Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2024/00989

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 12 181/ШШ2024/00989

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 8 давхарт байрлах, Ю ХХК /РД:5036895/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э /РД:МИ77062808/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ю ХХК нь С овогтой Э РД:/МИ77062808/-тэй харилцан тохиролцож, Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулан 80044383 дугаарт нь Samsung А71 маркын гар утсыг олгосон болно.

Гэвч хариуцагч С.Э нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо , баруун хилчин 48 гудамж, 21 тоот хаягаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №184/Ш32023/17141 тоот захирамж гарсан.

Иймд Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжыг үндэслэн уг этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Э томилсон 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03-03/036 тоот итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Д томилсон 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2969 тоот итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Гар утас төхөөрөмж худалдан авах урт хугацааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Э иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2023/17141 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю ХХК нь Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч Ю ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ С.Э Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. С.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор С.Э оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э нь Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээнд тусгасан хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2023/17141 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Ю ХХК -ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч С.Э эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, баруун хилчин 48 гудамж, 21 тоот хаягт бүртгэлтэй, С Э /РД:МЙ77062808/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. С.Э эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайран дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. С.Э оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э /утас:89115154/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ