Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/шш2023/0944

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ё.Оюунчимэг,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хувьзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ё.Оюунчимэгээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаас Ё.Оюунчимэгт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 410 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээ олгожээ.

3.Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

4.Нэхэмжлэгч Ё.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/Ё.Оюунчимэг би Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 546 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо төмөр замын 10 дугаар гудамжинд газар эзэмших болсон бөгөөд тухайн газар эзэмших захирамж гарсан даруйд өөрийн газар дээрээ хашаагаа барьж амьдрах гэсэн боловч тухайн жилдээ миний эзэмшиж байгаа газар нь нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөлтөд орж миний эзэмшиж байгаа газар дээр “Жигүүр гранд” ХХК орон сууцны хотхон барихаар болсон гэж надад хотхоны зураг үзүүлж энэ газар дээр хотхон баригдана тийм учраас хашаа барьж илүү зардал гаргах хэрэггүй харин өөрийн эзэмшлийн газраа байраар сольж орон сууц захиалгын гэрээ байгуулчих гэсэн тул нийслэлийн Засаг даргын Тамгын газар очиж орон сууц захиалгын гэрээ байгуулсан юм.

Ингээд байр ашиглалтад орохыг хүлээж олон жил болсон гэхдээ энэ хугацаанд өөрөөс хамаарах зүйл болох газрын төлбөрөө төлсөөр байсан юм. Тухайн барилгын бүтээн байгуулалтын ажил захиалагч нараас шалтгаалахгүйгээр удаашралтай байсаар байсан. Гэхдээ нэгэнт хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан тул хуулийн дагуу бүтнэ гэсэн хүлээлттэй байсан билээ. Энэ хугацаанд байр хэзээ ашиглалтад орох талаар байнга сураглаж байсан юм.

2/Гэтэл төр засаг солигдож улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захирамж гаргаж миний эзэмшиж байсан газар болон бусад айлуудын эзэмшиж байсан газруудын эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгосон захирамж гаргасан байсанд миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн газар дээр би гэр бүлийн хамт хашаагаа барьж амьдрах гэхээр газарт орсон тул илүү зардал гаргах хэрэггүй гэсэн атлаа надаас шалтгаалахгүй байдлаар газар эзэмших эрхийг маань хүчингүй болгож байна. Тэр ч бүү хэл Баянзүрх дүүргийн Засаг дарга нь миний газар эзэмших эрхийг хүчингүй болгочхоод албан ёсоор мэдэгдээгүй би хүнээс дам байдлаар сонсож интернэтээс олж харсан. Ингээд бусад хүмүүстэй нийлж хамтдаа нийслэлийн Засаг даргад өргөдөл өгсөн боловч яаж мэдэгдсэнээ нотлоогүй атлаа газрын асуудлаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэсэн хариуг өмгөөлөгчид мэдэгдсэн байсан юм.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/1009 тоот захирамж гаргаж иргэд бидний эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаж захирамж гаргах замаар иргэдийн газар эзэмших эрхийг зөрчиж байна гэж үзэж байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн А/1009 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Оюунчимэг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 546 тоот шийдвэрийг үндэслээд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо төмөр замын 10 гудамжны 14 тоот хаягт байрлах 409 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Тухайн газар дээр 2014 онд эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулснаасаа хойш албан ёсоор хашаа барьж амьдраагүй байдаг. Хашаа барьж амьдраагүй шалтгаан нь 2015 онд тухайн газар нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас дахин төлөвлөлтөд орж "Жигүүр Гранд групп" ХХК-аас Шинэ амьдрал төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тухайн газар нь орон сууцаар солигдохоор болж Нийслэлийн Засаг даргын гуравласан гэрээ байгуулж, захирамж гарсан. Ё.Оюунчимэг болон тухайн хэсэгт амьдарч байгаа бүх иргэд Жигүүр Гранд групп ХХК-тай орон сууц, захиалгын гэрээ хийсэн байдаг. Тухайн газар дээр орон сууц баригдана гэсэн хүлээлтийн үндсэн дээр хашаа барьж амьдраагүй байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 10 дугаар сарын 09-ний өдрийн 1009 тоот захирамжаар газрыг хүчингүй болгосон байдаг. Захиргааны хэргийн шүүхэд захирамж нь хууль бус захирамж байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийн үндэслэлийг харахаар газрыг 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэж Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Ё.Оюунчимэг нь газрын төлбөрөө төлж байсан. Зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал нь Нийслэлийн засан даргын дахин төлөвлөлтөд орсон захирамжтай холбогдуулаад газраа хашаа барьж ашиглаагүй байдаг. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээс шалтгаалан газраа зориулалтын дагуу ашиглах боломж бүрдээгүй. Тийм учраас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1009 тоот захирамж нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон “Улаанбаатар төмөр замын” ХНН-с Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газарт олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу манай албанаас судлан үзэхэд “Газрын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болох үндэслэл бүрдсэн байсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаар хүчингүй болсон байна.

2/Тухайн нэгж талбаруудыг хүчингүй болгохтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны олон нийтийн фэйж хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болгох нэгж талбарын жагсаалтыг оруулан хүчингүй болгох тухай мэдэгдсэн байдаг.

3/Ё.Оюунчимэгийн газар эзэмшдэг хэсэг төмөр замын хамгаалалтын бүст хамаардаг. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Улаанбаатар төмөр замаас Төмөр замын хамгаалалтын бүст шинээр газар олгохгүй байх албан бичиг ирүүлсэн байдаг. Энэний хүрээнд төмөр замын хамгаалалтын бүст газар эзэмшдэг, газраа ашиглахгүй байгаа иргэдийг судлаад газар ашиглаагүй иргэдийн жагсаалт гаргаад тэрний дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа “гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид 410 мкв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрчилгээ олгожээ.

2.Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газрын төлбөрийг бүрэн төлсөн, зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь Нийслэлийн Засаг даргын захирамжаас болсон” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж тус тус маргажээ.

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан Хаан, Хас, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар газрын төлбөр төлж байсан болох нь нотлогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үүргээ биелээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл тогтоогдож байна.

6.Учир нь шүүхийн үзлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч нь тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй, амьдраагүй, оршин суугаагүй байна.

7.Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт амьдраагүй, оршин суугаагүй үндэслэлээ “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/602 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Жигүүр гранд” ХХК-ыг батламжилсан, тус хуулийн этгээд нь “Шинэ амьдрал” төсөл хэрэгжүүлэхээр болсон тул газрыг арчлах, нэмж бүтээн байгуулалт хийх шаардлагагүй гэж хэлсэн” гэж тайлбарлаж буй хэдий ч нэхэмжлэгч нь тухайн төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй болох нь “Жигүүр гранд” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/09 тоот албан бичгээр нотлогдож байна.

8.Хэдийгээр дүүргийн Засаг даргын 2020 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулсан хэдий ч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах ......” үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

9.Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот дотор /зуслангийн бүсээс бусад/ иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдийн тухайд тухайн газраа идэвхтэй, зориулалтын дагуу эзэмших үүрэгтэй.

10.Гэтэл нэхэмжлэгч нь тухайн газраа хашаалсан боловч арчлаагүй улмаас нурсан, газар эзэмших эрх үүссэн хугацаанаас тухайн газраа амьдраагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхий гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ