Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/53

 

 

 

 

А.Ш, “Ц” ХК нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Догмиддорж,

           Яллагдагч нарын өмгөөлөгч: Д.Д,

            Яллагдагчийн төлөөлөгч: Э.Н,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЗ/282 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч А.Ш, “Ц” ХК нарт холбогдох, эрүүгийн 1920002300053 дугаартай, 2 хавтас, 432 хуудас бүхий хэргийг прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Яллагдагч: С овогт А-ийн Ш-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

2. Яллагдагч: “Ц” ХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн прокурор С.Мөнхгэрэлээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Ш нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, их засварын ажилд шаардлагатай сэлбэг хэрэгслийг нийлүүлэх гэрээг 2019 оны 07-р сарын 03-ны өдөр БНХАУ-ын “Joyone international enterprise limited” компанитай байгуулан, уг гэрээний хавсралтад заасан сэлбэг хэрэгслүүдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум чиглэлд хүргэх зориулалттай ашиглахаар 23-** ДГА улсын дугаартай Киа Рхино маркийн автомашиныг түрээслэхээр Б.Б-тай байгуулсан автомашин түрээслэх тухай гэрээг батлах замаар зөвшөөрөл өгч, нийт 100 кг жинтэй асбект буюу химийн хорт аюултай бодисыг 2019 оны 08-р сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүй хууль бусаар БНХАУ-ын Эрээн хотоос авсан, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомт хүртэл Б.Б-ны жолоодон явсан 23-** ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар тээвэрлэн, 2019 оны 08-р сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

“Ц” ХК нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс их засварын ажил хийхтэй холбоотой хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шаардлагатай сэлбэг хэрэгслийг нийлүүлэх гэрээг 2019 оны 07-р сарын 03-ны өдөр БНХАУ-ын “Joyone international enterprise limited” компанитай байгуулан, уг гэрээний хавсралтад заасан сэлбэг хэрэгслүүдээс нийт 100 кг жинтэй асбест буюу химийн хорт аюултай бодисыг 2019 оны 08-р сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүй хууль бусаар БНХАУ-ын Эрээн хотоос авсан, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомт хүртэл Б.Батсайханы жолоодон явсан 23-53 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар тээвэрлэн, 2019 оны 08-р сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагч С овогт А-ийн Ш/, хуулийн этгээд “Ц” ХК нарт холбогдох эрүүгийн 1920002300053 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тус бүр нь 45,8 кг, 47,4 кг, нийт 93,2 кг жинтэй 2 боодол асбест гэх бодисыг хэргийн хамт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Хэргийг прокурорт очтол яллагдагч С овогт А-ийн Ш, “Ц” ХК-ийн төлөөлөгч Б овогт Э-ийн Н нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.М давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгээгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд шинжилгээ хийлгэх журмыг зохицуулсан бөгөөд шинжээч томилох шийдвэрийг оролцогчид танилцуулна гэсэн зохицуулалт байхгүй байна. Иймд яллагдагч нарын өмгөөлөгч Д-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэсэн шүүгчийн захирамжийн 1 дэх заалт хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүгчийн захирамжийн 2 дахь заалт буюу Шинжилгээ хийх тогтоол, дүгнэлт зэрэг нь Шинжилгээний тухай хуулийн 9, 18 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэжээ. Гэтэл шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл болон мөн хуулийн 18 дугаар зүйлийн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэддүгээр зүйлийн аль ямар заалтыг яаж зөрчсөн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн гэж үзнэ. Мөн дээрх шүүгчийн захирамжид заасан дахин шинжилгээ хийлгэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш гэх үндэсэлэлд хамаарахгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна.

            Шүүгчийн захирамжид дахин шинжилгээ хийлгэж дараах асуултыг тодруулах нь зүйтэй байна.

  • Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх асбект буюу 2 боодол даавуу гэх зүйл нь химийн хортой болон аюултай бодис мөн эсэхийг тогтоох, химийн болон бусад шинжийг тодорхойлох,
  • Дээрх даавуу нь дангаараа болон асбект гэх бодистой нийлүүлж, бүтээгдэхүүн болсон тохиолдолд химийн хортой болон аюултай бодисын жагсаалтад ордог эсэхийг тодруулах,
  • Асбект буюу 2 боодол даавуу гэх зүйлийг Улсын хилээр оруулахыг хориглох болон хязгаарласан алин болохыг тогтоож, холбогдох тогтоол, шийдвэрийг хэрэгт хавсаргах гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд тухайлбал:
  • Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулсан тухай” Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09-р сарын 10-ны өдрийн 25-04-05а/04 дугаартай дүгнэлт, /хх-ийн 18х/,
  • Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2019 оны 08-р сарын 26-ны өдрийн КБХЭ 077/19 дугаартай шинжилгээний дүгнэлт /хх-ийн 17х/,
  • Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 03-р сарын 16-ны өдрийн 06/1676 дугаартай албан бичиг /хх-ийн 223х/,
  • Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02-р сарын 03-ны өдрийн 06/712 дугаартай албан бичиг /2хх-ийн 71х/,
  • Гэрч Б.З, У.Ө нарын мэдүүлэг зэргээр тухайн асбест нь химийн хорт болон аюултай бодис болох нь хангалттай нотлогдсон байхаас гадна Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02-р сарын 03-ны өдрийн 06/712 дугаартай албан бичигт “Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан. Энэхүү ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад бүх төрлийн азбест орсон байна гэж, өөрөөр хэлбэл Монгол Улсад ашиглахыг хязгаарласан бодис гэдгийг тодорхой дурдсан байна. Иймд дээрх 3 асуултыг тодруулахаар дахин шинжилгээ хийлгэх нь үндэслэлгүй байхаас гадна шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” биш юм.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалт буюу яллагдагчаар татагдсан хуулийн этгээд болох Ц ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь энэ хэрэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ямар үүрэгтэй оролцсон оролцоог шалгаж, тодруулах нь зүйтэй гэжээ. Шүүгчийн захирамжийн уг заалтыг хууль зүйн үүднээс хэрхэн ойлгох, түүнийг хэрхэн яаж биелүүлэх нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэгт хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан бөгөөд тус хэрэгт “Ц” ХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд уг тогтоолыг “Ц” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулахыг мөрдөгчид даалгасан. Үүний дагуу “Цемент шохой” ХК-ийн албан бичгийг үндэслэн хууль ёсны төлөөлөгч Э.Нандин-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.3 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч энэ хуульд заасан яллагдагчийн эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульчилсан бөгөөд Э.Н-ээс асууж тодруулах замаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Иймд 282 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 282 дугаартай захирамж гарсан. Уг захирамжаар А.Ш, “Ц” ХК нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Прокурорын зүгээс шинжээч томилох ажиллагаа нь шүүхийн эрх хэмжээнд байгаа тул хэргийг заавал мөрдөн байцаалтын шатанд буцаахгүйгээр шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулж болно гэж үзсэн. Мөн яллагдагч нарын гэм буруутай эсэхийг гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлүүлье гэсэн эсэргүүцэл гаргасан...” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй. Яагаад гэвэл мөрдөн байцаалтын шатанд уг хэргийг шалгахдаа шинжээч томилоогүй, зөрчлийн хэрэгт томилсон байсан шинжээчийн дүгнэлтийг үндэслээд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Шинжээч томилсон байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан заалтуудыг ноцтой зөрчиж байгаа. Учир нь шинжээчид хууль сануулаагүй, шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, хэргийн оролцогч нарт шинжээчид асуулт тавих боломжийг хангаагүй зэрэг ноцтой зөрчил гаргасан. Үүнийг анхан шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Харин прокурорын зүгээс шүүгч шинжээч томилох боломжтой байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тоотод тусгаснаар зарим бодисыг хязгаарласан бараанд оруулаагүй гэсэн утгатай баримт байдаг. Тэгэхээр зайлшгүй шинжээч томилуулж уг бодис нь хязгаарласан бараанд орсон эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд нь өөр өөрсдийнхөө хуулиар зохицуулагддаг тул зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх боломжгүй юм. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Яллагдагчийн төлөөлөгч Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Асбестан төрлийг нотлох баримтад дахин гаргуулна гээд байгаа шалтгаан нь асбестан даавар тухайн тэр хориглоод байгаа хорт бодис нь хүний биед хортой байдлаар нөлөөлөхүйц хэмжээгээр орсон эсэх, эсхүл барилга архитектурын газраас хэлээд байгаатай адилхан хүний биед зөвхөн асбестан даавууны утсыг бэхжүүлэх зорилгоор оруулсан юм уу гэдэг дээр шинжээчийг дүгнэлт хэрэгтэй байгаа болохоос зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт гэж үзэхгүй байгаа тул дахин шинжээч томилж нотлох баримт гаргуулах шаардлагатай байна. Бусад зүйл дээр өмгөөлөгчийнхөө тайлбартай санал нэг байна...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЗ/282 дугаартай “Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах тухай” шүүгчийн захирамжтай хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Нийслэлийн прокурор С.Мөнхгэрэлээс гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл мөрдөгч, прокурор  хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч бодит байдлыг эргэлзээгүй тогтоох тухай  хуулийн шаардлагыг хангаагүй  гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол” гэсэн гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор гэмт хэргийн шинжийг  хуульчилжээ.

 

Прокурор яллах дүгнэлтдээ “Ц” ХК, “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Ш нарыг ... химийн хорт, аюултай бодисыг ... хууль бусаар тээвэрлэсэн, зохих зөвшөөрөлгүй хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэж “Ц” ХК-ийг Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3, “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Ш-ыг Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр /1-р хх-20/ Б.Энхбайгальд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгож, улмаар Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З уг этгээдийг “Ц” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож тогтоол үйлдсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч С.У нь байгууллагыг төлөөлөх эрхийг Э.Н-д олгосон боловч түүнийг яллагдагч “Ц” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй, яллагдагчаар мэдүүлэг авсан.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2, 20.3 дугаар зүйлийн 1-т нийцээгүй буюу мөрдөгч, прокурор нь хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох бөгөөд хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч хуульд заасан яллагдагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх учиртай.

 

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, 83.3-т “хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.”, 83.8-д “... компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж тус тус зааснаас болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаас үзэхэд “Ц” ХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.Ш байхад С.У /гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч гэж заасан боловч хэзээ хэн ийм эрх олгосон нь тодорхойгүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр улсын бүртгэлд тэмдэглэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй/ итгэмжлэл олгосон нь дээрх хууль болон Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д нийцээгүй итгэмжлэл шаардлага хангаагүй гэж үзнэ.

 

 Мөн анхан шатны шүүх яллагдагч “Ц” ХК, “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Ш нарын шийдвэрээр компанийн чулуунцарын үйлдвэрийн технологийн зуухны их засварт хэрэглэх зориулалтаар улсын хилээр нэвтрүүлсэн асбест гэх 100 кг бүтээгдэхүүн нь химийн хорт болон аюултай бодисын аль нь болох талаарх нотлох баримт, уг бүтээгдэхүүн нь химийн хорт бодис юм бол тэр нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, эсхүл хязгаарласан зүйлийн аль нь болох талаарх баримт хэрэгт тус тус авагдаагүй байна гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй.

 

Тодруулбал хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд /1-р хх-017/ “... уг материал нь хрозитол ба антифиллит эрдсүүдийг агуулсан тул асбестын төрлийн материалд хамаарна ...” гэж заасан, улсын байцаагчийн дүгнэлтэд зааснаар бүх төрлийн асбест /asbestos/ нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2-р хавсралтын 30-д заасан “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай  бодисын жагсаалт”-д орсон байх боловч уг хилээр тээвэрлэн оруулж ирсэн гэх бүтээгдэхүүний хувьд асбест гэх химийн бодис орсноороо энэхүү бодис хэдий хэмжээгээр агуулагдаж байгаа, цаашилбал тухайн бодис бүтээгдэхүүний орц найрлагад орж хэрэглэгдсэнээр хортой чанар нь хэвээр байх эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

 

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.” гэж заасан байх боловч асбест нь Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 тушаалаар батлагдсан химийн хортой болон аюултай бодисын аль ангилалд хамаарах эсэхийг тусгай мэргэжил бүхий шинжээчдээр тодорхойлуулаагүй, гэрч У.Өлзийцэцэг нь энэ талаар тодорхой гэрчлээгүйг анхаараагүй.

 

Өөрөөр хэлбэл асбест /asbestos/ химийн бодис орсон жийрэг гэх уг бүтээгдэхүүнийг бүхэлд нь тухайн хортой эсхүл аюултай химийн бодис гэж үзэх эсэхийг тогтоогоогүй, энэ нь тусгай мэдлэг шаардагдсан зайлшгүй шинжилгээгээр тогтоох ажиллагаа байна.

 

Мөн яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад уг химийн бодисын нэрийг асбест, асбект гэж зөрүүтэй бичсэн байгааг анхаарвал зохино.

 

Эдгээр ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлээс гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЗ/282 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС