| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/03762/И |
| Дугаар | 181/ШШ2024/00396 |
| Огноо | 2024-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/00396
2024 01 30 181/ШШ2024/00396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 2б байр, 108 тоот хаягт оршин суух О овогт Г Г /РД:ХВ62112071/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт слесараар ажиллаж байгаад үүрэгт ажлаас чөлөөлөгдөж цэргийн албанд татагдсан. Тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт ажиллаж байсан, ажилд орсон, гарсан тушаал нь архивт хадгалагдаагүй. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсээ таньж мэдэхгүй. Мөн 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ажиллаж байсан бичиг баримт архив шатсан гээд олдохгүй байна.
Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд намайг 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт слесараар ажиллаж байсныг мөн 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын намын хороонд жолооч-оор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Архивын газрын 01 дүгээр сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Монгол ардын намын төв архивын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн архивын лавлагаа, Г.Г хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Бүрэнжаргалын тодорхойлолт, гэрч С.Бүрэнжаргалын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт, Г.Г иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07/168 дугаартай албан бичиг, Г.Г Монгол ардын намын 90 жилийн ойн хүндэт медал, Г.Г Нийслэлийн Монгол ардын нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэт медал, 1981 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Октябрийн районы намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны шагнал, 1981 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Залуучуудын хөдөлмөрийн алдрын хүндэт диплом, 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн МАХН-ын төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургуулийн ректорын Авто машин шилжүүлэх ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн МАХН-ын төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит намын дээд сургуулийн ректорын Ажилд авах тухай тушаалыг тус тус нотлох баримтаар өгсөн байна.
4. Шүүх гэрч Б.Сэлэнгэ, С.Бүрэнжаргал нарын мэдүүлэг, Г Г /РД:ХВ62112071/-ы төрсний лавлагаа, ХААТР-1 маягт, ХААТР-7 маягт, төрөл садангийн лавлагаа, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1209 дугаартай Үндэний төв архивын албан тоот, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1205 дугаартай Үндэний төв архивын албан тоот, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1212 дугаартай Үндэний төв архивын албан тоот, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1211 дугаартай Үндэний төв архивын албан тоот, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 226 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Г.Г нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.Г нь 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмж үйлдвэр засварын газарт слесараар ажиллаж байсныг мөн 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт улсад ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын намын хороонд жолооч-оор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч Г.Г нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч Г.Г нь улсад ажилласан байдлаа тогтоолгох зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Үндэсний төв архивын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1482 дугаар тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 131 дугаар тодорхойлолт, Монгол Ардын намын Төв архивын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 44 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Г.Г хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч Г.Г нь 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын намын хороонд жолооч-оор ажиллаж байсан болох нь 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон №071853 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр дэх Улаанбаатар хотын намын хорооны НБДНЗ-ийн 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 99 тоот тогтоолоор хотын намын хороонд жолоочоор авч ажиллуулав гэсэн тэмдэглэл, Улаанбаатар хотын намын хорооны дарга, дэд дарга нарын зөвлөлийн 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор өөрийнх нь хүсэлтээр жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн тэмдэглэл, МАХН-ын төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн ректорын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаартай Г.Г тус өдрөөс ажлаас чөлөөлж Улаанбаатар хотын хамын хорооны мэдэлд шилжүүлсэн тухай тушаал, гэрч Б.Сэлэнгийн ... Бит хотын намын хороонд 1988 онд бичээчээр ажилд орсон. Тэгээд дараа нь Г.Г жолоочоор орж ирсэн. Г нь 5-6 ажил ажилласан байх ... гэх мэдүүлэг, гэрч С.Бүрэнжаргалын ... Г.Г нь 1990 он хавьцаа жолоочоор ажилд орсон. 1991 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Хотын намын хорооны үйлчилгээний ажилтан, жолооч нарыг намын төв хорооны санхүүгийн тасагт шилжүүлсэн. Тухайн үед Г.Г нь Өлзий даргын жолооч хийж байгаад 1995 онд өөрчлөлт ороод орон тооны цомхотгол хийсэн. Тэгээд Г.Гансайхан нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан... гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
7. Иймд шүүх хэргийн баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон үйл баримтад үндэслэн Г.Г 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын намын хороонд жолооч-оор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
8. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Гансайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Г Г /РД:ХВ62112071/-ыг 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын намын хороонд жолооч-оор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ