Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00139

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэнчимэдийн Батбаярт холбогдох эрүүгийн 1715000770031 дугаартай, 132/2017/0134/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Тэртэ овогт Ж.М 

Холбогдсон хэргийн талаар:

Ж.М нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Эрэн багийн нутагт Д.Дамдиндоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр авга ах, эхнэртэйгээ хэрэлдээд хутга авч дайрахад нь би хутгыг нь авч шидээд хөгшин хүнийг хэтрүүлж зодсондоо гэмшиж байна. Очиж уулзаад хохирол барагдуулах талаар тохирсон байгаа. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

1715000770031 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Гэрч Д.Раднаа өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 02-ны орой 16 цагийн орчимд би Тэшиг сумын Эрэн багийнхаа гэрт нөхөр Д.Дамдиндоржийн хамт байхад нутгийн дүү Ж.Мнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бага зэргийн орж ирсэн ба би үнээ саах цаг болсон байсан болохоор гэрээс орж гараад яваад байсан. Манай нөхөр Д.Дамдиндорж нь авдарнаасаа нэг шил 0.75 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд Ж.М  3 хундага хийж өгөөд буцаагаад далд хийсэн. Би үнээгээ сааж байхад гэрээс өвгөн авраарай гээд дуудаад байхаар нь би гэр лүү гүйж ороход Ж.Мнь манай өвгөнийг гэрийн зүүн талын төмөр орон дээр дарчихсан зодож байсан. Би салгах гэсэн боловч дийлээгүй ба би гэрийн гадна гарч хүн байна уу авраарай гэхэд ойр орчмоос хүн ирээгүй. Би суурин утас авч охин Цэцэгдэлгэр лүү залгахад Ж.Мнь булаан авч намайг утсаар яриулахгүй байсан. Ж.Мнь дахин манай өвгөнийг хоёр гарын бугуйнаас барьж байгаад хамаагүй газар луу цохиод байсан. Мөн гэрийн хананд өлгөөтэй байсан зурагнуудыг авч гал руу хийсэн. Тэгээд би дахин гарч хажуу айлын охин болох Эринсувдийнд ороход тэднийд Эринсувдаас өөр хүн байгаагүй тул би Эринсувдийг аваад гэрлүү ороход Ж.Мнь манай өвгөнийг доороо хийчихсэн зодож байсан. Тэгээд Эринсувд нь Ж.Махыгаа аваад гарсан. Тэгээд удалгүй сумын төвөөс багийн эмч, охин Цэцэгдэлгэр нар ирж Д.Дамдиндоржид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн сумын төв лүү аваачсан гэх мэдүүлэг /хх-38-39 хуудас/,

Гэрч М.Эринсувд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад 15 цагийн орчимд Мөнхбат ах архи уучихсан халамцуу манайд орж ирээд цай уугаад хажуу хөрш Дамдиндорж ахын луу орсон. Тэгээд 16 цагийн орчимд Раднаа эмээ манайд гүйж орж ирэн надад хандан Мөнхөө ахыгаа аваарай, намайг өмгөөлж хамгаалаад өвгөнтэй зодолдоод байна гэж хэлэхээр нь би яаран гүйн гарч Дамдиндорж ахын луу ороход Дамдиндорж нь байшингийнхаа баруун талын модон орон дээр дээш харан хэвтсэн хамарнаас нь цус гарч өмссөн байсан пудволк нь нэлэнхүүдээ цус болсон, зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, гар болон нүүрэн зарим газраараа хар хөх болсон байдалтай хэвтэж байсан ба ширээ сандал нь хөглөрсөн байдалтай байсан. Мөнхбат ах байшингийн баруун талд гараа арчаад сууж байсан. Тэгэхэд би Мөнхбат ахад уурлан хөгшин настай хүнтэй яах гэж зодолддог байна гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат ах гараад яваад өгсөн. Би хэсэг байж байснаа гараад харьсан гэх мэдүүлэг /хх-40-41 хуудас/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 233 дугаартай дүгнэлтэнд: Д.Дамдиндоржийн биед толгойн хуйх, зүүн эрхий хуруу, баруун долоовор хуруунд шарх, баруун, дээд, доод зовхи, зүүн, баруун хацар, баруун мөр, цээж, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, нуруу, баруун зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-54 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-65 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Мөнхбат нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын Эрэн багийн нутагт Д.Дамдиндоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.М   холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.     

Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.  

Иймд шүүгдэгч Ж.М нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.М  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.М санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.     

Шүүгдэгч Ж.М ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Тэртэ овогт Ж.М  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .

 5. Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ташуур нэг ширхэгийг устгах болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 386.500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгосугай.

 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН