| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00291/И |
| Дугаар | 156/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00334
2024 07 02 156/ШШ2024/00334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС.
156/2024/00291/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, *******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2000 онд танилцаж, 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид гэр бүлийн маргааны улмаас 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж байсан. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш нөхөр болон хадмуудтайгаа үргэлж холбоотой байсан. Нөхөр маань миний дэргэд ямар ч үед минь хамт байж ирсэн. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд эв найртай хамт амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр 2022 оноос хойш эв найртай амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд:Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3/1062 дугаартай албан бичиг /хх-ийн 3-р тал/, Элдэв овогт ******* ******* *******/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4-р тал/, Далай ван овогт ******* ******* /-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5-р тал/, Далай ван овогт ******* ******* /-ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 6-р тал/, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 167 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 7-8-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.
4. Хариуцагчаас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагч ******* хариу тайлбар /хх-ийн 13-р тал/ ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******ад холбогдуулан гэрлэлт сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид 2000 онд гэр бүл болж, 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамтын амьдралын явцад хамтран амьдрах боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан ба Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 167 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна.
Гэсэн хэдий ч хэн аль нь тусдаа гэр бүл зохиогоогүй ба 2022 оноос эхлэн хамтран амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг сэргээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээхээр хуульчилсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Далай ван овогт ******* ******* /, Элдэв овогт ******* ******* *******/ нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ