Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00140

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн О.Одончимэг,

улсын яллагч Г.Баяраа,                                                                                                           

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0125/Э индекстэй, 201706000153 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Цээнэд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Э.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Э.Ц нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах асфальтан замд Toyota ist  маркийн 90-06 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Л.Гарамжавын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

  201706000153 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч А.Зулбаатарын өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 06-нд 14 цагийн үед найз Гарамжав, Баттөгс нартай Улаанбаатар хот орой 18 цагийн үед явахаар ярилцсан. Тэгээд орой Гарамжав, Баттөгс нар ирээд Улаанбаатар хот маргааш явъя ажил амжсангүй гэхээр нь би зөвшөөрөөд бид нар маргааш өглөө 7 цагт явья гэж тохиролцоод маргааш өглөө 7 цагийн үед Гарамжав машинтайгаа манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд би гэрээсээ гараад машин дотор орж суух гэтэл машин Гарамжав өөрөө машинаа бариад Баттөгс, Гарамжавын эсрэг талд сууж явсан бас 2 танихгүй залуу арын суудал дээр сууж байсан. Тэгээд би арын суудлын голд нь суусан тэгээд бид нар Улаанбаатар хот явах гээд Архангай аймгийн төвөөс гараад явсан. Би нойр муутай байсан болохоор нэг мэдсэн унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь машин зогсчихсон Баттөгс намайг цаашаа суу гэж байсан тэгээд би зүүн гар талд сууж явсан Цогтбилэг гэх хүн машинийг жолоодож Гарамжав жолоочийн эсрэг талд сууж явж байсан. Тэгээд би эргээд унтсан байтал машин дайвалзан замаас гарах шиг санагдаад сэртэл  машин замын эсрэг талын урсгал руу ороод замаас гараад онхолдсон тухайн үед би сандраад юу болсоныг сайн мэдээгүй нэг мэдсэн чинь машин жолоочийн эсрэг талаараа хажуулдан зогссон байсан. Тэгээд хамгийн түрүүнд арын хаалганы цонхыг онгойлгон машинаас гараад машиний хойд суудал дээр сууж байсан хүмүүсийг эхэлж гаргасан тухай үед би их сандарсан байсан болохоор хэнийг түрүүлж гаргасан гэдгээ санахгүй байна тэгээд дараа нь машин барьж явсан Цогтбилэгийг машиний жолооч талын суудал дээрээс гаргаад Гарамжавыг машин доороос гаргасан тухайн үед хүн гаргасаныг анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-33-34 хуудас/,

Гэрч С.Билгүүндалай өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би Улаанбаатар хот руу ажилд орох гээд явах хэрэгтэй болсон. Тэгээд замын унаа хайж байгаад хот руу явах Тоёота Ист маркийн машинд суугаад өглөө 07:00 цагийн үед жолоочтойгоо нийлээд 5 хүн явсан. Тэгээд би Архангай аймгаас гараад унтаад өгсөн нэг мэдсэн чинь машин хоёр тийшээ дайвалзаад байснаа замын хажуу тийшээ ороод өнхөрчихсөн. Тэгээд би арын цонхоор нь гарч ирсэн ард сууж явсан хүмүүс бас арын цонхоор гарсан. Тэгээд жолооч нь гарч ирээд урд сууж явсан жолоочийн хажуу талын хүн бөгсөн бие нь машинд дарагдчихсан байсан. Тэгээд замаар явж байсан хүмүүс ирээд машинийг нь босгоод талийгаачийг татаж гаргасан тэр үед талийгаач бага зэрэг амьсгаатай юм ярьж чадахгүй ухаангүй байсан. Тэгээд Булган аймгийн Рашаант сумаас 40-50 минутын дараа эмч нар ирж үзчихээд талийгаачийг нэмэргүй болчихсон байна гээд орхичихсон. Тэгээд талийгаачаас бусдыг нь Рашаант сумын төв эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-41-42 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны
06 дугаар сарын 15-ны өдрийн 32 тоот 1. Талийгаач Л.Гарамжавын цогцост хийсэн шүүх эмнэлгийн  задлан шинжилгээгээр цээж, хэвлийн битүү гэмтэл, өвчүү яс, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганууд эгэмний дунд шугамаар, баруун 1,2,3,4,11,12-р хавирганууд нугаламын ойролцоох шугамаар, баруун 9,10,11 далын шугамаар хугарал, элэг задрал, хурц цус алдалт /2500 мл/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Л.Гарамжав нь цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ гэх дүгнэлт /хх 53-54 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №47 тоот: 1.2 шинжилгээнд ирүүлсэн Л.Гарамжав гэх цусанд 1.6% спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-58 тал/,

Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №20 тоот: Жолооч Э.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Жолооч Э.Ц нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а заалт “Тухайн тээврийн хэрэглийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалт мөн ЗХД-ийн 9.2-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт мөн ЗХД-ийн 4.1а “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” гэсэн заалтыг зөрчин хамгаалах бүс хэрэглээгүй явсан байна. 3. Тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй эвдрэлтэй. 4.Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь жолооч Э.Ц нь эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явах үед нь аюул саад бий болмогц зогсоох арга хэмжээг буруу авснаас тээврийн хэрэгслийн тэнцвэржилт алдагдан зорчих хэсгээс гарсаны улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэх дүгнэлт /хх-49 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-18/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-107/

Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/79 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах асфальтан замд Toyota ist  маркийн 90-06 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Л.Гарамжавын амь насыг хохироосон гэмт хэрэгт факт, үйл баримт тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны
06 дугаар сарын 15-ны өдрийн 32 тоот 1. Талийгаач Л.Гарамжавын цогцост хийсэн шүүх эмнэлгийн  задлан шинжилгээгээр цээж, хэвлийн битүү гэмтэл, өвчүү яс, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганууд эгэмний дунд шугамаар, баруун 1,2,3,4,11,12-р хавирганууд нугаламын ойролцоох шугамаар, баруун 9,10,11 далын шугамаар хугарал, элэг задрал, хурц цус алдалт /2500 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Л.Гарамжав нь цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Иймд шүүгдэгч Э.Цийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Э.Цт нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.870.000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогчид буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 408.781 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Э.Цийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Цт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.

3.Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Ц т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.870.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогчид буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 408.781 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН