Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/02185

 

 

 

 

 

 

 

 

2024 05 29 181/ШШ2024/02185

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хорооны Бага тойруу 3/9 өөрийн байранд оршин байрлах хаягтай Ж м ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж Гранд оффис 2 тоотод оршин байрлах хаягтай С д ХХК /РД:211509/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 98,972,129.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж м ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 654,002,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 98,972,129.02 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Манай компани нь С д ХХК-тай төлбөр тасалдлын гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан боловч С д ХХК нь үндэслэлгүйгээр нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан тул 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн ЖМ-13/310, ЖМ-14/131 тоот гэрээ болон эдгээр гэрээнүүдийн нэмэлтийн дагуу олговол зохих нөхөн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон нийт 776,112,026 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хойш бид даатгалтай хэрэглэгчдийн нөхөн төлбөрийг багасгах зорилгоор шат дараатай ажлууд зохион байгуулсны 2023 оны 06 дугаар сарын 13-ны байдлаар нийт 629 хэрэглэгчийн 112,428,946.67 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Эдгээрийг гэрээ тус бүрээр ангилан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дүнтэй харьцуулвал 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЖМ-13/1417, 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЖМ-14/131 тоот гэрээний нөхөн төлбөрт 144,155,755 төгрөг нэхэмжилснээс ЖМ-14/131 тоот гэрээний дагуу нэхэмжилсэн 83 хэрэглэгчийн төлбөрийн үлдэгдэл 14,488,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЖМ-15/68 тоот гэрээний нөхөн төлбөрт 606,552,224.70 төгрөг нэхэмжилснээс 530 хэрэглэгчийн төлбөрийн үлдэгдэл 87,647,359 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ЖМ-15/67 тоот гэрээний нөхөн төлбөрт 19,097,179 төгрөг нэхэмжилснээс 15 хэрэглэгчийн 10,023,587.67 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл тус тус барагдаагүй. Шүүхээс төлбөрийн үлдэгдэлтэй буюу Авлагын программ дахь нэхэмжлэлд дурдсан 628 хэрэглэгчийн мэдээлэлд үзлэг хийхэд дахин 78 хэрэглэгчийн 13,456,817.65 төгрөг төлөгдсөн байсан.

Иймд даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 98,972,129.02 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлага болох 98,972,129 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрнө, маргахгүй, харин нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэж, эд хөрөнгөөр барагдуулах хүсэлтэй байгаа тул эвлэрэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. Нэхэмжлэгч талд танилцуулах санал, эд хөрөнгө байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулиар бол эвлэрэх үндэслэлээр хурал хойшлуулах үндэслэл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эвлэрэн хэлэлцэх боломжтой. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 98,972,129 төгрөгт хариуцагч тал маргахгүй байна. Хүлээн зөвшөөрч байгаа учраас талууд эвлэрлийн гэрээгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээд, төлбөр мөнгөний асуудлыг жич шийдвэрлэж болох байх. Гол асуудал болох мөнгөн дүн дээр хариуцагч тал маргахгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж м ХХК нь хариуцагч С д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 654,002,342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 98,972,129.02 төгрөг болгож багасгасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-с 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 112,428,946.67 төгрөгтэй холбоотой 629 харилцагчийн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах зорилгоор нэхэмжлэгч компанийн Авлагын программд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж, хэрэв үзлэгээр дээрх 629 харилцагчийн гэрээтэй холбоотойгоор даатгалын тохиолдол үүссэн, өр төлбөртэй болох нь батлагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасныг шүүх хүлээн авч, хүсэлтийг ханган, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзлэгийг хийсэн.

 

Үзлэгийн тэмдэглэлээр нийт 551 хэрэглэгчийн гэрээтэй холбоотой төлбөрийн тасалдал үүссэнээс 98,972,129.02 төгрөгийн даатгалын тохиолдол үүссэн болох нь тогтоогдсон ба энэхүү үнийн дүнгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгчөөс 98,972,129.02 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй болохоо илэрхийлж, харин уг төлбөрийг эд хөрөнгөөр барагдуулахаар нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх хугацаа авч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаж байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх зохигч талуудын гаргасан эвлэрэн хэлэлцэх хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч үр дүн гараагүй тул дахин эвлэрэн хэлэлцэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагчаас 98,972,129.02 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч, уг мөнгөн дүнг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэдэгтээ маргахгүй байгаа нь шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

 

Нэгэнт хариуцагч нэхэмжлэгчид 98,972,129.02 төгрөгийг төлөх ёстой гэдэгтээ маргахгүй байгаа тохиолдолд талуудын хооронд нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаан байхгүй гэж үзэх ба маргаан байхгүй тохиолдолд шүүх хариуцагч уг төлбөрийг эд хөрөнгөөр нэхэмжлэгчид төлөх санал гаргасан, уг саналын хүрээнд эвлэрэн хэлэлцэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтэд үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй байна.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хэрэг хэлэлцэж эхлэх үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж м ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 98,972,129.02 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч С д ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хариуцагчаас 652,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,427,962 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С д ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ