Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02215

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 30 181/ШШ2024/02215

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, өнөр хороолол, 33 дугаар байр, 338 тоот хаягт оршин суух, Х овогт Л-н Х /РД:ЧИ64112971/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1-р 40 мянгат гудамж, 420 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Б овогт Б-н Э /РД:ЧП77090204/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Б.Э-т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Л.Х би Б. Э анх 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж Б.Э-т түүний Хаан банкны 5030112044 дансанд 45,000,000 төгрөгийг зээл олгов гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу нэг жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны зүйл нь Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 байр 68 тоот хаягт байршилтай 40м.кв улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаартай 40м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Б.Э зээлийн гэрээний хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүгээ төлж байгаад ахаа уурхайд явуулах том машин авсан мөнгө дутаад байна та нэмээд 15,000,000 төгрөгийг зээлээч өмнөх гэрээний нөхцөлийн дагуу хүү, алданги төлөөд явна барьцаа байгаа учраас санаа зоволтгүй гээд нийт 60,000,000 төгрөг зээлж авсан байдаг.

Б.Э-тэй 2023 оны 05 сарын 25-ны өдөр Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулж нотариатаар батлуулах үед зээлийн эргэн төлөлт нь үндсэн мөнгө 60,000,000 хүү 14,400,000 алданги 37,200,000 нийт мөнгө нь 111,600,000 төгрөг болсон. Энэ үнийн дүн дээр байр шилжүүлж авах үед татварт 1,800,000 төгрөгийг Б.Э надад мөнгө байхгүй та төлчих гэсэн учраас Л.Х би төлсөн байдаг.

Б.Э зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй төлөх мөнгө байхгүй гэсэн учраас байраа шилжүүлж өгнө гээд 2023 оны 05 сарын 25-ны өдөр Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулж нотариатаар батлуулж энэ гэрээний дагуу Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 байр 68 тоот хаягт байршилтай 40м.кв улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаартай орон сууцыг Л.Х би өөрийн нэр дээр шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр миний нэр дээр гарч ирсэн.

Б.Э нь өнөөдрийг хүртэл аав ээжтэйгээ уг байранд амьдарч байгаа ба удаа дараа байр чөлөөлж өгөхийг шаардаж байгаа боловч чөлөөлж өгөхгүй байгаа нь Л.Х би өөрийн өмчлөлийн байраа эзэмшиж ашиглаж чадахгүй миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Иймд Л.Х миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 15 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаартай 40м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.Э-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Миний бие Л.Х-с 45,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол 15-р байрны 68 тоот 3 өрөө орон сууцыг тавьсан. Би энэхүү зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгээ төлж байсан ба дараа дахин мөнгө хэрэгтэй болсон тул нэмж 15,000,000 төгрөг зээлж авсан.

Миний бие Л.Х ахаас авсан мөнгөөр өөрийн бизнестээ зарцуулж байсан бөгөөд тухайн үед дөнгөж ковидын хөл хорио тавигдаж байсан учраас хийж байсан бизнест маань нэлээд хүндрэл гарч зээлээ төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн. Ийм шалтгаанаар зээлээ төлж чадахгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болсноо Л.Х ахад хэлж байсан.

Ийм нөхцөл байдал үүссэний дараа Л.Х ах надтай уулзъя гэхээр нь би очиж уулзахад Л.Х надад ... чи зээлээ төлөлгүй зөндөө удлаа, тийм болохоор чи надад барьцаанд тавьсан орон сууцаа миний нэр дээр түр шилжүүлж өг, дараа нь мөнгөтэй болохоороо үндсэн зээл болон хүү алдангиа төлөөд буцаагаад шилжүүлээд аваарай. Ингэж байж л чамаас мөнгөө авахгүй бол бүтэхгүй юм байна. Байраа алдахгүйн тулд чи мөнгөө хурдан олж өгөх байлгүй. гэж хэлсэн. Тэхээр нь би тухайн үед түр хугацаанд шилжүүлэн авч байгаа болохоор барьцаанд байсан, нэр шилжүүлж байгаа нь ялгаагүй юм байх гэж ойлгоод гарын үсгээ зурсан.

Ингээд Үүрэг дуусгавар болох тухай гэрээнд гарын үсэг зуруулсан ба би энэ гэрээг байгуулахад миний бие Л.Х-д зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй ба ямар ч төлбөр хийгээгүй байхад яагаад төлбөр дууссан гэж бичиж байгаа юм бол гэж бодоод гайхасхийгээд ингэх ёстой л юм байх гээд гарын үсгээ зурсан. Дараа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба үнийн дүнг нь 90,000,000 гэж бичсэн. Яагаад гэвэл татвар нь их болдог учраас ингэж бичсэн нь дээр гэж хэлээд орон сууцны үнийг 90,000,000 төгрөг гэж гэрээ байгуулсан.

Миний хувьд Л.Х-той зээлийн гэрээ л байгуулсан. Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Л.Х надаар зээлээ хурдан төлүүлэхийн тулд ийм гэрээ байгуулж байгаа юм гэж ойлгуулж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Надад анхнаасаа орон сууцаа худалдах хүсэл зориг байгаагүй болно. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээний хуулбар, Б.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбар, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШЗ2023/18490 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Б.Э зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй төлөх мөнгө байхгүй гэсэн учраас байраа шилжүүлж өгнө гээд 2023 оны 05 сарын 25-ны өдөр Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулж нотариатаар батлуулж энэ гэрээний дагуу Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 байр 68 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаартай орон сууцыг Л.Х би өөрийн нэр дээр шилжүүлэн авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр миний нэр дээр гарч ирсэн. Б.Э нь өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байгаа ба удаа дараа байр чөлөөлж өгөхийг шаардаж байгаа боловч чөлөөлж өгөхгүй байгаа нь Л.Х би өөрийн өмчлөлийн байраа эзэмшиж, ашиглаж чадахгүй миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... Миний хувьд Л.Х-той зээлийн гэрээ л байгуулсан. Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Л.Х надаар зээлээ хурдан төлүүлэхийн тулд ийм гэрээ байгуулж байгаа юм гэж ойлгуулж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Надад анхнаасаа орон сууцаа худалдах хүсэл зориг байгаагүй болно. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 45,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, сарын 3 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр хариуцагчид зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

6. Нэхэмжлэгчээс 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг хариуцагчид мөн олгосон болох нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-13/

 

7. Зээлдэгч Б.Э нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс талууд барьцаа хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцож, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон тухай гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээг байгуулсан үндэслэл, шалтгааныг талууд зээлдэгч нь барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчид худалдах болсонтой холбоотойгоор буюу барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг шилжүүлэх зорилгоор байгуулсан гэж тайлбарласан.

 

8. Тодруулбал, талууд зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөр 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 104,850,000 төгрөг гэж харилцан тооцоо нийлж, уг үнийн дүнгээр барьцаа хөрөнгийг худалдахаар тохиролцож, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба татвар төлөх дүнг багасгах зорилгоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөрийг бүрэн төлж дууссан гэж гэрээнд тусгасан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

9. Улмаар нэхэмжлэгч Л.Х нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-7/

 

10. Хариуцагчаас Үүрэг дуусгавар болгосон тухай гэрээ, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

 

11. Талууд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийг талууд зохих ёсоор гүйцэтгэсэн тул үүргийг дуусгавар болгов гэж тусгасан хэдий ч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бодитоор биелүүлээгүй бөгөөд барьцаа хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор үүрэг дуусгавар болгох хэлцэл байгуулсан гэсэн зохигчийн тайлбараас үзвэл уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

12. Өөрөөр хэлбэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг ба зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүйгээс барьцааны зүйлийг зээлдүүлэгчид худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлэх зорилгоор дүр үзүүлэн үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

13. Үүрэг дуусгавар болгосон хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгчийн өмнө биелүүлэх үүрэгтэй.

 

14. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

15. Зохигчийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Б.Э нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Л.Х-д худалдахаар тохиролцож, гэрээний үнийг бүрэн төлж дууссан талаар гэрээнд тусгажээ.

 

16. Хэргийн үйл баримт болон талуудын тайлбараас дүгнэвэл талууд гэрээний гол нөхцөлийг өөрсдөө тогтоож, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг дүгнэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчид худалдах зорилгоор барьцааны эрхийг дуусгавар болгож, худалдах, худалдан авах гэрээний үнийг зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрөөр тооцож, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон, энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэж заасантай нийцсэн байна.

 

17. Иймд хүчин төгөлдөр Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч Л.Хишигтогтоход шилжиж, өмчлөх эрх үүссэн, өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг шаардах эрхтэй.

 

18. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан ч маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй болохоо буюу татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

 

19. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхийг баримтаар нотолсон бол хариуцагч тал эдгээр нотолгоог баримтаар үгүйсгэж чадаагүйгээс гадна эд хөрөнгө эзэмшиж буй байдлынхаа эрх зүйн үндэслэл, тухайн эзэмшил хууль ёсны болохыг нотлоогүй.

 

20. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Э-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016231 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Э-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, уг орон сууцыг өмчлөгч болох нэхэмжлэгч Л.Х-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ