Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
Хэргийн индекс | 183/2023/03273/И |
Дугаар | 183/ШШ2024/02800 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2024/02800
2024 оны 06 сарын 25-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/02800 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр ** тоотод байрлах, П ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** дүгээр хороо ** дүгээр хороолол, ** тоотод байрлах, У ХХК /РД:******/-д холбогдох,
109,082,590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр болон буцааж өгөөгүй тулаас төмрийн үнэ нийт 109,082,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардпагаа дараах байдлаар багасгаж байна. Талуудын хооронд 2022.02.16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, V4 маркийн 1300 ширхэг, V2 маркийн 650 ширхэг тулаас төмөр /сапудАийг 30 хоногийн хугацаатай түрээслэхээр тохирсон бөгөөд түрээслэгч талын хүсэлтээр барилгын талбай дээр ашиглагдаж байсан болон нэмж сапуд өгсөөр нийт V4 маркийн 5050 ширхэг, V2 маркийн 5430 ширхэг сапуд хүлээн авсан. Үүнээс V4 маркийн 2050 ширхэг сапудыг ашиглахгүйгээр буцааж өгч, нийт 8430 ширхэг сапудыг ашиглаж байсан. Хариуцагч нь зарлагын падаанаар хүлээн авч, ашигласан 8430 ширхэг сапуднаас 7571 ширхгийг хүлээлгэн өгч, 859 ширхэг сапудыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй 27 ширхэг сапудны үлдэгдэл байгаа гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Тиймээс буцаан хүлээлгэн өгөөгүй, үлдэгдэл 859 сапудыг гэрээнд заасан Ү2 маркийн сапудны үнээр тооцож, 38,655,000 төгрөгийг гэрээний 3.4-т заасны дагуу нэхэмжилж байна. Мөн гэрээний 3.5-д Түрээслэгч түрээсийн тулгуур төмрийг дутаасан буюу үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн төлбөрийг зогсоохгүй тооцсоор байх болно. гэж заасны дагуу дээрх хүлээлгэн өгөөгүй 859 ширхэг сапудыг гэрээнд заасны дагуу тооцоход 36,078,000 /859*100 төгрөг*420 хоног, 2022.09, 10 сар, 2023.03-10 сар, 2024.03-06 сар, нийт 14 сар*30=420/ төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Түүнчлэн талуудын тооцоогоор хүлээлгэн өгсөн сапудны түрээсийн үлдэгдэл төлбөр 8,222,590 төгрөг байдаг бөгөөд үүнээс 2,615,160 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Гэвч хариуцагч нь уг түрээсийн төлбөрийн тооцооллоо хийхдээ сапудыг хүлээлгэн өгснөөр түрээсийг зогсоохгүй, өөрсдийн барилгын талбай дээрээс гэрээнд заасан хуваарийн дагуу буулгаснаар түрээсээ зогсоож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагч У ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр, 8,222,590 төгрөг, дутаасан буюу буцаан хүлээлгэн өгөөгүй 859 ширхэг сапудны үнэд 38,655,000 төгрөг, уг сапудны түрээсийн төлбөрт 36,078,000 төгрөг, нийт 82,955,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд анх 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сапуд түрээслэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээ болон хэрэгт авагдсан нэмэлт өөрчлөлтөөр талууд хэзээ, хэдэн төгрөгийн сапуд төмөр хэд хоногийн хугацаатай хүлээж авах, талаар тохиролцож графикт байгуулсан. Барилгын ажлын онцлогоос шалтгаалж тухайн гэрээн дээр заасан хугацаагаар бол сапудыг түрээслээгүй. Энэ дээр бол сапуд түрээсэлж байгаа үйл ажиллагаа тухайн нэхэмжлэгчийн агуулахаас авч падан үйлдэж гарч байгаа түрээсийн хоног тооцогдож мөн буцааж хүлээлгэж өгсөн падан үйлдсэнээр түрээс зогсдог. Гэрээн дээр хүртэл энэ талаар дурдсан. Ийм учраас тухайн сапуд төмрийг хүлээлгэж өгсөн авснаар орлого зарлагын баримтаар баталгаажуулж түрээсийн төлбөр болон тоо ширхгээ тохирдог. Улмаар хариуцагч нэхэмжлэгч талаас v4 маркийн бол 5050 ширхэг v2 маркийн 5430 ширхэг сапуд төмрийг түрээсэлнэ авсан байдаг. Энэ бол хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын зарлагын баримтаар тогтоогддог. Гэхдээ энэ баримт дээрээс хариуцагч тал тухайн үед v4 маркийн төмрөөс 2050 ширхэг төмрийг буцааж авсан байдаг. Ашиглахгүй буруу авсан гэж үзэж буцаалт хийсэн байдаг. Нийт хэрэгт авагдсан баримт маань 5050 гэдэг тухайн хэрэг маань нэхэмжлэгчийн агуулгахаас гарсан зарлагын баримт байгаад байдаг, үүн дээр буцаалт хийсэн үнэнээ нэхэмжлэл дээр хасаагүй тооцож явсан байдаг юм билээ. Буцаалт хийгдсэнээ хасаж манайхаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Улмаар 8430 ширхэг сапуд төмрийг ашигласан байдаг. Энэ бол ер нийт барилгын тайлбай дээр, ер нь бол өмнө хариуцагч компанийн хийж байсан төсөл дээр Ц гэдэг компанийн ажиллаж байсан. Энэ компаниуд бас нэхэмжлэгч байгууллагаас сапуд төмөр түрээсэлж байсан. Ингээд Ц компани гарч хариуцагч компани төслийг үргэлжлүүлэхээр болоход энэ барилгад ашиглагдаж байсан төмрийг тоолж талууд хүлээлцсэн байдаг. Энэ бол хэрэгт авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар нийт 3065 ширхэг v4 маркийн сапуд төмөр, гэж нэхэмжлэлдээ тодорхойлогдсон. Энэ төмөр болон хариуцагчаас авсан төмрийг талууд падан дээрээ бичиж талууд 8430 ширхэг болсон. Тэгээд уг 8430 ширхэг сапуд төмрөөс хариуцагч 7571 хүлээлгэж өгсөн байгаа, хариуцагч 7653 ширхгийг хүлээлгэж өгсөн гэж хүлээн зөвшөөрсөн. Талуудын хооронд маргаантай зүйл нь нийт тэр Ц кампанийн 3065 сапуд v4, v3 v2, гэдэг нь өөрөө тодорхойгүй. Хэрэгт авагдсан баримтад болохоор Ц ХХК-аас 3065 V4 гэчихсэн, нэхэмжлэгч өөрөө санхүүгийн баримт дээр тооцохдоо 1300 v4, 1700 v2, гээд биччихсэн. Хариуцагч болохоор тайлбар дээрээ 1987 v4, 1063 v2, тэгээд яаг хэд юм бэ? гэдэг нөхцөл байдлыг өөрсдөө тооцоолол дээрээ буруу зөрүү бичсэнээр болж гэдэг нь өөрөө тооцоолол жоохон алдаатайг гарчхаад байгаа. Нийт төмрийн дүнгээр 8430 ширхгийг ашигласан үүнээс 7571 хүлээлгэж өгч, 859 ширхэг төмөр бол дутуу байгаад байгаа. Үүнээс бол 27 ширхгийг хариуцагч зөвшөөрч байдаг. Энэхүү 859 ширхэг сапудыг бол гэрээнд заасны дагуу v2 маркийн төмрийн үнэлгээ буюу 1 ширхгийг нь 45,000 төгрөгөөр үнэлж 38,655,000 төгрөгийг төмрийн үнэ гэж нэхэмжилж байна. Мөн түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй ашигласан, хохирлыг барагдуулах хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг төлнө гэж заачихсан. Үүнтэй холбоотойгоор дээрх 850 ширхэг сапуд төмрийн өнөөдрийн хүртэлх хугацаагаар буюу гэхдээ үүнд өвлийн хүйтний улирал 11 дүгээр сараас 02 сарыг хүртэл түрээсийн төлбөр тооцоогүй, 2022 оны 09 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрийг тооцож, 36,078,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн нийт сапуд түрээсийн өмнөх талуудын тооцоогоор бол хүлээлгэж өгсөн түрээсийн үлдэгдлээс 8,222,590 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг манайх нэхэмжлэлдээ дурдсан. Хариуцагч уг төлбөрөөс 2,615,160 төгрөгийг хүлээн зөвшөөрч байдаг. Гэтэл хариуцагч яагаад үүнийг хүлээн зөвшөөрч зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ? гэхээр хариуцагч өөрсдөө түрээн нэхэмжлэлд дурдагдсан шиг түрээсийн төлбөрийг тооцохдоо өөрсдийн гэрээний дагуу барилгын талбай дээр буулгасан хоногоор түрээсээ тооцсон. Нэхэмжлэгч байгууллагын хүлээсэн өдрөөсөө түрээсээ тооцохгүй зөвхөн өөрсдөө барилгын талбайгаас буулгангуут тооцсон байсан. Анх нэхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөрийн тооцоолол хавтас хэрэгт гаргаж өгсөн. Нийт өмнөх түрээсийн төлбөр үлдэгдэл 8,222,590, дутаасан сапуд буюу 38,655,000 төгрөг, түрээс 36,078,000 төгрөг нийт 82,955,590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
2. Хариуцагч У ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр- ** тоотод байрлах П ХХК /РД:****/ дугаартай компанийн захирал Р.Ц нь манай У ХХК-д холбогдуулан төмөр тулаас түрээсийн үлдэгдэл төлбөр 8,222,590 төгрөг, хохирол буюу буцааж өгөөгүй V2 болон V4 маркийн 2074 ш төмрийн үнэ болох 100.860.000 төгрөг нийт 109.082.590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Манай компани нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлүүдийн дагуу хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай компани нь 2022 оны 02 сарын 16-ны өдөр П ХХК-ийн захирал Р.Ц-тэй №001 тоот түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Нийт 11 давхар барилгад V4-3700 ш төмөр тулаас, V2-2150 ш төмөр тулаас нийт 5850 ш орохоор гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Барилгын технологийн онцлогоос хамаарч давхар бүр үе шаттайгаар төмөр тулаас байрлуулан хэрэглэдэг. Үүнд: Барилгын төсөлд хэрэглэсэн төмөр тулаасны тоо ширхэг хүснэгтэд 5629 ш хэрэглэсэн. (Хавсралт№01 хүснэгтийг хавсаргав) Тус барилгын төсөлд хэрэглэсэн төмөр тулаасны түрээс өнөөдрийн байдлаар V2- 32,773,900 төгрөг, V4-29,239,000 төгрөг нийт 62,012,900 төгрөг байна. Манай байгууллагаас түрээсийн төлбөр нийт 58,702,860 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,310,040 төгрөг төлөх тооцоотой байгаа. Манай компанийн зүгээс тус П ХХК-руу хандан удаа дараа утсаар болон и-мэйлээр тооцоо нийлэх тухай хүсэлт тавьсан боловч хариу өгөхгүй, хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Манай компани үйл ажиллагааны үр дүнг дүгнэж тооцоо нийлэхэд бэлэн байгаа ба тус нэхэмжлэлд дурдсан 109,082,590 дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрээ үйлдсэн бараа материалыг гардаж ажилласан. Ерөнхий инженер албан тушаалтай. Манайх 2021 онд энэ барилгын ажлыг эхэлсэн. Энэ үед эхлэхдээ доороо туслан гүйцэтгэх Ц констракшн ажилласан. Туслах гүйцэтгэх ХХК нэхэмжлэгч талаас барилгын бараа материал түрээсэлж барилгын ажил хийсэн. Тэгээд 2022 оны 03 дугаар сард гэрээгээ дуусгавар болгож барилгын ажлаас гаргаж, бид нар өөрсдөө барилгын ажлаа үргэлжлүүлэх болсон. Ц-ийн гэрээг хаах болсон болохоор тухайн түрээсэлсэн бараа материалыг тоолохоор болсон. Тэр үед эднээс түрээсэлж байсан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3 талаасаа байлцаж тоолсон. Энэ болохоор хавтас хэргийн 74 дүгээр талд авагдсан байгаа. Энэ дээр бол нийтдээ бүх төрлийн сапудыг тоолж 3407 ширхэг гэж тоолсон. Манайх барилгадаа 7680 сапуд хэрэглэсэн тэрнээс 7653 ширхгийг буцаасан. Буцаасан тоо болон эдний тоо хоёр ойролцоо. Нийт авсан тоо дээр зөрүү үүсдэг. Анх нийлүүлсэн тоон дээр тооны зөрүү үүссэн. Хамгийн анх 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулахаас өмнө гурван талаасаа тоолсон баримтаар 3407 ширхэг сапуд тоолсон. Дараа нь 02 дугаар сарын 16-ны өдөр Ц компанийн маань цаашид ашиглагдах шаардлагагүй буюу бид нарын ашиглаж байгаа сапудаас арай урт төрлийн сапуднаас 359 ширхэг сапуд авч гарсан энэ бол хавтаст хэргийн 76 дугаар талд нотлогдож байгаа. Барилгын талбайгаас Ц ХХК авч гарсан. Ингээд 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулсан. Ингээд гэрээг байгуулахад анх тоолоход 3407 сапуднаас Ц-ийн авч гарсан 359 ширхэг хасахаар цаана нь 3050 ширхэг сапуд үлдсэн. 3050 ширхэг сапуд дээр нэмэх нь 02 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний хооронд хугацаанд 4630 сапуд нэмж авсан. Нийтдээ 7680 ширхэг сапуд авсан. 4630 ширхэг сапуд авсныг нотлох нь манай хоёрын зарлагын баримт ойролцоо байгаа. Эднийх одоо 8000 ширхэг сапуд гаргаж ирж байгаа шалтгаан нь давхардсан зарлагын баримт байгаад байгаа юмаа. Миний гарын үсэгтэй, 3 ширхэг баримт байгаа. Энэ баримтыг нэг өдөр үйлдсэн гэхдээ огноог нь 3 өөр өдрөөр бичсэн байгаа. 03 дугаар сарын 25-ны өдөр, 03 дугаар сарын 15-ны өдөр, 03 дугаар сарын 20-ны өдөр гэсэн гурван баримт. Энэ гурван баримтыг давхардаж байгаа гэдэг баримтыг хавтас хэргийн 79-84 дүгээр хуудсанд харуулсан байгаа. Энэ баримт дээр яагаад зурсан бэ? гэхээр тухайн үед Ц констракшн компанийн захирал н.Ц манай оффис дээр ирээд гэрээ байгуулсны дараа ирж танайхаас төлбөрийнхөө урьдчилгааг авах гэсэн юмаа гэж хэлсэн. Та ингээд нэхэмжлэхтэй ир гээд байгаа юмаа. Эгчид нь нэхэмжлэх алга бид нар ингээд зарлагын баримт дээр үйлдэж явдаг юмаа. Би зүгээр мөнгөө авах гэсэн юм чи зүгээр гарын үсгээ зураад өгчих гэсэн. Энэ баримтыг бол манай оффис дээр үйлдсэн. Үүнийг үйлдэж байх үед манай барилгын талбар дээр тэдний нярав, манай нярав хоёр газар дээр нь тоолж баримтууд үйлдэж байсан. Энэ гурван баримтыг надаар урьдчилгаа мөнгө авахын тулд зуруулсан. Энэ баримтыг ашиглаж байгаа нь зохиомжгүй санагдаж байна. Миний бие нь ерөнхий инженер албан тушаалтай ажилдаг, ямар нэгэн бараа материал хүлээж авах үүрэг ажил үүргийн хувьд байхгүй, Ц захирал өөрийн биеэр гардаж нэг ширхэг ч материал хүлээлгэж өгөөгүй, би нэг ширхэг бараа материалыг аваагүй. Энэ баримт дээр миний гарын үсэг, н.Ц захирлын гарын үсэг л байгаа. Бусад баримтат дээр 2 талын нярвууд мөн н.Х-ын гарын үсэг байдаг. Энэ гурван баримтыг ашиглаж байгаа нь болохгүй байна. Хүлээн зөвшөөрч байгаа энэ гурван баримтаас бусад хэсгийг. 27 сапуд үлдсэн, гэрээнийхээ дагуу төлбөрийг төлнө. 1 сапудын үнийн дүнг 45,000 төгрөг гэж гэрээнд заасан. Түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 8000 сапуд түрээслээгүй. Түрээсэлсэн сапудын төлбөрийг бүрэн барагдуулсан. 27 сапудны үнэ 1,320,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн төлбөрөөс 1,295,160 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч сая анзаарсан бол н.Ц араас нь нөхөж зуруулсан гэдгийг анзаарсан байх. Үүнийг нотолж байгаа нь бид нарын шинжлэн судалсан баримтат дунд энэ тоогоор өгсөн баримтууд байгаа. Тэдгээр дунд яаг энэ өдрүүдэд эдгээр тоогоор өгсөн баримт байгаа. Огноо нь адилхан гэхдээ өөр үнийн дүнтэй. Албан ёсоор хүлээлцэж байгаа юм. Нягтлан, нярав нар албан ёсоор хүлээлцсэн тамга тэмдэгтэй баримт байгаа. 79-84 хавтаст хэргийн талд байгаа. Яаг энэ өдрүүдэд нягтлан нярав нараар гарын үсэг нь зурагдсан албан ёсны тамга тэмдэгтэй баримт байж байдаг. Харин энэ хуурамч баримт дээр 2 хүний л гарын үсэг байгаа гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001 дугаар түрээсийн гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/Д-001-1 дугаар гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сапуд түрээсийн тооцооны баримт, зарлагын баримтын хуулбарууд, орлогын баримтын хуулбар хувь зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Хариуцагч талаас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/123 тоот албан бичгийн хавсралт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/189 дугаар санхүүгийн албаны тайлбар хавсралтууд, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/188 дугаар ерөнхий инженерийн тайлбар хавсралт, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/189 дугаар санхүүгийн бүртгэлийн албаны тайлбар хавсралт, бараа материал тооллогын хуудас, орлого, зарлагын баримт, 2022.06.20-ны өдрийн механизмын ажил гүйцэтгэсэн акт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд 2022.02.16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, V4 маркийн 1300 ширхэг, V2 маркийн 650 ширхэг тулаас төмөр /сапудАийг 30 хоногийн хугацаатай түрээслэхээр тохирсон бөгөөд түрээслэгч талын хүсэлтээр барилгын талбай дээр ашиглагдаж байсан болон нэмж сапуд өгсөөр нийт V4 маркийн 5050 ширхэг, V2 маркийн 5430 ширхэг сапуд хүлээн авсан. Үүнээс V4 маркийн 2050 ширхэг сапудыг ашиглахгүйгээр буцааж өгч, нийт 8430 ширхэг сапудыг ашиглаж байсан. Хариуцагч нь зарлагын падаанаар хүлээн авч, ашигласан 8430 ширхэг сапуднаас 7571 ширхгийг хүлээлгэн өгч, 859 ширхэг сапудыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Тиймээс буцаан хүлээлгэн өгөөгүй, үлдэгдэл 859 сапудыг гэрээнд заасан Ү2 маркийн сапудны үнээр тооцож, 38,655,000 төгрөгийг, уг сапудны түрээсийн төлбөрт 36,078,000 төгрөг, нийт 82,955,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нийтдээ 7680 ширхэг сапуд авсан. 4630 ширхэг сапуд авсныг нотлох нь манай хоёрын зарлагын баримт ойролцоо байгаа. Эднийх одоо 8000 ширхэг сапуд гаргаж ирж байгаа шалтгаан нь давхардсан зарлагын баримт байгаад байгаа юмаа. Мөнгөний гарын үсэгтэй, 3 ширхэг баримт байгаа. Энэ баримтыг нэг өдөр үйлдсэн гэхдээ огноог нь 3 өөр өдрөөр бичсэн байгаа. 03 дугаар сарын 25-ны өдөр, 03 дугаар сарын 15-ны өдөр, 03 дугаар сарын 20-ны өдөр гэсэн гурван баримт. Энэ гурван баримтыг давхардаж байгаа гэдэг баримтыг хавтас хэргийн 79-84 дүгээр хуудсанд харуулсан байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа энэ гурван баримтаас бусад хэсгийг. 27 сапуд үлдсэн, гэрээнийхээ дагуу төлбөрийг төлнө. 1 сапудын үнийн дүнг 45,000 төгрөг гэж гэрээнд заасан. Түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 8000 сапуд түрээслээгүй. Түрээсэлсэн сапудын төлбөрийг бүрэн барагдуулсан. 27 сапудны үнэ 1,320,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн төлбөрөөс 1,295,160 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нь Ю ХХК гэх нэрээ У ХХК гэж өөрчлөн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаагаар тогтоогдоно.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 001 тоот түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр түрээслүүлэгч П ХХК нь V4 төмрийг 1300 ширхгийг өдрийн 15 төгрөгийн төлбөртэйгөөр, V2 төмрийг өдрийн 10 төгрөгийн төлбөртэйгөөр 30 хоногийн хугацаатай, нийт төлбөр 7,800,000 төгрөгийн төлбөртэй түрээслэхээр харилцан тохиролцжээ. Энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа байх ба талууд түрээсийн гэрээ байгуулагдсан, төмрийн түрээсийн үнэлгээ, мөн хэрэгт авагдсан Р.Ц, Э.М нарын гарын үсэг бүхий 2022-03-22, 2022-03-15,2022-02-25 ний зарлагын баримтаас/ хх10 хуу/ бусад зарлагын баримт дээр маргадаггүй.
Өөрөөр хэлбэл гэрээний дагуу хүлээн авсан төмрийг буцаан шилжүүлсэн төмрийн тоо ширхэг, үлдэгдлийн хэмжээ, хугацаа, нийт хүлээлгэн өгсөн төмрийн тооцооны талаар, тэр дундаа санхүүгийн баримт дээр маргаж байна.
Нэхэмжлэгч тал 859 сапудыг гэрээнд заасан Ү2 маркийн сапудны үнээр тооцож, 38,655,000 төгрөгийг нэхэмжилдэг бол хариуцагч тал 27 ширхэг сапуд үлдсэн гэж 1,320,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Шүүх хэрэгт цугларсан 79-84 дүгээр хуудсанд авагдсан хариуцагчаас гаргаж өгсөн орлого, зарлагын баримтыг нэг бүрчлэн, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 9-15 дугаар хуудсанд авагдсан баримтуудтай харьцуулж дүгнэсний эцэст хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна гэж үзэв. Учир нь талуудын маргааны зүйл нь хэргийн 10 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарлагын баримт нь тухайн цаг хугацаанд хийгдээгүй, нөхөж хийсэн гэж хариуцагч тал тайлбарлах ба уг баримтууд бусад баримттай давхацсан байна. Тодруулбал хэргийн 10 дугаар талд авагдсан 2022-03-22 ний өдрийн зарлагын баримтад хариуцагч нь нийт 1950 ширхэг сапуд, хүлээн авсан гэх бол 83 дугаар талд 1630 ширхэг сапудыг хүлээн аваад эргүүлээд тухайн өдрөө 1630 ширхэг сапудыг буцаасан/ хх 84/ , 2022-03-15 ний өдөр 1950 ширхэг сапудыг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримт байх ба хэргийн 79-80 дугаар хуудсанд 300 ширхэг сапудыг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгөөд эргүүлэн буцаасан баримт, 2022-02-25 ний өдөр 1950 ширхэг сапудыг хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримт байх ба хэргийн 81-82 дугаар талд 650 ширхэг сапудыг хүлээлгэн өгснийг эргүүлэн буцаасан орлого, зарлагын баримт хэрэгт авагджээ. Энэхүү маргааны зүйл болсон хэргийн 10 дугаар талд авагдсан 2022-03-22 ний өдрийн 3 зарлагын баримтад нэхэмжлэгч талаас Р.Ц, хариуцагч талаас Э.М нар гарын үсэг зурсан, бусад зарлага орлогын баримтуудад Б, Х гэх хүмүүс гарын үсэг зуржээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан /6 дугаар талд/ гэрээний нэмэлт өөрчлөлтийн жагсаалтаас харахад тухайн барилгад анхнаасаа 5850 ширхэг тулаас төмөр /сапуд/ шаардлагатай байсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгч тал нийт 8430 ширхэг сапудыг ашиглуулсан гэж тайлбарлахаас гадна орлого, зарлагын баримтаар 2022-03-15, 2022-02-25, 2022-03-22 ний өдрүүдэд баримтууд давхцалтай, ажил хэргийн хүрээнд тогтсон төлөөлөгч бус Р.Ц, Э.М нарын хүмүүс гарын үсэг зурсан гэх зэрэг нөхцөл байдалд дүн шинжилгээ өгөв. Эдгээр маргаан бүхий Р.Ц, Э.М нарын гарын үсэг бүхий баримт нь нийлээд 5530 ширхэг тулаас төмөр болж байх ба энэ баримтуудыг үндэслээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн гарч ирж байх тул хариуцагч талын шүүхэд гаргасан ...Эднийх одоо 8000 ширхэг сапуд гаргаж ирж байгаа шалтгаан нь давхардсан зарлагын баримт байгаад байгаа юмаа. Мөнгөний гарын үсэгтэй, 3 ширхэг баримт байгаа. Энэ баримтыг нэг өдөр үйлдсэн гэхдээ огноог нь 3 өөр өдрөөр бичсэн байгаа. 03 дугаар сарын 25-ны өдөр, 03 дугаар сарын 15-ны өдөр, 03 дугаар сарын 20-ны өдөр гэсэн гурван баримт. Энэ гурван баримтыг давхардаж байгаа гэдэг баримтыг хавтас хэргийн 79-84 дүгээр хуудсанд харуулсан байгаа... гэх тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 9-11 дүгээр талд авагдсан зарлагын баримтаас маргаантай 3 баримт дээрх тоог хасахаар 4819 ширхэг тулаас төмрийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэж өгсөн гэх тооцоо гарч байх ба хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 27 сапудны үнэ /1 сапудын үнийн дүнг 45,000 төгрөгөөр тооцоод /1,320,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 001 тоот түрээсийн гэрээний 1.5 д заасан хугацаа болох 2022-02-25 ний өдрөөс 2024-06-24 нийг / шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх/ хүртэлх 820 хоногийн түрээс 82,000 төгрөгийг 27 ширхэг тулаасны үнээр үржүүлэхэд 2,214,000 төгрөг болж байна. Учир нь нэгэнт л 27 ширхэг сапудыг хариуцагч тал дутааснаа хүлээн зөвшөөрч байгаа бол гэрээний 3.5 д зааснаар түрээсийн төлбөрийг өдрийн 100 төгрөгөөр тооцож төлөх үүрэгтэй байна. Мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,295,160 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул гаргуулахаар шийдвэрлэх ба энэ нь дутсан 27 ширхэг тулаасны түрээс бус өмнөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэж үзнэ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасныг баримталсан болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч У ХХК-иас 4,809,160 төгрөгийг гаргуулж П ХХК-д олгож, үлдэх 78,146,430 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч У ХХК-иас 4,809,160 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, үлдэх 78,146,430 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,362 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 91,896 төгрөгийг П ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ