Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/02802

 

2024 оны 6 сарын 25-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/02802

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н дүүргийн **-р хороо, * дугаар гудамж, ** тоотод оршин суух О овогт Б-ы И /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х дүүргийн **-р хороо, чингисийн өргөн чөлөө, хан-уул тауэр *** тоотод байрлах К ХХК /РД:********/,

 

Хариуцагч: Х дүүргийн **-р хороо,  **-р байр, ** тоотод оршин суух А овогт А-ийн О /РД:*******/ нарт холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээг цуцалж, 58,358,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.И,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.И нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б-ы И 2020 оны 10 дугаар сард Д.Р (тухайн үед өмчийн харилцааны газар ажилладаг байсан) гэх зүс таних хүнээр дамжуулан А-ийн О-той танилцсан би түүнд байр хайж байгаа тухайгаа хэлсэн. Гэтэл А.О манай компани Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилчдын байрыг барих гэж байгаа гүйцэтгэгч компаниар орно гэж хэлээд Шинэ нийслэл хотхон гэсэн танилцуулга үзүүлсэн. Би сонирхож үзэхэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, яармагын 1 дүгээр буудал, замын урд талд баригдана, чамайг захиалгад оруулаад хямд байр захиалаад өгөе 1 мкв нь 1.150.000 (нэг сая нэг зуун тавин мянга)-н төгрөгөөр гэж хэлсэн. Би зөвшөөрөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр уулзаж гэрээ хийхээр болсон ба уг өдрөө Хан-Уул дүүргийн хажууд байдаг Хан-Уул тауэр 501 а тоотод очиж А.О-ын К ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд төлбөр төлөх нөхцөлөө дурдсан ба 51.9 мкв 2 өрөө орон сууцыг 1 мкв нь 1.150.000 төгрөгөөр нийт 59.685.000 төгрөгт худалдан авахаар болсон. Гэрээнд төлбөрийн нөхцөлд: Гэрээ байгуулах үед нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 17.905.500 төгрөг, барилгын ажил 6 давхар хүртэл цутгахад 30 хувь буюу 17.905.500 төгрөг, барилгын ажил 70 хувь хүрэхэд 30 хувь буюу 17.905.500 төгрөг, сүүлийн төлбөр 10 хувь 5.968.500 төгрөг төлж түлхүүр гардуулан өгнө гэж тохирсон. Мөн гэрээнд заагаагүй тус байранд граш авахаар тохироод грашийн төлбөрийн урьдчилгаа 5 сая төгрөг төлөхөөр болсон. Ингээд би өөрийн эзэмшилд байсан 2008 онд үйлдвэрлэсэн, хар өнгийн бенз маркийн *** УБҮ улсын дугаартай суудлын авто машинаа 20.000.000 төгрөгт тооцож түүнд шилжүүлж өгсөн (циркийн урд талын авто тээврийн газарт), Мөн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид байрлах газар 500 мкв-р 2 айлын газар буюу 1000 мкв газрыг А.О-ын нэр дээр болон түүний ээж Т-ийн О-ийн нэр дээр нэг айлын газрыг 8.000.000 сая төгрөгт бодож, нийт 16.000.000 төгрөгт тооцон газрыг шилжүүлж өгсөн. Үүний дээр А.О-ын хаан банкны ******* дугаар дансаар грашийн урьдчилгаанд 2.905.500 төгрөг, нийт 38.905.500 төгрөгт А.О-д төлсөн. Гэрээ ёсоор уг барилга 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох байсан боловч хугацаандаа орохгүй байсан, гэрээний графийкийн дагуу дараагийн төлбөрөө төлөхөөр К ХХК дээр удаа дараа очсон боловч уулзаж чадаагүй тул барилгын талбай дээр очиж үзэхэд хундаам ухаад орхисон барилга баригдаагүй байсан. ингээд К ХХК-ны захирал А.О-той утсаар холбогдоход манайх тэр барилгыг барихаа больсон, мөнгийг чинь эргүүлээд өгнө гэж хариу хэлсэн. Ингээд миний бие К ХХК, уг компанийн захирал А.О-той гэрээ хийснээс хойш гэрээний үүрэг одоог хүртэл биелэгдээгүй байна. Иймд К ХХК-тай хийсэн орон сууц захиалгын гэрээг цуцалж, тус компаний захирал А.О-д бэлэн мөнгө болон бартерт оролцуулж төлсөн нийт 38.905.500 төгрөг болон, алданги 19.452.750төгрөг, нийт 58.358.250 төгрөгийг К ХХК-аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сард Р гээд хүнээр дамжуулаад О-той уулзахад ..манайх байр барьж байгаа, 1,150,000 төгрөгөөр захиалга өгч болно гээд 2020-11-11 нд гэрээ байгуулаад 51,9 м кв байрыг 59,685,000 төгрөгөөр авахаар болсон. Ингээд уг компанийн захирал А.О-той гэрээ хийснээс хойш гэрээний үүрэг одоог хүртэл биелэгдээгүй байна. Иймд К ХХК-тай хийсэн орон сууц захиалгын гэрээг цуцалж, тус компанийн захирал А.О-д бэлэн мөнгө болон бартерт оролцуулж төлсөн нийт 38.905.500 төгрөг болон, алданги 19.452.750төгрөг, нийт 58.358.250 төгрөгийг К ХХК-аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдангиа бол гэрээнд байхгүй ч хуулиар бодоод нэхэмжилнэ, хамтран хариуцагч гэх А.О-ыг гэрээ байгуулсан гэдэг утгаар нь л татсан, нэгэнт хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ тул одоо зөвхөн К ХХК-аас гаргуулна гэв.

 

2. Хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 08 ний өдөр шүүхээс гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, 2020.11.11-ний өдрийн 11/1 дугаартай орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Т.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Шинэ нийслэл хотхоны танилцуулга, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.19-ний өдрийн 183/ШЗ2024/01993 дугаартай захирамж зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...К ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд төлбөр төлөх нөхцөлөө дурдсан ба 51.9 мкв 2 өрөө орон сууцийг 1 мкв нь 1.150.000 төгрөгөөр нийт 59.685.000 төгрөгт худалдан авахаар болсон. Гэрээнд төлбөрийн нөхцөлд: Гэрээ байгуулах үед нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 17.905.500 төгрөг, барилгын ажил 6 давхар хүртэл цутгахад 30 хувь буюу 17.905.500 төгрөг, барилгын ажил 70 хувь хүрэхэд 30 хувь буюу 17.905.500 төгрөг, сүүлийн төлбөр 10 хувь 5.968.500 төгрөг төлж түлхүүр гардуулан өгнө гэж тохирсон. Гэрээ ёсоор уг барилга 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох байсан боловч хугацаандаа ороогүй. Иймд К ХХК-тай хийсэн орон сууц захиалгын гэрээг цуцалж, тус компаний захирал А.О-д бэлэн мөнгө болон бартерт оролцуулж төлсөн нийт 38.905.500 төгрөг болон, алданги 19.452.750төгрөг, нийт 58.358.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчид шүүх нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 08 ний өдөр гардуулсан ба бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б.И, К нар нь 2020 оны 11 дүгээр сарын 11 ний өдөр Орон сууц захиалгын гэрээ гэх гэрээг бичгээр байгуулж, тухайн гэрээгээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороонд байрлах 16 давхар орон сууцны 11 тоот хаягт байрлах 51,9 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 59,685,000 төгрөгт багтаан бариулахаар тохиролцжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба  энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4 т гэрээ байгуулагдах үед 17,905,500 төгрөгийг, барилгын ажил 6 давхар хүрэхэд 17,905,500 төгрөг, 70 хувийн гүйцэтгэлд хүрэхэд 17,905,500 төгрөг, сүүлийн төлбөр 5,968,500 төгрөгийг төлөхөөр тохирсон байх ба нэхэмжлэгч нь гэрээнд тусгагдаагүй ч автомашины зогсоолыг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэж тайлбарлана. Улмаар нэхэмжлэгч өөрийн эзэмшилд байсан хар өнгийн бенз маркийн **** УБҮ улсын дугаартай суудлын авто машинаа 20.000.000 төгрөгт тооцож, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид байрлах газар 500 мкв-р 2 айлын газар буюу 1000 мкв газрыг А.О-ын нэр дээр болон түүний ээж Т-ийн О-ийн нэр дээр нэг айлын газрыг 8.000.000 сая төгрөгт бодож, нийт 16.000.000 төгрөгт тооцон, А.О-ын хаан банкны ****** дугаар дансаар автозогсоолын урьдчилгаанд 2.905.500 төгрөг, нийт 38.905.500 төгрөгт А.О-д тус тус төлсөн гэх ба хэрэгт 2021-01-11 ний өдрөөр огноолсон хариуцагч байгууллагын тамгатай 17,905,500 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт , Хаан банкны нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга авагджээ.

Уг мөнгөнөөс эргэн төлөлт хийгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч итгэмжлэлээс өөр баримт хэрэгт ирүүлээгүй байх тул гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс бэлэн ба бэлэн бусаар төлсөн гэх 38,905,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Учир нь хариуцагч нь орон сууц барилгыг захиалгаар барих гэрээний 2.3-т хэсэгт зааснаар орон сууцыг барьж 2021 оны 04 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.  Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул тэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт төлсөн 38,905,500 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул шүүх уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-05-08 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

Гэхдээ шүүх алдангид нэхэмжилсэн 19,452,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан тохиролцоог мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр хийснээ нотлоогүй буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээгээр алдангийг төлөхөөр тохиролцоогүй байх тул шаардах эрхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.О-д холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч Б.И татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 352,477 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.7 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч К ХХК-аас 38,905,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.И-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,452,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.О-д холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч Б.И татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 352,477 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ