Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0805

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Очирваань овогт Доржготовын Дарьсүрэн /РД: ИЮ78081503/,

            Нэхэмжлэгч: Говь Мэргэн овогт Төмөрчөдөрийн Тэргүүнбаяр /РД:УЗ97062017/

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дарьсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чанагнянгар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Баянзүрх дүүргийн засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаартай захирамжийн Д.Дарьсүрэн болон Т.Т******** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон болно.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” захирамжаар[1] нэхэмжлэгч Д.Дарьсүрэн, Т.Т******** нарт Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо,  Гачууртын  “Шар хоолой”-д иргэний ахуйн зориулалтаар тус тус 700 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.

2.2. Харин 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн газрын албанд хандан “Шар хоолойн аманд байрлах өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг хаяж гээгдүүлсэн бөгөөд энэ хугацаанд хугацаа нь дууссан тул нөхөн олгож өгнө үү” гэх агуулгатай өргөдлийг[2] гаргахад тус өргөдлийг “Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын карт”-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах” хэмээн бүртгэж,[3] уламжилснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/664 дүгээр “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар нэхэмжлэгч Д.Дарьсүрэн, Т.Т******** нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг[4] нөхөн олгожээ.

2.3.Гэвч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаар захирамж[5] гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6. дахь заалтыг тус тус үндэслэн  “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жилийн дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй...” гэж  нэхэмжлэгч Д.Дарьсүрэн, Т.Т******** нарыг буруутган тэдэнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

2.4.Энэхүү шийдвэрийг иргэн Д.Дарьсүрэн, Т.Т******** нар эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Д.Дарьсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн хуулийн этгээдэд газар газар эзэмшүүлэх тухай гэрээний 6 дугаар зүйлд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тайлбарласан байх бөгөөд уг тайлбараар миний бие нь “Газар эзэмшүүлэх тухай” гэрээг байгуулахад газрын төлбөрийг бүрэн төлсөн[6] ба гэрээ байгуулснаас хойш 1.5 жилийн хугацаа өнгөрсөн байгаа тул 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр миний газар эзэмших эрхийг цуцалж буй нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. 2021 оноос 2023 он хүртэл цар тахалын жилүүд таарсны зэрэгцээ миний бие хөхний хорт хавдар өвчин тусч түр хугацаанд төлбөр төлөх, газраа ашиглах боломжгүй болсон...”[7] гэжээ.

3.2.Нэхэмжлэгч Т.Т******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Цар тахал болон ар гэрт хүнд нөхцөл байдал үүссэнээс /ээж хавдар туссан/ болоод хэсэг хугацаанд газрыг ашиглах болон төлбөр завсардсан байдал мөн 2 жилийн хугацаа дуусаагүй байгаа зэргийг хүндэтгэн үзэж Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаар захирамжийн Т.Т********т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...”[8]гэжээ.

            3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан гэрээний заалт зөрчсөн гэх боловч талуудын хооронд газар эзэмших эрхийн гэрээ байгуулагдаагүй байна. Гэрээ байгуулах нэг талын саналыг газар зохион байгуулалтын албанаа гаргаснаар гэрээний нөгөө газар эзэмших этгээд байгуулах ёстой. Иймд Газрын тухайн хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан зүйл хамаарахгүй байна.

            Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг тайлбарлаж байна. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/664 тоот захирамж гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй учир тухайн зүйл, заалт хамаарахгүй юм.

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дэх хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан. Үүний дагуу сонсох ажиллагаа хийсэн байхыг хуульд заасан. Баянзүрх дүүргийн газрын алба 04 дүгээр сарын 04-ний өдөр цахим хуудсанд байршуулсан мэдэгдэлтэй танилцахад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан сонсох ажиллагааны тухай мэдэгдэл хүргүүлэх журамд заасан мэдээлэл, агуулгыг агуулаагүй байна. Зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой мэдээлэл байгаа. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах шаардлагыг хангахгүй байна. Сонсох ажиллагаа явуулахтай холбоотой 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох буюу 05 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаартай захирамж гарах хүртэл хугацаанд сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан арга хэлбэрээр зохион байгуулсан эсэх нь тодорхойгүй байна.

            Иймд Засаг даргын гаргасан захиргааны акт нь хуулийн үндэслэл бүхий, хууль ёсны актын шаардлагыг хангахгүй байх тул 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаартай захирамжийн Д.Дарьсүрэн, Т.Т******** нар холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чанагнянгар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Дарьсүрэн, Т.Т******** нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 546 дугаар газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай захирамжаар иргэний ахуйн зориулалтаар 700 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд 2021 оны А/664 дүгээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж газар эзэмших эрхийн гэрээ. байгуулж гэрчилгээ олгосон байна.

            Дээрх иргэн нь тус газраа эзэмшиж эхэлснээс буюу 2014 оноос хойш гэрээнд засан зориулалтын дагуу ашиглаж байгаагүй нь 2015 оны 7 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх сансрын зургаар нотлогдож байна.

            Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалт "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.5. "Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх" гэж заасан бөгөөд тус иргэн нь захиргааны акт гарах хүртэлх газрын төлбөрөө төлөөгүй учир 2023 оны А/320 дугаар захирамж үндэслэлтэй байна.

            ...Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дэх хэсэгт заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч тал газрын төлбөрийг 2021 оноос хойш төлсөн гэх тайлбарыг гаргаж байна. Газрын төлбөрийг төлөөгүй болох нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй мөн тухайн газрыг эзэмших хугацааг 2014 оноос хойш зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа юм.

            Т.Т******** нь 2021 он хүртэл газрын төлбөрөө төлөөд түүнээс хойш төлөөгүй. Д.Дарьсүрэнгийн хувьд 2023 оны 09 дүгээр сар буюу захиргааны акт гарснаас хойш газрын төлбөрийг илгээсэн итгэмжлэлийн дагуу төлсөн байдаг.

Тухайн үед захиргааны акт гарснаас өмнө төлөөгүй байсан учир хариуцагчийн зүгээс газрын төлбөрөө төлсөн гэж үзэх байгаа юм.

            Нэхэмжлэгч тал нэмэлт тайлбартаа хоёр тал гэрээ байгуулаагүй учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг хамаарахгүй гэж тайлбар гаргаж байна.

Гэвч 2021 онд гарсан захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан учир Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх хэсэгт заасан 2 жилийн хугацаа хамаарахгүй гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал зөрүүтэй тайлбар гаргаж байна. Үйл баримтын хувьд захирамжийн акт хүчингүй болсон боловч 2014 оны гэрээ хүчин төгөлдөр хэвээр юм. Учир нь гэрээний хоёр тал тухайн гэрээг хүчингүй болгосноор дахин гэрээ байгуулаагүй мөн гэрээний нөхцөлийг шинэчлэн баталсан үйлд баримт тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн хувьд 2021 он, 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тухайд:

4.2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэжээ.

            4.2.2. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”,

 

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 3 дахь хэсэгт Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ”, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус зохицуулсан.

            4.2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга  2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/664 дүгээр “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийнхаа 2 дахь заалтаар “Газраа зориулалтын дагуу үр ашигтай, зүй зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан тавьсан шаардлага, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж ажиллах”-ыг нэхэмжлэгч Д.Дарьсүрэн, Т.Т******** нарт үүрэг болгож анхааруулсаар байхад тэд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мгазраа эзэмшиж, ашигласны төлөөх төлбөрөө дээрх хуулиудад заасны дагуу хугацаанд төлөөгүй[9].

4.2.4.Харин газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаар захирамж гарсны дараа 2021 оны газрын төлбөрөө 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр[10], Д.Дарьсүрэнгийн хувьд 2022 оны газрын төлбөрөө 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр[11], 2023 оны газрын төлбөрөө 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр[12], Т.Төмөрчөдөр нь 2022, 2023 оны газрын төлбөрүүдээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус нөхөн төлсөн үйл баримт тогтоогдож байна.

4.2.5.Гэвч шүүхээс нэхэмжлэгч нарыг газрын төлбөрийг хугацаа хожимдуулж  төлснийг зөвтгөх үндэслэлгүй гэж үзэн, тэднийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх...” гэж тус тус заасны дагуу газар эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэж дүгнэлээ.

4.3. “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тухайд:

            4.3.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

            4.3.2. Харин Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн дүүргийн Газрын алба нь тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр байна.

            4.3.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж тогтоосон байх шаардлагатай.

4.3.4.Нэхэмжлэгчээс “...“Газар эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулснаас хойш 1.5 жилийн хугацаа өнгөрсөн байгаа тул 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй...” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байх боловч энэ талаарх баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт гаргаж өгөөгүй.

4.3.5.Хэрэгт авагдсан баримт[13] болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн хариуцагчийн “...2021 онд захиргааны акт гарсан боловч гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн газрыг эзэмших эрх нь үүснэ. Хариуцагчийн хувьд мэдээллийн цахим санд холбогдох материалуудыг холбосон. Программаас шүүхэд тухайн иргэн гэрээний нөхцөлөө зөвшөөрч гэрээг байгуулаагүй байсан...” гэх тайлбараар нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаартай захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны Шар хоолой гэх газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүсэж, мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/664 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгах захирамжийн дагуу “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”-г  байгуулаагүй байна.

4.3.6.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасны дагуу нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүргээ хэрэгжүүлээгүй тул мөн зүйлийн 32.8-д зааснаар энэ талаарх баримтыг цуглуулаагүй хэмээн шүүхийг буруутгах үндэслэлгүй.

4.3.7.Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын  2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/664 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан хэдий ч нэхэмжлэгч нарын хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон цагаас эхлэн маргаан бүхий актыг гаргах хүртлэх хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан Google earth авсан фото зураг[14], шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн мэдүүлсэн “... 2014 оноос хойш газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшээгүй...”[15], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Зуслангийн газрын хувьд зуны улиралдаа амрах мөн тухайн газар хашаа барих зэрэг байж болно. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар дээр очиход зундаа зуссан нөхцөл байдал ажиглагдаагүй. Үүнтэй холбоотой ашиглаагүй талбайн хянан баталгааны дүгнэлтийг гаргаж өгсөн. Хэрвээ газар эзэмшигч тухайн газар майхан барилаа гэж үзэхэд газрын нягтаршил нь өөр болдог. Дүгнэлт хийхэд ашиглаагүй болохыг газрын нягтаршлаар тогтоож болно...”[16]гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарыг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4.3.8.Хэдийгээр нэхэмжлэгч нар “...хүндэтгэн үзэх шалтгаантай...” болох талаар нэхэмжлэлдээ дурдсан ч энэ тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс нэхэмжлэгчийн хувийн орон зайд шууд халдан нотлох баримтыг шаардан гаргуулаагүй болно.

4.3.9. Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаар захирамжийн улмаас иргэн Д.Дарьсүрэн болон Т.Т******** нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах боломжгүй гэж шүүх үзлээ.

4.4. Бусад:

4.4.1.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;” 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэхээр зохицуулжээ.

4.4.2.Дээрх хуульд нийцүүлэн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах гэж буй талаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олон нийтийн цахим хуудсаар мэдээлсэн[17] тухай баримтыг шүүхэд ирүүлсэн.

4.4.3.Гэвч нэхэмжлэгч нар энэ тухай эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй гэж маргах боловч гагцхүү энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/320 дугаартай захирамжийн иргэн Д.Дарьсүрэн болон Т.Т******** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 33 хуудас

[2] Хавтаст хэргийн 30, 113 хуудас

[3] Хавтас хэргийн 29,112 хуудас

[4] Хавтаст хэргийн 4,79 хуудас

[5] Хавтаст хэргийн 9 хуудас

[6] Хавтас хэргийн 41-42 хуудас

[7] Хавтас хэргийн 1-2 хуудас

[8] Хавтас хэргийн 72-73 хуудас

[9] Хавтас хэргийн 43 хуудас

[10] Хавтаст хэргийн 41, 116 хуудас

[11] Хавтаст хэргийн 143, 144 хуудас

[12] Хавтаст хэргийн 170 хуудас

[13] Хавтас хэргийн 103-127 хуудас

[14] Хавтас хэргийн 57-63 хуудас

[15] Хавтас хэргийн ......... хуудас

[16] Хавтас хэргийн ..........хуудас

[17] Хавтас хэргийн 167 хуудас