Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2024/02348

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 11 181/ШШ2024/02348

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 30а өөрийн байранд байрлах, Ө х ХХК /РД:2062895/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 28а байр, 204 тоот хаягт оршин суух,  Б.Б /РД:ИН90021510/-д холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: 18,337,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө х ХХК нь Б.Бд холбогдуулан 18,337,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 13,950,000 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэн Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай Ө х ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 28а байрны 2 давхрын 204 тоотын 112 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 308,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж Орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Б.Б нь уг сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ 2020 оны 10 дугаар сард шилжүүлэн авч, сууцаа хүлээн авч байрандаа өнөөг хүртэл амьдарч байна.

Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Би 28а байрны 112 м.кв талбайтай 204 тоотыг худалдан авч байгаа, 28а байрны үндсэн үнэ болох 3,600,000 төгрөгөөс хямдруулж 2,750,000 төгрөгөөр худалдан авах боломжийг хангаж өгнө үү, мөн төлбөрийн үлдэгдэл 25,000,000 төгрөгийг төлж барагдуулах тул түлхүүр, байрыг хүлээлцэж өгнө үү зэрэг хүсэлтүүдийг тус тус гаргасан учраас манай Өгөөж хишиг ХХК нь удаа дараагийн хүсэлтийг нь хангаж, итгэж итгэлцлийн үндсэн дээр төлбөрийн дутуу төлөлттэй байсан ч үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргаж нэр шилжүүлж өгсөн, байрыг нь хүлээлгэн өгч амьдрах ашиглах боломжийг нь хангасан, үнийн хөнгөлөлт үзүүлсэн, 6 хувийн зээлд орох боломж гаргасан, төлбөр төлөх хувилбаруудыг гаргаж дэмжлэг үзүүлсэн, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан, мөн өнөөдрийг хүртэл алданги нэхээгүй хүлээцтэй хандсан юм.

Гэтэл Б.Б нь орон сууц, үл хөдлөхийн гэрчилгээгээ 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаас хойш 800 гаруй хоног буюу 2-3 жилийн хугацаа өнгөрч байгаа ч өнөөг хүртэл төлбөрийн дутуу төлөлттэй, гэрээний үүрэг, бидний итгэлийг хөсөрдүүлэн биелүүлсэнгүй.

Захиалагч Б.Б нь орон сууц захиалгын Б57 дугаар гэрээний 6.2-д зааснаар орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан байдаг.

Б57 дугаар гэрээний хавсралт1-ийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгах ёстой байсан боловч 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 249 хоногийн хугацаатайгаар хоцруулсан, үүнээс хойш төлбөр огт нэмж төлөөгүй учраас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 57 гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулж төлөлтийн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж дуусгахаар график гарган хойшлуулсан боловч мөн л хугацаа хоцруулж төлөөгүй юм. Өнөөгийн байдлаар нэмэлт гэрээний хуваарьт төлөлтийн алданги гэхэд л 23,361,000 төгрөг болоод байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэвэл 4,650,000 төгрөгийн алдангийг, үндсэн төлбөрийн үлдэгдэл 9,300,000 төгрөгийн хамт нийт 13,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Ө х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох иргэний хэрэгт "Ө х ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Үндсэн төлбөрийн 9.300.000 төгрөгийн тухайд: Миний бие Б.Б нь Ө х ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/57 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, 28а байрны 204 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Тус гэрээний 2.2-т Захиалагч байрны төлбөрийг хавсралт №1-д заасны дагуу төлнө гэж заасан бөгөөд хавсралт №1-д зааснаар 1;2;3 дугаар төлөлтүүдийг зохих ёсоор төлсөн 4 дүгээр төлөлт буюу 24,500,000 төгрөгийн үнийн дүнд БНСУ-д үйлдвэрлэсэн хаалганы дижитал цоож нийлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд Ө х ХХК-тай 24,500,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөх тухай нэмэлт өөрчлөлт оруулаагүй байх тул мөнгөн хэлбэрээр төлөхийг шаардсан нь үндэслэлгүй юм.

Иймд 9,300,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин уг үнийн дүнд Хавсралт №1-д зааснаар БНСУ-д үйлдвэрлэсэн хаалганы дижитал ухаалаг цоож нийлүүлэхэд татгалзах зүйлгүй болно.

Алданги 9.037.500 төгрөгийн тухайд, миний бие Хавсралт №1-д заасан хугацаанд, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон дижитал ухаалаг цоожийг Ө х ХХК-д нийлүүлэх гэсэн боловч Ө х ХХК нь түүнийг хүлээн аваагүй байдаг.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт Хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх тул алданги шаардсан нь үндэслэлгүй. Иймд Ө х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт, түлхүүр хүлээлцэх акт, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах Б57 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар, төлбөрийн хуваарийн хүснэгт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б57 тоот гэрээний төлбөрийн дүгнэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай Ө х ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 28а байрны 2 давхрын 204 тоотын 112 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 308,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нь гэрээний үлдэгдэл 9,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон тул худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 9,300,000 төгрөг, алданги 4,650,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 9,300,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин уг үнийн дүнд Хавсралт №1-д зааснаар БНСУ-д үйлдвэрлэсэн хаалганы дижитал ухаалаг цоож нийлүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон дижитал ухаалаг цоожийг Ө х ХХК-д нийлүүлэх гэсэн боловч Ө х ХХК нь түүнийг хүлээн аваагүй тул худалдан авагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, иймд алданги шаардах эрхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №Б57 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпын гудамж Ө х ХХК-ийн хашаанд байрлалтай Б блокийн 2-р давхар, 204 тоот, 112 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2018 оны 3-р улиралд багтаан хүлээлгэж өгөх, захиалагч нь 308,000,000 төгрөгийг гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

6. Талууд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах Б57 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн гэрээг байгуулж, уг гэрээнд дараах нөхцөлийг тусгажээ. Үүнд: Б57 тоот гэрээний нийт төлбөр болох 308,000,000 төгрөгөөс захиалагч нь 288,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй боловч 19,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй, захиалагчийн бартераар нийлүүлэх дижитал хаалганы цоожийг хүлээн авах боломжгүй, борлуулж мөнгө болгож төлбөрийг барагдуулах саналыг удаа дараалан Ө х ХХК-д гаргаад 10 гаруй сарын хугацаа өнгөрсөн боловч цоож зарагдсан төлбөр хэмээн нэг ч төгрөг Ө х ХХК-д төлөөгүй бөгөөд төлбөрийг барагдуулах хугацаа өнгөрсөн боловч Б.Б-н талаас ямарваа нэг санал санаачилга гаргахгүй байгаа нь төлбөрийн үлдэгдлийг барагдуулах зорилгогүй байна гэж үзэж, 19,500,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 3,900,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

7. Гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу хариуцагчаас 10,200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,300,000 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

8. Хариуцагч нь гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрт 9,300,000 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар маргаагүй, харин тухайн төлбөрийг бартераар буюу цоожоор төлж барагдуулахаар тохиролцсон тул мөнгөн хэлбэрээр шаардах эрхгүй гэж, мөн цоожийг хүлээлгэн өгөхөд нэхэмжлэгч хүлээн аваагүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд алданги шаардах эрхгүй гэж тус тус маргасан.

 

9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Орон сууц захиалгаар бариулах гэж нэрлэсэн хэдий ч гэрээний зүйл болох тухайн орон сууц нь 2018 онд ашиглалтад орсон гэж нэхэмжлэгчээс тайлбарласан бөгөөд гэрээг 2020 онд байгуулахдаа гэрээний 1.1-д орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд багтаан барина гэж тусгасан, талуудаас орон сууцыг худалдаж, худалдан авсан гэсэн тайлбарыг гаргаж байгаагаас дүгнэвэл зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

10. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

11. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээнд заасан хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

12. Гэрээний хавсралт №1-д 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 24,500,000 төгрөгийг Ө х ХХК-д Солонгос улсад үйлдвэрлэсэн дижитал хаалганы цоожоор бартерлана. Бараа нийлүүлэх гэрээг тусад нь хийж нийлүүлнэ гэж тохиролцсон хэдий ч 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр гэрээний үлдэгдэл төлбөр 19,500,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. Иймээс гэрээний үлдэгдэл 9,300,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр шаардах эрхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

13. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-с 9,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө х ХХК-д олгох нь зүйтэй.

 

14. Зохигчид Гэрээний 6.2-т Захиалагч нь орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага болон хуулиар тогтоосон алдангийн хувь хэмжээнд нийцсэн байна.

 

15. Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч тохирсон хэмжээгээр хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй.

 

16. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 4,650,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

17. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Б-с Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,300,000 төгрөг, алданги 4,650,000 төгрөг, нийт 13,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө х ХХК-д олгож шийдвэрлэв.

 

18. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товийг хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхийг эдлүүлэх үүднээс шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтээр мөн өдрийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж хойшлуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлж үндэслэлээ авга ах нас барж ажил явдал гарсан гэж тайлбарласан боловч хүсэлтийг хангах үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

19. Иймд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-эс 13,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ