Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/00397

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 31 181/ШШ2024/00397

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 22 дугаар байр, 28 тоот хаягт оршин суух, Н овогт Л П /РД:ОЮ61031634/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.П нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төвийн эрчим хүчний системийн Барилга угсралт засварын конторт анх нормчноор ажилд орсон. 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус конторт мастераар дэвшүүлэн ажилласнаас хойш барилгын даамал, инженерээр тус тус дэвшин ажилласан билээ. Энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаал шийдвэрүүдийг архиваас шүүлгэхэд ямар нэгэн баримт гарч ирэхгүй байна. Миний бие тэтгэвэр тогтоолгох болоход ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар нэг баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Иймд намайг Төвийн эрчим хүчний системийн Барилга угсралт засварын конторт 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй 10 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Төвийн эрчим хүчний системийн барилга угсралт засварын контор нь 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хувьчлагдсан бөгөөд үүнээс өмнө тус барилга угсралт засварын контор нь улсын үйлдвэрийн газар байсан гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 902 дугаартай Үндэсний төв архивын тодорхойлолт, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн архивын лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны мэдээлэх хуудас, хамт ажиллаж байсан М.Хайруш, П.Оюунбат, Д.Оюунцэцэг нарын тодорхойлолтууд, мөн хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Л.П оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт, 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1054 дугаар Монгол улсын Төрийн өмчийн хорооны Барилга угсралт, засварын контор төрийн өмчит үйлдвэрийн газар /эд хөрөнгийн цогцолбор/-ыг хувьчлах тухай тогтоолыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай Монгол улсын Төрийн өмчийн хорооны Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоолыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажиллаж байх хугацаандаа авхуулсан фото зураг зэргийг тус тус нотлох баримтаар өгсөн байна.

 

3. Шүүх Үндэсний төв архив болон Нийслэлийн Архивын газраас Н овогт Л П /РД:ОЮ61031634/-ийн Барилга угсралт засварын конторт тус тус ажилд орсон, гарсан тушаал, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилласан байдалтай холбоотой бүхий л баримт, лавлагааг, Архивын ерөнхий газраас Төвийн эрчим хүчний системийн Барилга угсралт засварын конторт 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх баримтаас Н овогт Л П /РД:ОЮ61031634/-ийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримт, лавлагааг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Н овогт Л П /РД:ОЮ61031634/-ийн төрсний лавлагаа, ХААТР-1 маягт, ХААТР-7 маягт, төрөл садны лавлагааг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Н овогт Л П /РД:ОЮ61031634/-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг тус тус гаргуулж, гэрч М.Хайрош, П.Оюунбат, Д.Оюунцэцэг нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: ... Төвийн эрчим хүчний системийн Барилга угсралт засварын конторт 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй 10 жил ажиллаж байсан бөгөөд тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч архивын баримт гарч ирээгүй тул ажилласан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч Л.П нь 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төвийн эрчим хүчний системийн Барилга угсралт, засварын контор төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан болох нь №071853 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр дэх Конторын даргын 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар тушаалаар ХНХХ-ийн мэдэгдлийг үндэслэн нормчноор авч ажиллуулав, Конторын даргын 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 71-р тушаалаар Нормчны ажлаас чөлөөлж мастераар дэвшүүлэн ажиллуулав гэсэн тэмдэглэл, 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлийн ХААТР-1 маягт дахь Л.П нь Төв эрчим хүчний систем Барилга завсрын конторт Барилгын даамал-аар 1986 оноос ажилласан тухай тэмдэглэл, Пүрэвсамбуугийн Гантулгын Төрснийг бүртгэх 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн анкет буюу ХААТР-11 маягтын эцгийн мэдээлэл хэсэгт Л.Пүрэвсамбуу Төв эрчим хүчний систем Барилга засварын конторт инженерээр ажилладаг гэсэн тэмдэглэл, гэрч Д.Оюунцэцэгийн ... Л.Пүрэвсамбуутай хамт 1986-1999 он хүртэл ажилласан ... гэх мэдүүлэг, гэрч М.Хайрошийн ... Пүрэвсамбуу 1986 онд Эрчим хүчний барилга угсралтын засварын конторт мастераар ажиллаж байсан. 1986-1999 он хүртэл бригадын дарга, мастер гэсэн албан тушаал эрхэлж байсан ... гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч Л.П нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч Л.П нь улсад ажилласан байдлаа тогтоолгох зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Архивын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 902 дугаар тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 876 дугаар тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Л.П хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Иймд шүүх хэргийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон үйл баримтад үндэслэн Л.П нь 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төвийн эрчим хүчний системийн Барилга угсралт, засварын контор төрийн өмчит үйлдвэрийн газарт нормчин, мастер, даамал, инженерээр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

7. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.П улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овогт Л П /РД:ОЮ61031634/-г 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төвийн эрчим хүчний системийн Барилга угсралт, засварын контор төрийн өмчит үйлдвэрийн газарт нормчин, мастер, даамал, инженерээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Л.Пүрэвсамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ