Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/шш2023/0943

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: "Нандин маргад" ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: “АГУ сийкер” ХХК,

Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч "Нандин маргад" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтын “АГУ сийкер” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.“Нандин маргад” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 92/2022 дугаартай өдрийн “Богдхан уулын дархан цаазат газарт мод тарих ажлын гэрээ”-г Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталжээ.

3.Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтын 8 дахь хэсэгт “АГУ сийкер” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт байрлах Хүрэлтогоотын аманд 44850.6 м.кв газрыг ашиглах эрхийг олгосон байна.

4.Нэхэмжлэгчээс ...мод тарих талбайн хойд хэсэг дэх талбайд давхцуулан "АГУ сийкер" ХХК-д газар олгосон шийдвэр нь хууль бус гэж...” маргажээ.

5.Нэхэмжлэгч "Нандин маргад" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/...Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалаар манай компанийн мод тарих талбайн хойд хэсэг дэх 44,851 м.кв талбайд давхцуулан “АГУ сийкер” ХХК-д газар ашиглах эрх шинээр олгосон болохыг 2023 оны 04 сарын сүүлээр мэдсэн.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23/14 тоот албан бичгээрээ гомдол гаргасан боловч тус яамны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08/3522 тоот албан бичгээр гомдлоо шүүхийн байгууллагад хандаж гаргана уу гэсэн хариуг ирүүлсэн.

2/Манай компани анх ямар ч кадастрын давхцалгүй талбайд мод тарих төслөө бичин дэмжүүлж, төслөө хэрэгжүүлнэ хэмээн итгэж тодорхой хэмжээний тосов зардал зарцуулаад байгаа бөгөөд “АГУ сийкер” ХХК-д газар ашиглах эрх олгохоос өмнө мод тарих гэрээ байгуулан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар батлуулсан юм.

3/Гэтэл кадастрын давхцал үүсч байгаа эсэхийг судалж, нягтлалгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтаар манай компанийн мод тарих талбайн 44,851 м.кв талбайд давхцуулан “АГУ сийкер” ХХК-д газар ашиглах эрх шинээр олгосон нь “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг зөрчиж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”Нандин маргад” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Улаанбаатар хот орчмын бүс нутгийн ойн нөөцийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүрэлтогоотын аман дахь 27,2 га газарт мод тарихаар болж холбогдох журмын дагуу хүсэлтийг гарган төслөө бичиж мод тарих ажлыг дэмжүүлсэн байгаа. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2022 оны А/336 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан мод тарих ажлын гэрээний загварын дагуу гэрээгээ Ойн газар, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр эцэслэн баталсан байгаа. Тэгээд 2022 оны намартаа Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр гэрээ батлах үйл явц 2-3 сараар удааширч гадаа хүйтэрсэн. Тиймээс мод тарих бололцоогүй болсон. 2023 оны 3 дугаар сард мод тарих ажлыг эхлүүлэх талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны модны гэрээ хариуцсан мэргэжилтэн болон тус бүс нутгийн Байгаль хамгаалагч нартай уулзан зөвлөгөө авч, мал амьтанд ээлтэй мод хамгаалах хашааг БНХАУ-аас захиалаад авсан. Мод тарих талбайн нарийвчилсан төлөвлөгөө гаргах зорилгоор байрлал зүйн зургийн ажлыг гүйцэтгүүлэн, мод тарих ажлынхаа бэлтгэлийг хангаж байсан. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалаар манай компанийн мод тарих хэсгийн хойд талбайн хэсэг дээр 44851м2 талбайг давхцуулан “АГУ сийкер” ХХК-д газар ашиглах эрх олгосон болохыг 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр egazar.mn сайтад орсон мэдээллийн бүртгэлээс мэдсэн байгаа. Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа өргөдөл гомдол гаргасан боловч тус яамны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08/3522 тоот албан бичгээр гомдлоо шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирүүлсэн. Манай компани ямар ч кадастрын давхцал байхгүй талбайд мод тарих төслөө бичин дэмжүүлсэн байдаг. Цаг хугацааны хувьд бүх талаар “АГУ сийкер” ХХК-аас түрүүлж мод тарих гэрээг батлуулсан. Тухайлбал Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ манайхтай байгуулсан байтал Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс “АГУ сийкер” ХХК-д газар олгохыг дэмжих бичгийг 2022 оны 11 дүгээр сарын 21-нд гаргасан байдаг. Манай мод тарих ажлын гэрээг Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан байхад “АГУ сийкер” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал 2022 оны 12 дугаар сарын 13-нд гарч, 2023 оны 12 дугаар сарын 19-нд газар ашиглах гэрчилгээг нь олгосон байдаг. Тэгэхээр цаг хугацааны хувьд түрүүлж эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Төрийн эрх бүхий байгууллагууд болох Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ойн газартай гуравласан гэрээ байгуулаад тус гэрээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан. Тэр тушаалын дагуу байгуулсан гэрээг мөн баталсан байгаа. Тэгэхээр манай компани эрх бүхий байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ хэрэгжүүлнэ хэмээн итгэж 116,6 сая төгрөгийн үнийн дүнтэй зардлыг гаргаад байна. Мод тарихтай холбоотойгоор сүүлд нарс модны 3 мянган суулгацыг авч тарихад бэлэн болгосон байгаа. Манай компани цаг хугацааны хувьд эрх зүйн үр дагаврын хувьд ч гэсэн бүх харилцаа төрүүлсэн байхад кадастрын давхцал үүсэж байгаа эсэхийг судалж нягтлалгүйгээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтаар манай компанийн мод тарих талбайн 44851м2 талбайг давхцуулан “АГУ сийкер” ХХК-д газар ашиглах эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна . Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар ашиглах эрх олгох тухай А/566 дугаар тушаалын хавсралтын “АГУ сийкер” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцоно” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалыг гаргахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1599 дугаар албан бичгээр “АГУ сийкер" ХХК-д газар ашиглах эрх олгохыг дэмжсэн саналыг үндэслэсэн.

Тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналын бичигт бусдын газартай давхцалтай талаарх баримт байгаагүй. Энэ дэмжих санал бичгийг үндэслэж тухайн маргаан бүхий тушаал гарсан. Тэгэхээр давхцуулж олгосон гэж үзэхгүй байна.

Нэхэмжлэгч компанийн хувьд мод тарих гэрээг байгуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан байдаг. Тухайн үйл баримтууд нь цаг хугацааны хувьд ойрхон байсан учраас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн маргаан бүхий тушаал гаргахад мэдээллийн санд давхцалтай гэсэн мэдээлэл ороогүй байсан.

Мэдээллийн санд зураг давхцалтай гэдэг мэдээлэл ороогүй учраас 2022 оны 12 дугаар сарын 13-ны тушаалыг гаргахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслээд олгосон байгаа. Гэрээгээр тухайн газарт нэхэмжлэгч нь  2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд мод тарих тэгээд хамгаалалт арчилгааг хариуцах үүрэгтэй байгаа. 2023 оны 8 сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч ХХК-д гэрээгээ шинэчилье. Тухайн 4,4 га газар нь ““АГУ сийкер”” ХХК-ийн газартай давхцалтай байна, ирж гэрээгээ шинэчлэх агуулгатай мэдэгдэл өгсөн байдаг. Гэрээгээ шинэчлээд давхцалтай хэсгийг нь гаргуулаад мод тарих ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн шууд эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэхгүй байна” гэв.

7.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Манай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А\566 дугаар тушаалаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын  Хүрэлтогоотын ам нэртэй газар 44850.6 м2 талбайгАялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар, 022445 дугаар гэрчилгээг олгож, Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах 0012 дугаар гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулан холбогдох газраар батлуулсан нь аливаа нэг хууль зөрчөөгүй болно.

Мөн бид уг байршилд хүсэлтийг 2022 оны 07 дугаар сард Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гарган 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хариу бичгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлд заасны дагуу ямар нэг давхцалгүй тул саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэн судлуулан хариуг авч холбогдох төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсний хүрээнд салбарын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А\566 дугаар тушаал гарч газар ашиглах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн маргаан гаргаж буй гол үндэслэл болох давхцуулан олгосон тул холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нь өөрөө хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “МОД ТАРИХ” зориулалтаар газар ашиглах эрх олгох тухай огт дурдаагүй бөгөөд бид тухайн газрын Улсын тэмдэгтийн хураамжийг төлж холбогдох төрийн байгууллагатай газар газар ашиглах гэрээг байгуулж Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан зориулалтаар уг газрыг ашиглаж байгаа болно.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А\566 дугаар тушаал Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2 Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн тушаал гаргасан байх бөгөөд холбогдох давхцалтай эсэхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг хянан үзэж уг тушаал гарч “АГУ сийкер” ХХК-д хавсралтад дурдсанаар газар ашиглах эрхийг олгосон” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 222445 дугаар гэрчилгээтэй, 4485 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг авсан байдаг. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл болон Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8, 1 дүгээр зүйлийн 1.18-т заасны дагуу зохих этгээдээс хууль журмын дагуу тухайн газар ашиглах эрхийг олж авсан. Нэхэмжлэгч этгээд Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 92/2022 дугаар Богд хан уулын дархан цаазат газарт мод тарих ажлын гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч тухайн газарт газар ашиглах эрхийг хууль журмын дагуу аваагүй. Энэ Байгаль орчин аялал жуулчлалын яам буюу төрийн захиргааны төв байгууллагаас олгогдох эрх хэмжээний асуудал. Нэхэмжлэгчийн хувьд зөвхөн мод тарих ажлын гэрээ хийсэн байгаа. Энэ нь ашиглалтын эрх гэж тооцогдох боломжгүй. Тийм учраас газар ашиглах эрхгүй, кадастрт бүртгэгдээгүй гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн давхцалтай зураг Голден мэйф-ийн хийсэн зургийг “АГУ сийкер” ХХК-ийн ашиглалтын гэрээтэй газартай давхцуулж үзлээ л гэдэг зураг байгаа. Тэгэхлээр газар зохион байгуулалтын албанд "Нандин маргад" ХХК мод тарих ажлын гэрээнд заагдсан кадастрын дагуу зураг хийгдээгүй гэж харж байгаа. “АГУ сийкер” ХХК-д газар олгоход ямар нэгэн байдлаар давхцалтай гэж үзэхгүй. Энэ байдлаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үгүйсгэгдэнэ гэж үзэхгүй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу хүсэлт болоод бусад бичиг баримтуудыг зохих байгууллагад нь гаргах ёстой байсан. Кадастрын бүртгэлд ямар нэгэн байдлаар бүртгэл байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг юун дээр хөндөгдөөд байгаа вэ? Нандин маргад ХХК-д анхнаас нь газар ашиглах эрх олгогдчихсон байгаад “АГУ сийкер” ХХК-д давхцуулан олгосон бол хууль ёсны эрх ашиг хөндөгдөх боломжтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд хууль журмын дагуу газар ашиглах эрх "Нандин маргад" ХХК-д олгогдоогүй учраас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байсан юм уу, үгүй юм уу гэдэг асуудлыг бас яриад байгаа юм. Газар ашиглах эрхтэй байж хууль ёсны эрхээ сэргээлгэх гэдэг байдлаар маргах боломжтой юм болов уу. Тэгэхлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн  Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх” гээд 4 дэх хэсэгт “ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох”, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих”, Ойн хуулийн хуулийн  13 дугаар зүйлийн 13.1.1-д “ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой хээрийг түймрээс хамгаалах, байгаль орчны тэнцлийг хангах талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заажээ.

1. Анх “Нандин маргад” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 92/2022 дугаартай өдрийн “Богдхан уулын дархан цаазат газарт мод тарих ажлын гэрээ”-г Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулж, улмаар дээрх гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталжээ.

2.Харин гуравдагч этгээд болох “АГУ сийкер” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1-21 дүгээр албан бичгээр “...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44851 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтийг...” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт гаргажээ.

3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтын 8 дахь хэсэгт “АГУ сийкер” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт байрлах Хүрэлтогоотын аманд 44850.6 м.кв газрыг “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн бүр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгож, 0222445 тоот гэрчилгээг олгож, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0012 дугаартай “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г байгуулсан.

4.Гуравдагч этгээд “АГУ сийкер” ХХК-д ашиглуулсан /олгосон/ 44850.6 м.кв газар нь нэхэмжлэгч “Нандин маргад” ХХК-д ашиглуулах эрх олгосон 27.2 га газартай бүхэлдээ давхцалтай бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

          5.Харин хариуцагч нь маргаан бүхий газарт байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр мод тарьж, байгалийг хамгаалах зорилгоор нэхэмжлэгчид Баянзүрх дүүргийн нутагт орших дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 27.2 га газрыг ашиглуулах эрх олгосон атлаа уг газартай давхцуулан “АГУ сийкер” ХХК-д 44850.6 м.кв газрыг ашиглах эрх олгосон А/566 дугаар шийдвэр нь хуульд нийцээгүй байна. 

          6. Учир нь Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, Ойн хуулийн дүгээр зүйлийн  4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна” гэж тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу газрыг ашиглахаар хашаа барьж, улмаар “Нарс модны суулгац нийлүүлэх гэрээг “Гийх содон гэрэл” ХХК-тай, мөн Байр зүйн зургийн ажил гүйцэтгэх гэрээ /мод тарих газрын налуу, хэвлий, өндөржилтийг тогтоох/-г “Гео координат” ХХК-тай байгуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

          7.Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт буюу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутаг болох Хүрэлтогоотын аманд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр мод тарьж, байгалийг хамгаалах зорилгоор 27.2 га газрыг ашиглах эрхийг гуравдагч этгээдээс өмнө Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хууль, Ойн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар ашиглах эрх үүссэн байна.

          8.Хэдийгээр нэхэмжлэгчид газар ашиглуулах талаар сайдын тушаал гараагүй хэдий ч энэ нь Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг зөрчсөн үндэслэлд хамаарахгүй.

          9.Тодруубал, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

           Иймд дээрх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтын “АГУ сийкер” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон

         

ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн31 дүгээр зүйлийн 31.3,   Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4,  33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн хуулийн хуулийн  13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг тус тус баримтлан “Нандин маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох шаардлага болох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/566 дугаар тушаалын хавсралтын “АГУ сийкер” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ