| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03037/И |
| Дугаар | 181/ШШ2024/02357 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/02357
| 2024 06 12 | 181/ШШ2024/02357 |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..................................АӨ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......................................Д.А д холбогдох,
хамтран ажиллах гэрээний төлбөр 103,618,350 нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Р.Нямцэцэг, хариуцагчийн төлөөлөгч О.Тэнгис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Мэдээлэл, технологийн үндэсний парк нь төрөөс мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулан төлөвшүүлэх үйл ажиллагааг дэмжих чиг үүрэгтэйгээр байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар билээ.
Манай байгууллагын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дэх дүгээр элсэлтээр Инкубаторын үйлчилгээгээр хариуцагч С ХХК нь элсэн орж, Мэдээлэл, технологийн үндэсний паркын 2 дугаар давхар 201 тоотын 274 мкв оффис, лабораторийн чиглэлээр ашиглаж байна. Тус байгууллага нь одоогоор 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр DХАГ/02 дугаартай Инкубаторын дараах үйлчилгээний хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Төрийн өмчийн байр ашиглах үндсэн төлбөр 1 мкв-ын төлбөр 38,500 төгрөгөөс 20 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу сарын нийт 8,439,200 төгрөгийн ашиглалтын зардал төлөн үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл хариуцагч нь Хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэлтэй 2024 оны 04 дүгээр сарын байдлаар нийт 103,618,350 төгрөгийн авлага үүсээд байна.
Иймд хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ХАГ/02 дугаартай Инкубаторын дараах үйлчилгээний хамтран ажиллах гэрээний төлбөр болох 103,618,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч бид эвлэрч байгаа гэв.
2. Хариуцагч С ХХК шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:
Миний бие Одхүү овогтой Тэнгис нь тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мэдээлэл, технологийн үндэсний паркын нэхэмжлэлтэй С ХХК- д холбогдох маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Манай байгууллага нь Мэдээллийн технологийн инкубаторын үйл ажиллагааны журмыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 40 дэх элсэлтээр Мэдээлэл, технологийн үндэсний паркын инкубаторын үйлчилгээнд элсэн орсон бөгөөд энэ хугацаанд өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж, тайлан, төлөвлөгөөг цаг нь гүйцэтгэж ирсэн найдвартай хамт олон юм. Бид өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайг ашиглалтын төлбөрт сар тутам 1 мкв талбайд 30,800 төгрөг буюу нийт 8,439,200 төгрөгийг төлж мөн тухай тохижилтыг хариуцаж, засвар үйлчилгээ хийсэн бөгөөд тухайн засварыг хийж гүйцэтгэхэд паркын удирдлагуудтай хамтран тохиролцож хийж гүйцэтгэсэн дурьдах нь зүйтэй байна.
Мөн бид 2022 онд нэхэмжлэгч талтай Мэдээлэл Технологийн Үндэсний паркын авто зогсоолын автоматжуулалтын ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн байгууллагын бүтээгдэхүүн болох мэргэн савдагийг бүх төрлийн систем, улсын хэмжээнд дотоодод үйлдвэрлэсэн анхны цахилгаан автомашин цэнэглэгч зэргийг бүрэн тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөхөөр бүх үйлчилгээ бэлэн болсон байна. Харин нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд гэрээнд зааснаар төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүйгээр төлбөр авах боломжгүй байгаа ба зогсоолыг өнгөрсөн хугацаанд өөрийн байгууллагын ажилтануудын хэрэгцээнд зориулан хэрэглэж ирсэн юм.
Иймд бид нэхэмжлэгч талаар шаардсан ашиглалтын төлбөр 103,618,350 төгрөгийг төлөхтэй холбоотой асуудлаар маргахгүй бөгөөд өгөх ёстой байсан төлбөр мөн манай үйлчилгээ нь Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журамд хамаарахгүй тул ашиглалттай холбоотой асуудал нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтад хамаарах тул бид нэхэмжлэгч байгууллагад үзүүлсэн засвал үйлчилгээ тохижилтыг мөн хуулийг 289.2 дахь заалтын 289.2.5 дахь хэсгийг үндэслэл болгож Мэргэн савдаг зогсоолийн иж бүрэн тоноглол, цахилгаан автомашины зогсоолын төлбөр 40,000,000 төгрөг, өөрийн ашиглаж байсан нийт 274 мкв талбай засвар шинэчлэлийн зардал 22,171,010 төгрөг, үлдэгдэл 41,447,340 төгрөгийг гурав хувааж 2024 оны 08 дугаар сарын 1-ний өдөр 13,815,780 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр 13,815,780 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр үлдэгдэл 13,815,780 төгрөгийг төлөх санал гаргаж байна.
Учир нь одоогоор нэхэмжлэгч талын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зогсоолын үйлчилгээ эхлээгүй байгаа, мөн улсын их хурлын сонгууль ойртсон байгаа энэ хугацаанд манай байгууллага орлого хумигдсан байгаа тул манай байгууллагыг дэмжих, бойжуулах үйлчилгээ үзүүлэгч байгууллага маань энэ үйлчилгээг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анман шатны шүүхээс манай байгууллагын нэхэмжлэгчид үзүүлсэн засвар, тоног төхөөрөмжийг төрийн ашиглалтын зардалд суутган төрийн өмчид бүртгэхийг даалгахаар захирамжлаж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 05 сарын 01-ний өдрийн Инкубаторын дараах үйлчилгээний хамтран ажиллах гэрээ, ажлын төлөвлөгөө, гэрээний нэмэлт, өглөг авлагын тайлан,
4. Хариуцагчаас нотох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М нь хариуцагч С ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 103,618,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч С ХХК нь төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж, талууд эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Эвлэрлийн гэрээнд: М нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох маргаанд дараах нөхцөлөөр эвлэрч байна.
Үүнд: -Зогсоолын тоног төхөөрөмж 40,000,000 төгрөг,
-274 мкв талбайн засварт 22,171,000 төгрөг,
-үлдэгдэл 41,447,340 төгрөгийг 2024 оны 08 сарын 01-ний өдөр 13,815,780 төгрөг, 2024 оны 09 сарын 01-ний өдөр 13,815,780 төгрөг, 2024 оны 10 сарын 01-ний өдөр 13,815,780 төгрөг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.
3. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч М хариуцагч С ХХК нарын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч М хариуцагч С ХХК нар нь зогсоолын тоног төхөөрөмж 40,000,000 төгрөг, 274 мкв талбайн засварт 22,171,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 41,447,340 төгрөгийг 2024 оны 08 сарын 01-ний өдөр 13,815,780 төгрөг, 2024 оны 09 сарын 01-ний өдөр 13,815,780 төгрөг, 2024 оны 10 сарын 01-ний өдөр 13,815,780 төгрөгийг хариуцагч төлж төлөхөөр талууд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 676,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 338,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М