаалгаж эргэж харахдаа барьж явсан аягаа булаалгаж цохиулж түлхүүлж унасан. Унахдаа чанга хашгирсан, босож чадахгүй байсан. Хүмүүс гүйж ирж босгоод гар чинь самжчихаж, яаралтай эмнэлэг явъя гээд бид эмнэлэг явж байхдаа цагдаад мэдэгдсэн. Харин ч адилхан эмэгтэй хүн, настай хүн гэж бодоо маш олон удаагийн гүтгэлэг, агсралт булаалт дээрмийг хэлээгүй, олон удаагийн дарамтыг би өнгөрөөсөн. Намайг Хятад улсын сүлжээний бараа зардаг гэж байна. Би сүлжээ хийж амьдардаг. Яагаад гэхээр би тэтгэвэртээ гарчихсан. Энэ талаар шалгаж үзсэн ч болно. Би гомдолтой байна гэв.

 

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч У-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ У нь хохирогчийн үснээс санаатай татсан, татсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, хүндэвтэр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна, энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт, мөн гэрч Э, М, С, Д болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ дүгнэлт нь өөрөө гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хор уршиг, гэм буруугийн хэлбэр зэрэг бүх талуудын нотлох баримтуудтай тохирсон дүгнэлт гэдгийг анхан шатны шүүхээс хийсэн. Ингэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялын төрлөөс торгуулын ялыг сонгож, торгуулийн доод хэмжээ 450 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан. Энэ үндэслэл нь шүүгдэгч Уртнасангийн  өндөр настны тэтгэвэрт байдаг байдал, хувийн байдал, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, олон төрлийн нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоол нь үндэслэлтэй буюу хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар  шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Ш.У-ийн давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичсэн асуудлаар хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг “... хуулийн хугацаанд төлүүлэхээр”  гэж ойлгомжгүй, тодорхойгүй хугацааг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ахмадуудын цасны баяр зохион байгуулагдсан ба энэ үеэр шүүгдэгч Ш.У нь архи ууж согтуурсан үедээ С.Б-тэй маргалдаж улмаар түлхэж унагаасны улмаас хохирогчийн биед тархи доргилт болон баруун гарын бугуйн ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хохирогч С.Б, гэрч Н.Э, Б.М, Б.С, Д.Д нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 02/074 тоот дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон боловч шүүгдэгч Ш.У нь “Б-ийн малгайг толгойноос нь авч шидсэн, энэ үед Б малгайгаа авах гэж тонгойхдоо хөл алдаж унасан тул миний үйлдлээс болж түүний гар хугараагүй” гэж маргадаг болно.

 

Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл хохирогч С.Б нь гэмтэл авсан даруйдаа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасны дагуу шүүгдэгч Ш.У-д Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийг дүгнэлт, хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан ба тэдгээрээс шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй болон хэргийг нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч Ш.Уртнасан, хохирогч С.Б нар хамт байсан, өөр хүн байгаагүй, тэд хоорондоо маргалдсан, шүүгдэгч Ш.У хохирогчийн өмсч байсан малгайг булааж авч газар шидсэн, хохирогч газар унасан гэдгийг хохирогч, шүүгдэгч нарын аль аль нь хүлээн мэдүүлдэг ба  гэрч Н.Э-ийн “... У эгч Б эгчийн араас нь үсдээд татаж байгаа харагдсан“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,   гэрч Б.М-ын “ ... хүмүүс хашгиралдаад ирэхээр нь юу болов яав гээд гэрээс гараад харахад гэрээс урд талд 4-5 метрийн зайд Б даргыг У үсдээд хойш нь гэдийлгээд татаж байсан” гэсэн мэдүүлэг / хх-ийн 11/,  гэрч Б.С-ийн “ ... хүмүүс шуугихаар нь гараад очтол Б даргыг У эгч үсдээд зулгаагаад хойш нь татаж байгаа харагдсан, тэгээд л Б дарга унах шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,  гэрч Д.Д-ын “ ... хүмүүс шуугилдаад явчихаар нь хартал Б дарга хойшоо ар талаараа унаж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/ зэргээр тус тус шүүгдэгч Ш.У нь хохирогчийг арагшаа гэдийлгэж түлхэж унагаасан үйлдлийн улмаас хохирогч С.Б унаж,  бэртсэн гэж үзэхээр байх тул хохирогчийн биед учирсан баруун гарын бугуйн ясны хугарал нь шүүгдэгч Ш.У-ийн  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ш.У гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч түүнийг гэм буруугүй гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт тогтоогдсонгүй.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Хохирогч С.Б-ийн биед учирсан баруун гарын бугуйн ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-д зааснаар “эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш удаан хугацаагаар сарниулсан,  хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-35%-иар тогтонги алдагдуулсан байх” шинжид нийцсэн ба хохирогч нь энэ гэмтлийн улмаас ерөнхий унтуулгатайгаар хугарлыг засах мэс засалд орсон болох нь эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, рентгэн гэрэл зураг зэргээр тогтоогдсон,  гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэсэн гэм буруугийн шинжид тус тус нийцсэн тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.У-г энэ хуульд зааснаар гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн,  шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон “Шударга ёсны зарчим”-д нийцсэн байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ш.У нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хохирогч С.Б-ээс эрүүл мэнддээ учирсан хохирлын улмаас 854.217 төгрөгийн эмчилгээний зардал гаргасныг анхан шатны шүүхээс шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв, дээрх хуулиудад нийцсэн.

 

Харин анхан шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх тодорхой хугацаа тогтоогоогүй байж “хуульд заасан хугацаагаар төлүүлэхээр” гэж  тодорхой биш, ойлгомжгүй хугацаа тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар “шүүх ... ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”,  мөн хууль, зүйлийн 5-д “ ... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ... хорих ялаар солино” гэж тус тус зааснаас үзэхэд шүүхээс шүүгдэгчид торгох ялыг биелүүлэх хугацааг гурван жилийн хугацааны дотор тогтоож өгч болох ба хугацааг тогтоож байгаа бол тэр нь тодорхой байна гэж ойлгогдохоор байхад тодорхойгүй хугацаа тогтоосон нь энэ хуульд нийцсэнгүй.

 

Иймд шүүгдэгчийн ахмад настан, өндөр настны тэтгэвэр авдаг,  хохирогчид учирсан 854.217 төгрөгийн хохиролыг хохирогчид төлөх байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох нь шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирно гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай болсон, өөрчлөлт оруулах энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэл байна.

 

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Ш.У-аас гаргасан би гэмт хэрэг үйлдээгүй гэх гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-д 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай” гэснийг,

 

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уртнасанд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ш.У-аас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС